Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Миний адгуу ах

Шалмаг хөдөлгөөнөөр нь, олон үггүйгээр нь, өө сэвгүй хатуу зан чанараар нь түүнийг анзаарахгүй өнгөрөх аргагүй. Анх хараад Рэ ахыг би шууд л дарга байхаар хүн гэж тогтоож авчээ. Гэхдээ ажлын ширээ нь хэзээ ч удирдлагын хэсэгт байрлаагүй бөгөөд ийм саналд үргэлж татгалзсан хариу барьдаг байв. Рэ ахын хашсан хамгийн том тушаал бол өдөр тутмын “Өнөөдөр” сонины Улс төрийн мэдээллийн албаны дарга юм. Энэ сэтэртээ ч тэгтлээ тааламжтай байсан болов уу даа. Сурвалжлах, тоймлон нийтлэх, орчуулах ажилдаа шамддаг уу гэхээс даргалах, хүрээлэл үүсгэх, түүнд орох, нөлөө бүхий хүмүүстэй шадарлах, ашиг хонжоо хүртэх зэрэгт дэндүү болхи хүн.

Улстөрчидтэй ойр байх боломжоор Рэ ах өчүүхэн ч тасраагүй. Ажил нь юм чинь. Харин улстөрчидтэй уусан найрсаж, уяран хайлж огт яваагүй юм даг. Улстөрчид Рэ ахыг маань яхир, егзөр гэдэг байсныг сонссон. Өөрөө энэ тухай сонссон, үгүйг бүү мэд. Би лав дуулгаж зүрхлээгүй. Түүнд улс төрийн намд элсэх, төрд алба горилох, томоохон компанид ажиллах санал бишгүй ирж байсныг мэдэх юм. Ийм зүйлээс дэндүү хол, цэрвэн болгоомжилдог, цээрлэдэг гэвэл яг таарна. Үүгээрээ бол овсгоо самбаагүй, даан ч. Гэлээ гээд бусдыг муйхарлан харлуулж, гүтгэн доромжилсон нь үгүй. Сэтгүүл зүй бүдүүлэг танхай, ичгүүр сонжуургүй авираас ялгаатай байдгийг тэр ажил, арга барилаараа бидэнд харуулсан. “Шуурхай байх гээд шүүрхий бол тусгүй” гэнэ. Долоо хэмжиж нэг огтолно. Тэр нь бүр яв цав.Рэ ах гэдэг маань Монгол Улсын Cоёлын гавьяат зүтгэлтэн, “Өнөөдөр” сониноороо овоглосон ахмад сэтгүүлч Ишдоржийн Рэнчинханд. Олны дунд, тэр дотроо сэтгүүл зүйн салбарт охь өөрийнхөөрөө орших, хүлээн зөвшөөрөгдөх, ингэж ажиллавал зөв юм байна гэх сэтгүүлчийн стандартыг тогтооно гэдэг тууштай хүнээс л гарах олон жилийн уйгагүй хөдөлмөр билээ.

Рэ ахын нийтлэл, ярилцлагын хэл, найруулгын урыг гүйцэх сэтгүүлч сэтгүүл зүйн боловсон хүчний чадавх сайн байх үед ховор байсан, одоо бол бүр ч өдрийн од болжээ. Энгийн ойлгомжтой хэрнээ торгомсог доо. Бичсэн байтлаа чихэнд наалдацтай нь аргагүй хүүрнээд, өгүүлээд байх шиг, зүй зохистой урсган урладаг юм.

И.Рэнчинханд сэтгүүлчийнхээ хувьд бүх зүйлд бэлэн байдаг чанартай. Цэрэг шиг. Маргааш хийх ажлаа гэртээ шөнөдөө бэлдээд ирэх нь олонтоо. Гар бичмэлийг үйлдвэрлэх шиг л болно. Эхний хуудас нь төгсгөлийнхөөсөө ялгаагүй, нэгэн жигд. Засвар хийсэн хуудсыг нь харахад их цэвэрхэн. Бичихээсээ өмнө хангалттай бодож боловсруулж байж цаасан дээр буулгадаг ажлууд ийн цоохорлогддоггүй юм. Тэтгэвэртээ гарсан мөртлөө редакц дуудвал Рэ ах гүйгээд л хүрдэг. “Өнөөдөр” сониноос одоо хэр Рэ ахын автортай ярилцлагуудыг харж болно. Тэр бас орос хэлнээс дэлхийн улстөрчдийн хөрөг, олон улсын халуун цэгийн сурвалжлагууд, шинжлэх ухаан, танин мэдэхүйн нийтлэлүүдийг хөрвүүлэн уншигчдад хүргэсээр буй. Түүний нэрийг харахгүй байсан ч хийсэн ажлуудынх нь эхний өгүүлбэрээс И.Рэнчинханд сэтгүүлчийн хэл, найруулгын чадвар нуугитал уншигддаг онцлогтой.

