Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Б.ТҮВШИНБААТАР: Чаддаг зүйлээ хийж амьдрах сайхан

Орлон тоглогч хэмээх ойлголт 1900-гаад оны үеэс кино урлагт хөгжиж эхэлсэн гэх түүхэн баримт бий. Тодруулбал, орлон тоглогч ашигласан анхны киногоор 1903 онд үзэгчдэд хүрсэн “The great train robbery”-г нэрлэдэг. Харин орлон тоглогчид хөлс төлж, цалинжуулсан анхны тохиолдол нь 1908 онд бүтээсэн “The count of Monte Christo” кино байсан аж. Эл кинонд орлон тоглогчийн үүрэг гүйцэтгэж, хадан хавцлаас далайн гүн рүү үсэрсэн акробатчин залуу таван ам.долларын хөлс авч байсан гэдэг. Монголд кино урлаг эрчимтэй хөгжихийн хэрээр чадварлаг олон тоглогч олширсоор буй. Тухайлбал, “Mongol stunt” багийнхныг кино сонирхогчид эчнээ мэддэг болжээ. Жүжигчдийн гүйцэтгэж чадахааргүй тулаант үзэгдэл, амь эрссэн үйлдлийг өмнөөс нь зоримог, чадмаг хийж чаддаг нэгэн орлон тоглогчийг “Далд хүмүүс” буландаа “ил гаргах” гэж байна. “Mongol stunt” багийн орлон тоглогч Б.Түвшинбаатар нь кино урлагт хөл тавиад долоон жил болж буй бөгөөд өнгөрсөн хугацаанд 30-аад уран бүтээлд ажиллажээ.

-“Зангараг”, “Босуул” гэхчлэн олны таашаалд нийцсэн олон уран бүтээлд та орлон тоглогчоор ажиллажээ. Кино урлагт хэрхэн хөл тавьсан бэ?

-Орлон тоглогч Г.Цэрэгбаяр бид хоёр цэцэрлэг, дунд сургуульдаа нэг ангид суралцсан найзууд. 2014 онд найзыгаа даган гимнастикийн үндэсний шигшээ багийн бэлтгэлээ хангадаг зааланд анх очсон юм. Тэнд бэлтгэл хийж байхдаа орлон тоглогч, тулаант үзэгдлийн найруулагч М.Наранбаатар, А.Лхагвасүрэн ах нартай танилцсан. Ах нарын бэлтгэж, ажиллаж байхыг хараад би ч оролдоод үзэхийг хүссэн.

-Ямар киногоор гараагаа эхлэв?

-Монгол, АНУ-ын уран бүтээлчдийн хамтран бүтээсэн “Дайн” кинонд орлон тоглогчоор анхлан ажилласан. Үргэлжлүүлэн “Зангараг”, “Босуул” кинонд ажилласан.

-Кино урлаг, тэр дундаа орлон тоглогчийн ажил таны анх төсөөлснөөс ямар байв?

-Санаснаас хол зөрөөгүй. Багаасаа адал явдалт, тулаант кино үзэх дуртай байсан болохоор тэр байх. Яг л миний хүсэж байсан шиг. Бие дийлэхээ болих хүртэл орлон тоглогчоо хийнэ. Түүнээс хойш тулааны найруулагчаар ажиллахыг хүсдэг.

-Олонх орлон тоглогчид тулааны урлагаас гадна спортын хэд хэдэн төрлөөр хичээллэдэг юм билээ. Та ямар спортоор хичээллэдэг вэ?

-Багаасаа уран хөдөлгөөнт гимнастикаар хичээллэж, улсын аварга шалгаруулах тэмцээнд таван удаа аваргалж байлаа. Мөн хаданд авиралтаар хичээллэдэг.

-Гол дүрд тоглож буй жүжигчдийн гүйцэтгэж чадахгүй хэцүү зургийг “нугалж” авхуулдаг хүмүүс бол та нар. Зураг авхуулах явцдаа бэртэж гэмтэх энүүхэнд биз?

