Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монголын шүүхээс тогтоосон татварыг “Оюутолгой” төлөх ёстой

Монгол орны өргөн уудам нутгийн өмнөд хэсгийн элс, чулуун дороос монголчуудыг өчнөөн жил тэжээх асар их баялаг нөөцтэй ашигт малтмалын ордыг нээж, олз ашгаа хуваах гэрээ байгуулсан нь 2009 он байв. Оюутолгойн гэх энэ гэрээ өнөөдөр олон улс дамнасан маргаан, улстөрчдийн хэрүүлийн алим, заримыг нь хэрэгтний ширээнд суулгахад хангалттай нотлох баримт болно чинээ тухайн үед хэн ч санаагүй биз. Үндсэн хуулиараа газрын хэвлийн баялгийнхаа эзэн болсон монголчууд бид алтан дээр сандайлсан гуйлгачин болж, эх орныхоо хишгээс ямххан төдий амсаж буй.

Оюутолгойгоос бид илүү их өгөөж хүртэхийн тулд гэрээнд өөрчлөлт оруулах ёстойг дээр, дооргүй ярьж, УИХ, Засгийн газрын түвшинд ажлын хэсэг байгуулчихаад байгаа. Засгийн газрын ажлын хэсэгт салбар салбарын төлөөлөл бий ч өнгөрсөн өвөл про курорын байгууллагаас томилогдсон төлөөлөгчийг чөлөөлөөд, оронд нь Гаалийн ерөнхий газраас хүн оруулсан нь хачирхалтай. Уг нь Прокурорын тухай хуульд төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл ард нийтийн эрх ашгийг хамгаалахаар шүүхэд прокурор нэхэмжлэл гаргаж болох заалттай. Үүнийг үндэслэн Монголын төр, монголчуудынхаа эрх ашгийг хангахын тулд төлөөлөгчөө оруулаад байсан гэдэгт итгэлтэй байна. Харамсалтай нь түүнийг чөлөөлчихөөд, оронд нь гаалийн байгууллагын төлөөлөгчийг юу хийнэ гэж ажлын хэсэгт шингээсэн нь ойлгомжгүй.

“Оюутолгой” төслийн хөрөнгө оруулагч талынхан Монгол Улсыг олон улсын арбитрын шүүхэд өгчихөөд өөрсдөдөө давуу байдал олгох, шүүхийн үйл ажиллагаанд саад учруулахын тулд 2009 онд гэрээ байгуулах үед зөвлөхийн үйлчилгээ үзүүлсэн, хамаарал бүхий гадаадын нэг компанийг Монголын талд хууль зүйн туслалцаа үзүүлэх зөвлөхөөр оруулахыг оролдсон гэх мэдээлэл ч байдаг.

ХҮҮХЭД НЬ ААВТАЙГАА НИЙЛЖ, ЭЭЖТЭЙГЭЭ ГЭРЭЭ БАЙГУУЛСАН НЬ

Оюутолгойн орд газраас хүртэх өгөөжөөс ямхын төдий хүртэж буйн цаад шалтгаан нь 66 хувийг эзэмшдэг үндэстэн дамнасан корпорацынхны зальт бодлогоос улбаатай ч байж мэдэх нь. Энэ нь Монголын Засгийн газартай гэрээ байгуулахдаа хийсэн ажлуудаас нь ч илэрхий байдаг. Манайд хөрөнгө оруулахаар ирсэн Нидерландын “Оюутолгой Нидерландс Би Ви”, ИБУИНВУ-ын “Туркойз хилл ресурсес” (2015 оны арванхоёрдугаар сарын 18-нд оноосон нэрээ өөрчилсөн) компани Монгол Улсын Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан байдаг. Гэрээний нэг тал болох Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж нэг бус сайд гарын үсэг зурсан. Өдгөө УИХ-аас олгосон өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг хүлээн авагч, төрийн өмчит “Эрдэнэс Оюутолгой” компани байгуулсан. Гэрээний нөгөө тал нь тухайн үеийн нэрээр хөрөнгө оруулагч “Айвенхоу майнз лимитед”, “Рио тинто интернэйшнл холдингс лимитед” компани. Ингээд хөрөнгө оруулагч гадаадын аж ахуйн нэгжүүд болон манай Засгийн газраас байгуулсан төрийн өмчит компани нийлж, дундаасаа тухайн үеийн нэршлээр “Айвенхоу майнз Монголиа инк” буюу өнөөгийн “Оюутолгой” компанийг үүсгэн бий болгож, Монгол Улсын “Эрдэнэс Оюутолгой” ХХК 34, нөгөө тал нь 66 хувийг эзэмших болсон билээ. Тодруулбал, “Айвенхоу майнз лимитед”, “Рио тинто интернэйшнл холдингс лимитед”-ийнхэн санхүүгийн хөрөнгө оруулсан бол Монгол Улс тэдэнд газраа ашиглуулж буй хэрэг. Ингээд дундаасаа өнөөгийн “Оюутолгой” ХХК-ийг байгуулан үйл ажиллагаа явуулах болсон. Гэтэл “Оюутолгой” компанийнхан “Рио тинто”, “Айвенхоу майнз”-ын талд орж, Засгийн газартай буюу 34 хувийг өмчлөгчтэйгөө 2009 онд хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан нь эрх зүйн чадамжгүй гэж үзэхэд хүргэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хүүхэд нь аавтайгаа нийлээд ээжтэйгээ гэрээ байгуулсантай агаар нэг гэхэд хэтийдсэн болохгүй биз. Бас Монгол Улсын Засгийн газрыг хавчуулаад гадаадын хөрөнгө оруулагч компани өөрөө өөртэйгөө гэрээ хийчихсэн гэж хэлж ч болохоор. Түүгээр ч зогсохгүй аав, хүү хоёр нийлж ээжийгээ олон улсын арбитрын шүүхэд өгчихөөд байна.