Нүдний шилтэй, юм асуухлаар түүн дээгүүрээ харж байгаад толгой дохих, сэгсрэх хөдөлгөөнөөр харилцаа таслах, эсвэл ганц нэг үгээр хариулаад л бичиж буй ажил руугаа яаран шунгах нь аймаар. Төвөг удсандаа өөрийгөө зэмлэх, дахиж саад болж зүрхлэхээргүй мэдрэмж аяндаа төрүүлнэ. Цааснаасаа үзэг салгалгүй төвлөрсөн байхыг нь харсан даруйд бичиж эхлэх гэж ширээ тойрон хий эргэлдээд байдаг өөрийгөө гайхан залхмаар.

Сонины нүүрэнд бичиж бэлтгэсэн материал нь дэглэгдэхэд Рэ ах сая “манай талын” хүн болно. Илүү ч үгүй, дутуу ч үгүй тэв тэгшхэн хайчилсан сахал нь дээш сөхөгдөн сөөнгө хоолойгоороо “хо хо хо хо” гэж жигтэй инээдэг тэр хүнээс олон зүйл асууж, тэр тоолонд төвөг саад учруулсан даа. Эхлээд ахимаг, дараа нь ахмад сэтгүүлч болох хүртэл нь бид хамтдаа, нэг албанд 20 шахам жил дарга, цэрэг болон ажилласан билээ. Ажлын дараа зам ханьсахад Рэ ахаас ажлын орчинд барагтай илэрдэггүй гэрсэг, гэргийдээ хайртай, ач нараа эрхлүүлдэг, элбэрэлт ижийгээ, төрөлх говь нутгаа санан бэтгэрдэг олзуурхам амтат хувь чанарууд мэдрэгдэх нь харих замыг дөт болгодог байлаа.

Нүүдэл хийх өдрийн өглөө тэднийхээс хүүхэд үүрсэн эмэгтэй гэрийнхнээсээ эртлэн шинэ бууц тийш гарах нь ээж хүү хоёр. Говийн айл бага хүүхдүүдээ өөжинд суулган нүүдэллэдэг ёсон байвч Рэ ахын ээж бие муутай хүүгийнхээ гэдсийг зайлагдчихна гэхдээ ийн тэмээнд тэгнэлгүй нуруундаа үүрч явдаг байж. Жирэмсэн байхдаа тэмээнээс унаж бэртээд эдгэхдээ бөгтөр болчихсон ээжтэй, отгон хүү Рэнчинхандаа малчин болгох бодолтой аавтай байжээ. Алаг голдуу адуутай, олон малтай, зургаан хүүхэдтэй айлын бага хүүхдийн санаа харин бүр хол алсад бэлчдэг байлаа. Хүү эрдэм номын мөр хөөх, орон хотод суух сонирхолтой гэдгээ гагц ээждээ аминчлан хэлэх бөгөөд хүүгийнхээ энэ том үгийг ээж нь насан туршид хамгаалсан юм. Рэ ахын ээж өвчин ээрээд салдаггүй хүүгээ хүн болно гэх зөн совиндоо итгэн бөөцийлж өсгөсөн. Өөрөө сайн ойлгож мэдэхгүй ч гэлээ хүүгийнхээ ярих мөрөөдлөөс огт урваж байсангүй ээ, тэр ээж. Хожим Рэ ахыг “Залуучуудын үнэн” сонинд ажиллаж байхад юу бичсэнийг уншиж чадахгүй ч сонин бариад л суудаг, ингэж суух нь хүүтэйгээ уулзсан шиг санагддаг байсан болов уу даа…

