Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Тууштай бодлого, тулхтай шийдвэр үгүйлэгдэж байна

Европ, Америкийн зах зээлээс олонх жуулчнаа хүлээж авдаг нэгэн компанийн захирал “Үйл ажиллагаа идэвхтэй явуулж буй аж ахуйн нэгжүүдийн дийлэнх нь дотоодын жуулчдад зориулсан тусгай хөтөлбөр зохиож, санал болгож эхэлсэн. Тэд Алтай таван богд, Буйр нуур, говийн бүс рүү гэх зэргээр аяллын тусгай чиглэл гаргаад байна. Нэгэнт энэ зах зээл рүү олонх нь хошуурсан учраас шинэлэг, өөр зүйл хийхийг эрмэлзэж, удаан судалсны эцэст олон улсад эрчимтэй хөгжсөн, тансаг зэрэглэлийн үйлчилгээ нэвтрүүлсэн. Төсөөлснөөс амжилттай. Гэвч урьдынх шиг ашигтай ажиллаж чадахгүй, үйл ажиллагааны зардлаа дөнгөн данган бүрдүүлж байна. Өмнөхтэй харьцуулахад орлого 70-80 хувиар буурсан. Ажилтнуудаа цомхотгохгүй гэж их гүрийлээ. Арга буюу цөөлж, 10 хүрэхгүй хүнтэй үлдлээ. Тэднийхээ цалинг хэрхэн бүрдүүлж, хугацаанд нь олгох вэ гэж боддог болсон” хэмээн одоогийн нөхцөл байдлаа ярилаа. Харин оюутан ахуй цагаасаа энэ салбарт ажилласан найз минь “Манай компани үйл ажиллагаагаа зогсоогоод найман сар өнгөрлөө. 20-иод хүн ажил, орлогогүй болсон. Мэргэжлээрээ өөр газарт ажиллах хүсэл байвч “Хэзээ ажилгүй болох бол” гэж айсан учраас шинэ салбарт хүч үзэхээр шийдсэн. Одоо үл хөдлөх хөрөнгө зуучлалын компанид менежерээр ажиллаж байна” гэв.

Энэ бол аялал жуулчлалын компаниуд, салбарын ажилтнуудад тулгамдсан нийтлэг зовлон. Нэг хэсэг нь хаалгаа барьж, нөгөө нь алдаг оног, амьтай гол той төдий үйл ажиллагаа явуулсаар хоёр жилийн нүүр үзлээ. Цар тахлаас үүдэлтэй хямралын сүүдэрт хамгийн их өртөж, хохирсон нь энэ салбар. Учир нь аялал жуулчлалын үйл ажилла гаа олон салбартай шууд болон шууд бусаар холбогддогийн зэрэгцээ хил, зорчих хөдөлгөөний хязгаарлалтаас бүрэн хамааралтай. Монголын аялал жуулчлалын холбооныхны мэдээлж буйгаар аялал жуулчлал эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн 90 орчим хувь нь өдгөө хаалгаа барьжээ. Манай улсын ажиллах хүчний 6.7 хувийг бүрдүүлдэг мэргэжилтнүүдийн (88 700 хүн ажилладаг) 80 гаруй хувь нь цомхотголд өртөж, ажилгүй болжээ. Үндсэндээ аялал жуулчлалынхан тэнхээгээ барлаа. Одоо л тэдэнд төрийн дэмжлэг, оновчтой шийдвэр хэрэгтэй байна.

ХҮНД ЦАГ ҮЕИЙН СУРГАМЖ

Коронавирус Монгол төдийгүй дэлхий нийтийн “амгайг татаж”, хөгжлийн чиг хандлагаа бодитоор үнэлэх боломж олгосон хэмээн өөдрөгөөр харах хүмүүс бий. Зарим судлаач “Цар тахлын “ачаар” дотоодын жуулчлал хөгжих боломж бүрдэж, гадаад хүмүүсийг л жуулчин хэмээн харж ирсэн олон жилийн гажуудал засарч, бизнес эрхлэгчдийн нүд нээгдсэн” хэмээн үзэж буй.

Joinme.mn платформын захирал Э.Цоморлиг “Хэт нэг талын бодлого баримталж ирснийг “Ковид-19” бидэнд, аялал жуулчлалынханд ойлгууллаа. Бид өмнө нь зөвхөн гадаадын жуулчдад зориулан бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хөгжүүлж, контент бүтээдэг байв. Өөрөөр хэлбэл, дотоодын аялагчдыг ойшоож байгаагүй” хэмээн бодит байдлыг цөөн үгээр дүгнэсэн. Нээрэн л цар тахал Монголын аялал жуулчлалын салхийг өөр тийш нь чиглүүлсэн юм. Мөн бизнес эрхлэгчдэд үнэтэй сургамж өглөө.

