Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сунаж яваа чоно буюу Намсрайн Лутбаяр

Хаана, хэнтэй ч уулзсан яриа хөөрөө дэлгэж, бусдыг өөртөө татдаг, том, бага, дарга, цэрэг гэлтгүй хүмүүст сэтгэлээсээ ханддаг нэг тийм гэгээлэг хүн байдаг даа. Доор өгүүлэх миний найз яг тийм хүн.

Монголын шилдэг сэтгүүлчид, зохиолч, яруу найрагчдаар хахсан “Ардын эрх” сонинд ажиллаад нэг жил шахам болж байсан санагдана. 1995 оны хавьцаа юм ярьж буй хэрэг шүү дээ. Өглөөний шуурхай хурлаа дуусгаад, мэдээнд явж байгаад үдийн цайны цагаар редакцдаа ирлээ. Өрөөгөөрөө ч орсонгүй, бидний нэрлэдгээр “Должин холдинг” (Манай сонины ажилтнуудын цайны газрыг түрээслэн ажиллуулдаг байсан настайвтар эмэгтэйг Должин гэнэ. Одоогийнхоор хоол үйлдвэрлэлийн, тухайн үеийнхээр бол нийтийн хоолны салбарт насаараа ажилласан нэгэн байсан юм)-ийн цайны газарт ороод явчихлаа. Хөнгөлөлтийн талоноороо нормт хоолоо аваад ширээнд суув. Тэгсэн голын ширээнд урьд нь харж байгаагүй, махлагдуу, цагаан гэхээсээ улаан гэмээр царайтай залуу манай албаны дарга Б.Галаарид нарын хамт хооллонгоо их л дотно ярилцаж суух аж. Тухайн үедээ моод болж байсан (хар брюкэн өмдийг цоохор пиджактай хослуулан өмсдөг. Манай сонинынхноос Бал эрхлэгч анх ногоон цоохор пиджакийг хар өмдтэй хослуулан өмсдөг байсан) хослолтой, ганган эр санж. “Энэ нөхөр гэрийн бор оготно ч дэвсчихэж зүрхлэхгүй дээ” гэмээр зөөлөн харцтай. Мань мэтэд бол нүүр гарынх болчихоор томоо гэгчийн алчуураар хөлсөө үе үе шудран сууна. Тийм алчуур хүрэмнийх нь халаасанд хоёрын зэрэг байгаа нь илт, ээлжлэн гаргаж ирээд арчаад байхыг нь анзаарав. Ардын уран зохиолч Д.Цоодол абугай нэг удаа “Самгоноо татаж, шараа тайлсан орос шиг, шар будаатай цайгаа ууж, ядаргаагаа тайлсан самган шиг хөлс нь бурзайгаад” гэж түүнийг шоглосон удаатай. Өвөл барагтай бол малгай өмсөхгүй, орсон буур аятай цан хүүрэг болсон, уур савсуулсан хүн л явж байх. Харин сүүлийн үед дугуй хар малгай духдуулах болсон байна билээ.

Танихгүй тэр залуугийн хэн болохыг миний хажууд хооллож суусан Ж.Баяржаргал (яруу найрагч)-аас асуувал “Монголын залуучууд” сонины эрхлэгч, “Завхан гол” дууны шүлгийг бичсэн яруу найрагч Намсрайн Лутбаяр гэдэг лут амьтан чинь шүү дээ” гэж байна. Ингэж л би найзыгаа анх харсан юм. Түүнээс хойш нэг их удалгүй нэрийг нь мэддэг, зүс таних болсон нөгөө нэртэй яруу найрагч чинь бидэнтэй нэг редакцад ажиллахаар ирдэг юм байна. Ирсэн өдрөөсөө л сэтгүүлч бидний нэрлэдгээр “хадаас” буюу ноцтой баримт бүхий мэдээ, сурвалжилга, нийтлэл, ярилцлага түүний гараас хөвөрсөн юм даг. Ихээ “урт чихтэй”, орохгүй, гарахгүй нүхгүй, танил тал олонтой Лутаагаас зүүгдээд авлаа, би. Анх тоймчоор ажиллаж эхэлсэн юм даг. 1996 оны дундуур Бал эрхлэгч ажлаа өгч, “Өнөөдөр” хэмээх өдөр тутмын, анхны чөлөөт сонин гаргахаар болж, бидний хэдэн хүн эрхлэгчийгээ даган төрийн төв хэвлэл “Ардын эрх”-ээс явахад Лутаа маань нэгдэв. Удалгүй Хариуцлагатай нарийн бичгийн дарга боллоо. Монголын өдөр тутмын, анхны чөлөөт сонин “Өнөөдөр”-ийг бид хэрхэн өлгийдөн, эрийн цээнд хүргэсэн тухай би энд бичих гэсэнгүй. Сонины минь 25 жилийн ой тохиож буй тул энэ тухай бид жич бичих билээ. Энэ цагаас эхлээд Лутаа бид хоёр дотно нөхөрлөсөн юм. Мэргэжлийн сэтгүүлч, орон нутгийн болон төвийн сонинд сурвалжлагчаас эхлээд эрхлэгч хүртэл ажилласан түүнээс сурах юм надад их байлаа.

