Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Уянгуудын ертөнц

Эзэмшсэн мэргэжил, дурласан салбартаа чин сэтгэлээ зориулж, амжилт гарган, тууштай хөдөлмөрлөж яваа гурван бүсгүй “Нэр нэгтийн чих нэг” булангийн маань зочин. Энэ удаа Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Ө.Уянга, жүжигчин Б.Уянга, загвар өмсөгч О.Уянга нарыг онцоллоо.

Гавьяат жүжигчин Д.Банди багшийнхаа удирдлагад СУИС-д суралцсан Ө.Уянга сургуулиа төгсөхдөө ДБЭТ-т тоглолтоо хийн, улмаар тус театрын босгыг давж, Ж.Пуччинигийн “Богема” дуурийн Мимийн дүрээр уран бүтээлийн гараагаа эхэлжээ. “Зул сарын үдэш”, “Монгол”, “Grand opera” “Эрхэмсэг” зэрэг тоглолтоороо дэлхийд алдартай дууриудын ари болон монгол попераг үзэгчдэд хүргэсэн уран бүтээлч юм.

СУИС-ийг төгсөөд Б.Уянга ханийнхаа хамт “Найзууд” театрыг байгуулж, “Амьдралын амт”, “Зургаа дахь хүсэл” уран сайхны кино болон “Гэнэтийн бэлэг” жүжгийг үзэгчдэд хүргэсэн. Дэлгэцийн уран бүтээлд ихэвчлэн камерын өмнө биш, арын алба хашдаг тэрбээр өнгөрсөн онд “F” студи болон “Хүүк” фильмийн хамтарсан“Төлөөс” кинонд тоглосон юм.

14 настайгаасаа загвар өмссөн О.Уянга 2009 оны “Гоёл” наадмын топ моделиор шалгарч байв. Улмаар “Шилмэл загвар” агентлагт багшилж, 2015 оноос “Gloria” загварын агентлагаа байгуулсан юм. Азийн шилдэг загвар өмсөгчдийн нэг тэрбээр олон брэндийн нүүр царайгаар ажиллаж буй бөгөөд тун удахгүй “Боловсрол суваг” телевизээр үзэгчидтэй “уулзана”.

Ижил нэртэй уран бүтээлчид доорх асуултад хэрхэн хариулсныг сонирхъё.

  1. Таны хүүхэд насны хамгийн том мөрөөдөл юу байв. Тэр мөрөөдөлдөө хүрсэн үү?
  2. Та эцэг, эхээ хэзээ хамгийн их баярлуулав?
  3. Таны аав, ээжийн захиасаас мартагддаггүй нь ямар үг байдаг вэ?
  4. Үлгэр дуурайл болгодог хүн тань хэн бэ. Яагаад?
  5. Таны хийсэн хамгийн бахархмаар зүйл юү вэ?
  6. Одоогоос хорин жилийн дараах өөрийгөө төсөөлнө үү?
  7. Алдаа бүхэн сургамж болдог. Өөрөөсөө ичиж, түүнээсээ ухаарал авсан туршлагаасаа ярина уу?
  8. Та хэр шударга хүн бэ. Хэлэх гэснээ хэнээс ч эмээхгүй хэлж чаддаг уу. Үүнээсээ болж буруутаж байв уу?
  9. Та хамгийн сүүлд хэзээ баярын нулимс унагав. Яагаад?
  10. Хүн насан туршдаа суралцдаг. Оройтсон ч гэсэн суралцахыг хүсэж буй зүйл тань юу вэ?
  11. Мэргэжил тань таныг ямар зөв дадал болон муу зуршилтай болгов?
  12. Та ажил мэргэжлээсээ өөр ямар зүйлийг гаргууд хийдэг бол?
  13. Аз туршсан алхам хэр их хийдэг вэ. Таны хийсэн хамгийн “галзуу” үйлдэл юу байв?
  14. Цаг хугацааг ухраах боломж олдвол өөрчлөх, засахыг хүсдэг зүйл бий юү?
  15. Та нэг өдрийн төлөвлөсөн ажлаа дуусгачихаад хамгийн түрүүнд юу хийхийг хүсдэг вэ?
  16. Дуу дурсамж сэргээдэг гэдэг. Таны хамгийн дуртай дуу юу вэ. Энэ дууг сонсоход таны ямар дурсамж сэргэдэг бол?
  17. Дэлгүүрт ороод ямар зүйлд хамгийн их нүд унагадаг вэ?
  18. Та ямар төрлийн зүүдийг олон зүүдэлдэг вэ. Яагаад? (Унаж байна, нисэж байна, эсвэл ямар нэг юм хайж байна гэх мэт)
  19. Танд нэг өдрийн турш өөр хэн нэгний биед “шургах” боломж олджээ. Та хэний амьдралаар нэг өдрийн турш амьдарч үзэхийг хүсэх вэ?
  20. Монголд байгалийн өвөрмөц тогтоц, үзэсгэлэнтэй газар олон. Таны сэтгэлд хоногшсон, очих дуртай ямар газар байдаг бол?

