Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэхэд бүх шатанд хамтран ажиллах ёстой

100 гаруй жилийн өмнө хатагтай Эглантин Жеббийн боловсруулсан хүүхдийн эрхийн тунхгаас улбаалан 1989 онд баталсан НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцод нэгдсэн 200 гаруй улсын нэг нь Монгол. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр Монгол Улсын 3.3 сая гаруй хүн амын бараг тал хувь нь хүүхэд, залуучууд. Өөрөөр хэлбэл, 24 хүртэлх насныхан. Тэдний 1.3 сая орчим нь 0-19 настай буюу нярайгаас өсвөр үеийнхэн гэсэн үг. Үүнээс үзэхэд Монгол Улс хүүхэд, залуучуудын орон гэсэн тодотголтой хэвээр явна. Энэ утгаараа хүүхдэд чиглэсэн бодлогыг цаг үетэйгээ уялдуулан байнга шинэчлэн сайжруулах шаардлагатай.

Өнөөгийн байдлаар манай улсын хүүхдэд чиглэсэн халамжийн үйлчилгээ цөөнгүй. Гэхдээ насныхныг, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нийгэмшүүлэх, хөгжүүлэх, ийм хүүхэдтэй гэр бүлийг сэтгэл зүй болон эдийн засгаар дэмжих, тэр дундаа өрхийн байнгын орлоготой байлгах, ажлын байраар хангах зэрэг цаашид сайжруулах шаардлагатай олон ажил бий.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг нийгэмшүүлж, амьдралын чанарыг сайжруулахад төр, засгийн бодлого гэлтгүй асран хамгаалагч, эцэг, эх, гэр бүл, анхан шатны байгууллагынхан онцгой үүрэгтэйг олон улсын сэтгэл судлаачид зөвлөдөг талаар ОХУ-ын Амьдралын хүнд нөхцөлд буй хүүхдүүдийг дэмжих сангийн тайланд дурджээ. Юуны түрүүнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн амьдралын ихэнх хугацаа нь гэр бүл дотор л өрнөдөг. Тиймээс гэр бүлийн уур амьсгал найрсаг, хүндлэлтэй байх тусам хүүхэд өөртөө илүү итгэж, харьцангуй хурдан нийгэмшдэг аж. Харин гэр бүлийнхний дэмжлэг бага, хязгаарлагдмал бол хүүхдүүд бусадтай харилцах чадваргүй, бүрэг, аймхай, зожиг болж, үүний улмаас сэтгэцийн дарамтад ордог байна. Тиймээс эцэг, эх, асран хамгаалагчид санаачилгатай, харилцан холбоотой байж, туршлага судлах ь тун өгөөжтэй байдгийг НҮБ-ын Хүүхдийн сангийн мэргэжилтнүүд зөвлөжээ. Ингэснээр аав, ээж нар хүүхдийнхээ нөхцөл байдлыг зөв ойлгож, хөгжлийн бэрхшээлийг нь илрүүлэхэд тустай гэнэ. Улмаар өөрт нь тохирсон сургалтад хамруулах, эмчилгээ, үйлчилгээ авах зэргээр хүүхдээ хөгжүүлэх боломж нь нээгддэг аж.

Манай улсад хүүхдийг хөгжлийн бэрхшээлтэй, эсэхийг тодорхойлж, хөгжлийн дэмжлэгт хамруулахад баримтлах мэргэжлийн удирдамж аргачлал бий болгох ажлын хүрээнд 2018 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх зааврыг баталжээ. Энэ нь 2016 онд баталсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг бүрэн хэрэгжүүлэхэд чухал алхам болж байгаа аж. Тодруулбал, тус хуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудлыг тусгасан ч цогц дэмжлэг үзүүлэх механизм нь тодорхой бус байсныг эл заавраар тодорхой болгожээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, түүний гэр бүлийн эрхийг хамгаалах, хэрэгцээг хангахын тулд боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал гэх мэт олон салбарынхан хамтран ажиллаж, оролцогч талууд нэгдсэн ойлголт, уялдаа холбоотой байх ёстой. Дэлхий дахинд 1970 оноос хойш хөгжлийн бэрхшээлийг тодорхойлох шинэ хандлагыг хайж, олон янзын ойлголтыг боловсруулж ирсэн бөгөөд хөгжлийн бэрхшээлийг олон талт үзэгдэл гэдэгт санал нэгджээ.