Ямар ч үед найзыгаа гэдэг хүнийг монголчууд бид эзнээ орхидоггүй үнэнч хүлэгтэйгээ зүйрлэдэг. Миний найз энэ үнэлгээнд бүрэн нийцнэ. “Хадмындаа амьдрах ямар байна, би бас амьдарч байсан тул, ямар байдгийг сайн мэднэ. Хэрэгтэй юм байвал нэрэлхэлгүй хэлж байгаарай, хөгшин чинь чадах ядахаараа тусална” шүү гэх.

Манай оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнд АНУ гаалийн ихээхэн хөнгөлөлт үзүүлж, биднээс өрсөн урд хөршийн үйлдвэрлэгчид үүнийг тултал нь ашигласан юм даг. Оёмол бүтээгдэхүүний “Тахь ко” хэмээх урд хөршийн хөрөнгө оруулалттай компани Улаанбаатарт байгуулж, “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошготой хятад бараа, бүтээгдэхүүнийг далай давуулан Америкт гаргадаг болов. Чанарын шаардлага хангаагүй зарим бүтээгдэхүүнээ Монголд хэр тааруу үнээр борлуулна. Энэ компанид үйлдвэрлэсэн богино, урт хүрэм тэр үедээ л боломжийн хувцас байлаа. Манай сонины хэд хэдэн залуу түүнээс нь авч өмсөв. Лутаа, Б.Галаарид (“Өнөөдөр” сонины анхны ерөнхий редактор), Даваа (сэтгүүлч Ш.Даваадорж) бид хэд яг адилхан хүрэмтэй, түүгээрээ хэдэн хавар, намрыг өнгөрөөсөн сөн. Лутаагийнх манайх хоёр III, IV хороололд байх тул өнгө, загвар нь ижил нөгөө хүрмээ өмсөөд хамт явна. Ах, дүү хоёрт аав, ээж нь ижил хүрэм авч өгсөн юм байх даа гэмээр харагддаг байсан биз. Шоочоороо Нооч (Реклам, зар сурталчилгааны албаны дарга Н.Оюунчимэг) л “Энэ нэг хоёр юм ижил хүйстэн шиг хөтлөлцөх нь холгүй дандаа хамт явж байх юм. Ядаж байхад ижилхэн хүрэм авч өмсдөг нь ч юу вэ дээ” гэсэн яриа гаргасан байсан. Лутаа бид хоёр адилхан олон дүүтэй. Тэрсхэн хэдэн дүүгээ Лутаа маань бүгдийг нь хоолонд хүргэсэн, сайн ах. Ээжийгээ их олон баярлуулсныг нь мэдэх юм, хааяа ижийдээ зэмлүүлснээ ярина. Тэр нь догшин ундаа хүртсэн тухай л байдаг байлаа. Аав Намсрай нь монгол хэл, уран зохиолын багш. “Толгой холбож шүлэг, үг холбож юм бичдэг болсон минь аавын нөлөө байх. Миний аавын талынхан эрдэм номтой, Хатагин овгийн хар сүлдийг 200 гаруй жил хадгалж, тахиж ирсэн” гэж ярьдаг юм.