МУИС-ийн Аялал жуулчлалын хөтөлбөрийн багш, судлаач, дэд профессор Д.Энхжаргал “Аливаа нэг компани, ялангуяа аялал жуулчлал эрхлэгчид эрсдэлийн менежменттэй байх ёстой. Эрсдэл үүсвэл яах вэ, хэрхэн хохирол багатай даван туулах вэ гэдгийг урьдаар тооцоолох нь чухал. Гэтэл манай улсын аялал жуулчлалынхан энерциэрээ ажилладаг. Ямар ч менежментгүй. Энэ алдааг цар тахал тодоор харууллаа. Дараа, дараагийн сорилд бэлтгэгдлээ. Яаж удаан хугацаанд амьдрах чадвараа хангах вэ гэдэгт бизнес эрхлэгчид анхаарч эхэлсэн” гэсэн бол Монголын аялал жуулчлалын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Б.Барсболд “Чарльз-Дарвины “Хэн хурдан, ухаантай нь бус, дасан зохицох чадвар сайтай нь ялдаг гэдэг үг энэ цаг үед биеллээ олж байна” хэмээн ярьж байв. Үнэхээр тэдний хэлсэнчлэн компаниуд зах зээлийн зарчмаараа шигшигдлээ. Сүйхээтэй, дасан зохицох чадвар сайтай, мэдрэмжтэй, мэрийлттэй цөөн хэд нь тунаж, тэсэж үлдлээ. Харин нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл тэд ч хоёр гараа өргөн, аюулт вируст бууж өгөх нь гарцаагүй болов.

АЮУЛ ХЭЗЭЭ НАМЖИХ ВЭ

Дэлхийн аялал жуулчлалын байгууллага (WTO)-аас өнгөрсөн оны сүүлчээр гаргасан “Аялал жуулчлалын барометр” тайланд “Олон улсын аялал жуулчлал сэргэж, 2019 оны түвшинд хүртэл багадаа 2-4 жил шаардлагатай” гэж дурдсан. Тэгвэл энэ жилийнхэд (хоёрдугаар улиралд хэвлүүлсэн) “Коронавирусийн мутацлагдсан хэлбэр дахин эрчимтэй тархаж байгаагаас, мөн зарим орны болгоомжлол, хилийн хязгаарлалт зэргээс үүдээд олон улсын аялал жуулчлал сэргэх үйл явц 3-4 жилээр удааширч болзошгүй” гэсэн тооцоо гаргажээ. Энэ хугацаанд амжихын тулд улс орнууд ихээхэн идэвх чармайлт гаргаж, бүс нутгийн хүрээнд, тодорхой нэг газрын онцлог, нөөц боломжид тулгуурласан жуулчлалын тусгай хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах, аяллын коридор үүсгэх нь ач холбогдолтой гэж онцолжээ.

Зарим судлаач, шинжээч коронавирусээс үүдэлтэй хор нөлөө дэлхийн II дайныхаас ч их хэмээн дүгнэж, жуулчлалыг богино хугацаанд сэргээхийн тулд дасан зохицох, зэрэгцэн амьдарч, ажиллахаас аргагүй гэж сануулсаар буй. Энэ бүгдээс үзэхэд, дэлхий нийт цар тахлын сүүдрээс хэзээ чөлөөлөгдөх нь оньсого хэвээр байна. Аюулт вирусийн тархалт намжих уу, ор мөргүй алга болох уу, эсвэл “зүс царай”-гаа хувил ган, илүү олон болж, биднийг дарамталсаар байх уу гэдгийг тааварлашгүй. Сайхан цаг ирэхийг хүлээж, гар хумхин суух нь аялал жуулчлалыг сэргээх шийдэл биш гэдгийг хүлээн зөвшөөрөх цаг нь болжээ.

Манай улсын иргэд дотоодод халдвар тархаагүй байх үед “Ногоон бүс гэдэг тодотголоор дэлхийд улсаа сурталчилж, жуулчдыг татах боломжтой” гэж хөөрцөглөсөн. Хэдхэн сарын дараа Монгол өвчний тархалт, нас баралтаар дэлхийд тэргүүлж эхэлсэн. Өнгөрсөн зургадугаар сард хилээ нээхэд Засгийн газрын гишүүд, УОК-ынхон “Аялал жуулчлалыг сэргээх бодитой шийдвэр гаргалаа” гэж даналзсан. Гэтэл дэлхийн олон орон манай улсыг хар жагсаалтад оруулж, монголчуудыг хүлээж авахаас татгалзсан билээ. 2020 оны зун дотоодын аялал жуулчлал эрчимжиж, орон нутгийн эдийн засагт чамлахааргүй орлого төвлөрүүлсэн. Үүнээс улбаалаад аялал жуулчлалын салбарынхан “2021 оны зун тэсрэлт болно” хэмээн тооцоолсон нь хүлээлтэд хүрээгүй. Орон нутагт халдварын тархалт ихэссэнтэй холбоотойгоор зарим аймаг, сум хязгаарлалт тогтоож, “хаалгаа” цоожилсон. Энэ бүхнээр юу хэлэхийг зорьсон бэ гэхээр цар тахал аялал жуулчлалынхныг олон талаар барьц алдуулж, тааварлашгүй нөхцөлд оруулсаар байна.

