Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Т.Ганбат: Урлаг, спортын амжилт гаргасан иргэдэд хавтгайруулан цэргийн цол олгодог нь тогтоогдсон

Сүүлийн үед цэрэг, цагдаагийн байгууллагуудад цэргийн цолны зохистой харьцаа алдагдаж, офицерын цолны зэрэг дэвийн шаардлага хангаагүй, цэргийн зохих ёсны боловсрол эзэмшээгүй, цэргийн алба хаагаагүй, офицерын албанд элсүүлэх насны дээд хязгаар хэтэрсэн иргэд, спорт, урлагийнханд цэргийн цолыг хавтгайруулан олгож байгаад олон нийтийн зүгээс шүүмжлэлтэй хандаж буй. Энэ нь мэргэжлийн армийн ноён нуруу болсон офицерын бүрэлдэхүүний алба хаах хүсэл зориг, итгэл үнэмшлийг бууруулж байгаа талаар ч мэргэжлийнхэн хэлдэг. Иймд дээрх гажуудлыг засаж залруулах, холбогдох хууль эрх зүйн баримт бичгүүдэд өөрчлөлт оруулах, хэрэгжилтийг хангах чиглэлээр “Цэргийн цол олгох журам”-ыг шинэчлэн боловсруулах ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсгийн нарийн бичгийн дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын Төрийн цэргийн байгууллагын асуудал хариуцсан ахлах референт Т.Ганбаттай ярилцлаа.

-Генерал цолыг хавтгайруулан олголоо, цолондоо дүйхгүй офицерууд олширлоо гэх олон нийтийн бухимдал дунд “Цэргийн цол олгох журам”-ыг шинэчлэн боловсруулах ажил эхэллээ. Журмын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны наймдугаар сарын 17-ны өдрийн 38 тоот захирамжаар “Цэргийн цол олгох журам”, “Дээд офицерын албан тушаалын ангилал, цэргийн цолны зэрэглэл”-ийг шинэчлэн батлуулах ажлын гурван хэсэг байгуулсан. Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдад цэргийн цол олгосон өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийх ажлын хэсэг, “Цэргийн цол олгох журам”-д өөрчлөлт оруулах бодлого чиглэлийг боловсруулах, үүнийг дагаж гарах хууль эрх зүйн баримт бичгүүдэд өөрчлөлт оруулах бодлогыг тодорхойлох ажлын хэсэг, мөн “Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэм”-ийн хэрэгжилтийн хууль, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлыг судлах чиглэлээр ажилласан ажлын хэсгүүд тус бүр судалгаа хийж эхэлсэн.

-Энэхүү журмыг шинэчлэн батлах гол зорилго нь юу вэ?

-Монголын Зэвсэгт хүчин мэргэжлийн цэрэгт суурилсан мэргэшсэн Зэвсэгт хүчин болох зорилт тавин ажиллаж буй. Мэргэжлийн Зэвсэгт хүчний гол ноён нуруу нь офицерууд гэдгийг та бүхэн мэднэ. Бидний ажлын гол зорилго нь офицерын бүрэлдэхүүнийг чадавхжуулах явдал юм. Ингэхийн тулд бид офицер болоход тавих шаардлагыг өндөржүүлэх шаардлагатай байна. Тухайлбал, ахлах, дунд офицер болохын тулд цэргийн академи төгссөн байх, дэд хурандаа болохын тулд мэргэжлээрээ магистрын зэрэг хамгаалах, хурандаа болохын тулд аль нэг энгийн мэргэжлээр мастерын зэрэг хамгаалсан байх гэдэг ч юм уу нэг цолноос нөгөө цол руу шилжихэд мэргэжил, боловсролд тавигдах шалгуур үзүүлэлтийг тодорхойлох юм. Цэргийн цол нь цэргийн алба хаагчийн эрхэлж байгаа албан тушаалын ангиллын илэрхийлэл, түүнийг цэргийн боловсрол, цэргийн жинхэнэ алба хаасан хугацаанд харгалзуулсан зэрэг дэв юм. Тиймээс тухайн албан тушаалд томилогдож байгаа хүн өөрөө чадавхтай байж, тухайн цолныхоо эзэн болох учиртай. Ингэснээр цэргийн албаны нэр хүнд өсөж, цэргийн алба хаагчдын албаа хаах итгэл үнэмшил дээшилнэ. Цолны асуудлыг ингэж зөвхөн мэргэжил, боловсролтой нь холбоод зогсохгүй бид цаашдаа ажлын хэсэг байгуулж, цэргийн алба хаагчдын бие бялдрын стандартыг гаргаж мөрдүүлэх талаар анхаарч, нэлээд арга хэмжээ зохион байгуулна. Тухайлбал, цэргийнхэн өглөө эрт босож, олны дунд гүйдэг, биеийн тамираар хичээллэдэг, долоо хоног бүр спортын уралдаан тэмцээн зохион байгуулдаг, олон нийтийг уриалдаг, манлайлдаг байх ёстой. Ялангуяа, ахлах, дээд цолтой офицерууд бие бялдраараа бусдыгаа үлгэрлэдэг байх ёстой.