Ө.УЯНГА: СУРАЛЦАХАА ЗОГСООЖ ЕР БОЛОХГҮЙ

  1. Багадаа алдартай тамирчин юм уу, урлагийн хүн болно л гэж мөрөөддөг байлаа. Хүүхэд насныхаа мөрөөдлийг биелүүлчихжээ.
  2. 2013 онд Гавьяат жүжигчин цолоор шагнуулахад аав, ээж минь их баярласан. Тэр жил аавынхаа нутгийг зорьж, ах, дүү нар, хамаатнуудтай нь уулзуулж, хамт явсан. Дараа жил нь аав минь бурхан болсон доо.
  3. Аав, ээжийнхээ “Зөв хүн, тэр тусмаа хүн шиг хүн байгаарай” гэснийг марталгүй санадаг.
  4. Олон сайхан хүнийг дурдаж болно. Мэргэжлийн минь багш Гавьяат жүжигчин Д.Банди, манай алтан үеийн сайхан дуучид, жүжигчид гээд л. Мөн ээжийгээ л шүтэж, үлгэр дуурайл авч явна.
  5. Би үнэн, зөв амьдарч буйгаараа бахархдаг. Хамгийн гол нь үр хүүхдээрээ бахархдаг. Бас өөрийн өдий хүртэл босгосон дуучин гэдэг алдраар бахархаж байна.
  6. Багшаасаа сурсан, мэдсэнээ ганц ч болов хүнд зааж өгөх сөн гэж мөрөөддөг. Энэ бодлоо гүйцэлдүүлээд хичээл зааж, ном бичсэн шигээ л байх болов уу.
  7. Дуулж байхдаа алдаа гаргаад “Хэн ч мэдэхгүй байх” гэж бодон тайзнаас буутал хүмүүс алдааг минь яс хавталзтал хэлж байсан удаатай. Түүнээс хойш уран бүтээлээ үзэгчдэд хүргэхдээ маш анхааралтай, бүр цэг, таслалыг ч мартаж болохгүйг ухаарсан.
  8. Шударга хэлж, түүнээсээ болж зөндөө буруудсан. Бас хохирч ч явлаа. Гэхдээ шударга байхаас зугтахгүй.
  9. Урлагийн хүний баярлах, гомдох нь амархан. Сайхан байгаль харахад л нулимс цийлгэнээд ирдэг юм.
  10. Суралцахаа зогсоож ер болохгүй гэж боддог. Сэтгэл судлалаар сурахыг хүсдэг.
  11. Мэргэжил минь намайг олон зөв зүйлд хөтөлсөн, хүмүүжүүлсэн. Харин мэргэжлийн онцлогоос шалтгаалаад гэх үү, сайн дуулахын тулд сайн идэх, унтах шаардлагатай болдог. Энэ нь миний дутагдал болоод байна.
  12. Ямар ч зүйлд эв дүй, эвсэлтэй. Юмыг хараад л, хэд оролдоод л сурчихдаг.
  13. Галзуу үйлдэл оюутан цагтаа олон л хийсэн. Одоо бол аз туршихгүй. Туршилтын нас дууссан.
  14. Тийм боломж олдвол хүүхэд насандаа л эргэж оччихоод ирэх сэн.
  15. Хүүхдүүд рүүгээ яарч харьдаг. Ажлаа дуусчихаад гэр бүлийхэнтэйгээ л цагийг хамт өнгөрүүлэхийг хүсдэг юм.
  16. Дуртай, дурсамж сэдрээдэг олон дуу бий. Хайрын дуунуудад их дуртай байлаа. Тэднийгээ одоо ч сонсоход сайхан санагддаг.
  17. Их сонин. Дэлгүүрт ороод л гэр ахуйн барааны тасаг руу гүйчихдэг. Гэртээ юм харах, авах бас л гоё мэдрэмж төрүүлдэг шүү.
  18. Нисэж байна гэж их зүүдэлдэг байлаа, хүүхэд байхдаа. Сүүлийн үед огт зүүдлэхгүй байна.
  19. Олон л хүний нэр санаанд орлоо. Амжилтад хүрсэн хүмүүсийн биед “орж”, туршлагаас нь суралцахыг хүсэж байна.
  20. Алтай Таван богд сэтгэлд их ойр санагддаг.

