Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эмнэлгүүд өвчтөний эрэлд “мордож”, ЭМДЕГ-ынхан тэднийг өөгшүүлж байна

Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжүүлээд хэдийн хагас жил болжээ. Үүнээс өмнө нь эмнэлгийн тусламжийн, эмийн үнийн хөнгөлөлтийн, өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээ зэрэг эрүүл мэндийн бүх үйлчилгээг төсвөөс, даатгалаас гэхчлэн тус тусад нь санхүүжүүлж байв. Харин энэ оноос Эрүүл мэндийн даатгалын сан (ЭМДС)-д салбарын эдгээр үйлчилгээний санхүүжилтийг төвлөрүүлж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ) гэрээт байгууллагуудад гүйцэтгэлээр нь хуваарилж буй. Эмч, мэргэжилтнүүд, эрдэмтэн, судлаач гээд олон хүн энэ шинэчлэлийг л хүлээж, бараг эцсийн найдвараа тавьж байсан гэх. Харамсалтай нь, ямар ч тооцоо, судалгаа, үнэлгээ, мэдээлэлгүй эхлүүлсэн уг ажил нь олонхын сэтгэлийг гонсойлгоод зогсохгүй системийнхээ гол “эд ангийг” гэмтээж мэдэхээр нөхцөл үүсгэжээ. Учир нь юу гэвэл эмнэлгүүдийг гүйцэтгэлд нь үндэслэн санхүүжүүлэх уг шийдвэрийг эрх баригчид гаргахдаа орлого, зардал, үр дүнг нь нарийн тооцоогүйгээс дээрх нэг худалдан авагчийн механизм цаашид оршин тогтнох, эсэх нь эргэлзээнд хүргэв. Улмаар даатгалын хөнгөлөлт нэрийн дор өдгөө төсвийн хөрөнгийг баруун, солгойгүй цацаж буй нь арайхийн ажиллаж байгаа салбарынхаа “амийг нь таслахад” хүргэж мэдэхийг судлаачид анхааруулаад эхэллээ.

Жишээ нь, хүнсний дэлгүүрийн худалдагчид борлуулсан бүтээгдэхүүнийх нь тоогоор санхүүжилт, урамшуулал олгохоор боллоо гэж тооцъё. Энэ тохиолдолд тэрбээр ашиг олохын тулд их хэмжээний бараа зарахыг л бодно. Яг үүнтэй адил эмнэлгүүд үзүүлсэн тусламж, үйлчилгээ бүрийнхээ тоогоор санхүүжилт авахын тулд өмнөхөөсөө олон хүнийг эмнэлэгт хэвтүүлж, эм, тариагаа “шахаж” эхэлнэ. Зарим овжин нэг нь хэн нэгнийг эмчилсэн мэт хуурамч баримт бүрдүүлж, мөнгө нэхэж ч мэдэх эрсдэлтэйг судлаачид сэрэмжлүүлж байсан юм. Өөрөөр хэлбэл, эмнэлгүүд санхүүжилт татахын тулд өвчтөний эрэлд “мордож”, харин ЭМДЕГ-ынхан тэднийг өөгшүүлж байна.
Эмнэлгүүдийг гүйцэтгэлээр нь санхүүжүүлэх тогтолцоог олон улсын жишгийн дагуу системтэйгээр нэвтрүүлж, төсвөөс иргэдийнхээ эрүүл мэндэд их мөнгө зарцуулж, хувь хүний халааснаас гарах төлбөрийг бууруулж байгаа бол сайн хэрэг. Гэхдээ эрүүл мэндийн үйлчилгээ нь сайн хөгжсөн, хөгжингүй орнууд улсын төсвөөсөө дээд тал нь 10 хувийг л эл салбартаа зарцуулдгийг мэдэхэд илүүдэхгүй. Манай улсын хувьд эл үзүүлэлт 8-9 хувьтай буюу хөгжингүй орнуудын түвшин рүү дөхөж байна. Харамсалтай нь, тэглээ гээд иргэдийн эрүүл мэнд сайжирсангүй, салбар нь ч хөгжсөнгүй. Улам л уруудан доройтсоор байгаагийн шалтгаан нь нөгөө л тусламж, үйлчилгээний чанар муутай холбоотой.