-Журамд өөрчлөлт оруулж, шинэчлэхийн тулд Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдад цэргийн цол олгосон өнөөгийн байдалд судалгаа шинжилгээ хийсэн үү?

-Энэхүү журмыг шинэчлэхийн тулд судалгааны ажил их хийсэн. Цэргийн цолыг баяр ёслол тохиолдуулан шагналын журмаар гардуулах, хугацаанаас өмнө олгох,  цэргийн ямар ч боловсролгүй хүмүүс цэргийн цол авах, улс төрийн томилгоогоор энгийн хүн цэргийн албан тушаал хашиж, цол хүртэх, урлаг, спортын амжилт гаргасан иргэдэд хавтгайруулан олгох зэрэг цэргийн цолтой холбоотой зөрчил дутагдал, зүй зохисгүй байдлууд судалгаагаар тогтоогдсон. Мөн цэргийн дүрэмт хувцас өмсөхтэй холбоотой асуудлууд нэлээд гарсан. Батлан хамгаалах тухай хуулиар Төрийн цэргийн байгууллагуудад Зэвсэгт хүчин, Хил болон Дотоодын цэрэг, Онцгой байдлын байгууллага багтдаг. Гэтэл өнөөдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, Тагнуул, Төрийн тусгай хамгаалалт зэрэг хууль сахиулах бусад байгууллагын тухай хуульд алба хаагчид нь цэрэг хувцастай байна, цэргийн цол хэрэглэнэ гээд заачихсан байдаг. Төрийн цэргийн байгууллагын доторх тогтолцоог өөрчлөх бус хууль сахиулах байгууллагууд маань цэргийн хувцас хэрэглэх хэрэгтэй юм бол заавал Зэвсэгт хүчинтэй адилхан байх уу, өөр өнгө загвартай байх уу гэдгийг бодолцох ёстой болж байгааг цаг үе харуулж байна.

“Цэргийн цол олгох журам”-д орж буй томоохон өөрчлөлтүүдээс дурдаж болох уу.

-Цэргийн цолны хугацаанд өөрчлөлт орж байгаа. Тухайлбал, ахмадаас хошууч хүртэл цол хоорондын зай 4 жил байсан. Бид +2 гэсэн заалт оруулж байгаа. Хүн ахмад цолтой 4 жил болоод хошууч болж чадаагүй бол ахиад 2 жил өгнө. Зургаан жилийн дотор хошууч цолоо авч чадахгүй бол тэтгэвэрт нь гаргах асуудлыг судалж байгаа. Гэхдээ тэтгэвэр чөлөөнд гаргахдаа нэг удаагийн тэтгэмж өндөр байх, мөн энгийн амьдралд хөл тавих мэргэжил боловсролын асуудалд дэмжлэг үзүүлэх зэргээр хувь хүнийг хохироохгүй байх асуудлыг ч бодолцож байгаа. Цэргийн цолыг төсөвтэй уялдуулах гарцыг бид бас судалж байна. Өөрөөр хэлбэл, шаардлагатай албан тушаалын цолны тоог тухайн салбарын асуудал эрхэлсэн  Засгийн газрын гишүүн төсөвтэйгөө уялдуулж, жил бүр тогтоож байх ёстой. Түүнээс хэтрүүлэн олгож болохгүй. Тухайлбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын цолны зэрэглэл, ангиллыг  Хууль зүй, дотоод хэргийн сайд тогтоож байх жишээтэй. Өнөөгийн байдлаар цэргийн цолны ангилал, зэрэглэл төсөвтэй хамаарах уялдаа алдагдсан байна. Түүнчлэн хугацаанаас нь өмнө цол олгох, бүр авах ёсгүй хүнд өгдөг, албан тушаалын зэрэглэл буусан ч хуучин цолтойгоо ажиллах зүй бус байдлыг цэгцлэх зорилготой ажиллаж байна.