“Өнөөдөр” сонинд маань Бунд гэж сайхан хүн байлаа. Завхан аймгийн Эвлэлийн хорооны дарга, аймгийн Намын хорооны нарийн бичгийн дарга зэрэг том алба хашиж явсан гэдгийг нь сүүлд мэдсэн. Уг нь бол химийн багш мэргэжилтэй, аймгийнхаа сургуульд багшилж байсан юм билээ. Манай Бааска ах (сэтгүүлч Д.Баасанжаргал) нэг удаа халамцуу явж байгаад Бунд гуайтай таараад “Бунд багш аа, та намайг сурагч байхад тамхи татлаа гээд ам руу тамхи чихэж билээ. Одоо халамцуу явж байна гээд архи чихвэл ч яг болох гээд байна даа” гэсэн гэж байгаа. Аливаа асуудалд их нухацтай ханддаг, төлөв даруу сайхан хүн. Энэ хүн манай Лутаагийн хадам аав нь. Хүргэнтэйгээ яг л найз нь мэт ярилцаж, ханддаг сан. Лутаагийн эхнэр Алимантуяа Бунд гуайн том охин. “Нэлээд ширүүн өрсөлдөөн дундаас МУИС-ийн банкны ангийн Алимааг авч суусан хүн дээ, би” гэж Лутаа ярина. “Бид хоёрыг гэр бүл болоход С.Батбаатар эрхлэгч багагүй тус хүргэсэн” гэхээр нь ямар тус юм бэ гэж асуухад “Баагий чинь оюутны нэг байрны дарга байсан юм. Гал зуух, ариун цэврийн өрөөтэй том байранд суудаг байлаа. Хааяа Баагийгаас өрөөг нь гуйж, Алимаатайгаа хонодог байсан” хэмээн ярьсан удаатай. “Яруу найрагчийн гэргий болж нажидаа эдлээгүйд чинь баяр хүргэе” гэдэг ч бил үү, Б.Лхагвасүрэн гуайн нэг шүлэгт ийм утгатай мөр байдаг даа. Тэгэхээр яруу найрагчийн гэргий байна гэдэг хэр баргийн эмэгтэйн давчих даваа биш байх нь. Харин манай Алимаа Лхагвасүрэн гуайн хэлсэн шиг нэг их нажид эдлээгүй, сайхан охин, хүү төрүүлж, өсгөж хүмүүжүүлэн, сайн хүн болгосон. Мэдээж Лутаатай хамт. Лутаа бид хоёр Алимаад шалны модоор гөвүүлсэн нэг явдал бий. Бунд гуайн бие чилээрхэж хоносны өглөө эртээ Лутаа ярьж байна. “Урьд шөнө аав сандаргаад, чи манайд хүрээд ир” гэлээ. Амралтын өдөр байсан тул тэр дороо гүйгээд хүрэв. Очтол Д.Нямсүрэн найрагч Дорнодоос иржээ, тэр хоёр жинхэнэ үзэмчин нэрмэл гэж нэрлэсэн, гурван литр шахам шимийн архи дундаа тавьчихсан сууж байна. Тэгж их найрагч Д.Нямсүрэнтэй танилцаж, шүлэг, шимтэй яриаг нь сонсонгоо үзэмчин архи шимж суутал Алимаа ороод ирлээ. Д.Нямсүрэн гуайд золгосныхоо дараа “Аавын бие тааруу байхад чи ингээд сууж байдаг” гээд Лутааг зэмлэв. “Завхан руу ярьсан, ах, дүү нарыг нь онгоцоор авчрах ажлыг амжуулчихлаа” гэж манай нөхөр хэллээ. Алимаа тайвшрав бололтой, гэрээсээ жаал жуул юм аваад гарах гэж байснаа үүдэн дээрээсээ эргэж, нөгөөх шимийн архийг тосгуур луу тонгойлгочихоод явдаг байгаа. Д.Нямсүрэн гуай олон юм ярьсангүй “Чи ер нь очих нь зөв боллоо, дараа уулзъя” гээд гарав. Бид хоёр таксигаар хадмынд нь хүрвэл Бунд гуай өндийгөөд суучихсан “Заяа ирээ юү. Муу ах чинь урьд шөнө хүүхдүүдээ сандаргаад, одоо зүгээр ээ” гэж байна. Хэсэг ярилцаж суугаад гарлаа, бид хоёр. Уусан жаахан юм дотроос хатгаад болдоггүй. Дэлгүүрээс ганц шил юм авч Бунд гуайн байшингийн ард сөгнөж суутал Алимаад дахиад л баригдчихав. Энэ удаа нэлээд хатуу шийтгэл хүлээж, бид хоёр шалны модоор нэг нэг гөвүүлж, би хашаа давж, зугтсан чигтээ гэр лүүгээ харьсан юм. Хөгжилтэй энэ явдлыг Лутаа, Алимаа хоёртоо сануулах үүднээс бичив.