“Адгуу байдал бол Ишдоржийнхныг бусдаас ялгаруулдаг онцлог” гэж Рэ ахаас Ц.Энхмаагийн авсан ярилцлагын гарчиг юм. Ярилцагчаа чухам нэг тодорхойлсон хадаас шиг хурц гарчиг гэвэл энэ л дээ. Рэ ахын адгууг яана. Манай албаны дарга учраас бидний хэнийг хэдийд ямар сурвалжлагад явуулахыг Рэ ах шийднэ. Даргаасаа даалгавар аваад товт газартаа очоод удаагүй байхад аанай л түүний дугаараас утас хангинаад явчихна. “За залуу! Юу болж байна, яаж байна, хэзээ ирэх вэ” гэх нь ойлгомжтой. “Бусдаас түрүүлээд мэдээллээ ав, энд ирээд утсаар холбогдох хүмүүстэй бушуу танилц” гэж яаруулна. Сурвалжлагаас ирээд аяга кофе уух зуурт хажуугаар нааш цааш холхиод салахгүй ээ. Одоо л намайг анх харж байгаа аятай “Энэ чинь яасан уддаг эд вэ” гэж адгана. Уурлахаараа харин “Тээглэсэн юм бэ” гэдэг юм.

16.00 цаг гэхэд гадуур явах ажлаа дуусгаад редакцад ирсэн байхыг үргэлж даалгадаг юм. Тэгж байж ширээний ард төвлөрөн бичих хугацаатай байхыг сануулна. Баараггүй эх сурвалжуудтай болохыг, зарим үйл явдлын голыг тодорхойлоход, хөшигний арыг нээхэд заавал нүдээр биш, ам дамжсан таамгаар бүр биш, баттай эх сурвалжийн утасны яриа, мессежээр баталгаажуулж болохыг зөвлөнө. Ийм итгэлийг эх сурвалжууддаа бий болгохын тулд чиний ажиллаж байгаа мэдээллийн хэрэгсэл баттай, сэтгүүлч өөрөө баталгаатай хүн байх ёстойг Рэ ах ойлгуулсан. “Улстөрчидтэй танилцах, уулзаж ярилцахдаа эхний яриа хөөрөөгөө тун боловсон, цэгцтэй хийж, цаашдаа элдэв болгоомжлол үүсгэхээргүй байх хэрэгтэй. Чиний хүмүүжил төлөвшил, мэдлэг боловсролд эргэлзсэн хүн чамайг сэтгүүлч гэж харахгүй” гэж Рэ ах захидаг юм.

Үүнийг тэрлэгч миний санаанаас 2008 оны долдугаар сарын 1-ний дуулиант үйл явдлын дараа Ерөнхий сайд асан С.Баярын хийлгэсэн анхны хэвлэлийн хурал ер гардаггүй юм. Сэтгүүлчдээс С.Баярт асуулт тавих ээлж ирэхэд аргагүй зангараг заан Рэ ах эхэллээ дээ. Олны мэдэх эрх, хүлээлтэд тун ч нийцсэн асуултуудыг Ерөнхий сайд С.Баярт тулгав. Харин хариуг нь Ерөнхий сайд нэлээд зандрангуй, бухимдаж буйгаа шулуухан илэрхийлсэн царайтай барьж билээ. Түүний асуултуудаас “буудах тушаалыг хэн өгсөн” тухайд С.Баяр хариулалгүй бултсан юм даг, тэр өдөр. Хэзээ хойно энэ тухай Рэ ахаас асуув. “Тэр ёозгүй хандлагыг юу гэж бодсон бэ” гэхэд “Мартчихаж, цус!” гэсэн. Рэ ах улстөрчдөд тэр байтугайг тулгаж, долоон дор хариу үйлдэл зөндөө харж, тэр бүгдийг юман чинээ санахгүй болсон толгой биз ээ.

Рэ ах бусдыг чичлэн шүүмжлэх, жигтэйхэн их уурсан загнасан нь тоотой байх. Өглөөний шуурхай хурлаар өмнөх өдрийн сонины дугаарын чанар чансааг хэлэлцэх үед харин алдаа дутагдлыг нүүрэн дээр нь бүгдийнх нь дунд, гэхдээ хүний урам хугарах хэмжээнд үл хүргэн яг тааруулан зөвлөж хэлнэ. Үнэнхүү таалагдахгүй хүмүүстэй Рэ ах огтоос дуугардаггүй зөрүүд зантай. Рэ ах хэгжүүн ч гэсэн хөдөлмөрч хичээнгүй, эмх цэгцтэй, сахилга баттай хүмүүст бага залуу гэлтгүй туйлын хүндэтгэлтэй хандана. Мэддэг, чаддагаа харамгүй хуваалцана. Авьяас билгийг өлгийтэй хүүхэд шиг жигтэйхэн хайрлана. Гэхдээ авьяас билэг гэдэг хичээл зүтгэлгүй бол өсөж дэвждэггүй эд гэдгийг өдөр тутмын сонины олон үеийн сэтгүүлчдийн дунд хамаг амьдралаа өнгөрүүлсний хувьд Рэ ах бас мэднэ, машид захин сэрэмжлүүлнэ. Тийм хүмүүсийг л тоож шүүмжилдэг нь андашгүй.