Манай улсын эрүүл мэндийн салбарын нийт зардлын 20 хүрэхгүй хувийг даатгуулагчдын шимтгэлийн орлого эзэлдэг. 40 орчим хувийг улсын төсөв, гуравдагч эх үүсвэр буюу олон ул сын байгууллагуудын зээл, хандив, тусламжаар бүрдүүлж байна. Харин үлдсэн 40 хувийг иргэд халааснаасаа гаргадаг. Эрүүл мэндийн олон үйлчилгээ одоо ч хамтын төлбөр (тухайн тусламж, үйлчилгээний зардлын тодорхой хувийг иргэн төлөх)-тэй хэвээр. Товчхондоо, салбарын нийт зардлын 60 хувийг л төсвөөс дөнгөн данган бүрдүүлж буй. Ийм байхад өмнө нь дурдсанчлан улс, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудыг хүссэнээр нь санхүүжүүлэх боломжгүй. Цаашлаад энэ нь салбарын хямралыг улам гүнзгийрүүлж, иргэд даатгалаараа тусламж, үйлчилгээ авч чадахгүйд хүргэх эрсдэлтэй.

Бүр тодруулбал, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийнхөн салбарын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд Төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай 03 дугаар тогтоолыг өнгөрсөн нэгдүгээр сарын 22-нд баталж, гуравдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн билээ. Үүний дагуу ЭМДЕГ-тай гэрээ байгуулсан улс, хувийн эмнэлгүүдийг гүйцэтгэлээр санхүүжүүлж, даатгалаар хөнгөлөлт, урамшуулал эдлэх эрүүл мэндийн үйлчилгээнүүдийн жагсаалт, тарифыг тогтоосон юм. Жишээ дурдъя. Өнгөрсөн долдугаар сард гэхэд л ЭМДС-д 569 сая төгрөг хуримтлагджээ. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, төрөөс хариуцан төлөх даатгалын шимтгэлийн орлого нийлээд ийм хэмжээнд хүрсэн байна. Харин ЭМДЕГ тухайн сард гүйцэтгэлд нь үндэслэн санхүүжүүлэхдээ улсын эмнэлгүүдэд 19.5, хувийн хэвшлийнхэнд 4.2 тэрбум төгрөг олгосон байх юм. Ганцхан сарын хугацаанд 569 сая төгрөгийн орлого хуримтлуулж, 23.7 тэрбум төгрөгийн зарлага гаргасан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, орлогоосоо 41 дахин нэмэгдсэн зарлагыг 30-хан хоногт “урсгачихаж” байгаа нь дэндүү хайран биш гэж үү.

Цар тахлын үед бусад халдварт өвчин, ханиад, томуугаар өвчилсөн хүний тоо эрс буурсныг эрүүл мэндийн байгууллагуудын статистик үзүүлэлтээс харж болно. Олонх нь үндсэн тусламж, үйлчилгээгээ хумьж, өвчтөнүүдийг эмнэлэгт хэвтүүлэхээс аль болох татгалзаж, гэрээр нь эмчилсэн. Ингэснээр эмнэлгүүдийн үндсэн тусламж, үйлчилгээний зардал буурсан байх учиртай. Гэвч ийм үр дүнд хүрсэнгүй. Харин ч эрүүл мэндийн салбарын бүтэн жилийн төсөвтэй дүйх хэмжээний мөнгийг ЭМДЕГ-ынхан өнгөрсөн есөн сарын хугацаанд “цацчихаж”. Тодруулбал, манай улсын эрүүл мэндийн салбарын нийт зардал жилд дунджаар 600-800 тэрбум төгрөгт эргэлддэг гэсэн тооцоо бий. Тэгвэл 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш өдий хүртэлх хугацаанд ЭМДС-гаас гэрээт эрүүл мэндийн байгууллагуудад 830.1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. Үүнээс коронавирусийн эмчилгээ, оношилгоонд зарцуулсан 180 тэрбум орчим төгрөгийг хасвал эмнэлгийн бусад тусламж, үйлчилгээнд 650 тэрбум төгрөг зарцуулчихаад байгаа хэрэг. Салбарын эмч, ажилтнуудын цалин хөлс, тоног төхөөрөмжийн зардал, эмнэлгүүдийн ус, цахилгаан, дулаан, урсгал засварын мөнгө үүнд багтаагүй аж. Холбогдох албаныхан шинэчлэл нэрийн дор салбарын “амин сүнс” болсон санхүүжилтийг энэ мэтчилэн тэрбум тэрбумаар нь “үрж” байгааг эсэргүү бодлого гэхээс өөрөөр юу гэх билээ. Ингэснээр ирэх жил салбарын нийт зардал их наядаас хол давж, түүхэн дээд түвшиндээ хүрэх нь тодорхой болов.