Хос морьтой хүн холыг туулдаг. Н.Лутбаярыг “гурвалсан морьтон” гэхэд болно. Наран мандах нутгаасаа унаж гарсан ч зам алсрах тусам үл цуцаж, унасан эзнээ эх орныхоо төдийгүй дэлхийгээр тархан суугаа элэг нэгтнүүдэд нь ажралгүй хүргэсэн, явдал зөөлөнтэй ч холч яруу найраг хэмээх нь түүний нэгэн хүлэг бөлгөө. Угшил сайтай энэ хүлэг одоо ихээ том сүрэг болсон. Тал нутагтаа үлдсэн ижийдээ зориулан “Бүүвэй ээж” хэмээх шүлэг тэрлэж, түүнд нь сэтгүүлч, найз Баярсайхан нь ая хийж, банзан гитартай дуулсан нь тэр дороо л олонд хүрч, хүмүүс нүдэндээ нулимстай сонсож суусан гэдэг юм. Дууны хүч тийм агуу болохыг эл бүтээлээсээ мэдэрснээс хойш “Завхан гол”, “Аавын нутаг”, “Дуут нуур”, “Эмээ” гээд мөнхөд дуулагдах дууны олон шүлэг төрүүлжээ. Түүний урын сан лавтайяа 130 гаруй дуутай болсон байна. Н.Лутбаярын дууны яруу найргийг ийм тийм гэх хэмжээний хүн би биш ч эх орон, ижий, аав, эрдэнэт хүлэг, яруу найргийн мөнхийн сэдэв болсон хайрын тухай түүний бичсэн шүлгүүд цаанаа л нэг зөөлөн, ухаарч сэнхрүүлсэн, амьд үгтэй байдаг юм. “Өнөөдөр” сонины орлогч эрхлэгч С.Батбаатар ах бид хоёрыг “Замаасаа ганц шил юм аваад Дуурийн театрт шалавхан хүрээд ир” гэж нэг өдөр Лутаа дуудав. Юу болсныг нь асуувал “Миний нэг шүлгээр дуу хийжээ. Одоо бичүүлж байна. Та хоёр ирээд сонсоодох” гэнэ. Хэлсэн ёсоор нь хүрч очвол түүний “Шилийн богд” шүлэгт нь ая дан тааруулсныг хожим Гавьяат жүжигчин болсон, хүрээ маягаар дуулдаг Л.Чулуунчимэг дуулан бичүүлж, С.Батбаатар эрхлэгч бид хоёр анхных нь сонсогч болж, авч очсон ганзайгаараа уран бүтээлчдийг нь дайлсан юм. Эл дууг сонсож суухдаа “Миний найз сунаж яваа чоно шиг хийморьтой эр юм даа” гэж бодсон билээ. Тийм ээ, Н.Лутбаяр бол адууны тэнгэр, чонын хийморьтой эр. Саяхан Ардын жүжигчин болсон “Чингис хаан” хамтлагийн Д.Жаргалсайхан “Шилийн богд”-ыг хэдэн жилийн өмнө рок дуу болгон ая хийж, өөрөө дуулсан нь сонсогчдод хүрсэн, талархал хүлээсэн. Энэ мэтчилэн “Хээтэй Хэрлэн” зэрэг цөөнгүй дууных нь анхны сонсогч болсон азтай хүн дээ, би. “Хээтэй Хэрлэн” дуунд анх Ардын жүжигчин А.Энхтайван ая хийсэн бол хэдэн сарын дараа бас нэг хөгжмийн зохиолч ая дан тааруулж, амилуулсан байдаг юм. Нэгэнт олонд хүрсэн нэг шүлэгт өөр өөр аялгуу хийсэн нь үгийнх нь шидэд автсаных биз ээ. Лутаа бол үгийн нүдтэй найрагч бөлгөө.

