Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Он цагийг өмчилсөн сэтгүүлч

Хүнд төрөлх орон гэр гэж бий. Хорвоод ирэхэд тосож өлгийдсөн тэр орон зай бол аав ээжийн минь тоонот өргөө. Түүнээс дутуугүй ээнэгшиж дассан, төрсөн тоонотын дайтай чухал утга учиртай бас нэгэн газар хүн болгонд байдаг. Миний хувьд тэр нь “Өнөөдөр” сонин. Бал эрхлэгчийнхээ хамт мөр зэрэгцэн зүтгэж, үүсгэн байгуулалцаж, өөдлөх замыг нь тэгшлэлцэж, олон сайхан хүмүүстэй уулзан нөхөрлөж, ажил амьдралын хамгийн дурсамжит сайхан цаг үеийг өнгөрөөсөн “Өнөөдөр”-ийн он жилүүд надад юутай эрхэм.

Аавын гэрийг зорин очих мэт байсхийгээд би “Өнөөдөр”-төө айлчлах дуртай. “Хана туурганаас нь хүртэл эрдмийн үнэр ханхалсан” гэж Загдын Түмэнжаргал ахын минь бичсэнчлэн үнэхээр хана туурга, шал, шат, ширээ сандал бүхнээс нь миний, бидний, Эрхлэгчийн үнэр ханх тавьж, хамгийн гэгээн гэрэлт дурсамж эгшиг татуулан угтах нь дэндүүхэн сайхан байдаг аа.

Хоёр дахь орон гэр минь болсон төрөлх сонины минь 25 жилийн ой энэ жил тохиож байна. Нэгэн зуунаар хэмжээлбэл дөрөвний нэгээр тодорхойлогдох цаг хугацаа. Геометр дүрслэлээр зураглавал тэгш дөрвөн талт квадрат буюу. Сониныхоо энэхүү тэгш баяраар энэ өлзийт өргөөнөөс төрөн гарсан гавьяатнуудынхаа тухай хөрөг, дурсамж тэргүүтэн бичиж, сониндоо мөнхлөх санаачилга гарч. Рагчаагийн ЧУЛУУН хэмээх хүндэт буурал ахынхаа тухай бичих үүрэг надад ногдов. Тиймийн учир буурал ахынхаа талаарх дурсамж бахархлаа ой санамжаасаа тэмтрэн нэгжиж сууна.

…Хөдөөгийн буйдхан суманд өвөө, ач хоёр амьдран суудаг байв. Хүржигнэсэн дуутай хүнхэр ногоон онгоц сумын урдах дөрөлж дээгүүр нисэн гарч ирэх болгонд ач хүү уралдах мэт Холбооны газар луу чавхадна. Өвөөгийнхөө захиалсан сониныг авчрах гэж тэр. Өвөө ном соёлыг дээдэлдэг, шинэ Монголын эхэн цагийн сэхээтэн. Сонин их уншина. Олон ч сонин, сэтгүүл захиална. Тавтайдаа уншиж, бичиж сурсан ач хүү насны эрхээр хараа нь муудсан өвөөдөө сонин дуудаж өгнө. Үлгэр гэмээр энэ эхлэлийн эзэн нь миний өвгөн буурал аав, бид хоёр бөлгөө.

Өвөө маань спортын бүхий л төрлийг сонирхдог, хоёр Мөнхөөс (Мөнхбат, Баянмөнх) эхлээд Александр Медведь, Леван Тедиашвили, Махмут Аталай гээд дэлхийн хэмжээний алдарт бөхчүүдийг мэддэг, тэмцээн уралдааны тухай мэдээг алгасахыг ер зөвшөөрдөггүй, “Спортын мэдээ” сонины бүх нийтлэлийг бүгдийг нь уншуулж байж санаа нь амардаг хүн байв.