“Оюутолгой” ХХК-ийн ээж болсон монголчууд бид хүүхдийнхээ олж буй өгөөжөөс хүртэхийн тулд юуны түрүүнд гэрээгээ сайжруулах ёстой. Тиймдээ ч УИХ, Засгийн газраас Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Тус аж лын хэсгийнхний хамгийн түрүүнд өлгөж авах ажил бол уг гэрээг өөрчилж, засан Монгол Улсын хууль тогтоомж болон дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээнд тохируулах ёстой. Тиймээс Монголын Засгийн газрын ажлын хэсгийнхэн олон улсын арбитрын шүүхэд ялах нь нэг хэрэг. Цаашлаад газрын хэвлий дэх баялгийнхаа өгөөжөөс илүү ихийг хүртэхийн тулд нэгэнт зориг шулуудсан дээрээ зүтгэх нь чухал юм. Манай талд ашигтай хэд хэдэн хөзөр байгаагийн нэг нь дээрх хүчин төгөлдөр бус гэж хэлж болохуйц гэрээ, хэлцэл гэхэд хилсдэхгүй.

Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай тогтоолыг хэрэгжүүлэх Засгийн газрын ажлын хэсгийнхэнд УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолоор “2015 оны тавдугаар сарын 18-нд байгуулсан “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө” болон “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөө”-г Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу хүчингүй болгох үүрэг чиглэл өгсөн. Хэрэв дээрх гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулж чадвал далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээ ч хүчингүй болох боломжтой.

ТАТВАРААС ЧӨЛӨӨЛСӨН НЬ ҮНДЭСЛЭЛГҮЙ ГЭДГИЙГ ТОГТООСОН НЬ АРБИТРТ ЯЛАХ БАС НЭГ ХӨЗӨР

УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хоёр дахь хэсэгт “Оюутолгой” ХХК-ийн татварын хяналт, шалгалтын хүрээнд ногдуулсан нөхөн татвар, алданги, торгуулийг нэг мөр төлүүлж, татварын актуудыг хүлээн зөвшөөрүүлэх, татварын актад тусгагдсан асуудлаар дахин маргаан үүсгэхгүй, аливаа маргаангүй нөхцөлд яриа хэлэлцээг үргэлжлүүлэх шаардлагыг тавих” хэмээн заасан. Татварын байгууллагынхан “Оюутолгой” ХХК-ийн 2016-2018 оны татвар төлсөн байдлыг хянаж шалгаад 649.4 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги тооцсон байдаг. Тухайлбал, менежментийн төлбөрт суутгалын татвар 164.7, “Туркойз хилл ресурсес” компанид төлсөн зээлийн хүүд суутгалын татвар бүрэн ногдуулаагүй зөрчилд 179.4, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцохдоо Ашигт малтмалын тухай хууль, Хөрөнгө оруулалтын гэрээний заалтыг дагаж мөрдөөгүй зөрчилд 46.7 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан байсан юм. “Оюутолгой” ХХК олон улсын арбитрын шүүхэд энэ асуудлаар хандаад байгаа. Гэхдээ энэ оны хоёрдугаар сарын 25-нд 229.8, гуравдугаар сарын 4-нд үлдэгдэл 419.2 тэрбум төгрөгийг Төрийн сангийн дансанд байршуулсан билээ. Тухайн үед “Арбитрын шүүхэд хандахын тулд татварын төлбөрийг шилжүүлэн байршуулах ёстой учраас ийнхүү Төрийн сангийн дансанд тушаалаа” хэмээн хэвлэлээр мэдээлж байсан.

