Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ер бусын даруу хүн буюу Пүүжээ эрхлэгч

“Баарангийн Пүрэвдаш бол Монголын сэтгүүлчдээс нэг зүйлээрээ гойд ялгардаг гэж Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Тугалхүүгийн Баасансүрэн хэлсэн байх юм. Тэрбээр “Б.Пүрэвдаш “Ардын эрх”, “Өнөөдөр” зэрэг төвийн хэвлэлд хариуцлагатай нарийн бичгийн дарга, орлогч эрхлэгч, ерөнхий эрхлэгч зэрэг удирдах албыг олон жил нэр төртэй хашсан хүн. Урьд нь Намын Төв хороонд зааварлагч, хэлтсийн орлогч эрхлэгчээр ажиллаж байх үеэс бичиж боловсруулах ажилд гаршсан нь сүүлд өдөр тутмын сонинуудын гал тогоонд улам бүр лавширч, жинхэнэ мэргэжлийн редактор болсон. Олон арван хүний материалыг амь оруулж, нийтлэл болгон хувиргасан гавьяатан гэж түүнийг үнэлж байна. “Үнэн” сонинд Лодонгийн Түдэв ерөнхий эрхлэгч байхдаа олон хүний бичсэн зүйлсийг эрээн цоохор, танигдахын аргагүй болгон засдаг байв. Энэ чанараараа Лодонгийн Түдэв эрхлэгчтэй дүйнэ” хэмээжээ.

Монголын үндэсний чөлөөт хэвлэл “ӨНӨӨДӨР” сониныг үүсгэн байгуулагчдын нэг “Өнөөдөр”-ийг өлгийдөж, бүүвэйн дуу аялж, эрийн цээнд хүргэж хүмүүжүүлсэн ачтан түүнд үе үеийн “Өнөөдөр”-ийнхөн хайртай. Пүрэвдаш гэдэг нэрээ марттал нь “Пүүжээ эрхлэгч ээ” хэмээн дуудна, ярина, дотносно.

“Өнөөдөр” сонины 25 жилийн ой тохиож байна. Гавьяатууддаа хүндэтгэл үзүүлэн тэдний тухай хөрөг нийтлэл цувралаар гаргахаар шийдэж. Рэ ах (Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Ишдоржийн Рэнчинханд) утасдаад, Пүүжээгийн хөргийг чи бичих нь байна шүү гэж өнөө л сэтгэлд дотно сөөнгө хоолойгоороо даалгавар өглөө.

Олны танил, сайн сэтгүүлчдийн нуруун дээр сонин тогтдог. “Өнөөдөр” сонинд анхандаа данагар том материалууд гардаг байсан даа. Том сэтгүүлчидтэй юм чинь арга байхгүй л дээ. Тэр нийтлэлүүд нийгмийг хөдөлгөдөг байсан юм. Ажиглаад байхад “Өнөөдөр” залгамж халаагаа сайн бэлтгэдэг юм билээ. Одоо залуучууд түрээд, залгаад сайн ажиллаж байна. “Өнөөдөр”-өөс яваад олон жил болсон ч өглөөний ажил “Өнөөдөр”-ийг уншихаас эхэлнэ, сайн гарч байгаа гэж сониноо туж рекламдана. Сонин бол эрин цагийнхаа түүхийг бичигч гэсэн үг байдаг даа. Монгол Улсынхаа төдийгүй дэлхийн түүхийг нэмэх, хасахтай, жаргал, зовлонтой нь бичиж байна. Хойшид ч үргэлжилнэ. Асар олон сэтгүүлчийн бүтээл сонинд үлддэг. Өдөр тутмын ажил гэж анзааргагүй орхиод байгаа болохоос сонинд гарсан мэдээ, сурвалжилга бүр бүтээл.

“Өнөөдөр”-ийнхөн сайн явж байгаа, эрхлэгч нар нь сайн юм чинь гэж биднийг онгирооно. Шар тос шиг сайхан үг дандаа л хэлнэ. “Тэр материал нь сайн болсон байна лээ” гэсэн дулаан үг заавал дагуулна. “Аргагүй сайн юм байна лээ, мундаг юм байна лээ дээ” гэдэг бол түүний брэнд үг.