Гэтэл өдгөө салбарын зарим бизнес эрхлэгч, мэргэжилтэн “Цар тахлын дараа Монголыг чиглэсэн жуулчдын урсгал эрс нэмэгдэнэ. Жуулчид манайх шиг зэрлэг, зэлүүд байгальтай газар аялахыг илүүд үзнэ” хэмээн ярих боллоо. Цар тахлын дараа гэдэг нь хэзээ вэ. Жуулчид үнэхээр Монголыг “дайлаар мордох” уу. Энэ бүхэн дээрхийн адил баталгаагүй, бүрхэг “зөгнөл” юм. Тиймээс юуны түрүүнд нөхцөл байдлыг бодитоор үнэлж, судалж, эрсдэлүүдээ тооцоолох шаардлага тулгарлаа.

АЙЛААС ЭРЭХЭЭР АВДРАА УУДАЛЪЯ

Манай улс утаагүй үйлдвэрлэлийн салбараас ирээдүйд их зүйл хүлээж буй. Улсынхаа тогтвортой хөгжлийн тэргүүлэх чиглэлээр тодорхойлсон. Эдийн засгийн үр өгөөж, ач холбогдлыг нь томоор зурагласан. Гэвч Монголын Засгийн газар коронавирусийг угтаж, сөрж тэмцэлдсэн хоёр жил, дотоодод халдвар бүртгэгдсэнээс хойших 10 сарын хугацаанд аялал жуулчлалынхныг дэмжих дорвитой, оновчтой арга хэмжээ авсангүй. Энэ салбарынхныг мартсан гэхэд хилсдэхгүй.

Үүнийг батлах ганцхан жишээ дурдахад, манай улс саяхныг хүртэл цар тахлын үед аялал жуулчлалын үйлчилгээг зохицуулах журамгүй байв. Монголын аялал жуулчлалын холбооныхон боловсруулсан түр журмаа батлуулахын тулд Ерөнхий сайдын хойноос хэдэн сар чаргууцалдсан. Хамгийн сүүлийн жишээ хэлэхэд, гадаад руу аялал зохион байгуулсан компаниуд жуулчдынхаа эх орондоо ирээд тусгаарлагдах байрны зардал (долоо хоногийн)-ыг даах шийдвэрийг Монголын төр гаргасан. Хүндхэн, хөгтэй гэмээр эл шийдвэр элгээрээ хэвтсэн аж ахуйн нэгжүүдэд хүнд цохилт болсон. Энэ бол Засгийн газар аялал жуулчлалын салбарын бодит байдлыг олж хараагүй, мэдрээгүй, ойлгоогүйн баталгаа. Ийм байдлаараа бид аялал жуулчлалаас их зүйл хүлээх, горьдох эрхгүй болж байна. Нэгэнт ирээдүйн үр ашиг, өгөөжийг нь томоор төсөөлж, хүлээж буй бол тэр хэмжээндээ анхаарч, дэмжиж, хөрөнгө оруулах хэрэгтэй. Сайхан цаг ирэхийг, гадаадаас мянга, мянган жуулчин хүлээж авахыг мөрөөдөж суухын оронд бидэнд ямар нөөц боломж бий билээ гэдгийг тооцоолж, дотоодын жуулчлалаа хөгжүүлэн, жил бүр гадаад руу аялж, олон сая доллар гадагшаа урсгадаг монголчуудаа тогтоон барих нь чухал мэт санагдана. Нэг сонирхолтой баримт дурдъя. 2019 онд гадаадын жуулчид Монголд 607 сая ам.долларын орлого төвлөрүүлжээ. Харин монголчууд үүнээс наймаар илүү буюу 615 сая ам.долларыг гадаад зах зээлд шингээсэн байна. Бидэнд ямар их боломж буйг ганцхан жишээгээр сануулахад ийм.

Түүнчлэн Засгийн газар цаг үеийн нөхцөл байдлыг харгалзаж, шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоо, судалгаа хийсний үндсэн дээр аялал жуулчлалыг сэргээх, аж ахуйн нэгжүүдийг дэмжих ажлуудыг урт, дунд, богино хугацаанд төлөвлөж, хэрэгжүүлэх нь зохистой. Хамгийн наад зах нь жуулчлал идэвхэждэг богино хугацаа (2022 оны зун)-г хэрхэн ашиглах, тур операторууд ямар нэг хязгаарлалт, хориггүй үйл ажиллагаа явуулах боломжийг яаж бүрдүүлэх вэ гэдгийг одооноос тооцоолох учиртай. Үүний тулд салбарын судлаач, мэргэжилтнүүдийг сонсож, гар нийлэн ажиллах нь үр дүнтэй болов уу. Эцэст нь дүгнэхэд, Монголын аялал жуулчлалд тууштай бодлого, тулхтай шийдвэр үгүйлэгдэж байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.