Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

МАКС ЖОНСОН: Бид мөнгөө л авмаар байна

“Засагчандмань” компанийн эзэд болох манай улсын иргэд Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутаг дахь “Чандмань” төслийнхөө гадаадын хөрөнгө оруулагчдыг залилсан гэх үйл явдлын талаарх баримт сэлтийг Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдэл хүргэж байгаа билээ. Монголыг зорих гадаадын хөрөнгө оруулалтын урсгал жилээс жилд буурах болсон нь яахын аргагүй “хөрөнгийг нь дээрэмдээд хөрөнгө оруулагчдыг хөөгөөд явуулчихдаг” энэ мэтийн үйлдлүүд юм. Тэгвэл “Засагчандмань” компанийнханд 19 сая ам.доллароо алдсан Английн иргэн, хөрөнгө оруулагчдын төлөөлөгч Макс Жонсон Монголд ирээд байна. Түүнтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.

-Та гэр бүл, боловсрол, Монголд ямар ажлаар ирсэн талаараа товчхон сонирхуулаач.

-Миний нэр Макс Жонсон. Би Британийн иргэн. Бельгийн Брюссель хотод төрж, тэнд таван нас хүртлээ амьдарсан. Миний хүүхэд ахуй нас Британид өнгөрсөн дөө. Тэндээ дунд сургуульд суралцаж, цаашлаад их сургуульд орос хэлээр суралцаж төгссөн. Амьдралынхаа 15 жилийг Азид өнгөрүүллээ.

Бээжин дэх Циньхуа их сургуульд бизнесийн удирдлагын мастерын зэрэг хамгаалж, Хятадад уул уурхайн чиглэлээр бизнес эрхэлж байна. Сүүлийн жилүүдэд Хонконгод хөрөнгө оруулалтын банкны чиглэлээр ажилласан. Эхлээд “Голдман сакс” банканд ажиллаж, дараа нь хувийн хөрөнгө оруулалтын компаниа нээсэн. Саймон Мюррэйтэй хамтран ажиллаж байна. Би анх 2006 онд наадмын үеэр Монгол Улсад үүргэвчтэй аялагчийн хувиар ирж байсан. Хөвсгөл нуур луу аялж, Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт очиж үзсэн. Монгол орон надад үнэхээр их таалагдаж, дараа дахин ирнэ гэж өөртөө амла сан. 2016 онд ноён Мюррэй Монголд хөрөнгө оруулсан. Улмаар 2018 онд түүний санал болгосны дагуу Монгол дахь төсөл дээр нь хамтран ажиллахаар болсон юм. Харин өнөөдөр Монголд тийм ч таатай ажлаар ирсэнгүй.

-Тэглээ, та бүхэн яагаад “Засагчандмань” компанийн уул уурхайн төсөлд хөрөнгө оруулсан юм бэ?

-Мэдээж хэрэг, Монголын уул уурхайн салбарт ажиллах нь бизнесийн том боломж учраас 2016 онд хөрөнгө оруулсан. Хөрвөх зээлийн гэрээгээр анх 20 сая ам.доллар гэж ярьж байгаад 19 сая ам.долларын хөрөнгө оруулсан. Энэ нь хуурай болон нойтон аргаар полиметалл боловсруулах үйлдвэр барих төсөл байсан. Энэ төсөл маш сайн хөрөнгө оруулалт байсан боловч яваандаа асуудал үүссэн.

-Та Монгол дахь уул уурхайн энэ төслийг хариуцаж байсан. Үйл ажиллагааг нь яаж хянадаг байсан юм бэ?

-Бид зөвхөн гадаадын хөрөнгө оруулагч шүү дээ. Төслийг Дашдэлэгийн Буянтогтох гэдэг хүн хариуцаж байлаа. Гүйцэтгэх захирал, санхүү эрхэлсэн захирал нь ч түүний ойрын хүмүүс байсан. Бид гадаадын хөрөнгө оруулагчийн хувиар төслийг хариуцаж байгаа хүмүүсийн үйлдэл, үйл ажиллагаа, Удирдах зөвлөлийн хурал, бичгээр явуулсан тайлангуудтай танилцаж ажилладаг. Ийм байдлаар төслийн үйл ажиллагааг хянах гэж хичээсэн. Гэвч төслийг хэрэгжүүлж эхэлсэн өдрөөсөө л зээлийн хүү огт төлөөгүй. Энэ нь түгшүүрийн дохио болж байсан гэх үү дээ. Хамгийн гол нь металл боловсруулах үйлдвэр маань огт баригдаагүй. Энэ бол илэрхий баримт шүү дээ. Тиймээс 2018 оноос Д.Буянтогтохтой уулзаж, хөрөнгө оруулалтаа буцааж авах хүсэлт тавьсан. Харамсалтай нь тэр хүн биднээр тохуурхаж, “Хөрөнгө оруулалтын тун бага хувийг буцааж өгөх боломжтой” гэсэн. Тэгээд бид хөрөнгө оруулагчийн хувиар цагдаагийн байгууллагаар шалгуулах нь зүйтэй гэж шийдсэн.

