Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Олимп ОТО

“Гучин жил тэнэж, дөчин жил суув” хэмээн А.С.Пушкиний “Алтан загасны үлгэр”-т гардаг шиг ОТО бид хоёр нэгэн жарныг туулан амьдарч, дөрвөн арванд андлан нөхөрлөж байна даа. Тоотой хэдэн андын минь жагсаалтад том үсгээр бичигдэх хүн. Том, том үсэг гэмээр тод сайхан дурсамж бидэн хоёрын амьдралд олон олноор буй. Түүний тухай ном бичих хэмжээний дуртгал байна санж. Гэтэл сонины нэг нүүрт багтаах үүргийг “Өнөөдөр” сонины редакцаас авлаа. Амаргүй ажил болох нь.

Тэртээ 1981 онд МУИС-ийн оюутан болоход хятад хэлний ангийн оюутан Жүгдэрийн Отгонцагаан гэж хэл ам нь гүйцэгдэмгүй бэлэн сэцэн, хөл гар нь харагдамгүй хурдан шалмаг нөхөр Их сургуулийн II байрны дөрвөн давхарт гүйж явсан билээ л. Хасах 60 кг жинтэй, биеийн харьцаа 80-50-80, царайлаг гээд хэлчихэд хэн ч маргахгүй, шавилхан хэрнээ хэрсүүхэн цагаан банди байлаа.

“Советский спорт”, “Футбол-хоккей” гар дамжуулан уншиж, их спортын сайханд шунан тэмүүлж, Их сургуулийн заал, Спортын төв ордонд МУИС-ийн багийг балиашиглаж, оюутны намрын ажилд Октябрийн сангийн аж ахуйн төмсийг ширхэг тоолон хурааж, орос, германуудын хүнсний хэрэгцээнд шуудайлан, “ЗИЛ-130”-ын тэвшийг хотолзтол чулуудаж явлаа, бидэн хоёр.

Мэдээж, эрдэм сурлагадаа оюутны танхимд шамдана. Манай ОТО Их сургуулийн шилдэг оюутны нэг байв. Онц сурна. Угаас хэлний авьяастай, сурагч байхдаа “Мы поедем в Артек” орос хэлний улсын олимпиадад тэргүүлж, Их сургуульд ирээд хятад хэлний ангид элссэн. Хэрвээ англи, франц хэлний анги гэж байсан бол тийшээ орох байсан байх. Тэр үед их, дээд сургуульд зөвхөн орос хэлний анги л байв. МУИС-д англи, францыг монгол хэлний ангийнханд хоёр жил заасан болоод хаядаг, харин хаа очиж японыг сонгон суралцахаар цөөн оюутанд гурван жил заадаг, хятад хэлний үндсэн ангид дөрвөн жилээр, тун цөөн оюутан сургадаг байв. Монгол хэл, түүх, нийгмийн ухааны ангийн I курсийг онц төгссөн, голдуу эрэгтэй оюутныг угсаа гарал, нийгмийн болон улс төрийн байдал, сахилга батыг маш сайн шинжин байж авдаг байв. ОТО-гийн анги 5-6 хүүхэдтэй байсан нь олонд тооцогдоно. Манай төгсөлтөөс гэхэд хоёрхон хүүхэд дүүргэж байв.

Гэхдээ ОТО гуай тэр чанд хатуу цагт “хөрөнгөтний” англи, франц хэлийг нууцаар, бие даан сурч байсан нь хожим илэрсэн. Тухайн үед мэдэгдсэн бол матуулахгүй юу. Тэгэхээр чанд нууцалж чадсан чанга гар.

Их сургууль төгсөхдөө орос, хятадаар ус цас, англи францаар тос гурил болчихсон байсан гэсэн үг. Гэвч сургуулиа төгсөөд Замын-Үүд рүү ачаа тээврийн агент гэдэг хачин алба тушаал хашихаар цөлөгдсөн юм. Агент гэж юу хийдэг байсныг мэдэхгүй, өөрийнх нь хальт дурдсанаар бол Хятадаас ирэх, Хятад руу явах вагон чингэлгийн хаалгыг нээж хараад, буцаагаад лацадчихдаг, хятадуудтай хааяа моотуу хувааж уудаг ажилтай байсан гэсэн. Уг нь шалыг нь хүртэл ухаж шалгаж, Хятадын аюул заналаас эх орноо хамгаалах ёстой байсан баймаар. Яаж ч хэрэгт орчихоогүй юм, бүү мэд.