Чухам тэр үеэс буюу таван настайгаасаа би Чулуун ахтай танилцсан гэж хэлж болно. Учир нь “Үнэн” сонины дөрөвдүгээр нүүрэнд спортын мэдээ нийтлэгдэнэ. Тэр мэдээг зөвхөн Р.Чулуун гэж хүн бичнэ. Ер “Үнэн” сонинд гарах спортын мэдээ мэдээлэл, сурвалжилга, нийтлэл, гэрэл зураг бүхэн зөвхөн ганц автортой. Өвөөгийнхөө нөлөөгөөр спортод шунан дурласан би “Энэ Чулуун гэдэг хүн шиг спорт бичдэг, тамирчдыг бүгдийг нь таньдаг, мэддэг сэтгүүлч болохсон” гэж арай ухаан орсон хойноо боддог болсонсон. Тавтайдаа “танилцсан” ах маань намайг оюутан болсон хойно хүртэл өнөө л “Үнэн” сониндоо, мөнөөх л спортоо бичсээр байв.

1970-аад оны эхнээс 1990-ээд он хүртэлх Монголын спортын мэдээ мэдээллийн түүх “Үнэн” сонинд чухамхүү Чуяа ахын минь гараар бичигдэж үлдсэн юм. Монголын спортын сэтгүүл зүйн 20-иод жилийг тэр ухаан билиг, ур чадвар, зүтгэл хөдөлмөрөөрөө ийнхүү өмчилсөн бөлгөө. Бүхэл бүтэн 20 жилийн хугацаанд “Үнэн” сонин спорт бичдэг сэтгүүлч хэдийг бол хэдийг сольчих байсан. Гэтэл нэг л хүн спортыг өмчилчихөөд суугаад байсан нь тэр салбараа мэддэг, хүнээ таньдаг, асуудлаа мэдэрдэг, Монголын спорт, тамирчдын орон зайд хүлээн зөвшөөрөгдсөн байсны илрэл билээ. Ийнхүү нэгэн цаг үеийг, нэг сэдвийг, бүхэл салбарыг эзэгнэсэн сэтгүүлч тэр цагт тун цөөхөн байсан юм шүү. Нийтлэлээ “Он цагийг өмчилсөн сэтгүүлч” хэмээн нэрлэсний учир энэ ээ.

Бага насны минь хүсэл мөрөөдлийн хүрэх цэг болсон, хүндлэн дээдлэх сэтгэлийн минь хойморт заларсан мөнөөхөн эрхэм хүмүүнтэйгээ хамтран ажиллах хувь тохиол 2000 онд бүрдэв. Миний бие нийслэл Улаанбаатар хот, Засгийн газрын хэвлэлийн албаар гурван жил хэртэй “аялаад”, Эрхлэгчийнхээ дуудлагаар сониндоо буцан ирэх үед Чуяа ах “Өнөөдөр”-т залагдаад удаагүй байв.

Ханхар сайхан бие хаатай, хад чулуу мэт бахим чигжүү, хижээл насны эртэй дорхноо л дотносов. Тэр цагт би “Таван цагариг” сонины эрхлэгчийн алба хашиж байсан болохоор манай булангаар Чулуун ах байнга зочлоостой. Бид ч бас хааяахан Чуяа ахынхаа булангаар айлчилна. Тэр нь гэрэл зургийн албаны өрөө, лаборатори л доо. Нэг удаагийн айлчлал Бал эрхлэгч, Хулан найрагч гээд өргөн хүрээтэй болсон ч маргааш нь Чуяа ах маань арга хэмжээ авхуулав. Уг нь мань мэт л банга хүртэх ёстой баймаар. Тэгж яривал сөнч болчихсон, хундагалж өгөөд байсан Бал эрхлэгч өөрөө хүртэл хам хэрэгтэн болмоор. Гэвч хөөрхий муу Чуяа ах л ганцаараа гайтсанд гайхаж хоцров.

Хэд хоноод Эрхлэгчийн хүн чанар муутайг дурдан, Чуяа ахын хэлмэгдсэнд харамсал илэрхийлэх зуураа “Цаад өрөөгөөр чинь гялс ороод гаръя” гэвэл арга хэмжээ авхуулсан тушаалаа ханандаа хадчихсан, “Тэрийг уншчих” гэж эрүүгээрээ заачихаад, огт хавьтуулсангүй. Бүр Д.Цоодол ахыг хүртэл дагуулж очоод ахыг зөвшөөрүүлж дийлээгүй билээ. Хожим бодоход Эрхлэгч тун нарийн ухаан гаргасан байв.

