Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Долоон нүүртэй сонин буюу Шагдайн Цэнд-Аюуш

Шагдайн Цэнд-Аюушийг мэдэхгүй хүнд Монголд зурагтаар үе үе гарч, биднийг элэг хөштөл инээлгэдэг “Ховор хүмүүс” киног дурдахад хангалттай. Шог зохиолын олон улсын шагнал хүртсэн монгол зохиолч. Харин сүүл рүүгээ шог хошин зохиолынхоо хажуугаар жүжиг, адал явдал, улс төрийн эсээ гээд олон төрөлд хүчээ сорьж, олон сайн номыг уншигчдадаа өргөн барив. Лав л “Ерэн найман он минь баяртай”, “Дан майхны хаад” гэсэн түүх, улс төр, амьдрал ахуй сүлжилдсэн шинэ маягийн тууж, эсээ роман хоёрыг нь редакторлосны хувьд түүний авьяасыг би хүндэлдэг юм. Бид хоёр эртний анд. Манай арван жилийн нэг ангийн гайгүй сайхан охиныг гэргий болгоод суучихсанд нь биш.

Бид хоёр “Ардын эрх”, “Өнөөдөр” гээд гол төлөв сонины газруудад хамтран ажиллаж ирсэн улс. Мань эр эдэлгээ даана. Гэм нь тэрүүхэндээ дураараа бас зөрүүд нэгэн. “Ардын эрх” сонинд би нэгдүгээр орлогч эрхлэгч, Ө.Энхтүвшин хариуцлагатай нарийн бичгийн дарга, Ш.Цэнд-Аюуш сонины зөвлөлийн гишүүн, албаны дарга байсан юм. Тэрбээр ээлжийн дагуу сонины дугаарыг хариуцан гаргах үүрэг хүлээсэн өдөр. Сонин хэвлэх үйлдвэрт шилжчихсэн гээд тайван сууж байтал тэндээс утас цохиж байна. Найман нүүртэй сонины долоон нүүрний эх үйлдвэрт шилжээд нэг нь ирээгүй гэнэ. Цаг хугацаатай ажил юм чинь би ч сандран дугаарыг эрхлэн гаргаж буй Ш.Цэнд-Аюушийг дуудуулав.

-Нэг нүүр алга, яасан бэ гэтэл

-Наад долоо хоногийн нийтлэлийн төлөвлөгөөгөө харахгүй юу гэж ноцтойхон дуугарч байна. Буруу зөрүү юм олж үзсэнгүй.

-Сайн хар! гэж байна. Нэг, хоёр, гурав, дөрөв, тав, зургадугаар нүүр гэснээ шууд наймдугаар нүүр гээд дугаарт орох нийтлэлийг төлөвлөчихжээ. Долдугаар нүүрнийх үнэндээ алга. Би ч тэрүүхэндээ гайхав. Гэтэл хариуцлагатай нарийн бичгийн дарга Ө.Энхтүвшин нэгтгэн, нэгдүгээр орлогч би зөвшөөрч, эрхлэгч Ц.Балдорж баталж, гарын үсгээ зурцгаасан нийтлэлийн төлөвлөгөөг бичээч шивэхдээ андуурч зургаа, долдугаар нүүрийг нэг болгочихжээ.

-Долоон нүүртэй сонин гаргах юм байна гэж би бодсон хэмээн компьютерынх шиг хачин дуугаар Ш.Цэнд-Аюуш дамшиглаж байна. Сонины удирдлагыг чадаж байгаа нь тэр.

-Бүү нохойт. Үлдсэн нүүрээ бэлтгээд одоохон үйлдвэрт өг гэж би үүрэгдэв. Тэгсэн чинь нөгөө нүүрийг аль эрт бэлтгэчихсэн, хэлсэн дор үйлдвэрт шилжүүлчихэж байгаа юм. Ийм л нөхөр.

“Өнөөдөр” сонинд бидний хамт ажиллаж байсан үе. Ш.Цэнд-Аюуш хариуцлагатай нарийн бичгийн даргаар томилогдов. Нэг удаагийн шуурхай зөвлөгөөн дээр би түүнийг “Бичигчийн материалыг оновчгүй засаж, утга гажуудуулжээ” гэж шүүмжлэв.

-Тэгж яривал нохой шиншлэхгүй зүйлийг сонинд гарга гэж үүрэгдсэн чиний буруу. Харин ч энэ зэрэгтэй гарсан нь миний гавьяа гэх маягийн юм ярьж хэдэрлэж байна.

-Чи ажлаа хийвэл хий гэж намайг дуугаа өндөрсгөтөл:

-Хийхгүй, явлаа гэж байна

-Тэг л дээ чи!

Мань эр сониноо сугавчилж байгааг харснаас гараад явчихсаныг нь би мэдээгүй юм. Хэрэг болж дуудтал байдаггүй. Маргааш, нөгөөдөр нь ч ирсэнгүй. Сонинд бол хариуцлагатай нарийн бичгийн дарга гэдэг гол фигур, түүнгүйгээр ажил бүтнэ гэж үгүй. Хоёр, гурван өдөр хэлсэн үгнээсээ болж эрхлэгч нь болох би түүнийг “орлосон” болж таарлаа. Аргагүйдэн гэр лүү нь утасдахад “Чи намайг халсан биз дээ” гэж ам асуув. Би далан таваар бууж өгч, түүнийг эргүүлж авчирсан юм даа.

Ш.Цэнд-Аюуш шатар тоглоно. Тэр нь зөвхөн хобби төдий биш байх. Нэг шөнө 22.00 цагийн үед над руу утасдав.

-Шатар тоглоод сууж байсан чинь Цэдэв гуай (манай Тамгын газрын ажилтан) хаалга цоожлоод явчихаж. Яах вэ гэв.

-Лувсанцэрэн (Аж ахуй, харуулын албаны дарга) алга уу?

-Алга

-Би тэгээд яах юм бэ гээд утсаа тавьчихав. Нойр хүрч байлаа. Ш.Цэнд-Аюуш дахиад утасдав.

-Аль аль нь олдож өгөхгүй байна. Давсгаа сулламаар байна, яах вэ?

-Би яаж олох юм. Аргалахгүй юу!

Үнэнийг хэлэхэд би жижүүрийн тэргийг Лувсанцэрэнгийнх рүү явуулчихсан байсан юм. Ингээд тэрбээр шөнө дунд харьсан гэдэг.

Ш.Цэнд-Аюуш 1999-2001 онд албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга, дагуул “Би Би Би” сонины эрхлэгчээр ажиллаж байв. 2014 онд Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртсэн

Б.Пүрэвдаш

1
Зөв, гоёЗөв, гоё
1
Савж уналааСавж уналаа
1
БурууБуруу
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “Долоон нүүртэй сонин буюу Шагдайн Цэнд-Аюуш