Удалгүй Монголын радиогийн хятад хэлний нэвтрүүлгийн редактор болж, тэндээс сэтгүүлчийн ажлын уран чадвар, гэргий Цэрэннадмид хоёрыгоо олж аваад “Спортын мэдээ” сонинд ирсэн байдаг. Намайг 1991 онд “Ардын эрх”-ийн албат болоход МҮОХ-ны гадаад харилцааг хариуцдаг, спортын сэтгүүл зүй, олимпизмын үзэл санаагаар нэвт өвчилчихсөн хүн угтаж байв.

Монголоос Олон улсын олимпын хөдөлгөөний том зүтгэлтнийг нэрлэ гэвэл тэр “Олимпын өвөө” Ш.Магван гуайн л дараа орох хүн. Олимпоор овоглосон хоёрхон хүн байдаг нь энэ хоёр. Иргэний үнэмлэхэнд нь Олимп овогт Жүгдэрийн Отгонцагаан гэж байгаа. Шалгасан ч болно.

Маркиз хэргэмт испани Хуан Антонио Самаранчаас эхлээд граф хэргэмт бельги Жак Рогге, герман Томас Бах гээд үе үеийн ОУОХ-ны ерөнхийлөгч нар, итали Жанни Мерло, солонгос Ким Ун Ён, америк бүсгүй Анита Дефранц, унгар Пал Шмидт, кувейт Ал-Сабах гээд олон улсын олимпын хөдөлгөөний томоохон зүтгэлтнүүдтэй ажил хэргийн хийгээд анд нөхдийн барилдлагатай. Өвөл, зуны 14-хөн олимпод оролцсон, дэлхийн 20 гаруйхан хэлийг доторлож, бас гадарладаг гэхээр дэлхийн энтэй эр дээ, миний анд.

Монголын спортын сэтгүүлчдийн холбоог С.Түвдэнням хэмээх Алтай нутгийн сэтгүүлчтэй (тухайн үед “Спортын мэдээ” сонины эрхлэгч байсан) хамтран үүсгэн байгуулж, хожим бас нэг Алтайн хүн Ц.Балдорж эрхлэгчтэй минь хамтран шинээр өөд татаж, Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоог монгол сэтгүүлчдэд нээж өгсөн гавьяатан билээ.

…1995 оны дөрөвдүгээр сарын эх. “Ардын эрх”-д албаны дарга ажилтай миний бие өглөөний ярианаас хоцорчихоод өрөөндөө гар дэрлэн зүүрмэглэж суутал Бал эрхлэгчийн дуу цангинаад явчихав. “Энэ нөхөр яасан юм. Надтай уулз гэж хэлээрэй” гээд гараад явчихлаа. Өглөөний хурал тасалчихсан. Өөр би ямар хэрэг хийж, юу мандуулсан билээ. Тоосоо ч гөвүүлэх нь дээ гэсэн бодол толгойд гялсхийв. Орлоо. Гайгүй сайхан зантай байх шиг. “Хаагуур яваад байгаа юм” гэснээ, “Чи чинь спорт энэ тэр гээд яриад байдаг бил үү. Спортын сонин гаргана даа хө. “Таван цагариг” гэсэн нэртэй. Олимпын хорооны Отгонцагаан найзтайгаа хамтар. Дөрвөн сарын 20 гэхэд гаргана шүү. Чамд 25 хувийн цалингийн нэмэгдэл өгнө. Орон тоогоор сурвалжлагч авах боломжгүй. Цаадуулаа ашигла. (АЭ-ийнхнийг хэлж байна) ШО бид хоёр ярьж тохирсон” гэдэг юм байна.

Юун тоос гөвүүлэх, шагнуулсны дайтай баяр хөөр дүүрэн гарч ирэв. Юм асууж ч амжсангүй. Эрхлэгчийнхээ товч бөгөөд тодорхой занг андахгүй тул олон юм шалгааж байж, өөрөө орооцолдох гэмтэйг мэдэхтэйгээ.

ОТО руугаа, 320180 руу залгалаа. Мань эр Ерөнхийлөгчөөсөө бас үүрэг даалгавар авчихжээ. Тэр үед МҮОХ-ны ерөнхийлөгчөөр Шагдарын Отгонбилэг (ШО) ажиллаж, Төрийн төв хэвлэл “АЭ”-ийг Бал эрхлэгч маань удирдаж байв даа. Насан багаасаа нөхөрлөсөн, Монголын манлай эрчүүдийн санаа сэтгэлээс ийнхүү “Таван цагариг” хэмээх спортын сонин мэндэлж, түүнийг нь эх барьж, хөлд оруулах үүргийг ОТО бид хоёр хүлээсэн түүхтэй.

