Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ийм нэг “Парень”

Энгийн гэхэд дэндүү энгийн, нутгийнх нь Ерөнхийлөгчид пиарчдын өгсөн хочийг санагдуулмаар “хээгүй”, тэгсэн мөртлөө яс юман дээр “хийгүй” эр. Гэм нь саваагүй, эмоцитой. Бүр эртнийхийг больё гэхэд Л.Түдэв, Х.Цэвлээ, Ц.Балдорж гээд асар их туршлагатай, нэрд гарсан редактор байсаар байхад өчүүхэн миний тухай “Сэтгүүлч” сэтгүүлийн захиалгаар бичсэн тэмдэглэлээ “Монголын номер нэг редактор” гээд гарчиглачихсан байгаа юм. Би ичиж үхнэ гээч л болов.

-Чи хүнийг ингэж хорлож яах нь вэ дээ гэтэл

-Бичсэн материалдаа ямар гарчиг өгөхөө би мэдье, та гоншигноод хэрэггүй гэж эргүүлээд намайг мурьж байна. Ингээд өөрийн алба хашдаг радиогийн ажилтнуудад өгдөг уг сэтгүүлийн хэдэн хувийг тараалгүй өөртөө дарах “сөрөг арга хэмжээ” аваад өнгөрч билээ. Ийм л этгээд нөхөр. Сониныг хийсэн шиг хийнэ. “Барилгачин” сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга, Барилгачдын хэвлэлийн нэгдсэн редакцын эрхлэгч, “Ардын эрх” сонины сурвалжлагч, тоймч, “Өнөөдөр” сонины албаны дарга, орлогч эрхлэгч, Монголын радиогийн “Хурд” агентлагийн захирлын алба хашсан хүн. Уг нь барилгын инженер мэргэжилтэй. Сайн сэтгүүлч.