Б.УЯНГА: ӨӨРТӨӨ ҮРГЭЛЖ АНХААРАЛ ТАВЬЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ

  1. Багадаа “Том болоод ажил хэрэгч эгч болно” гэж мөрөөддөг байлаа. Гадаадад ажиллана гэж ч боддог байсан. Яагаад ч юм, миний мөрөөдөлд хурим, гэр бүл ерөөсөө байгаагүй.
  2. Хэзээ маш их баярласныг нь хэлж мэдэхгүй юм. Элэг бүтэн, эрүүл энх, аз жаргалтай амьдарч байгаад минь аав, ээж баярладаг байх.
  3. Ээж минь “Өөрийгөө битгий хаяарай. Өөртөө анхаарал тавьж бай” гэж үргэлж захидаг. Аав минь хүүхдүүддээ бүхнээ зориулдаг. Тиймээс ч аав хүн тийм л байх ёстой гэсэн бодлыг толгойд суулгачихсан байх.
  4. Ажил хэрэг нь амжилттай, амьдралаа сайн сайхан авч яваа, эрүүл мэнд, гоо сайхандаа анхаардаг гээд санаа авах, бахархах, үлгэрлэх олон хүн бий.
  5. Өнөөдөрхөн гурван хүүгээ хөтлөлцөөд явж байгааг араас нь хараад гэр бүлээрээ бахархсан.
  6. Ажил мэргэжлийн хувьд байр сууриа олсон, туршлагатай эгч байна. Ачтай болж, эмээ болсон байх нь тодорхой. Гэхдээ хэнз хүүхэдтэй гэмээр залуу, “күүл” эмээ болно.
  7. Зургаа байна уу, долоотой байхдаа автобусанд нэг эгчид загнуулсан. Юу болсныг нь тодорхой санадаггүй ч “Жаахан юм байж ямар балиар ааштай юм” гэж хэлсэн нь ерөөсөө мартагддаггүй. Тэр үед “Балиар ааш гаргасан юм байна” гэж өөрөөсөө их ичсэн. Балиар гэдэг тэр үг одоо ч балиар санагддаг.
  8. Бодсоноо шууд хэлчихдэг гэж боддог. Гэхдээ шударга хэлж байна гээд бусдыг эвгүй байдалд оруулах уу, шулуун үг сонсгох хэрэгтэй юү гэж нөхцөл байдлыг дүгнэнэ.
  9. Жил бүр төрсөн өдрөөр минь хүүхдүүд зураг зурж, мэндчилгээ хийж өгдөг. Харин энэ жил том хүүгээсээ өөр бэлэг аваад уйлчихсан. Яг л том хүн шиг бэлдсэн байсан.
  10. Уснаас их айдаг. Багшаар заалгаж байсан ч сураагүй. Усанд сэлж л сурмаар байна.
  11. Оюутан байхад багш “Жүжигчин хүн бүхнийг ажигладаг байх хэрэгтэй” гэдэг байлаа. Тэгээд л их ажигч болсон. Хүмүүсийн харилцаа хандлагыг хараад л хэдхэн хоромд дүгнэчихдэг.
  12. Тооцоолол хийх, логик сэтгэлгээ сайтай. Бас машин жолоодохдоо гаргууд гэж боддог.
  13. Аз туршсан гэнэтийн шийдвэрүүд гаргах дуртай. Тэр нь амьдралыг минь сонирхолтой болгодог. Жишээ нь, хэлийг нь мэдэхгүй, таньж мэдэхгүй газар луу аялах дуртай. Төөрч, түүнийхээ учрыг олоод аялах сонирхолтой, бас өөрөөрөө бахархах мэдрэмж төрүүлж, сэтгэл сэргээдэг.
  14. 20-иод насандаа очиж, “Арьсаа арчилж бай” л гэж хэлэх байх даа.
  15. Төлөвлөснөө дуусгачихаад хүүхдүүдтэйгээ булагнах, хамт кино үзэх дуртай.
  16. Хийсэн жүжиг, кинонуудынхаа дуунд дуртай. “Guys” хамтлагийн дуунуудад бас дуртай. Оюутан нас, нөхөртэйгөө үерхэж байсан үеийн дурсамжууд сэргэдэг.
  17. Хүнсний дэлгүүрт бол амттанд нүд унагадаг. Ном, бичиг хэргийн дэлгүүр орох дуртай.
  18. Хааяа өндрөөс уналаа гэж зүүдэлдэг. Ямар учиртайг мэдэхгүй.
  19. Магадгүй “М Си Эс”-ийн Ж.Оджаргал, эсвэл трансжендер Б.Солонго. Сонирхолтой санагдаж байна.
  20. Энэ жил баруун аймгуудаар аялсан. Увс, Баян-Өлгийд дахин очно.