-Энэ төсөлтэй холбоотойгоор “Ямар нэг буруу зүйл болоод буй нь илэрхий байсан” гэлээ. Юу байсан бэ?

-Өмнө нь хэлсэнчлэн зээлийн хүүгээ огт төлөөгүй. Боловсруулах үйлдвэр ч бариагүй. Тиймээс бид чухам юу болоод байгааг олж мэдэхийг хүссэн. 2019 онд цагдаагийн байгууллагад хандсан. Цагдаагийн байгууллага мөрдөн байцаалтын үр дүнд олж авсан нотлох баримтдаа тулгуурлаад Д.Буянтогтохыг гадаадад зорчихыг хориглох шийдвэр гаргасан. Гэ тэл Д.Буянтогтох Чингэлтэй дүүргийн шүүхэд хандаж, гадаадад зорчих хоригоо цуцлуулах шийдвэр гаргуулсан байдаг. Улмаар шүүгчийн шийдвэр гарсан тэр өдөртөө гадаад руу явсан. Шүүгч шийдвэрээ гаргасан учраас цагдаагийн байгууллага түүнийг байцаах, мэдүүлэг авахад хүндрэлтэй болсон. 2019 оноос 2021 оны дөрөвдүгээр сар хүртэл цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах ажиллагаа үргэлжиллээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах үйл ажиллагааны үр дүнд цуглуулсан баримтуудыг бидэнд танилцуулсан. Бидний хөрөнгө оруулсан мөнгийг холбоо хамаарал бүхий компаниуддаа хувааж өгсөн нь тодорхой болсон. Тэр компаниуд нь цаасан дээр ямар ч холбоо хамааралгүй мэт харагддаг. Бидний хөрөнгө оруулсан мөнгийг тухайн компаниудтай байгуулсан гэрээ, нэхэмжлэх, үйлчилгээний хөлс гэж тооцон шилжүүлсэн байдаг. Ингэхдээ маш өндөр үнээр гэрээ байгуулсан. Гэсэн атлаа гэрээний дагуу ямар ч ажил, үйлчилгээ үзүүлээгүй нь тогтоогдсон. Бас нэг хачирхалтай зүйл бий. Юу вэ гэхээр бидэнд санал болгосон 3434 дугаартай олборлолтын лицензийн хугацаа нь аль эрт дуусгавар болсон байгаа юм. Бидэнд хөрөнгө оруулалтын аюулгүй байдлыг хангах баталгаа шаардлагатай байсан. Тиймээс тэд 3434 дугаартай олборлолтын лицензийг барьцаа болгож өгсөн юм. Мөн хөдлөх хөрөнгийн барьцаа болгож 015594 дугаартай зөвшөөрлийг бидэнд амласан. Гэтэл энэ зөвшөөрлийг өөр этгээдэд өгсөн байсан нь тогтоогдсон. Мөн “Засагчандмань” компани дотоодын банкууд, даатгалын компаниуд, татварын алба болон машин, тоног төхөөрөмж нийлүүлдэг компаниудад их хэмжээний өртэй болохыг цагдаагийн байгууллага тогтоолоо. Бид 2016-2017 онд хөрөнгө оруулалт болох 19 сая доллароо 8-9 удаа банкаар шилжүүлж өгсөн юм. Бид нар анх уурхайн үйл ажиллагаанд асуудал үүссэн гэж ойлгож байсан. Гэтэл хөрөнгө оруулсан мөнгийг хууль бусаар өөр этгээдүүдэд шилжүүлж байсныг ингэж мэдсэн.

-Бас та бүхэнд хууль бусаар хөрвөх өрийн бичгийн сертификат гаргаж өгсөн гэх мэдээлэл яригдаж байна.

