Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Баянхонгорын Эрүүл мэндийн газрын удирдлагыг шалгахаар АТГ-ынхан очжээ

Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын болон төрийн бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд эмнэлэг хөдөлмөрийн магадлалыг хуурамчаар тогтоон өөрсдөдөө болон хамаарал бүхий хүмүүстээ давуу байдал олгож, Халамжийн сангийн хөрөнгөөс завшсан байж болзошгүй хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн хавраас хойш шалгаж буй билээ. Эл хэргийн мөрдөн шалгах ажиллагааг шуурхайлахын тулд хууль сахиулах байгууллагын ажлын хэсгийнхэн орон нутагт ажиллаж байна. Тус аймгийн Эрүүл мэндийн газрын эрх бүхий албан тушаалтан эрх мэдлээ урвуулж, өөрийгөө ердийн өвчнөөр хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан хэмээн хоёр жилийн хугацаатай групп тогтоосон хэрэгт холбогдоод буй. Уг нь эмнэлэг хөдөлмөрийн магадлал олгох хууль, журамд “Хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдсан бол бүрэн алдсан гэж үзнэ” хэмээн заасан. Харин дээрх албан тушаалтны хувьд хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдсан атлаа Эрүүл мэндийн газарт удирдах алба хашсаар байгаа аж. Уг албан тушаалтан зөвхөн өөртөө магадлал олгоод зогсохгүй, хамаарал бүхий хүмүүстээ ч групп тогтоон Халамжийн сангийн хөрөнгөөс тэтгэмж авхуулж байсан хэрэгт холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд байсан билээ. Тухайлбал, дүүгээ хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан хэмээн хугацаагүйгээр групп тогтоосон бол хоёр хүүгээ ч мөн хөдөлмөрийн чадвараа алдсан гэж дүгнэн мөнгө завших боломж бүрдүүлсэн үндэслэлээр шалгуулж байгаа юм. Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын эрх бүхий албан тушаалтнаас гадна тус газрын хэлтсийн дарга, аймгийн ЗДТГ-ын мэргэжилтэн, Нэгдсэн эмнэлгийн даргын хамаарал бүхий хүн нь хөдөлмөрийн чадвараа 69 хувь алдсан хэмээн мөнгө авч байсан гэх асуудлыг АТГ-ынхан газар дээр нь нарийвчлан шалгаж, холбогдох хүмүүсээс мэдүүлэг тайлбар авахаар ийнхүү орон нутгийг зорьсон аж.

Бэлтгэсэн Г.Равжаа

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.