ДЭМБ-ын судалгаагаар одоогоор дэлхийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй, 15 хүртэлх насны 93 сая орчим хүүхэд байна. НҮБ-ын Хүүхдийн сангаас “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд сайн боловсрол эзэмшүүлж, нийгмийн харилцаанд оролцуулахын тулд тэднийг бусдаас тусгаарлаж буй саадыг арилгах ёстой” гэж зөвлөж, үйл ажиллагааныхаа нэг чиглэл болгожээ. Манай улсын хувьд ч ХНХЯ, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комисс, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эхийн холбоо, Монголын дауны болон аутизмын холбоо, БШУЯ, ЭМЯ, Хүүхэд судлалын мэргэжлийн салбар зөвлөл, Боловсролын хүрээлэн зэрэг байгууллага хүүхдийн хөгжлийн төлөө тогтмол хамтран ажиллаж байна.

Хөгжингүй орнууд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургах, хөгжүүлэх, нийгэмшүүлэх загвараа хэдийн бий болгосон аж. Ингэхдээ хүртээмжтэй боловсролд түлхүү анхаардаг бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тулгардаг нийгмээс гадуурхагдахад хүргэдэг олон шалтгааныг үүгээр арилгах боломжтой гэж үздэг байна. Манай улсын хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн олонх нь үл хайхрах хүчирхийлэлд өртөж, сурах эрхээ хязгаарлуулж байгаагийн илрэл нь 18 хүртэлх насны 11 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 65 хувь нь албан болон албан бус боловсролд хамрагддаг гэсэн статистик. Харин бусад хүүхэд сургууль завсардаж, сурах эрхээ эдэлж чадахгүй байгаа нь асран хамгаалагчдын шийдвэр, дэд бүтэц, зам, тээврийн хүртээмжгүй байдалтай холбоотой.

Тэгвэл олон улсад хүртээмжтэй боловсролд хэрхэн анхаардаг вэ. Жишээ нь, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан боловсролоор тэргүүлэгч орнуудын нэг нь Британи. Тус улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ерөнхий боловсролын тусгай бус, ердийн сургуульд хамруулахыг хуульчилсан. Энэ нь хүүхэд бүрийн чадварын ялгааг ойлгож, хүлээн зөвшөөрөн, бүх хэрэгцээг харгалзаж боловсрол олгох сургалт юм. Үүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгох, үе тэнгийнхэнтэйгээ найрсаг харилцаа тогтоох, нийгэмшихэд нь тусалдаг сургуулиуд ч бий. Засгийн газар нь 2004 онд “Хүүхэд бүр чухал” хөгжлийн цогц хөтөлбөр боловсруулсны дагуу хүүхдэд өөрийн чадавхад хүрэх боломжийг бүрдүүлдэг гэнэ. Энэхүү хөтөлбөрийн гол үр дүн нь эрүүл мэнд, аюулгүй байдал, хүүхэд бүрийн хувийн чадавхыг хүлээн зөвшөөрөх явдал гэж тодорхойлжээ.

Тэгвэл ОХУ-д биеийн болон оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хөгжүүлэх нэмэлт боловсролын хөтөлбөр болох аяллын танин мэдэхүйн сургалтуудад хамруулдаг юм байна. Энэ нь ийм хүүхдүүдийн эрүүл мэндийг дэмжих бас нэгэн зорилготой. Тус улс мөн Боловсролын тухай хуульдаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нийгэмшүүлэх, дасан зохицох, төлөвшүүлэх, идэвхтэй амьдрах чадварыг хөгжүүлэх, олон нийтийн амьдралд оролцох, тэдний ашиг сонирхлыг хөндсөн асуудлыг шийдвэрлэх зэрэгт онцгой үр дүнтэй заалтууд тусгасан байдаг аж.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцод “Тухайн хүний хэрэгцээ боломжид нийцсэн олон мэргэжилтний үнэлгээг үндэслэн хөгжлийн дэмжлэгийн үйлчилгээг аль болох эрт эхлэх хэрэгтэй” гэж заажээ. Ураг байх үе болон нярай, балчир насанд нь зохист арга хэмжээнүүдийг авснаар насан туршийн хөгжлийн бэрхшээл үүсэхээс 70 хувь сэргийлдэг болохыг олон улсын эрдэмтэд тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл, эрт илрүүлэх нь чухал. Олон улсын жишгээр бол хүүхдийн өсөлт, хөгжлийг дэмжих үндсэн гурван аргыг цогцоор нь ашигладаг аж. Энэхүү гурван арга нь хүүхдийн хөгжлийг тодорхой насанд нь хянах, хүүхдүүдийг насаар нь ангилан нэгдсэн үзлэгт зэрэг хамруулах замаар хөгжлийн бэрхшээлийг илрүүлэх, хүүхдэд хөгжлийн дэмжлэг үзүүлэх талаар эцэг эх, гэр бүлд зөвлөгөө өгөх юм байна. Үүний дараагийн чухал алхам нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асран хамгаалагч болон эрүүл мэндийн байгууллагынхны хамтын ажиллагаа. Энэ шатанд хүүхдийн хөгжлийг бодитоор үнэлж, улмаар эмчилж, хөгжүүлдэг аж.