-Буруу тооцоолох, анхаарал алдах зэргээс болж хааяа гэмтэх нь бий. Гэхдээ ховор. Гол дүрд тоглож буй жүжигчнээ эрсдэлд оруулснаас орлон тоглогч ашигласан нь дээр гэдгийг туршлагатай найруулагч нар мэднэ. Бид тулаант болон эрсдэлтэй үйлдлийн зургийг өөрт болон бусдад аюулгүйгээр хийж гүйцэтгэх үүрэгтэй. Бид нэн түрүүнд багийн ажиллагаа, хоёрт бэлтгэл сургуулилалт, гуравдугаарт сахилга бат гэсэн зарчимтай. Тиймээс аюулгүй байдлаа хангаж, хувцас хэрэглэл, бэхэлгээгээ байнга шалгаж, нэг нэгнийхээ арыг дааж ажилладаг.

-Зураг авхуулах явцад хийсэн хамгийн эрсдэлтэй үйлдэл тань юу вэ?

-Машинд мөргүүлэх, өндрөөс үсрэх, буудуулах, дэлбэрэх, мориноос унах, машинтай онхолдох зэрэг аюултай үзүүлбэр хийж л байсан. Гэхдээ алийг нь ч хамгийн гэж хэлмээргүй л юм байна. Эрсдэлтэй юү эрсдэлтэй. Гэхдээ бэлтгэлээ сайн базаасан байхад асуудалгүй. Цаашид эдгээрээс ч эрсдэлтэй үзүүлбэр хийх байх. Түүнд ч бэлтгэлтэй байдаг.

-Зураг авхуулах үедээ орлон тоглогч нас барсан тохиолдол байдаг юм билээ. Та энэ ажлаа хийхдээ айдаггүй юу?

-Айдаггүй ээ. Би багийнхандаа итгэдэг. Бэлтгэлээ хангалттай базааж, нэгнийхээ арыг бүрэн даадаг болохоор.

-Та нарын энэ хүнд ажлыг киноны продюсерууд хэр үнэлдэг вэ. Амиа эрсдэлд оруулж буй юм чинь өөрсдийн хөдөлмөрөө хангалттай үнэлдэг байх.

-Сүүлийн жилүүдэд бидний ажлыг ойлгодог, үнэлдэг болж байна. Гэхдээ санасанд хүртэл биш.

-Танай багийнхан Монголынхоосоо гадна гадаадын уран бүтээлд ажилладаг. Гадаадынхантай хамтрах, гадаадад зураг авхуулах ямар вэ?

-Би Монголын 30 орчим, гадаадын томоохон хэмжээний таван уран бүтээлд ажилласан. Монгол, АНУ, Казахстаны уран бүтээлчдийн хамтарсан “Mongolian connection” уран сайхны, Японы NHK телевизийн, БНСУ-ын уран бүтээлчдийн бүтээсэн хүннүчүүдийн тухай баримтат кино, “Уолт Дисней”-н “Mulan”, “Марвел”-ийн “Shang-Chi and the legend of the ten rings” зэрэг уран бүтээлд ажилласан. Гадаадын уран бүтээлчидтэй хамтрах, тэр дундаа Холливудын кинонд ажиллахад Монголынхоос ялгаатай нь мэдээж. Ажиллах нөхцөл, хангамж, цалин, үнэлэмж харьцуулшгүй. Бүх хүний ажил үүргийн хуваарь тодорхой, түүнийгээ яг таг гүйцэтгэдэг. Бусдадаа саад болохгүй, ажилдаа болон хамтрагчдадаа маш хүндэтгэлтэй ханддаг нь таалагддаг.

-Гадаадын орлон тоглогчдоос манайхан ямар давуу талтай вэ?

-Холливудын кинонд ажиллаж буй бүх л орлон тоглогч мундаг. Тэднээс бид хагас цэргийн зохион байгуулалттай байж маш эмх журамтай ажиллаж чаддагаараа ялгардаг. Учир нь зургийн талбайд хувь уран бүтээлчийн бус, улсын нэр гарах учраас. Монгол эрчүүд илүү эрэмгий. Мөн Монголын орлон тоглогчид олон чадвар эзэмшсэн, хөрвөх чадвартай. Бие махбодын хувьд ч илүү өлчир чийрэг. Гадаадад зөвхөн морь унадаг, эсвэл машин техниктэй харьдаг, мөн тулааны үзүүлбэрүүдээ л гүйцэтгэдэг, өндрөөс унах, үсрэх гэх мэт үйлдлийг өөр өөр орлон тоглогчид тус тусдаа гүйцэтгэдэг. Харин “Mongol stunt” багийнхан бүгдийг нь гүйцэтгэж чаддаг.