Намайг ч юм уу, Заяабат, Рэ ах мэтэд арга хэмжээ авсан бол бид нэг их цочрохгүй, гэрэл зургийн өрөөнд хааяа болдог арга хэмжээ тасрахгүй байсан байх. “Дайсныг үүрэнд нь” гэдэгчлэн яг халуун фронтын эзэн, нөхөр Чулуунд арга хэмжээ авчихад тушаалыг зөрчихгүй нь ойлгомжтой, бусад нөхөд Чулуун гуайгаа үгэндээ оруулж чадахгүй гэсэн холыг харсан нүүдэл хийсэн хэрэг.

Ер нь манай Чуяа ах түс тас хүн. Үгүй гэвэл үгүй. За гэвэл ёогүй. Хэлье гэснээ хэнд ч хэлнэ. Тэр нь цөөн үгтэй. Хөөрхөн ёжтой. “Үнэн” сонинд байхдаа “Москва-80” олимпын наадмыг “Үнэн” сониноос нэг сэтгүүлч явж сурвалжлах болж. Чуяа ах “Надаас өөр хэн байхав” ухааны юм бодож, хэрдээ бэлдэж байтал хэл ус сайтай, залуу ирээдүйтэй гээд Бал эрхлэгчийг явуулах шийдвэр гарчээ. Хариуд нь Чуяа “Олимпод бөхчүүд орос хэл дээр барилдах юм гэсээн” хэмээн гоморхлоо илэрхийлсэн гэлцдэг юм

Өөрөө л зохиосон болов уу гэмээр орчин цагтаа нийцсэн онч мэргэн үг нэлээд хэлнэ. Жишээ нь, “Архи уугаад ирсэн нөхрөө алга ташиж угтдаг авгай хэзээ ч байдаггүй” гэх мэт.

Цаг хугацааг чанд баримтална. Болзсон цагаас нь хоцрох юм уу, хэлсэн амандаа хүрэхгүй бол илт дургүйцнэ. Нэг тийм явдлын дараа надад аминчлан “Өнөөдөр хийнэ гэсэн бол өнөөдөр л хийж сур. Өнөөдрийг маргаашаар солиод байвал нэг л мэдэхэд маргааш ч үгүй болох цаг ирнэ. Ядаж өөрийгөө хүндэлж бай” гэсэн удаатай.

Залуусыг байнга урамшуулна. Алдааг нь ч шуудхан хэлнэ. Магтахдаа айхтар сүрхий цаасан малгай өмсгөөд байхгүй. “Чиний ярилцлага сайн болжээ. Сая тэр (нэг гайгүй ч том хүний нэр хэлж) над руу ярьж, энэнийг бичсэн сэтгүүлч ямар хүн байна. Овоо хүүхэд байна шүү. Сайхан бичжээ гэлээ. Ингэж бичээд байвал удахгүй миний хүү том сэтгүүлч болох нь ээ” гэх жишээтэй. Өөрийнхөө магтаалыг өөр нэгнээр нэмэрлээд давхар сайшаачихаар ийм үг сонссон сэтгүүлч баярлахаас өөр яахав. Чухамдаа хүн утасдсан, эсэх нь бүү мэд шүү дээ.

“Алдаа нүд сохлох шиг болдог юм. Чиний бичсэнийг олон хүн уншиж байгаа. Тэр олон хүний нүдийг сохолно гэдэг том нүгэл шүү” гэж хэлүүлсэн сэтгүүлч бусдаар уншуулаад ч болов, алдаагүй бичихийг эрмэлзэнэ.

Ийнхүү Чуяа ахтайгаа хамт сонинд өнгөрөөсөн 10 гаруй жилээ эргэн дурсахад нэг их нүнжиг ханхалсан, нөмөр нөөлөгтэй сайхан уулын дулаан энгэрт байсан шиг санагддаг аа.