-Бид нар 19 сая ам.долларын хөрөнгө оруулалтын нотолгоо болгож, хувьцаагаар хөрвөх өрийн бичгийн сертификат авсан юм. Гэтэл энэ сертификат гэж нэрлэгдсэн бичиг баримтууд нь хуурамч болох нь илэрсэн. Цагдаагийн байгууллага мөрдөн байцаалтын үр дүнгээ прокурорт шилжүүлсэн. Одоо есдүгээр сар гарчихлаа. Энэ хэрэг замхрахгүй гэдэгт найдаж байгаа учраас Монголд өөрийн биеэр ирлээ. Монгол Улсын шүүх бидний хохирсон хэргийг хэлэлцэнэ гэдэгт итгэж байна. Монгол Улсын шүүхийн гаргасан шийдвэрийг бид хүндэтгэх болно.

-Таныг “Чандмань” төслийн лицензийг авах гээд байгаа гэсэн мэдээлэл гарсан.

-Энэ бол худал цуурхал. Ор үндэслэлгүй. Бид хөрөнгө оруулсан. Мөнгөө л авахыг хүсэж байна. Нөхөн төлбөрийн хэмжээг хэрхэн тогтоохыг шүүх шийдвэрлэнэ.

-Та Монголын шүүхийн гаргасан шийдвэрийг хүндэтгэнэ гэлээ. Ер нь манай улсын цагдаа, прокурор, шүүхийн байгууллагын үйл ажиллагааны талаар ямар бодолтой байна вэ?

-Тийм ээ, би Монголын шүүхэд итгэж байна. Бид өнгөрсөн хугацаанд учирсан санхүүгийн хохирлоо нөхөн төлүүлэхийг хүсэж байна. Өөр зүйл хүсээгүй. Биднийг өөр зүйл хүсэж байгаа тухай цуурхал дэгдсэн нь ор үндэслэлгүй гэдгийг дахин хэлье. Монголын цагдаагийн мөрдөн байцаагч нар хэргийн учрыг олохын тулд маш шуурхай ажилласан. Энэ нь надад онцгой сэтгэгдэл төрүүлсэн. Гэхдээ мөрдөн шалгах үйл ажиллагаа хоёр жил үргэлжилсэн. Учир нь хэрэгт холбоотой гол хүн нь гадаад руу явсантай холбоотой. Миний олж мэдсэнээр энэ хэрэг одоо прокурорын ширээн дээр байна. Хэргийг прокурорын байгууллагад шилжүүлснээс хойш 4-5 сарын хугацаа өнгөрсөн. Энэ нь коронавируст цар тахалтай ч холбоотой байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ хэргийг шүүхээр шийдвэрлэнэ гэдэгт итгэж найдаж буй учраас л өнөөдөр энд сууж байна.

-Та манай улсын Засгийн газарт итгэж байна гэлээ, яагаад?

-Би Монгол Улсын Засгийн газарт маш их итгэж байна. Ялангуяа, Британи, Монгол Улсын Засгийн газар хоорондын харилцаа маш идэвхтэй өрнөж, зарим нэг өмч хөрөнгөтэй холбоотой асуудлыг ярилцсан гэж дуулсан. Тэгэхээр энэ хэрэг ч нааштай шийдвэрлэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаа. Би хувьдаа Британийн хөрөнгө оруулагч нар Монгол Улсад олноороо ирээсэй гэж хүсдэг. Хэдийгээр бэрхшээл тохиолдсон ч хонгилын үзүүрт гэрэл харагддаг шүү дээ. Би энэ гэрэлд хүрэхийн төлөө л явж байна. Монголын цагдаа, шүүх, Засгийн газар зөв зүйлийн төлөө явж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ наймдугаар сарын 17-нд хөрөнгө оруулагчидтай уулзах үеэрээ уучлал гуйж, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах талаар амлалт өгсөн. Энэ нь хөрөнгө оруулагч бидний хувьд маш сайхан, өөдрөг мэдээ болсон. Хөрөнгө оруулалтын таатай орчин хангах зорилгоор идэвхийлэн ажиллаж эхэлснийг сонсоход таатай байна.

-Та бүхэн энэ хэрэгтэй холбоотой үйл явцад хэдий хэмжээний зардал гаргасан бэ. Жишээлбэл, Монголд ирэх, буцахаас эхлээд бусад зардлыг оролцуулбал хэр хэмжээний хөрөнгө зарцуулав?