О.УЯНГА: ХАРИУЦЛАГАТАЙ, ТУУШТАЙ ЧАНАР ХАМГИЙН ЧУХАЛ

  1. Ээж шигээ мундаг эмч болохыг мөрөөддөг охин байлаа. Одоо ч тэр мөрөөдөл сэтгэлийн минь мухарт бий. Хүн томоор мөрөөдөж, түүндээ хүрэх зорилго тавьж чадвал цаг хугацааг үр дүнтэй ашиглаж чаддаг.
  2. Аав, ээж минь намайг ихэр хүүхэдтэй болоход магнай хагартал баярласныг тод санаж байна. Ажил хөдөл мөрөө хийгээд, эрүүл саруул, зөв, сайхан амьдарвал тэд минь баярлах байх.
  3. Аливаад хариуцлагатай, тууштай байхыг л үргэлж захидаг даа.
  4. Үлгэр дуурайл авдаг хүн олон. Жишээ нь, карьерын хувьд Ж.Номин, худалдааны салбараас “Нано групп”-ийн Б.Бүжинлхам, загвар өмсөгчдөөс топ модель Г.Уранцэцэг гэхчлэн. Сүүлийн үеийн залуучууд мундаг болж, дүү нараасаа ч суралцаж байна.
  5. Бахархаж болохуйц зүйлээ яг одоо л хийж байна. Цаг нь болохоор мэдэгдэх байх.
  6. Өнөр өтгөн айлын аз жаргалтай эзэгтэй байна. Зээ нартай болчихсон, амьдралынхаа шинэ хуудсыг эргүүлчихсэн байх болов уу.
  7. Олон алдааны цуглуулга шүү дээ. Амьдралаас, төлөвлөөгүй үр дүнгүй өнгөрүүлсэн цаг хугацаанаас, түрүүлж дуугардаг амнаасаа суралцсаар л байна.
  8. Хүнийг гомдоочих болов уу гээд үгээ залгих тохиолдол олон байлаа. Одоо бол юу бодож, санаж буйгаа шууд хэлчихдэг.
  9. Ер нь уйлах дуртай төрлийн хүн. Уран сайхны, хүүхэлдэйн кино үзээд аз жаргалтай, эсвэл гунигтай хэсгийг нь өөрт тусгаж аваад л уйлчихдаг. Сүүлд бэрээ дархан бэр болоход баярын нулимс унагасан.
  10. Сурахаар төлөвлөсөн зүйл бий бий.
  11. Загварын салбарт олон жил ажиллахдаа тэсвэр тэвчээр гэдгийг яс мах, ой тойндоо шингэтэл “суулгасан”. Хүмүүсийн хардаг гоё сайхны ард удаан хугацааны хөдөлмөр, золиос нуугдаж байдаг. Халуун, хүйтнийг ажралгүй хэдэн арван цаг өндөр өсгийттэй сургуулилалт хийнэ, тайзан дээр алхана. Тэглээ гээд ёолох эрхгүй. Бүгдийг нь сэтгэлийн тэнхээгээр даваад л гардаг. Хоолтой, хоолгүй, даарч, хөрч явснаас эрүүл мэнд жаахан муудсан тал бий.
  12. Ээж, эзэгтэйн ажлаа гаргууд хийдэг гэж боддог шүү. Хүүхдүүдийнхээ хариуцлагатай ээж байхыг үргэлж хичээдэг.
  13. Өнгөрсөн жил Төв аймгийн Тоонотын агуйн хаднаас, 82 метрийн өндрөөс олсоор буусан. Өндөрт хүний бүх мэдрэл, сэрэхүй ажилладаг юм билээ. Солиотой үйлдэл байсан хэдий ч авч болох ховор мэдрэмж.
  14. Тийм бодол огт байхгүй. 30-аад нас минь надад их таалагдаж байгаа. Энэ үед л эмэгтэй хүний оюун ухаан бүрэн төлөвшиж, өөртөө болон аливаад бодитоор хандаж, амьдралыг хайрладаг юм байна.
  15. Гэр лүүгээ л яардаг даа. Гэрт минь намайг хүлээж байдаг хүн олон болохоор.
  16. Стивен Тайлер болон “Харанга” хамтлагийн дуунуудаас хэзээ ч уйдахгүй.
  17. Ажлын онцлогоос болсон уу, гоёмсог өндөр өсгийтөд л нүд их унагадаг.
  18. Зүүдэндээ нисээд л байдаг. Нисэж байгаа мөртлөө биеийн хөдөлгөөн нь сэлээд байгаа ч юм шиг.
  19. Мишель Обама, Ангела Меркель нарын хүчирхэг удирдагч эмэгтэйчүүдийн биед “шургаж” үзнэ.
  20. Би Дорноговийнх. Төрсөн нутагтаа л очих хамгийн дуртай.
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.