Рэ ахаас даалгавар аваад, Пүүжээ эрхлэгчтэй ярилаа. Тэгсэн “Би чамтай уулзахгүй, өөрийнхөө тухай ярьдаг хүн би биш” гэж гөжив. Ингэхийг нь мэдсээр байж, залгаж л байдаг, би ч гэж би.

-“Өнөөдөр” сонины 10 жилийн ойн дугаарт би танаас ярилцлага авч тавьсан, тэгэхэд та радиогийн дарга байсан.
-Тийм, тэр чинь сайн ярилцлага ш дээ.

-Сайн ч гэж дээ, та хувь асуултад минь хариулаагүй. Ажил л ярьсан, албаны болсон. Таны тухай интернэтээс олж унших гэсэн юу ч алга.

-Би чамд ярилцлага өгснөөс хойш хэнд ч ярилцлага өгөөгүй. Яагаад гээч…

-Яагаад?

-Балдорж та хоёр ярилцлагадаа ямар зураг тавьснаа мэдэж байна уу?

-Өнгөт нүүрэнд их том зураг тавьсан.

-Тийм… их том зураг, өнгөт нүүрэнд… улаан хамрыг минь тодруулж тавьсан

-Яана аа, зургийг нь Бал эрхлэгч сонгосон. “Би зургийг нь сонгоно” гэж орж ирээд, бүр хэмжээг нь зааж, өнгөт нүүрэнд тавиулсан.

-Би мэдэж байна, Бал зориуд тийм зураг сонгосон.

-Зургаа хараад харин инээгээд л байсан юм.

-Тийм л шооч хүн. За тэрнээс хойш ярилцлага өгөөгүй, хаширсан.

-Яана аа, уучлаарай

-Зүгээр, ярилцлага нь сайн юм чинь. Сонин гэдэг чинь тэр чигээрээ түүх, баримт. Тэр зураг ихийг өгүүлсэн, сайн ч зураг байсан.

Рэнцэндоржийн Эмүжинд энэ тухайгаа хэлэхэд намайг шоолж инээлээ. “Пүүжээ эрхлэгч ёж царайлчихаад, даажинтай хүн шүү” гэж байна. Өөрийнхөө тухай ярьж, хүнтэй уулзах хүн биш. Ийм л араншинтай хүн. Бид хоёр эрхлэгчийн тухай “хов” ярьж, утсаар буу халаад салав.

Гар утас анх гарч байхад Пүүжээ эрхлэгч тохойн чинээ утас барьдаг байв. Мебель тавилга шиг гадартай утас барьдаг байсныг нь одоо ч сануулж шоолно. Өөрсдөө утасгүй байсан хэрнээ шүү дээ.

Залуухан, шинэхэн, “нусан пулемёт” сонины редакцад орж ирээд Пүүжээгээс үхтэлээ айна аа. Гэтэл хамгийн зөөлөн нь Пүүжээ эрхлэгч байсан байна билээ. Дэмий айснаа хожуу мэдсэн.

Пүүжээ загнахдаа сүртэй, их өндрөөс эхэлнэ. “Зайл чи, одоо шууд яваарай” гээд л… Бидний зарим нь түүний өрөөнөөс нэрээ мартчихсан, тэнцвэрээ олохоо байчихсан амьтан гарч ирнэ. Тэгж байгаад буулт нь гайгүй. “Чи нэг ийм юм бичээтэх. Тэрийг чинь л харъя” гэнэ. Эрхлэгч удаан уурлахгүй. Нэг сайхан материал биччихэд л уур нь гарчихна. Ер нь нэг сайн нийтлэл биччихсэн байхад хоёр, гурван гэмийг өнгөрөөнө шүү гэж Дамдины Баасанжаргал сэтгүүлч дурсав.

Пүүжээ эрхлэгчийнхээр байсхийгээд зочилдог Дашцэрэнгийн Заяабат түүний тухай хамгийн ихийг ярьж өгнө гэж бодлоо.

-Бал эрхлэгч Пүүжээгийн захирал нь, эзэн нь ч байсан. Гэхдээ дандаа л “Ах” гэж дууддаг байсан шүү.