Тэгвэл “Оюутолгой”-гоос дээрх татварыг Монгол Улс авах ёстой гэдгийг шүүхийн удаа дараагийн шийдвэрүүд ба-
талсан. Хэрхэн баталсныг энд онцолъё.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны долдугаар сард УИХ-ын гишүүн, Сангийн сайд зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан С.Баярцогт, Татварын болон Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, “Эрдэнэс Монгол” компанийн захирал байсан Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирал асан Д.Ганболд, Татварын ерөнхий газрын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга байсан Б.Бадрал нарт холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн билээ. Гэвч анхан, давж заалдах, хяналтын шатны шүүх эцэслэн шийдвэрлэсэн энэ хэргийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын нийт шүүгчийн цөөн хэдийнх нь тусгайлан гаргасан саналд үндэслэн дахин шалгахаар болчихоод байгаа юм. Өөрөөр хэлбэл, Дээд шүүхийн хэдхэн шүүгч хэн нэгний эрх ашигт үйлчлэх гэсэн үү, эсвэл үнэхээр хууль буруу хэрэглэсэн зүйл байсан уу, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст хүргүүлэхээр болоод буй. Гурван шатны шүүх нь хэлэлцээд ял шийтгэл оноочихсон байхад дөрөв дэх шат гаргаж ирээд анхан, давж заалдах шатны шүүхийн шүүгчдийнхээ олон өдрийн ажлыг хэдхэн цагийн дотор “бусниулчихсан” билээ. “Оюутолгой”-гоос авах татварыг хөнгөрүүлсэн нь үндэслэлгүй байна гэдгийг шүүх уг нь тогтоосон юм. Тодруулбал, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, тус газрын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга байсан Б.Бадрал нар үүнийгээ хүлээн зөвшөөрчихсөн гэхэд хилсдэхгүй. Тэд шүүх хурлын явцад ч, АТГ-аас явуулсан мөрдөн шалгах ажиллагааны үед ч “Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Далд уурхайн бүтээн байгуулалт эхлэх гээд байгаа учраас маргаан битгий үүсгээд бай. Татварын асуудлаа шийд. Хоёр дахь шатны том хөрөнгө оруулалт татах гээд байна. Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт эхлэхээс өмнө аливаа маргаан байх ёсгүй” хэмээн Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсанд үүрэг өгч байсан талаар мэдүүлсэн байдаг юм. Татварын асуудалтай холбоотой уулзалтын үеэр “Эрдэнэс Монгол” компанийн захирал байсан Б.Бямбасайхан “Оюутолгойн татвартай холбоотой саналыг хүлээж авах шаардлагатай” гэж хэлж байсан бөгөөд “Оюутолгой” компаниас дагаж мөрдөх татварын зааварчилгаа гэсэн бичиг баримт санал болгож байж. Тэр зааварчилгаанд нь алдагдал шилжүүлэх томьёо болон өөр бусад тооцооллыг томьёолсон хүснэгт гэх зүйл ч байсан аж. Ийнхүү Ч.Сайханбилэг, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Д.Ганболд, Б.Бадрал нарын оролцоотойгоор, “Дубайн гэрээ”-г байгуулахаас өмнө манайхан “Оюутолгой” ХХК-иас авах татвараа хөнгөрүүлж, чөлөөлжээ. Ингэхдээ хэд хэдэн хууль, Венийн конвенцын холбогдох заалтыг зөрчсөний улмаас Монгол Улсад олон тэрбум төгрөгийн хохирол учруулсан аж. Тухайлбал, Иргэний, Ашигт малтмалын тухай, Татварын ерөнхий хуульд заасан “Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө”, Венийн конвенцын 39 дүгээр зүйл дэх “Гэрээнд өөрчлөлт оруулах талаар нэмэлт журамд оролцогчдын хооронд хэлэлцээрээр гэрээг өөрчилж болно” гэснийг зөрчин, 406.5 тэрбум гаруй төгрөгийн татвар аваагүй гэж дээрх хүмүүсийг буруутгасан. Мөн Монгол Улсын нутаг дэвсгэрт хийж гүйцэтгээгүй ажил, үйлчилгээнд татвар ногдуулахгүй байхаар Засгийн газрын хуралдаанаар ярилцан, хөрөнгө оруулалтын гэрээнд заасан менежментийн төлбөрийг далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг хэлэлцэх явцад тохирсон зарчимд тулгуурлан Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна гүйцэтгэсэн хөрөнгө оруулалтын стратегийн үйлчилгээний төлбөр гэж үзэхээр болж. Ингээд хөрөнгө оруулалтын гэрээгээр тогтворжуулсан татварын хуулийн орчны дагуу ийнхүү тооцохыг Татварын ерөнхий газарт даалгасан байна. Улмаар “Оюутолгой”-д давуу байдал олгон, 2012 онд ашиглалтад оруулж, 2013 оны есдүгээр сарын 1-нээс бүрэн хүчин чадлаараа ажиллаж байхад үйлдвэрлэлийн барилгын ажлыг гүйцэтгэж дуусах хугацааг 2017 он хүртэл хойшлуулсан аж. Ингэснээрээ татварын хөнгөлөлтийг 203.5 тэрбумаар нэмэгдүүлсэн байгаа юм. Түүнчлэн Монгол Улсад оршин суудаггүй, гадаадын иргэдээс авах ёстой 281.7 тэрбумын татварыг суутгалгүй “Оюутолгой” компанийнханд давуу байдал олгожээ. Энэ мэтээр Монгол Улсад орж ирэх боломжтой байсан татвар, татвар ногдох орлогыг бууруулан, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулсан гэж үзэж болохоор байгаа юм. Ийнхүү хууль зөрчсөнийг гурван шатны шүүх баталгаажуулсан тул хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн хэмээн дүгнэж, арбитрт ялах нэг хөзөр, тэр дундаа тамга нь гэж үзэж болох юм.