Зарим сэтгүүлчийн нийтлэлээс оновчтой үг, өгүүлбэрийг олоод эрдэнэ мэт олзуурхан “За, ингэсэн байгаа юм, хар даа” гээд л бусдадаа түгээж өгдөг. Харин заримынхаас “Энэ одоо юу гэсэн үг вэ, уншаад уншаад мөхөс би ер ухсангүй” гээд шоолон хөхөрч байдаг юм. Рэ ахын шүүмж яагаад одоо хэр чихэнд сонсогдоод байдаг юм бол гэж би боддог юм. Ёс суртахууны хэм хэмжээнд нийцүүлэх гэсэн, ерөнхий мэдлэгийн хүрээ, үйл явдлын халуун, эх сурвалжийн мэдээллийг сэтгүүлчийн ур чадвараар нийтгэсний дараа л нийтлүүлэх гэсэн стандарттай байдагт түүний хэлдэг шүүмж, зөвлөгөөнүүд үнэтэй юм билээ. Залуу сэтгүүлчийг дарж авах, өгдөөн турхирах гэхээсээ ийм стандартыг ягштал баримтлуулах гэж өдөр бүр сониноо үг үсэггүй уншиж, “Өнөөдөр” сонины үе үеийн сэтгүүлчдэд үлгэр дуурайл болж ирсэн.

Рэ ах өөрийгөө сонинд ажиллах хүн гэдгээ олж нээхээс өмнө МХЗЭ-ийн байгууллагад ажиллаж байсан юм билээ. Удалгүй “Залуучуудын үнэн” сонины хамт олон түүнийг Монголын сэтгүүл зүйн бэлчээрт гаргажээ. Энэ сонины ерөнхий эрхлэгчээр ажиллаж байсан, Төрийн шагналт яруу найрагч Долгорын Нямаа 2017 оны есдүгээр сард таалал төгсөхөд үүнээс таван сарын дараа Cоёлын гавьяат зүтгэлтэн И.Рэнчинханд анхны эрхлэгч, гүн хүндэтгэлт нутгийн ахынхаа гэгээн дурсгалд зориулан “Дэлхийн гарамгай найрагч Долгорын Нямаа” номоо олны гарт хүргэсэн юм. Рэ ах энэ номдоо зохиолч, сэтгүүлч гээд агуу их Нямаа агсантай ойр дотно явсан 55 хүний дурсамжаар гол дүрийн хөргийг бүтээжээ.

Хонин дээгүүр минь
Нүүдлийн шувууд буцлаа
Хонгор намрын тэнгэртээ
Хошууран зэллэсээр одлоо
Хойтон хавар ирэхдээ
Хонин дунд минь буугаарай
Аясын салхинд намирсан
Алчуур дээр минь суугаарай…

Рэ ах ганцхан дуутай. Халамцахаараа, гэхдээ дотны хүмүүсийнхээ захиалгаар л ганцхан дуулдаг нь “Цэцэгт цэнхэр алчуур”. Хэзээ хойно мэдэх нь ээ, шүлгийг нь дээр өгүүлсэн До.Нямаа бичсэн байх аж. Сөөнгө бүхт хоолойгоороо суут энэ дууг л эвлэгхэн дуулдаг юм.