Эрхүүд, Москвад ч хамт байсан юм билээ, тэр хоёр. “Бал намайг ах гэж авгайлдаг. Би тэр үед ОХУ-ын Нийгмийн ухааны академид үнэхээр л ах курст байсан. “Хөгшин” оюутан бидэнд гэр орноо, үр хүүхдээ санах, уйтгарлах үе бишгүй. Ийм үед, бас Монголоос анд нөхөд ирэхэд нийлж наргих юм гарна. Балдорж нэг их нарийхан дуугаар инээж хошигноно. Шооч хүн шүү дээ. Ах гэдэг алдрыг би гуйж биш, гуядаж авсан юм чинь. Тэр үед нэгийг нь ирээдүйн Ерөнхийлөгч, нөгөөхийг нь миний дарга болно гэж мэдсэн биш, нэг курс, нэг өрөөнийх болох Н.Багабанди тэр хоёрыг хааяа дэлгүүр гүйлгэх, хоол хийлгэх зэргээр зарж явсан” хэмээн дурсамждаа бичсэн байдаг.

Хамт сурсан. Хамт олон жил ажилласан. Пүүжээ тэгэхэд Монгол оюутнуудын холбооны дарга байсан юм билээ. Уулзаж учрах тавилантай хүмүүс байсан гэж би боддог.

Гаднаас нь харахад манай Пүүжээ эрхлэгч салан палан, хааш яаш, тамхи зуучихсан хэнэггүй эр атлаа бүр маш хариуцлагатай, дэндүү хариуцлагатай хүн. Бас их зөөлөн, их мөрөн шиг дөлгөөн, зөөлөн хүн шүү дээ.

-Цагаан сараар очиж баахан дайлуулдаг биз дээ, тэр тухайгаа ярь л даа.

-Эрхлэгч хэд хэдэн хөөрөгтэй, өнөө цагийн хямд төсөр нь ч байна, үнэ цэнтэй нь ч байх. Гэхдээ шүрэн толгойтой их гарын маш том хаш хөөргөөр хүн бүртэй тамхилна. Тэр нь Пүүжээгийн арван жилийн ангийн, Говь-Алтай аймгийн Төгрөг сумын харьяат, улсын начин Буянтынх юм гэсэн. Буянт начин хөөргөө өгөхөд нь Пүүжээ “Надад ахадсан эд байна, аймаг, сумын музейд байсан нь дээр” гэж. Тэгэхэд “Нэг даргын өвөрт л орно. Чамд байг” гэжээ. Пүүжээг мөнгө харж, ашиг хайж хөөргийг минь зарж үрэхгүй гэдгийг мэдээд өгч байхгүй юу. “Халхын сайн эрийн хөөрөг, тамхилж хийморио сэргээ” гээд энэ түүхээ хүүрнэн хөөрөглөх дуртай, манай эрхлэгч чинь эрийн хуйх шүү дээ.

Эрхлэгчийн их анд нарын нэг нь Төрийн шагналт, ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодол. Олон жил нөхөрлөсөн, айл саахалт хүртэл явсан энэ хоёрт хэн хэнийхээ тухай ярих зүйл их.

Д.Цоодол гуай “Бид олон жил айл саахалт явлаа. Пүүжээ бол олдошгүй сайн нөхөр. Ааш зан нь хувирахгүй. Олон жил улаан номертой (дарга нарын машины номер улаан байсныг хэлэв бололтой) машин унасан даа, өөрчлөгдмөөр. Тэгээгүй шүү.

Төв хорооны хэлтсийн орлогч хийсэн. Их л ирээдүйтэй хүнийг ийм албанд томилдог байв. Эрхүүд онц төгссөн. Хожим Зөвлөлтөд Нийгмийн ухааны академид доктор хийсэн. Биеэ тоовол тоомоор юм түүнд зөндөө бий. Тоож өгдөггүй юм.

Бааран гэж яг Пүрэвдаш шиг нөхөр, нутаг усандаа нэр хүндтэй сайхан хүн байсан шиг байгаа юм. Аав, ижий хоёр нь их ойрхон бурхан болсон. Бага залуудаа дүү нартайгаа өнчирсөн. Ах нь Монц гэж эрдэмтэн бий. Түрүүлж Улаанбаатарт ирсэн. Дүү нараа хотод авчирч хоолонд хүргэсэн. Хамгийн сайн хүрсэн нь манай Пүрэвдаш.

