Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Англи хэлний сургалтыг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэв

ИБУИНХУ-д ажлын айлчлал хийж буй Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Британийн парламентын нийтийн танхимын гишүүн, тус улсын Ерөнхий сайдын Монгол Улстай харилцах худалдааны элч Д.Кавченскитай уулзав. Тэд хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн түвшин, цаашид хэрхэн өргөжүүлэн хөгжүүлэх, бүс нутгийн болон олон улсын харилцааны зарим асуудлаар санал солилцлоо. Дэд сайд Б.Мөнхжин Монгол, Британийн найрсаг харилцааг бүхий л салбарт өргөжүүлэх, ялангуяа, эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх сонирхолтойгоо илэрхийлсэн. Монгол, Британийн худалдааны эргэлт 2020 онд 117 сая ам.доллар байснаас экспорт 84, импорт 33 саяыг эзэлжээ.

Мөн Монгол Улсыг Британийн “Сайжруулсан нөхцөл”-тэй орнуудын жагсаалтад хамруулсан явдал нь хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, манай экспортыг төрөлжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чухал дэмжлэг болж байгааг онцлов. Өнгөрсөн хоёрдугаар сард дэд сайд Б.Мөнхжин ИБУИНХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малоун нар Монгол Улсыг Британийн худалдааны хөнгөлөлтийн ерөнхий систем болох “Сайжруулсан нөхцөл”-д хамруулах тухай ноот бичиг солилцсон юм. Ингэснээр Монголд үйлдвэрлэсэн 7200 нэр, төрлийн бараа, бүтээгдэхүүнийг Британийн зах зээлд татваргүй болон тарифын нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр нэвтрүүлэх боломж бүрдсэн аж.

Түүнчлэн ноён Даниел Кавченскийг ойрын хугацаанд Монгол Улсад зочлохыг урьж, манай худалдаа, эдийн засгийн орчинтой танилцан, Монголын томоохон бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, санал солилцох боломж бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн юм.

Үүнээс гадна дэд сайд Б.Мөнхжин Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Азийн асуудал хариуцсан төрийн сайд Н.Адамстай уулзлаа. Дэд сайд Б.Мөнхжин Монгол, Британийн харилцаа нь манай гадаад бодлогод чухал байр суурь эзэлдэг болохыг тэмдэглэж, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээс гадна боловсролын салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Мөн уур амьсгалын өөрчлөлт, кибер аюулгүй байдал зэрэг олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгарч буй зарим асуудлын талаар санал солилцов.

Сайд Н.Адамс хоёр талын харилцааг бэхжүүлэх, улам өргөжүүлэн хөгжүүлэх сонирхлоо илэрхийлээд, цаашид дээр дурдсан чиглэлээр боломж бий, эсэхийг судлах, англи хэлний сургалтыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ мэдэгдлээ. Цар тахлын улмаас хоёр жил орчим тасраад байсан хоёр талын Гадаад харилцааны яамдын удирдлагын түвшний анхны биечилсэн уулзалт болов.

Бэлтгэсэн У.Наран

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.