НҮБ-ын Хүүхдийн сангийн шинжээчид “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийнхээ хийж чадахгүйг нь бус, хөгжлийн боломж, чадварт нь суурилан сургах нь чухал” гэж зөвлөдөг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бусдын л адил өөрийн давуу талтай. Тэр талыг нь олж хөгжүүлэх нь чухал аж. Түүнчлэн амьд харилцаа чухал буюу хүүхэд тань ярьж чадахгүй байсан ч өөрийнхөө хийж байгаа зүйл, ажлынхаа талаар гээд бүх зүйлээ тайлбарлан, таниулж байх нь маш их ач холбогдолтой гэнэ. Гэр цэвэрлэж байгаа талаараа ч сонирхолтойгоор тайлбарлан таниулж болно. Энэ бүхэн хүүхдийн хөгжлийг дэмжих хичээл болдог байна. Ер нь эцэг, эхийн ажиглалт, анхаарал хүүхдийг хөгжлийн бэрхшээлтэй, эсэхийг илрүүлэх, цаашид хөгжүүлэхэд хамгийн чухал. Аав, ээжүүд хүүхдийнхээ хөгжлийн бэрхшээл, хөгжлийн онцлогийг хүлээн зөвшөөрч чадвал дараа дараагийн хийх алхмууд тодорхой болж, хүүхэд нийгмийн харилцаанд эрт ордог. Өөрөөр хэлбэл, эрүүл мэнд талаас нь хэт анхаарч, хүссэн үр дүн нь гарахгүй тохиолдолд шантрах, боловсрол болон бусад хөгжлийн асуудлыг орхигдуулах тал их бий.

Хэрэв балчир үрс тань хөгжлийн ямар нэгэн бэрхшээлтэй байх гэж таамагласан бол юуны түрүүнд харьяа эрүүл мэндийн төвдөө хандах учиртай. Хүүхдийнхээ эмгэгийг эрт илрүүлэх нь ямар чухал болохыг харуулсан анхны хөтөлбөрийг 50 гаруй жилийн өмнө Америк хэрэгжүүлж эхэлсэн түүхтэй аж. “Портеж” хэмээх эл хөтөлбөрийг өдгөө 100 гаруй оронд хэрэгжүүлээд буй. Хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх олон улсын эл хөтөлбөрийг өдгөө ХНХЯ-наас манай оронд хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрт 0-6 насныхны хамруулдаг бөгөөд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв, Монголын портежийн нийгэмлэг, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн холбоо, Монголын дауны болон аутизмын холбоо, “Ээлтэй ертөнц” зэрэг байгууллага хамтран хэрэгжүүлж буй. Тиймээс хүүхдээ уг хөтөлбөрийн дагуу хөгжүүлэхийг хүсэж байгаа эцэг, эх, асран хамгаалагчид дээр дурдсан байгууллагуудад хандаж болох нь. “Портеж” нь багш, эцэг, эх, хүүхдийн хамтын ажиллагаанд суурилсан, хөгжлийн цогц хөтөлбөр юм. Манай улсын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үзүүлдэг хөгжлийн цогц дэмжлэгийн загварыг инфографикт үзүүллээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.