1979 оны долдугаар сарын 8-нд бид нэг байранд орж, олон жил сайхан амьдарсан. Пүрэвдашийнх, манайх, хуульч Жавхлангийн Бямбаа, Бажуудайн Ганбат бид хэд хөрш. Бид хэд шинэ байраа угааж уулзсан. Олон ч угаасан даа. Ер нь угаасаар байгаад өнгөрсөн улс, олигтой ч юм хийгээгүй хүмүүс дээ.

Сайн юманд саад мундахгүй гэж, Пүүжээ дарга хийсээр таарсан хүн. Энэ хүнийг сэтгүүлч, зохиолчоос нь илүү дарга гэж хэн хүнгүй хардаг байж таарна. Хүн хүнээ мэдэхгүй, дотрыг нь өнгийх биш дээ. Харин миний хувьд Пүрэвдаштай олон жил ажиллаж, хувь заяаны эрхээр олон жил айл хөрш явсны хувьд мэднэ гэж хэлнэ шүү. Пүрэвдаш радио, сонинд байхдаа багагүй бичдэг, сайн ч бичдэг байсан. Өгүүллэг нь амьдралаас эх авсан, их монголжуу, сайтар бодож, урлахуйн ухаанаар шигтгэсэн, хээ хуар нь донжоо олсон тийм бүтээлүүдтэй. Дарга нар хол явж л байдаг, ганзага хоосон ирж л байдаг. Нүүрний арьс зузаан улс даа. Пүүжээ тэдний өрөөсөн биш. Алгуур боловч бичсээр л явсны гэрч “Шанаган булаг”, “Тэнгэр цэлмэнэ”, “Нартай өдрийн дурдатгал” гэж аятайхан номтой. Зохиолч, сэтгүүлчийн хос морьтой. Уран зохиолын авьяастай. Сайн редактор. Миний номыг ч редакторлосон.

Эхнэр нь анагаахын багш. Цогтхишиг гэж сайхан эмэгтэй бий. Хоёр охинтой. Дулаахан сайхан айл даа, манай хөршийнх” гэлээ.

Дөнгөтийн Цоодол гуайн хэлсэнтэй 100 хувь санал нийлэв. Дүү нартаа зөвлөе. Пүүжээ эрхлэгчийнхээ бичсэнийг заавал уншаарай. Үгээр бус, үйлдлээр үлгэрлэдгийн том жишээ болсон “Тэнгэр цэлмэнэ” номд өгүүллэг, эсээ, дурсамж, ярилцлага, тэмдэглэл бүгд бий. Амттай гэж яана, эгэл жирийн амьдрал тэнд кино шиг л гарна. Найз нарынхаа тухай бичсэн бичил хөргүүдийг нь шимтэн уншаад, өөрийг нь ийн “зурагламар” болж буйдаа бэргэж л байна. Хэцүү даалгавар өгсөн И.Рэнчинханд ахтай ярилаа. Пүүжээ эрхлэгчийг “ер бусын даруу хүн” гэж дүгнэв.

Намын Төв хороонд удирдах ажлын арга барилд суралцсан. Төв хороонд зааварлагч, хэлтсийн орлогч эрхлэгч, “Ардын эрх” сонины орлогч эрхлэгч, “Өнөөдөр” сонины эрхлэгч, Монголын үндэсний радиогийн дарга, МОНЦАМЭ агентлагийн ерөнхий захирлын албыг хариуцлагатай хашсан. Хэвлэлийн хэдэн байгууллага удирдсан. Хийсэн юм ихтэй ч овойлгож товойлгож огт ярьж байгаагүй. Өөрийгөө магтаж байхыг нь сонссон хүн байхгүй.

Орос хэлд гарамгай. Эрхүүд, Москвад сурсан, доктор хамгаалсан. Ямар ч алба хашиж байсан, зан ааш янзаараа. Улаан хамартай Пүрэвдаш хэвээрээ л байдаг хүн дээ. Манай хүн сайн сэтгүүлч, сайн редактор. Дурсамж сайхан бичнэ. Санаагаа цөөн үгээр, овор багатай гаргана. Дутуу юм байдаггүй. Товчхондоо, одоо цагт ховордсон хүн гэлээ.