Гэвч манай улсын төсвийн орлого хязгаартай. Эрүүл мэндийн салбарын зардлыг ийнхүү “хөөсрүүлсний” уршгийг улсын төсөв лав “даахгүй”. Эмч, ажилтнуудын цалинг нэмье гэхээр “Мөнгө байхгүй. Боломжгүй” гэж хойш суудаг Засгийн газартай шүү дээ, манай улс. Тэгэхээр иргэдийн нуруун дээр л гол ачаа буух нь. Өөрөөр хэлбэл, эмнэлгүүд үзүүлсэн тусламж, үйлчилгээнийхээ зардлыг төсвөөс авч чадахгүйд хүрвэл алдагдлаа хэнээс нөхөх нь ойлгомжтой шүү дээ. Үүнийг нотлох жишээ олон улсад ч цөөнгүй юм байна. Тухайлбал, “Блүүмбэрг”-ийн судлаачид дэлхийн 60 гаруй орны эрүүл мэндийн системийн үр дүн болон энэ салбарт зарцуулж буй хөрөнгийг нь хүн амын дундаж наслалттай харьцуулж үнэлсэн байдаг. Салбарын төсөв, зардал өндөр байснаараа хүн амын эрүүл мэнд сайжирдаггүйг тус судалгаа харуулжээ. Жишээ нь, АНУ-ын эрүүл мэндийн салбарын зардал ДНБ-ийхээ 16.8 хувьтай тэнцдэг аж. Тодруулбал, тус улс нэг хүний эрүүл мэндийн үйлчилгээнд жилд 9536 ам.доллар зарцуулдгаараа дэлхийд Швейцарын дараа хоёрдугаарт жагсаж байна. Гэтэл эрүүл мэндийн салбартаа АНУ-аас хамаагүй бага зардал гаргадаг 25 орны иргэд америкчуудаас илүү урт насалж байх жишээтэй. Уг судалгааны дүгнэлтэд улс орнууд эрүүл мэндийн системийнхээ зардлыг нарийвчлан харах, үргүй зарцуулалтыг хянаж, танахад анхаарлаа хандуулах шаардлагатайг сануулжээ.

Түүнчлэн ДЭМБ-аас 2017 оноос хойш жил тутам эмхэтгэн гаргаж буй Дэлхийн эрүүл мэндийн зардлын тайлангийн дөрөв дэх цувралд (2020 оны намар олон нийтэд танилцуулсан) 190 орны эрүүл мэндийн салбарын 2000-2018 оны зардлын дүн шинжилгээ бий. Тухайн жилүүдэд эдгээр орны эрүүл мэндийн зардал тасралтгүй өсөж, 8.3 их наяд ам.долларт хүрчээ. Энэ нь дэлхийн ДНБ-ий 10 хувьтай тэнцэх дүн аж. Салбарын зардал өссөнөөр тусламж, үйлчилгээний хүртээмж сайжирсангүй. Харин ч бага, дунд орлоготой улс орны иргэд эрүүл мэндийн үйлчилгээнд их хэмжээний мөнгө төлөх болсныг тогтоожээ. Тухайлбал, 2018 онд гэхэд л дэлхий дахины эрүүл мэндийн нийт зардлын 40 гаруй хувийг иргэд халааснаасаа төлсөн байна.