“Н.Лутбаяр бол Монголын дорнод хээр талын онцлогийг амьдралдаа ч, уран бүтээлдээ ч шингээж төрсөн. Ялангуяа түүний шүлгүүд дэх зан чанар нь хөгжмийн зохиолчдоос уужим цээл аялгууг ундруулах увдистай санагддаг. Олонх уран бүтээлчид Шилийн богд уул орой дээрээс харагдах бараа юм уу, сүндэрлэх өндөр нь мэдрэгддэг бол Н.Лутбаярт “сунаж яваа чоно шиг, суниаж байгаа адуу шиг” уудам цэлгэр, тавиун тэнэгэр харагдах жишээтэй. Түүний тухай санахад хээр талын дунд зогсоод дөрвөн зүг халиах шиг уран бүтээл, нийгмийн үйлс, сэтгүүл зүй, хобби, хувь хүний олон талт бүтээл амьдралыг харах хэрэгтэй. Тэр нь хээр талын зан чанарын тусгал юм” гэж “Чингис хаан” одонт, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Г.Мэнд-Ооёо хэлсэн билээ.

Яруу найрагчийнхаа хувьд тэрбээр үзэл суртлын хүлээсний зах зухыг амссан байдаг. Ардчиллын салхи сэвэлзэж эхэлсэн үе ч үзэл суртлын эсрэг хэмээх ойлголт манайд байсаар байж. Оюутан ахуйдаа бичсэн “Босоо бичиг” хэмээх шүлгийг нь МУИС-ийн зарим багш, удирдлага үндэсний үзэл ханхлуулсан хэмээгээд түүнийг сургуулиас нь хөөх тухай яриа гаргах үед сэтгүүл зүйн нэрт судлаач Г.Дэлэг багш нь авч үлдсэн тухай яриа байдаг. Энэ тухайгаа Лутаа яриад байдаггүй нь өөрийнх нь мөн чанартай холбоотой. Ер нь бол би-гээс хол хүн л дээ. Сэтгүүл зүй, яруу найргаараа хэд хэдэн ном гаргах хэмжээний бүтээлтэй ч тэрбээр төвдсөнгүй нь мөнөөх даруу зантай нь холбоотой байх. Дээр нь юм хумаа эмхэлж цэгцэлдэггүй, хадгалж мэддэггүй мань мэтийн л нэг.Туурайнаас нь оч цахилсан, аргамаг нэг хүлгийг нь сэтгүүл зүй хэмээнэ. Энэ хүлэгтэйгээ бага залуугаасаа нөхөрлөсөн тэрбээр ааш занг нь сайн мэддэг тул уяа сойлгыг нь тааруулахдаа гаргуун. Тиймээс ч сэтгүүл зүй хэмээх түүний хүлэг торгон жолоогоо олонтоо өргүүлсэн юм. Дээдсийн болон од гэгдэх эрхмүүдийн ор хөнжлийн эрээ цээргүй явдал, бусдыг айдаст автуулсан гэмт хэргийг илэн далангүй бичсэнээ эрэн сурвалжлах сэтгүүл зүй гэж ойлгодог байсан үеийг халж, сэтгүүл зүйн энэ төрлийг хөл дээр нь босголцсон төдийгүй оройлон оролцсон хүний нэг нь яах аргагүй Н.Лутбаяр гэж би хаана ч хэлнэ. Хил хязгаар нутагт төрж, өссөний хувьд тэрбээр Монгол Улсын хилийн аюулгүй байдалд ихэд санаа чилээдэг нэгэн. Тиймээс ч “Хэн ч халдашгүй дархан хил хэрэг дээрээ эзэнгүй болжээ”, “Монгол Улсын хил нь задгай, түшмэл нь зальхай, төр нь бодлогогүй болжээ” гэсэн цуврал нийтлэлээрээ бодит байдлыг гаргаж тавьсан нь тухайн үедээ шуугиан тарьж байсан юм. Сонинтой хуучраагүй сонирхолтой баримтууд нь хуучраагүйгээр үл барам түүний хөндсөн сэдэв, дэвшүүлсэн санаа нь өнөө ч ач холбогдлоо алдаагүй байна. Монголын эрчим хүчний салбарын амин судасны нэг хэсгийг хувьчлал нэрээр харийнханд өгч, үндэсний аюулгүй байдалд томоохон хохирол учруулах гэж байсан хуйвалдааныг илчлэн, зогсоосон нь Н.Лутбаярын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн бүтээлийн оргил нь яах аргагүй мөн билээ. Тэрбээр сайн сэтгүүлч төдийгүй сайн редактор, удирдан чиглүүлэгч сайн дарга. Анхны мэдээгээ уншуулж, засуулж, сэтгүүлч болох зүг чигээ түүнээр заалгуулсан олон хүн өнөөдөр Монголын сэтгүүл зүйд ажиллаж, Лутааг сайнаар ярьдгийг би мэдэх юм. Тэрбээр хэнийг ч цаашаа гэдэггүй, бичсэн мэдээ, материалыг нь уншиж, зөвлөн, өөрийн дуулж мэдсэн баримт сэлтээр баяжуулж өгдөг сайн редакторуудын нэг. “Манай Лутаа хаа явсан газраа сэтгүүлч, уран бүтээлчдийг цуглуулж, тэднийг дэмжиж, идэвхжүүлж, чирж явдаг. Энд ийм ирээдүйтэй залуу байна гэх зэргээр олон хүнийг хажуудаа авч, төвийн том уран бүтээлчидтэй холбон өгч хоолонд нь, алдрын замд нь хүргэсэн” гэж түүнтэй хамт хөдөөгийн уул талаар ардчиллын үрийг тарьж, уран бүтээл туурвиж явсан Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Галаарид ярьсан нь дээрхийг тодотгох биз ээ.