Заасан хугацаанаас нь хоёр хоног өнгөрөөн, дөрөвдүгээр сарын 22-ны өдөр анхны дугаараа гаргав. Бид хоёрын шинэ ажилд спортын булчирхайтай нөхөд минь дэм тус болж, спорт сонирхогчдын цангааг тайлсан, уншууртай сонин гаргаж чадаж байсан тул тун богино хугацаанд “Таван цагариг” олны танил болсон доо.

“Спортын мэдээ” хэмээх ганц сонин нь хаалгаа барьж, Монгол спортын дагнасан мэдээллээр цангачихаад байсан үе. Удалгүй МҮОХ-ноос Чойндонгийн Сүхбаатар гэж моринд хөнгөдөж, дээлэнд жижигдэм хөнгөн жингийн цэмбэгэр эр анхны орон тооны сурвалжлагчаар ирж, араас нь Ц.Энхтүвшин, А.Баасандорж, М.Сугар-Эрдэнэ, Б.Цагаанбаатар, гэрэл зурагчин С.Энхжаргал, оператор Д.Тунгалаг, дизайнер Н.Батдэлгэр зэрэг залуус “Таван цагариг”-т бууриа засаж, бужигнуулж өгсөн дөө. Сонин маань долоо хоногт ганц удаа, дөрөвхөн нүүрээр гардаг ч захиалга борлуулалт нь ганц улирлын дотор 15 000 ширхэгт хүрч байлаа.

Эхлээд МҮОХ, АЭ-ийн хамтарсан хэвлэл статустай байсан сонин маань 1996 оноос Монголын анхны өдөр тутмын чөлөөт сонин “Өнөөдөр”-ийн дагуул болов. Сонины дагуул гэхээсээ Бал эрхлэгчийг дагаж, ОТО-гоор хөтлүүлж явсан гэвэл үнэнд илүү нийцнэ.

ОТО маань “Өнөөдөр”, “Таван цагариг”-аас цалин авдаггүй ч орон тооны ажилтны дайнд ажиллаж, Бал эрхлэгч, ШО ерөнхийлөгчтэй шадарлаж, МҮОХ, С.Жамц дэд, хожмоо Д.Загдсүрэн ерөнхийлөгчөө төлөөлж, гадаад дотоодын спортын мэдээллээр “Таван цагариг”-аа бүрэн цэнэглэж, хоёр дахь ээлжийнхэн болох Ж.Баяржаргал, Р.Манлай, Н.Энхбаяр, Ж.Батмөнх, Г.Баярсайхан, Б.Өлзийтогтох, Д.Алтанзул гэх мэт шинэ залуус, “сахал” Даваажав гэх санхүүчээр эгнээгээ өргөтгөж, “Микроскоп” Гэнээ, “Конишики” Зоригоо гэх мэт тойрон хүрээлэгчидтэй болж, “Цагаригийнхан” хэмээх, Бал эрхлэгчийн тодорхойлсноор “Есөн шид нь бүрдсэн” халуун ам бүлийнхэн энд ч, тэнд ч шуугиулж, Олимпын хороо, ОТО хоёрынхоо буянаар олимп, тив, дэлхий, бүс нутгийн тэмцээн наадмыг ээлж дараалан сурвалжилж, од болж явлаа.

ОТО бид хоёр ийнхүү “Таван цагариг” гэдэг сониноор Монголын спортын сэтгүүл зүйн шинэ шанг татсан гэж омойтвол ч омойтохоор түүхийг хоёр арванд бичсэн билээ. Манай хүн хөнгөн дэврүү юм хэрнээ дороо суурьтай дотроо бодолтой, байнга шинэд тэмүүлдэг, хөгжилтэй хөдөлгөөнтэй, хэнбугайн ч сүрд дарагддаггүй ил тунгалаг, дайчин шаргуу эр билээ. Спортын бүх сэдвээр хэнтэй ч мэтгэлцэж чадна. Шатраас өөр спортоор нэг их хичээллээд байхгүй ч сагсан бөмбөгийн баруун даллалт, хөлбөмбөгийн зүүн цохилтоороо бидэн дундаа “алдартай”.