Юухнаар ч бол хүнийг баярлуулах, тус дэм болох гэсэн санаа Чуяа ахаас байнга цухалзаж байх. Гэрэл зургийнхаа хэдийг байнга магтана. Манай Тошкагийн энэ зураг арай л өөр байгаа биз. Батаа маань ийм шагнал авч. Туяа тэр уралдаанд түрүүлж. Манай Харцага л хамгийн түрүүнд очиж, хамгийн сайн кадр авч дээ гэх мэтээр хэлтсийнхэндээ дандаа урам баяр түгээж, тэднийгээ өмгөөлж хамгаалж явах. Тэгсэн хэрнээ сүрхий шаардлага тавина. Гэрэл зураг авдаг хүн ядаж тайлбараа биччихдэг байх хэрэгтэй. Дандаа хүн дагуулж мэдээнд явна гэж юу байхав. Мэдээ бичиж сур гэж шахна. 2005-2010 оны үед манай гэрэл зургийн сурвалжлагчид Монголд зохиогдсон бараг л бүх уралдааны шагналуудыг хамдаг байв. Өнөө хэдийгээ шагналыг нь бариулж, өөрөө урд нь тун маадгар суусан зургаа авхуулаад ханандаа өлгөчихсөн ч байх шиг.

2001 онд “Таван цагариг”-таа алдарт тамирчдын цуврал хөрөг эхлүүлж, дараа нь гадаад хэл дээр гарсан номуудаас хэсэглэн орчуулж, нийтэлж эхлэв. Эхлээд Иван Ярыгиний “Бөх болох уу, чи” гэдэг номоос өөрөө орчууллаа. (Одоо эргээд харахад “Ты идёшь на ковер” гэдгийг би буруу орчуулсан санагддаг. Махчилбал “Дэвжээнд гарах уу, чи” гэж буух энэ номыг монгол хэлээр бол “Бөх болмоор байна уу” гэмээр ч юм шиг)

Нэг өдөр Чуяа ах “За, ах нь чамд нэг ховор зураг өгье. Наадахаа ном болгож хэвлүүлэхдээ оруулаарай” гээд И.Ярыгин, Х.Баянмөнх нарын нэлээд хожуу Улаанбаатарт авхуулсан зургийг өгөв. Нэгэн үе нэг жинд ач тач өрсөлдөж, дэлхийн бөхийн ертөнцийг доргиож явсан хоёр алдарт аваргын түүхэн уулзалтын зургийг Чуяа ах өөрөө авснаа ийнхүү бэлэглэхэд нь үнэхээр их баярласан ч урагшгүй би номоо хэвлүүлж чадалгүй өнөөдрийг хүргэж байгаадаа хүлцэл өчсү.

Спортын сэтгүүлчийнх нь хувиар Чуяа ахтайгаа ярилцлага хийж, “Таван цагариг”-таа нийтлүүлсэн удаатай. Уг нь түүнийг баярлуулах санаатай л хийсэн ажил. Баярласан, эсэхийг мэдэхгүй. “Гайгүй болжээ” л гэж байсан даа. Гэрт нь очиж, бараг бүтэн өдөржин болж байж хийсэн тэр ярилцлага таван настайгаасаа “танилцсан” Чуяа ахынхаа дотоод ертөнцийг танин мэдэх замыг эхлүүлсэн байх гэж одоо боддог.

Яг миний адил пионерийн удирдагчаас ажлын гараагаа эхлүүлж, хожим сэтгүүлч болж, сэтгүүлчийн ёс дэг, бүтээн туурвих арга барил, сэтгүүл зүйн мөн чанарт чин үнэнч амьдарсан хүн бол Чуяа ах мөн. Мэгзэм гэдэг нэртэй сургуулийнхаа захирал, Түдэв эрхлэгчийгээ насан туршаа шүтсэн, Бал эрхлэгч, Шүр эгч тэргүүт нөхдөө ямагт хайрлан дээдэлж, Дөнгөтийн Цоодол, Санжийн Пүрэв тэргүүт андуудаараа гоёж, тэднээрээ бахархаж, залуус хойчийнхны үлгэр дуурайл болж яваа түүний амьдрал сонин гайхам түүхээр баялаг.