“Өнөөдөр” сонинд хэлтсийн эрхлэгч, Монголын үндэсний радиогийн “Хурд” агентлагийн дарга байж, хамт ажиллаж явсан Алтангэрэлийн Мягмаржав бас л чанга сэтгүүлч явсаан, миний эрхэм хүндэт багш. Хожим үндсэн мэргэжлээрээ ажиллах болсон. Гавьяат барилгачин, гарамгай редактор тэрбээр хэдэн жилийн өмнө “Сэтгүүлч” сэтгүүлд “Монголын номер нэг редактор” гэж Пүүжээ эрхлэгчийн тухай хөрөг нийтлэл бичсэн байсан.

Нэг нэртэй зохиолчийн материал сонинд ирэхэд А.Мягмаржав ахыг редакторло хэмээн Пүүжээ даалгажээ. Тэгэхдээ хоёр өгүүлбэр яваад гурав дахийг нь дараад бай гэж. Гурав дахь нь дүгнэлт байж. Ингээд дан баримттай, даацтай материал нийтлэгдсэн гэдэг. Ингэж л редакторлож, зөвлөдөг нэгэн билээ л. Төрийн төв хэвлэл “Ардын эрх”, дараа нь “Өнөөдөр” сонинд дээгүүр зиндаанд алба хашиж явсан мэргэжлийн сэтгүүлч Донойн Цэдэн-Иш гавьяатыг бид Иш эрхлэгч гэдэг. Ярилцлагын мастер, аж ахуйн сайн менежер. Пүүжээ эрхлэгчийн тухай ихийг өгүүлэх учиртай, холбоо барилаа.

Тэр “Пүүжээ голдуу дарга хийсэн. Тэнгэрийн амьтан шүү дээ. Хүмүүс голдуу магтсан биз. Тиймээс би хоёр матаас хэлчихье” гэв.

Пүүжээгийнх байнга хүнтэй. Зан сайтай айлд хүн болгон цуглана. Замаг сайтай нууранд загас болгон цуглана гэгч болдог юм. Хайлсан тугалга шиг хүн шүү дээ. Гурван хүн ирнэ, Пүүжээ нэг шил юм гаргана. Хүн бүр нэгийг халаасалж ирсэн байна. Ингээд хүний нэг шил архи уугаад донхойно.

Цагаан сараар бүр тоймгүй олон хүн цуглана. Сониныхон, радиогийнхон, телевизийнхэн очно. “Гоё гоё хүүхнүүд ирсэн байна, чи ирээч” гэнэ. Пүүжээ пянгаа даахгүй дараа нь ядарна.

Багшийн дээд орчимд байхад бүр олон хүн цугладаг байсан. Хөл ихтэй гэж жигтэйхэн айл. Одоо гүүр давж нүүгээд мэдэх хүн цөөн, зочин нь цөөрсөн байж мэднэ дээ.

“Үер бууж сүрийг үзүүлсэн газар” гэж Пүүжээгийн өрөөг зүгээр ч нэг хэлээгүй. Нэг өглөөний шуурхайн үеэр Пүүжээ уурлаж зандраад сүйд. Нэг нөхрийг цалингийн 20 хувиар торголоо барилаа л боллоо. Хурал тарсан, өнөө зандарснаа мартчихсан, шийтгэсэн хүн дээрээ очоод “Өвгөөн тамхи байна уу” гээд зогсож байсан удаатай. Өнөөх нь урвайчихсан, сэтгэлээр уначихсан хачин юм байгаа шүү дээ. Ийм л хүн дээ гэж “матав”.