ХЭЧНЭЭН ХЭМЖЭЭНИЙ ТАТВАР, ТӨЛБӨРӨӨС ХӨНГӨЛӨВ

“Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-г 2015 онд Дубайд гарын үсэг зурж баталгаажуулахаас өмнө татвартай холбоотой олон зөрчил байсныг албан тушаалтнууд ярилцаж тохироод хөнгөрүүлчихэж. Тухайлбал, ил уурхайн үйл ажиллагаатай холбоотой зардлууд нь 2010 оны ТЭЗҮ-д зааснаас зөрсөн гэнэ. “Дубайн гэрээ”-г байгуулахаас өмнө Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын үүрэг болгосноор талууд үүнийг тохиролцон хөнгөрүүлж, чөлөөлөн, тайлангуудаа Сангийн яаманд хүргүүлсэн байгаа юм. Ингэхдээ “Ил уурхайн бүтээн байгуулалтын зардалтай холбоотой сөрөг үр дагавар бүхий дүгнэлт, үл ойлголцол талуудын хооронд байхгүй” гэжээ. Энэ бол Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.1-т заасан “ашигт малтмал эрэх, хайх, ашиглахтай холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах” Засгийн газрын чиг үүргийг зөрчсөн гэж үзэх үндэслэл юм. Ийнхүү Ерөнхий сайдынхаа даалгавраар Засгийн газар хууль хэрэгжүүлэх чиг үүргээ зөрчсөнөөс 1.9 их наяд гаруй төгрөгийн татвар ногдуулах орлогыг бууруулсан байна.

Мөн Хөрөнгө оруулалтын гэрээний 2.33-т татварын хөнгөлөлтийн дагуу тооцсон, хуримтлагдсан дүн 2012 оны арванхоёрдугаар са рын 31-ний байдлаар 646.2 сая ам.доллароос багагүй байгааг баталгаажуулна гэх заалтаа зөрчсөнөөс 850.5 тэрбум төгрөгийн татвар ногдуулах орлогыг багасгажээ. Дээрх гэрээ болон Татварын, Төрийн хэлний, Нягтлан бодох бүртгэлийн хууль, Татварын ерөнхий газрын даргын баталсан “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх заавар”-ыг зөрчсөнөөс 341.3 тэрбум төгрөгийн татвар ногдуулах орлогыг бууруулж, “Оюутолгой” ХХК-ийнханд давуу байдал олгосон гэнэ.

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд заасан Уул уурхайн экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг тооцох аргачлалаа зөрчөөд манай татварын байгууллагынхан 87.9 тэрбумын татвараа дээрх компанийнхнаас авч чадаагүй явдал ч байдаг аж. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөнтэй холбоотойгоор 107.7 тэрбум төгрөгийн татвар ногдох орлогыг ч бууруулсан байх юм. Энэ бүхнээс болж Мон гол Улсын татварын орлогыг бүрдүүлэлгүй, онц их хэмжээний хохирол учруулжээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад бага татвар төлөх, боломж олдвол татвар төлөхгүйгээр давуу байдал олж авах сонирхолтой гадаадын хөрөнгө оруулагчийн хүсэл сонирхлыг гүйцэлдүүлэхийн тулд албан тушаалтнууд хууль зөрчсөнийг шүүх баталгаажуулсан байна. Тиймээс бид “Оюутолгой”-д хөрөнгө оруулагчидтай хийсэн гэрээгээ сайжруулахдаа Монгол Улсад ашигтай, монголчуудад өгөөжтэй, хүртээмжтэй заалтыг багтаахын тулд энэ бүхнийг анхаарах шаардлагатай юм.

Бэлтгэсэн Г.Равжаа

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.