Шатрыг хүн бодож нүүдэг байтал, ОТО ямагт блиц буюу бодолгүй хурдан нүүх аргаар өрсөлдөгчөө шахамдуулж буулгаж авдаг арга барилтай. Таван гарын муушигаар “Таван цагариг”-ийнхан байнга хичээллэдэг байхад ОТО үзэн яддаг. Олон ч хөзрөө тас мушгиулсан даа. Мөрийтэй хэдий ч муушиг ч бас спорт гэдгийг ойлголгүй өнөөг хүргэж буй хүн.

Хошин шогийн хэтэрсэн мэдрэмжтэй. Хүн бүхэнд хоч өгнө. Түвшинг “зуунгаа”, Бааскаг “морь”, Сугарааг “махир”, Энхээг “пингвин” гэх мэтээр тодотгоно. Энхтүвшин Бразилын алдарт хөлбөмбөгчин Дунга-г шүтдэг ч шүдээ зуугаад байгаа мэт ярьдаг учраас энэ алдрыг хүртсэн бол Баасандорж алдарт уяач Маар гуайгаас ярилцлага авч сониндоо нийтлүүлэхдээ хурдан хээр азаргаа хөтөлсөн Маар гуайтай хамт авхуулсан зургийнхаа тайлбарт “зүүн гараас хоёр дахь нь Маарын хээр” гэж бичсэнээс болж “морь” овогтой болсон гэдэг юм. Хөөрхий муу Сүхээ бол “яс” голдуу олон хочтой.

Хөтөлд нэгэнтээ холери буюу булчин задрах тахал гээч юм гарч бөөн юм болов доо. Тэр зүгт Сүхээ маань явган аялагчдын улсын аваргыг сурвалжлахаар явсан байсан тул “Яанаа, ийнээ” болцгоов. Харин ОТО “Сүхээ булчин задрах тахал тусахгүй. Яагаад гэвэл түүнд булчин байхгүй. Зөвхөн арьс, яс л бий. Тиймээс Сүхээгийн төлөө санаа зовох хэрэггүй” гэсэн билээ.

Энэ мэтээр хүнд заавал нэг шинэ алдар хайрладаг, үгүй ядахдаа л БҮБА (бүдүүн Баяраа буюу Баяржаргал), НАБА (нарийн Баяраа буюу Баярсайхан), ЦАБА (Цагаанбаатар) гэх мэтээр үсэг, үе холбож байж санаа нь амардаг бөлгөө.

1996 он. Атлантын “алтан” олимпыг сурвалжлах эрхээр ШО, Бал аваргууд намайг шагнаж, ОТО-тойгоо ганзага нийлэн Сэм авгынхыг зорих болов. Явахын өмнө “За Баагий, хоёулаа гэдэс дотроо хэд хоног цэвэрлэж авна шүү. Тэнд юу л байна, жимс байгаа. Наад махаар бөмбөгддөг гэдэс гүзээгээ амраа” хэмээн айлдаж, мах идэхгүй байх ам өчгийг гэргийг минь байлцуулан авч, бооцоо хүртэл тавилаа. Атлантад очсон эхний 1-2 өдөр зүсэн бүрийн жимс, ногоо амталж үзээд, сайхан л байв. Гурав дахь хоногоос хэцүүдлээ. Үхэр, хонь, гахай, тахиа, өөр юуных ч юм, олон янзын өөхтэй, өөхгүй мах өрөөстэй. Аваад үмхчихье гэхээр ОТО гуай байнга дагаастай, хол ойрын зайнаас мөрдөөстэй.