Манай улсын хувьд эмнэлгүүдийг гүйцэтгэлээр санхүүжүүлэх арга хэмжээг яаран сандран хэрэгжүүлэхээсээ өмнө эрүүл мэндийн үйлчилгээг зохицуулалттай, шатлалтай, хяналттай болгох ёстой байсныг ДЭМБ-ын Женев дэх төв байгууллагын ахлах зөвлөх Д.Баярсайхан хэлэв. Тэрбээр “Салбарын хэмжээнд гурван гол асуудлыг чухалчилдаг. Нэгдүгээрт, эрүүл мэндийн системийг нийтээрээ сайн ойлгож, бүхэлд нь бэхжүүлэхгүй л бол аливаа шинэчлэл үр дүнд хүрэхгүй. Төсөв, санхүүжилтийг нь хэд дахин нэмээд ч өөрчлөлт гарахгүй гэсэн үг. Хоёрдугаарт, эрүүл мэндийн үйлчилгээ бол зөвхөн салбарын, эмч, эмнэлгийн ажилтны асуудал биш. Энэ бол салбар хоорондын шинж чанартай, бүх хүнд хамаатай сэдэв. Гуравдугаарт, эрүүл мэндийн системийг “ажиллуулж”, бусад салбар, хүн амтай холбодог гүүр болох санхүүжилт нь хамгийн чухал. Санхүүгийн эх үүсвэрүүд хүссэнээр “ундрахгүй”. Тиймээс мөнгөний зарцуулалт, үр ашгийн тухай байнга ярих нь зүйтэй. Зардлыг нь тэлээд байвал санхүүжилт улам л хүндэрнэ. Өөрөөр хэлбэл, орлого нь зардлаа даахгүйд хүрвэл өвчтөн одоогийнхоос ч их төлбөр төлнө гэсэн үг. Яг ийм урсгалаар “яваад”, түүнээсээ гарч чадаагүй улс орон дэлхийд цөөнгүй. Энгийнээр хэлэхэд, иргэд эмнэлгийн үйлчилгээнд мөнгө төлөхгүйн тулд улсын төсөв, даатгал хүрэлцээтэй байх хэрэгтэй. Хамгийн гол нь манай улсын эдийн засаг одоохондоо ийм түвшинд хүрээгүй. Ийм үед салбарын зардлыг огцом тэлэх бодлого явуулж буй нь ирээдүйд уршиг ихтэй. Энэ бүхний цаана иргэд эмчилгээ, үйлчилгээнд төлбөр төлөх, төлөхгүйдээ биш. Төлбөр бол эдийн засгийн хөшүүрэг. Эмнэлгүүдийг гүйцэтгэлээр санхүүжүүлэх нь ч төлбөрийн нэг л арга. Харин манай эрүүл мэндийн салбарын удирдлага суурь шинэчлэлтэй үүнийг андуурч болохгүй. Би нэг жишээ дурдъя. Унгар улс гүйцэтгэлээр санхүүжүүлэх тусламж, үйлчилгээнийхээ жагсаалтад Кесарево хагалгааг оруулснаас болж улс, хувийн эмнэлэгт нь ийм төрлийн мэс засал хийлгэх эмэгтэйчүүдийн тоо огцом нэмэгдсэн. Үүнийг дагаад зардал нь ч үлэмж өссөн учраас тус улс энэ шийдвэрээ цуцалсан. Олон улсын жишгийг харсан ч манайх эрүүл мэндийн үйлчилгээгээ аль шатлалд даатгалаар, хаана нь төсөв болон гүйцэтгэлээр санхүүжүүлэх, ямар нь үнэ төлбөргүй, алинаар нь ашиг олох вэ гэх зэргийг эдийн засгийнхаа чадамжид тулгуурлан шийддэг болох хэрэгтэй” гэсэн юм.

Бэлтгэсэн О.Батундрах

1
Савж уналааСавж уналаа
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.