Тэргэнд хөллөж, салхи татуулан давхидаг гурав дахь хүлгийг нь уяач хэмээхүй. Багаасаа л адуучин болно гэж боддог байсан тэрбээр сургууль, соёлын мөр хөөсөн ч тэр мөрөөдлөө орхиогүйгээр үл барам биелүүлсэн юм. Одоо Аймгийн алдарт уяач цолтой. Сургуульд орохоосоо өмнө морь унаж сурсан гэж байгаа. Нэгдүгээр ангийн сурагч байхдаа хөдөө гарч, адуучин болно гээд морь унаад сургуулиасаа нэг бус удаа зугтаж, эрэл сурал болгож байсан том толгой. Хурдан морь цуглуулж, нааш цааш нь наймаалж, ашиг хонжоо харж явдаг өнөөгийн олонх уяачийн нэг биш юм, манай Лутаа. Адууны соёлыг түгээн дэлгэрүүлэх, монгол морь, уралдааныг монгол чигээр нь байлгах чин хүсэлтэй нэгэн. Тиймээс ч телевизийн хэд хэдэн сувгаар цуврал нэвтрүүлэг бэлтгэн өөрөө хөтөлсөн. “Ононгийн хээр”, “Гоё халиун” гээд морины тухай дуу түүний уран бүтээлд багагүй орон зайг эзэлдэг. Лутаа найз минь үгийн нүдтэй шигээ бас моринд нүдтэй. Үүнийг нь батлах нэг тохиолдлыг би сонсож байсан юм. Нутгийнх нэг ах нь түүнд хурдан удмын даага зүсэлж өгөхөд “Би тэрийг авч болох уу” гээд нэг даага заасан гэдэг юм. “За наадах чинь ч битүү даага даа, чи өөрөө зүсэлж байгаа бол дураараа бол” гэж. Хурдан буянгуудаас нь авалгүй, сонгосон тэр даага нь их хурдан морь болж, тод магнай, торгон жолоогоо цөөнгүй өргүүлжээ. “Егүзэр адуу” хэмээх угшил бий болгохоор нутгийнхантайгаа ярьж, түүндээ ч хүрч байгаа. Түүний бий болгохоор зорьж буй “Егүзэр адуу”-нууд улс, бүсийн наадмуудаас одоогоор 13 айраг, түрүү аваад байгаа нь Лутааг зөвхөн морь уяж, уралдуулдаг хоббитой нэгэн биш гэдгийг илтгэнэ.

Ийнхүү бидний үүсгэн байгуулалцсан, эрийн цээнд хүргэсэн Монголын чөлөөт хэвлэл, өдөр тутмын ууган сонин “Өнөөдөр”-ийнхөө 25 жилийн ойн босгон дээр манай хамт олноос төрөн гарсан 15 Гавьяатын нэг Н.Лутбаяр найзынхаа тухай бяцхан бичвэрээ өндөрлүүлж, анддаа уран бүтээлийн өндөр амжилт хүсье, адууны тэнгэр ивээх болтугай.

Н.Лутбаяр 1996-1999 онд “Өнөөдөр” сонинд сурвалжлагч, Хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. 2017 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртсэн.

Д.Заяабат

1
ХарамсалтайХарамсалтай
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 thoughts on “Сунаж яваа чоно буюу Намсрайн Лутбаяр