-Морь, мотоцикл унах, машин жолоодох, нум сум харвахаас авхуулаад олон ур чадвар эзэмших шаардлагатай байх.

-Шаардлагатай гэвэл бүх л зүйлийг сурахад бэлэн. Морьт харваанаас авхуулаад гадаадынхнаас ялгардаг давуу тал бидэнд бий.

-Танай багийнхан киноны зураг авхуулаагүй үедээ тогтмол бэлтгэл хийдэг үү?

-Долоо хоногийн зургаан өдөр, өдөрт 4-5 цаг бэлтгэл хийдэг. Биеийн хүчний, тулааны бэлтгэл. Шинэ уран бүтээлд ажиллахын өмнө бэлтгэлээ бүр эрчимжүүлж, тухайн кинонд хийх үзүүлбэр, тулааны хэсгүүдээ найруулж, сургуулилж эхэлдэг.

-Кино урлагийн нарийн ширийнийг мэддэг болж буй байх. Та өөрөө ч энэ салбараас хөндийрөх бодолгүй юм шиг байна. Орлон тоглогч биш, жүжигчнээр ажиллах санал ирвэл яах вэ?

-Хэрвээ найруулагч нь санал болгоод, тухайн дүр нь надад тохирвол татгалзахгүй. Гэхдээ багийнхантайгаа зөвлөлдөж байж шийднэ. Энэ талаар бодож байсангүй. Одоо хийж буй ажилдаа дуртай, сэтгэл хангалуун байгаа учраас тэр байх. Хүн сайн чаддаг зүйлээ хийж амьдрах үнэхээр сайхан шүү дээ.

-Хамгийн хүнд нөхцөлд зургаа авхуулсан уран бүтээл тань ямар кино вэ?

-Хадтай, устай гээд байгалийн ямар ч нөхцөлд ажилладаг. Зуны халуун, өвлийн хүйтэнд ч ажилласан. Жишээ нь, “Босуул”-д өвлийн хүйтэнд голын зайрмагтсан ус руу орж, “Single la­dies-4” кинонд зуны аагим халуунд бүртийх ч сүүдэрлэх зүйлгүй талд зургаа авхуулж байлаа. Гэхдээ дуртай ажлаа хийж байгаа болохоор хэзээ ч хэцүү, хүнд гэж бодож, төвөгшөөж байгаагүй.

-Хамтран ажиллаж үзэхийг хүсдэг найруулагч, эсвэл жүжигчин бий юү?

-Тийм, ийм уран бүтээлч гэж онцолж чадахгүй нь. “Mulan” кинонд Жет Ли, Донни Йен нартай хамт ажилласан. “Shang-Chi and the legend of the ten rings”-т Брэд Аллен гэж алдартай орлон тоглогчтой ажиллаж үзлээ. Хэзээ нэгэн цагт “Mongol stunt”-аараа дэлхийн хэмжээний уран бүтээл хийхийг мөрөөддөг.

-Киноны зургийг дор хаяж хоёр сар гаруйн хугацаанд, зарим тохиолдолд хөдөө, гадаадад гэх мэтээр өөр өөр газарт авдаг. Та жилийн их цөөхөн өдрийг л гэртээ өнгөрүүлдэг байх даа.

-Зун ер нь гэртээ байх үе ховор. Киноны зургийн ажил, дээр нь өөрөө аялах дуртай болохоор 21 аймгийн ихэнхэд нь очоод үзчихсэн. Баян-Өлгий, Увс аймагт л очиж үзээгүй.

-Хамгийн сүүлд танай багийнхан ямар уран бүтээлд ажиллав. Шинэ уран бүтээлд бэлтгэж байгаа юу?

-Хамгийн сүүлд найруулагч А.Батбаатарын кинонд ажилласан. Одоогоор дотоодын хэд хэдэн төсөлд ажиллахаар ярьж буй боловч зургийн ажил нь хэзээ эхлэх нь тодорхойгүй байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.