Монголын сэтгүүл зүйд өдөр тутмын анхны хувийн сониныг Ц.Балдорж эрхлэгч үүсгэн байгуулахад түүний багийг Б.Лигдэн, Б.Пүрэвдаш, Б.Монхоо, Б.Галаарид нарын сэтгүүлч удирдаж, “Өнөөдөр”-ийн он дарааллыг эдүгээд ирэх гарааг эхлүүлсэн түүхтэй. Рэ ах нөхөрлөлд хударгатай хүн юм гэдгийг нь “Өнөөдөр” сонины ахмад үеийнхнийхээ хоорондын харилцаанаас ажиглаж, тэднээрээ бахархах, улам бүр хүндэтгэх, чадвал даган дуурайх сэтгэл төрдөг билээ. Лигээ эрхлэгчид очиж золгоно, сонин дөхүүлж өгнө гэж байхыг нь Рэ ахаас үргэлж сонсдог байлаа. Рэ ах албаа дуусгасан ч бай, түүний хувьд нэгэн цагт итгэл, хүндэтгэл төрүүлж явсан хүмүүсийнхээ өмнө анхны Рэнчинханд янзаараа ханддаг хувиршгүй бат хүн. Рэ ах хачин хатуу. Түүний итгэл үнэмшил, хайр хүндэтгэлийг нэг л хүлээсэн бол тэр хэзээ ч эргэлздэггүй, өөрчлөгддөггүй, тийм хатуу.

Түүний ширээ эмх цэгцээрээ ялгарна. Элдэв юмс хөглөөж суухгүй. Дээд буланд ноорог цаасуудаа тэвхийтэл хураасан байдаг. Дээр нь цайны ханданд борлосон цэнхэр аягаа тавьчихна аа, бас. Ингээд л болоо. Харин шургуулгад нь ширээний теннисний цохиур, бөмбөг байх вий. Манай сонинд Нооч хэмээн бид авгайлан дуудаж заншсан Н.Оюунчимэг гэж, Реклам, сурталчилгааны албаны дарга, гялалзуур эгч байв. Тэр хоёр теннисний найзууд, алтан түнш. Нооч бол хошин мэдрэмж нь төгсөрсөн, биднийг хөгжөөхдөө гарамгай хүн. Түүнтэй хамт байхаараа Рэ ах юмор талдаа ганц үг газар гээхээргүй цэцэн цэлмэг нэгэн болж, тэд инээдэм наргиа бүтээхдээ ч тун догь хоршил болдог нь “Өнөөдөр” сониныхонд үл мартагдан дурсагдсаар байдаг дотно сайхан түүхүүдийн нэгээхэн хэсэг билээ.

1998 оны үед шиг санаж байна, Рэ ах гарбөмбөг тоглож байгаад шөрмөсөө гэмтээгээд эмнэлгийн чөлөөгөөр гэртээ байхад нь би нэг удаа ажил тараад хэвлэл хүргэж өгөхөөр тэднийд анх удаа орсон юм. Тэгэхэд Рэ ахынх Германы Элчин сайдын яамны харалдаах замын урд талын орон сууцад байсан. Үүдээр ормогц яг л Рэ ахтай өөртэй нь адилхан айл угтав. Бүх зүйл нь эмх цэгцтэй. Коридорт байх утасны тавиур нь хүртэл хатгамалтай хөөрхөн бүтээлэгтэй байсныг санаж байна. Ажил хэрэгч хослолтой л харж дадсан Рэ ах маань цэмцийсэн өрөөнд гэрийн зөөлөн өнгөтэй хувцастай сууж байхыг харахад түүний талаарх төсөөлөл бүрэн бүтэн болж билээ. Эхнэр Оюунчимэг нь их сургуульд сэтгэл судлалын багшаар олон жил ажилласан, докторын зэрэг хамгаалсан эмэгтэй бий. “Ах нь насаараа эхнэрээсээ өндөр цалин авч үзээгүй хүн шүү дээ” гэж тэр нэгэнтээ цагаахан инээж байсан юм. Тэд ганц хүүтэй, өдгөө хүү нь дөрвөн хүүхэдтэйн том нь гэрлэж, Рэ ах өнөө жил жич хүүтэй болжээ. Өндөр өвөө амьдралын баяр баясгалантай яваа гэж жигтэйхэн. Жаран нас нэлээд гарсан хойноо л тэтгэвэртээ гарсан Соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч И.Рэнчинханд өдгөө далан насыг давсан ч теннисээ тоглож, өглөөгүүр алхаж, хүмүүстэй ярилцаж, “Өнөөдөр”-төө нийтлэл материал нийлүүлж, басхүү ном туурвилаа бүтээсээр даамай суугаа.

И.Рэнчинханд “Өнөөдөр” сонинд 1996-2017 онд сурвалжлагч, албаны дарга, тоймчоор ажилласан. 2008 онд Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртсэн.

Бэлтгэсэн Б.Энхцэцэг

5
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “Миний адгуу ах