Одоогийн эрх баригчид буюу тэр үеийн “Ардчилсан холбоо” эвсэл засгийн эрх барихдаа хамгийн түрүүнд “Ард”, “Даатгал” банкийг татан буулгав. Мэдээж маш олон хадгаламж эзэмшигчийг хохироосон. Чоно борооноор гэгчээр мөнгө зувчуулж хожсон нь ч бий байх. Адаг сүүлд нь Сангийн сайд Б.Батбаяр буюу Баабар “Миний чихийг огтлоод авна биз” гэж ёжлоод дууссан санагдана. А.Мягмаржав улс төрийн бүлэглэлийн энэ хуйвалдааны тухай “Ардын банкны амьсгаа давхцуулсан операц” гэсэн цуврал нийтлэл бичсэн нь эрхтэн дархтнуудын шар усыг хуруулсан билээ. Мөн тэр үед туурвисан “Казино Монголыг аврах уу, аалзны тор шиг сүлжих үү?” нийтлэлээрээ авлигын асуудлыг анхлан хөндсөн сэтгүүлчээр нэрлэгдэж, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын шагнал авч байв. Радиод тэрбээр газрын наймаа, Эрдэнэтийн луйвар зэрэг асуудлаар хурц хурц нэвтрүүлэг хийсэн. Яриад байвал өөр олон юм бий. Яруу найрагч. Үүнтэй холбоотой нэг бяцхан “түүх” санаанд орж байна. А.Мягмаржав тэр үед “Өнөөдөр” сонины орлогч эрхлэгч, дороо цэл залуу цэргүүдтэй. Тэдний нэг нь яруу найрагч Р.Энхтуяа буюу Эмүжин. Эрхлэгчийн хувьд үйлдвэрт шилжих нүүрүүдийг үзэж байтал арын нүүрэнд “Нууц амраг” гэсэн шүлэг нийтэлсэн байх юм. Зохиогч нь А.Мягмаржав аж. Уг нь ч уншигчийн чилээ тайлахад зориулсан чөлөөт нүүр л дээ. Мэдээж сайн шүлэг байж таарна. Ер нь энэ нүүрэнд шүлэг тавиад байдаггүй, гэхдээ үүнээс ч болсон юм биш. Хань, үр хүүхэд, ах дүүс нь уншина, нөхөр “бөөн шараа” болно гэж би тооцсон байх. Шүлэг нийтлэх дэмий байх гэсэн шүү юм би хэлэв. Эрхлэгчтэйгээ үзээд яах юм, тэгсхийгээд өнгөрөв. Ер нь “хорон” юм хийнэ шүү. Намайг Монголын чөлөөт, ардчилсан сэтгүүлчдийн холбоо шагналд тодорхойлж, би Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртэв. Урьд нь Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулсан байх. “Дараагийнх нь юу бол?” хэмээн Мийгаа (бидний дууддаг нэр) чих нь соотгонож байна. “Хөдөлмөрийн гэхээр юу байх вэ” гэж би маазрав. Тэгсэн чинь “Цаадах чинь Хөдөлмөрийн баатарт санаатай юм шиг билээ” гэсэн яриаг тэр дор нь тараачихсан байгаа юм. Олон хүний хөрөг тэрлэхдээ хэрэглэсэн нэг үгээ давтахад тэрбээр хүнлэг чанар сайтай. Бага шиг байхдаа нэг дүүг нь төрүүлэх гэж байгаа ээжийгээ үүрч харанхуй шөнөөр үертэй гол гатлан сумын эмнэлэгт хүргэсэн тухай нэг эсээг нь уншаад нүдний нулимс эрхгүй гарч билээ. Ээждээ шөл хийж өгөх санаатай мань эр гэр нь ойролцоо байдаг сургуулийн багшдаа ханджээ. Дараа яг адил махаар буцааж төлнө гэсэн болзолтойгоор хонины гуя зээлсэн байна. Мийгаагийн дүр нь. Дутагдалгүй, бас илүүдэлгүй хүн биш. Намайг сонины эрхлэгч байхад мань эр гэргийтэйгээ маргаж гэрээсээ “бултсан” нэгэн явдал тохиов. Эрхлэгчдээ энэ тухай ний нуугүй ярьж байна. Би ч ойлгов. Хоёр гурван хоногийн дараа эхнэр нь над руу утас цохиж мань эрийг сураглав. Редакцын том өрөөнд миний дэргэд нөгөөх эр зогсож байгаа. Тэгсэн чинь “Хэд хоног ирээгүй, хаачсаныг нь бүү мэд гэж хэл” хэмээн шивэгнэв. Амьдралын туршлагатай хэр нь би түүний үгэнд эрхгүй автан хэлснийг нь тоть мэт давтсан гээд бод доо. Мийгаад “ховсдуулан” алдаа гаргасан нь тэр. Мань эр ийнхүү надтай нийлж нэлээд хэд хоног ханиа хашраагаад гэртээ бараалхсан байх. Энэ мэт тохиолдсон явдлыг тоочивч эс барна. Харин түүнд учирсан боловч нэг тохиолдлыг хэлэхгүй өнгөрөх нь ил тод байдлыг зөрчсөн хэрэг болох болов уу. “Хурд”-ын захирал Мягмаржав нэг орой нэлээд халамцуу манай өрөөнд орж ирэв. Олон юм ярьж байна. Сүүлдээ агсагнах янзтай. Тэгэхээр нь элдэв зодоон цохион хийж үзээгүй би өөрийн хэмжээний “шанаа” өгөв. Тэгсгээд тэр манай ажлын урдхан байх гэртээ очсон билээ. Сонин, радио, телевиз өглөө бүр өдөр тутмын шуурхай зөвлөгөөн гэж хийдэг уламжлалтай. Өчигдрийн нэвтрүүлэг, нийтлэлийн сайн, муу, өнөөдөр ямар сэдэв, мэдээллийг анхаарах талаар ярилцана. “Хурд” агентлагийн захирал шуурхайд байнга суух ёстой тул Мийгаа иржээ. Шартаж сүйд болдоггүй хүн болохоор нэлээд ажил хэрэгч байна. Харин санаа дагаад ч тэр үү, шанаа нь бага зэрэг хавдартай мэт санагдав. Би “Мийгаа чи наад шанаагаа яагаа вэ” хэмээн асуутал нөгөөх чинь “Зүгээр ээ, өчигдөр гэр лүүгээ уруудаж явтал хоёр залуу мөнгө нэхээд, байхгүй гэсэн чинь энэ рүү цохичихсон” гэж залж байна. Би арайтай л түсхийтэл инээчихсэнгүй. Хэргийн эзэн, хэнгэргийн дохиур хэн бэ гэдгийг мань эр одоо хэр нь мэдээгүй яваа ч байж магадгүй.

А.Мягмаржав 1996-1999 онд “Өнөөдөр” сонинд албаны дарга, орлогч эрхлэгчээр ажиллаж байсан. 2021 онд Монгол Улсын Гавьяат барилгачин цол хүртсэн.

Б.Пүрэвдаш

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.