Хантайширын цогт Пүүжээ, хатан Хэрлэнгийн буурал өвгөн хоёрын түүх гэж тусдаа нэг юм байдаг юм билээ. Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын нэрт нийтлэлч Батмөнхийн Лигдэн, Пүүжээ эрхлэгч хоёрын тухай ярьж байна л даа. Пүүжээ эрхлэгч Лийкийг миний буурал анд хэмээнэ. Нэг байран дээрээ мөнхийн байх юм гэж үгүй. Тэд хамтдаа “Улс төр” гэж чөлөөт сонин гаргасан гэдэг юм. Сонин ч сайн гарч байж. Баяр хүргэсэн хүмүүсийн хөл дарах шиг л болж. Сүүлдээ мань хоёр сонины орлогоосоо зочдоо дайлсаар, 18 дугаар гаргаад орхихоос өөр аргагүй болсон гэдэг юм. Атаманууд тэглээ гээд гудайсангүй харин ч дэвшиж, Пүүжээ Монголын радиогийн дарга, Лийк “Зууны мэдээ” сонины зөвлөх болсон.

Лийкийн 80 насны ойг гэр бүлийн хүрээнд даруухан тэмдэглэжээ. Тэгсэн 10-аадхан настай, сэргэлэн зээ охин нь “Пүрэвдаш гуайг урья” гэжээ. “Яагаад” гэтэл “Пүрэвдаш гуай сууж байх нь хөгжилтэй байдаг юм” гэсэн гэдэг. Хөгшид, хүүхэд хэнд ч тал алддаггүй ийм л хүртээмжтэй нөхөр дөө, манай эрхлэгч.

“Өнөөдөр” сонины редакцад залуу, багахан орохдоо тамхи зуусан, хөмсөг зангидсан, хальт ярвайлттай, царай муутай, ааш ч амар биш Пүүжээ эрхлэгчээс сүрдээд, барааг нь хараад бараг зугтаадаг байсан. Одоо таарч уулзвал бөөн баяр. Пүүжээ эрхлэгчийнхээ тухай бичих команд авснаас хойш өдөр бүхэн инээд хөөрөөр дүүрэн байлаа. Хүн болгон хөгжилтэй түүх ярих юм. 100 грамм татаж, “морь сарлаг” хуваан хүртэж, нийлж наргиж явсан тухай зарим яриаг нь “мантаажлав”.

“Өнөөдөр” сонины хуучин редакцынхан хааяахан уулзахдаа Пүүжээ эрхлэгчээ голдоо суулгаад, олон олон хөгжилтэй түүх сонсож, инээлдэн жаргаж суудаг даа. Ийм л нэг гэрэл цацруулсан эгэл нэгэн хүмүүн билээ, бидний эрхлэгч. Та минь эрүүл байж, урт насалж, биднийхээ уулзалт бүрт хүндэт зочноор ирж, хөгжөөн жаргааж, зөвлөн сургамжилж яваарай гэж даалгавар гүйцэтгэсэн төдий боломжоо ашиглан хэлье.

Б.Пүрэвдаш 1996-2008 онд “Өнөөдөр” сонинд албаны дарга, ерөнхий эрхлэгчээр ажиллаж байсан. 2008 онд Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртсэн.

Ц.Энхмаа

4
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 thoughts on “Ер бусын даруу хүн буюу Пүүжээ эрхлэгч

  • Мөнхтунгалаг says:

    Энхмаа сайхан бичжээ. Цаг хугацаагаар аялах мэт болов. Баярлалаа. Пүүжээ эрхлэгчдээ эрүүл энх, сайн бүхнийг хүсэн ерөөе

  • Батчимэг says:

    Инээж, жаргаж уншлаа

  • Даваадорж says:

    Баяр хүргэе Энхмаа! Бие нь илааршиж байна уу? Эрүүл байгаарай! Шимтэж уншлаа. Харин тэр хөөрөгний тухайд бяцхан залруулахад Буянт начны хөөрөг биш л дээ. Тэр хүн өөрийнхөө хөөргийг юу гэж өөр хүнд өгөх билээ. Харин нутгийнх нь сүүлчийн хошуу ноёны хөөрөг байсан юм билээ. Тэгээд л Буянт начин мань Пүүжээ эрхлэгчид чи хадгал гэж өгсөн гэдэг юм. Нээх нь эв хав, ур хийц муутай мангар том хаш хөөрөг байдаг байдаг. Ккк

  • ivermectin dosage for demodex says:

    It is not my first time to pay a quick visit this web site, i am browsing this site dailly and take fastidious information from here every day. http://harmonyhomesltd.com/Ivermectinum-precautions.html