-Өнөөгийн мөрдөгдөж байгаа “Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэм”-д бас өөрчлөлт орох уу?

-Цэргийн хувцастай холбоотой хэд хэдэн дорвитой өөрчлөлтүүд орно. Цэргийн ангид ажиллаж байгаа бие бүрэлдэхүүний эрээн хувцасны норм богино, албаны ногоон хувцасны норм урт байх, удирдах байгууллагад ажиллаж байгаа алба хаагчдын албаны хувцасны хугацаа урт, эрээн хувцасны хугацаа богино байх, мөн цэргийн хувцсыг нэг удаа үнэгүй олгоод, дараа нь алба хаагч өөрөө мөнгөөрөө худалдаж авах,  тэтгэвэр, чөлөөнд гарч буй хүмүүсийн хувцасны хэрэглээг цэгцлэх, цэргийн хувцасны хууль бус худалдааг таслан зогсоох зэргийг бид судалж байна. Анги, салбарт ажиллаж байгаа цэргийн алба хаагчдын хувцас хангалтын хугацаандаа хүрэлгүй элэгддэг, өнгө зүс алддаг, дараагийн хангалтыг хүлээх аргагүй болж хувь хүн, аж ахуйн нэгжээс хувцсаа худалдан авч, цэргийн хувцасны хууль бус худалдааг цэцэглүүлж байна. Цэргийн хувцсыг хатуу норм тогтоогоод олгоод байхаар зарим тохиолдолд эдэлгээний хугацаа дуусаагүй хувцсаа ах дүүс, найз нөхдөдөө шилжүүлэх байдлаар дүрэмт хувцасны зүй зохисгүй, замбараагүй хэрэглээг бий болгож буй. Иймд алба хаагчид өөрсдөө мөнгөөрөө хувцас худалдан авах болсноор ариг гамтай өмсөж эдлэхээс гадна төсвийн хэмнэлт үүснэ, бас бусдад шилжүүлдэг явдал багасна. Цэргийн хувцас өмсөх асуудал эргээд “Цэргийн цол олгох журам”-тайгаа уялдана. Дайчилгааны тухай хуульд Дайчилгааны бэлтгэл сургуулилалт, стратегийн цугларалт, дадлагад оролцсон бүрэлдэхүүнд бэлтгэл офицерын цол олгоно гэж заасан байдаг. Тамгын газрын удирдах албан тушаалын ажилтнуудтай 3 хоногийн цугларалт хийж, бэлтгэл офицерын цол олгон, цэргийн хувцас хэрэглэл өгдөг. Тэд хувцсаа ажлын хувцас мэт гамшиг осол, нийтийн цэвэрлэгээ үйлчилгээ, аялал зугаалга, ан гөрөөнд явах зэрэгтээ өмсчихдөг. Энэ бол байж болохгүй асуудал. Зөвхөн дайчилгааны бэлтгэл, сургуулилтад оролцсон, оногдуулан данслагдсан албан бэлтгэл үүрэгтнүүдэд цэргийн цолыг олгож болно, гэхдээ цэргийн цол, хувцсыг зөвхөн тэр арга хэмжээнд оролцохдоо л хэрэглэнэ, бусад үед хэрэглэхийг хориглох шаардлагатай байгаа. Үүнийг дагаад цэргийн хувцсыг хэн дуртай нь өмсөх гарц хаагдана гэж бид бодож байна.

“Дээд офицерын албан тушаалын ангилал, цэргийн цолны зэрэглэл”, “Цэргийн цол олгох журам” шинэчлэгдсэнээр өнөөдөр нэгэнт цолоо авчихсан, албан тушаал эрхэлж байгаа нэлээд хүмүүсийн эрх ашиг хөндөгдөх л байх?

-Мэдээж, энэхүү дүрэм батлагдсанаар нэг хэсэг бужигнана. Дургүй хүмүүс гарч л таараа, гэхдээ сайшааж хүлээж авах нь түүнээс хавьгүй олон гэж найдаж байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “Т.Ганбат: Урлаг, спортын амжилт гаргасан иргэдэд хавтгайруулан цэргийн цол олгодог нь тогтоогдсон