Нэг үдэш сэмхэн нуугдан гарч, манай багийн мэдэлд байх унадаг дугуйг шүүрэн авбал ОТО гуай хэзээний гараад ирчихсэн, “Хаачих нь вэ” гэж байна. “Факс явуулъя” гэлээ. Олимпын тосгоноос мэдээ, сурвалжилгаа факсаар илгээдэг цорын ганц сэтгүүлч нь би байв. Интернэт, мэйл гээч юм Монголд сураггүй шахам байсан цаг. “Чи түрүүн явуулчихсан биз дээ” гээд ноцтой харж байна. “Нэг юм мартчихаж. Гялс явуулчихаад ирье” гэлээ. Юм хэлээгүй ч байдал нэг л эвгүй. Дугуйгаараа жирийлгэлээ. Амжих л хэрэгтэй гэсэн бодол толгойд таксины тоолуур мэт эргэлдэнэ. Түмэн хэлийнхэн шуугьсан буман хоолны газарт харайн орж, ОТО-той хамт явж байхад “Намайг аваач” гэх шиг өдөөд байдаг “муу” өөхтэй үхрийн махнаас хэд хэдийг таваглан авч, Балжаа аварга тэргүүтэй жүдогийнхны ширээнд суун, нэг сайхан стейкийг бараг зажлалгүй залгиад, дараагийнхыг ам руугаа дөхүүлтэл шилэн хүзүүн дээрээс нэг гар атгаад авлаа. Эргээд хартал мөрдөгч маань зогсож байна. Газар дээрээ гардуулсан намайг арай ч гавласангүй, Өрөвдөлтэй харагдсан юм байлгүй, “За, та гуай махаа идээд малийж байна уу. Үхэх гээд байвал ид дээ” хэмээн өршөөгөөд зогссонгүй, бүр өнөө бооцоогоо ч аваагүй билээ. Үүнд нь одоо болтол баярлаж явдгаа энэ ташрамд өчсү.

Ото сэтгүүлчийн хувьд дүр дүрслэл сайтай, хурц тод, тов тодорхой бичвэрээ босон суун, баруун зүүнгүй ярьж хөөрөх зуур, богино хугацаанд бичнэ. Оносон шигтгээ, барим тавим зүйрлэл, ёгтлол ёжлолоор нь ОТО-гийн бичлэгийг би саран дээр байсан ч танина. Спортын статистик, үүх түүхийн амьд лавлах гэсэн үг. Юу ч асуусан, хариулт нь бэлэн зэлэн. Ой сайтай. Үзсэн харснаа мартана гэж үгүй.

Бадарчны паян гэдэг шиг спортынхны онигоо дуусахгүй. Түүнийг нь хөгжүүлэн баяжуулах, биежүүлэн эзэнжүүлэх уран чадварын мастер нь ОТО. Энэ сэдвээр ном гаргах “Барбарос” төлөвлөгөөг 2000-аад оны эхээр мань хүн гаргаж, зураачаар С.Цогтбаяр (шог зураач), менежерээр Х.Болдбаатар (жүдоч), эх бэлтгэгчээр Д.Тунгалаг (“ТЦ”-ийн операторч), хэвлэгчээр С.Хишигжаргал (хэвлэх үйлдвэрийн мастер), ерөнхий редактороор миний бие ажиллах болж, ах Зоригоо нь биднийг зориуд хүлээн авч, хүндэтгэн дайлаад, хэвлэлтийн зардал болох нэг сая төгрөгийг хадган дээр тавин ОТО-д гардуулсан ч гурав хоногийн дараа мөнгө дууссан байв. Юунд үрж зарсныг Халиуны Болдоо, ОТО хоёр мэдэж байх учиртай. Би л лав оролцоогүй. Өнөөх ном 20 жил өнгөрөхөд гараагүй л байна.

Олны дунд, олонтойгоо байж, нөхдийг хүндэлж, андлалыг дээдэлж, баяр баясгалан, гэгээ гэрэл түгээж, итгэл эрмэлзлэлээр дүүрэн амьдардаг нь ОТО-г бусдаас ялгаруулдаг. “Танай энэ найз гуниг гутрал гэдгийг огт мэддэггүй хүн байх аа. Үргэлж л баяр хөөр дүүрэн, инээж баясаж явах юм” гэж нэг хүн надад хэлж билээ. Хүн л юм хойно гуньж шаналах үе байлгүй л яав гэж. Гэхдээ миний анд үнэхээр өөдрөг бадрангуй хүн. “Өөдрөг хүн сарнаас ч тамхиа асааж чадна” гэж үг бий. Тэгэхээр өөдрөг байх нь сайн хэрэг. Үнэндээ бол өөдрөг үзэл бодол, инээд хөөр л амьдралыг чимж байдаг билээ.

Бас “Урьдын андлал ургаа мод мэт цэцэглэж жимсэлсэн байх учиртай. Түүгээр нөхрийг танина” гэжээ. ОТО бид хоёрын 40 жилийн андлал үр жимсээр элбэг, үерхэл нөхөрлөлийн гэрэлт мөрүүдээр дүүрэн бөлгөө.

Ж.Отгонцагаан 1994-2014 онд “Өнөөдөр” сонины дэргэдэх “Таван цагариг” сонины орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байв. 2012 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртсэн.

С.Батбаатар

2
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 thoughts on “Олимп ОТО