-Үндсэн хөрөнгө оруулалт нь 19 сая ам.доллар. Үүн дээр зээлийн хүү нэмэгдээд 40 сая орчим ам.доллар болно. Төлөгдөөгүй хүүгийн төлбөрийг нэмбэл 40 сая ам.доллар гэсэн үг. Бид хөрөнгө оруулсан мөнгөө эргүүлж олж авах гэж бараг нэг сая ам.доллар зарцуулаад байгаа.

-Энэ хэрэг маргааныг олон улсын арбитрын шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой гэдгийг зарим эх сурвалж ярьсан байсан.

-Энэ зөвхөн санхүүгийн хохирлын тухай асуудал биш ээ. Зөв, бурууг тунгаах ёс суртахууны асуудал шүү дээ. Бид хөрөнгө оруулагчдынхаа өмнө үүрэг хүлээсэн учраас алдсан мөнгөө олж авахын төлөө бүх хүчээ дайчлан ажилласан гэдгээ харуулах ёстой. Хэрвээ бид амжилт олохгүй бол олон улсын арбитрын шүүхэд гомдол мэдүүлэх боломжтой. Одоогоор хэргийг шалгаж шийдвэрлэх үйл явц маш удааширч, шударга бус мэт санагдах болсон учраас би ингэж хэлж байгаа юм. Гэхдээ олон улсын арбитрын шүүхэд хандах нь асуудлыг тэс өөр түвшинд аваачиж, олон улсын анхааралд өртөх учраас бид ийм сонголт хийхийг хүсэхгүй байна. Учир нь олон улсын арбитрын шүүх чинь шууд Монгол Улсын Засгийн газарт хандаж шийдвэр гаргадаг. Тийм учраас бид энэ хэрэгтэй холбоотой асуудлыг ийм түвшинд аваачихыг хүсэхгүй байгаа. Өнөөдөр Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулагчдыг хамгаалах талаар ярьж буй нь бидэнд таатай сэтгэгдэл төрүүлж байна. Тиймээс хэргийг нааштай шийдвэрлэнэ гэдэг итгэл төрсөн учраас үргэлжлүүлэн ажиллах болно. Орхихгүй.

-Та Британийн Ерөнхий сайд Борис Жонсоны бага дүү шүү дээ.

-Тийм ээ. Бага дүү нь.

-Британийн зарим хэвлэл, вэб сайтад нийтэлсэн мэдээллээс та ах, Британийн Ерөнхий сайдаас тусламж гуйхыг хүсэхгүй гэж ойлгосон.

-Тийм ээ. Би насанд хүрсэн эр хүн учраас ах руугаа утасдахын оронд асуудлаа өөрөө шийдэх ёстой. Мэргэжлийн хувьд асуудал ийм л байх ёстой. Тийм ч учраас би Британийн Засгийн газар болон Монгол Улс дахь ЭСЯ-наас тусламж, дэмжлэг хүсэхгүй.

-Британийн сэтгүүлчид энэ хэргийн талаар танаас асууж байв уу?

-Тэгэлгүй яах вэ. Миний сая танд өгсөн хариултыг л хэлж байгаа. Би ахаасаа тусламж гуйхгүй. Өөрийн асуудлыг шийдвэрлэх гэж гэр бүлийн холбоо хэлхээгээ ашиглахгүй. Учир нь би өөрийн боловсрол, ур чадвартаа найддаг.

-Ах тань энэ хэргийн талаар мэдсэн үү?

-Ахын минь ойлголт хэвлэлд нийтлэгдсэн мэдээллээс хэтрэхгүй байх аа.

1
БурууБуруу
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 thoughts on “МАКС ЖОНСОН: Бид мөнгөө л авмаар байна

  • Монгол says:

    Монголчууд бол юу ч үзээгүй дээрэмчид, хулгайч, худалч , хулхи хүмүүс. Ийм улс хөгжихгүй ээ. Хэдэн саргар нурж унах дөхсөн байшингууд босгочихоод тэрнийгээ хөгжил гэж хардаг Үхэрнүүд шүү дэ.

  • Anonymous says:

    Сэтгүүлч хүн та мэдээллээ тэнцвэртэй хүргээрэй… 16-17 онд хөрөнгө оруулсан гэх, тэр үед байгаагүй гэх хүн 18 онд гарч ирсэн, уурхай дээр огт очиж байгаагүй хүн, дроноор авсан уурхайн зураг гэж хоосон шороо харуулаад… тэгснээ английн ерөнхий сайдын дүү гэхээр үнэн байх ёстой юу?! Нарийн учир нь тэс ондоо доо… Мэдээллээ нягталж байж сэвмээр юм…