Говийн Алтай нутгийн Дарвийн нуруунд төрж өссөн хэрнээ Увсын Баянмөнх аваргатай нөхөрлөөд жарныг үдэж байгаа. Хамба лам Чойжамц абугайг сурагч байхад нь чөлөөт бөхийн хүнд жинд барилдуулж, өөрийнх нь хэлснээр “нүгэл хийсэн” удаатай.

Гэргий нь Даваа гэж цөөхөн, зөөлхөн дуутай, намуун дөлгөөн нь хэтийдсэн гэмээр сайхан эгч байсан даа. Барагтай бол юм хэлэхгүй. Дэргэд нь харин Чуяа ах тун дураараа мэт, чанга чанга ярьж, хааяа пүг пүгхийн инээд алдаж, суурь нь хугарсан (ширээн дээр тавих аргагүй) хаш хундагатай сархдаар зочноо шахаж суух. Тийм нэг өдрийн маргааш Чуяа ах “Өчигдөр Даваа зэмлэж байна. Олигтойхон өтөлж чадахгүй, хүүхэд багачууд уруу татаад, тэгээд бас зүгээр ч суулгахгүй архиар шахаад гэлээ. Би ч нээрэн тавтиргүй өвгөн болж байгаа юм байна даа” гэж билээ. Даваа эгч тоотойхон зэмлэдэг, түүнийг нь Чуяа ах хууль мэт хүлээж авдаг нь эндээс анзаарагдсан даа.

Хүн муу хэлж, муу муухай зүйл амнаасаа унагаж байхыг нь ер сонсоогүй дээ. “Ээ, лут хүн шүү”, “Дажгүй залуу байна лээ”, “Тун сүрхий хүн болно доо” гэх мэт энгүүхэн хэрнээ ямагт сайн сайхнаар бусдыг үнэлж дүгнэнэ. Ер юунд ч үл шунаж, орчлонгийн амьдралын гэгээ гэрлийг илүү мэдэрч, баяр жаргал, гуниг зовлонд үл түүртэн, үхэл хагацлыг хүртэл жам ёсоор нь хүлээж авч, ямар ч цагт, юуны ч өмнө байгаагаараа байж чаддаг бурхан сэтгэл Чуяа ахынх.

Тэтгэвэртээ гараад сайхан байна гэж хэлдэг хүн цөөн. Чуяа ах маань гарах гээд, Бал эрхлэгч байж бай гэсээр 60 нэлээн гарч байж гэртээ суусан Чуяа ахаас санаандгүй “Тэтгэвэрт гарах ямар байна” гэсэн чинь “Өө сайхан байна. Бодож санах юмгүй, гэдсээ илээд хэвтэж байх амар юм байна шүү дээ. 400 гаруй мянгаар тэтгэвэр тогтсон. Дээр нь гавьяатын 150 мянгаа авчихна. Даваа бид хоёр барж идэхгүй юм байна” гэж билээ. Өөр хүн сэн бол 500 мянга гаруйхны тэтгэвэртэй, гурван өрөө сууцын хөлс, идэх уух, өмсөх зүүхдээ хүрэхгүй шинжтэй. Хэцүү байна гэх байсан байж магадгүй.

Тун хөдөлмөрч, бага цагт ихийг амжуулдаг хүн санагддаг. Ажил дээр бичиг цаас болоод суух нь харагддаггүй. Тэгсэн хэрнээ бараг жил бүхэн 1-2 ном гаргаж, манийг ичээнэ. Спортын түүхэн сэдвээр хэчнээн номтойг тоолж байсангүй. Лав л “Олимпын медальт монголчууд” гэдэг номоо олимп болгоны дараа шинэчилж гаргаад байх шиг харагддаг. Олимпын дэвжээнээс медаль хүртсэн монгол тамирчдын үүх түүх, хөрөг бичвэрийг нэгэн дор багтаасан ном өөр байхгүй л байх аа даа.

“Алтайн хөх харчуул” хэмээх цуврал нь хэчнээн ч дэвтэр болов, мэдэхгүй. Лав гурван дэвтэр гарсныг нь сайн мэдэж байна. Нэгэнд нь хөх харчуулаас 15 орчим хүн багтдаг. Тэгэхээр 50 шахам эрхмийн тухай үгэн хөрөг бүтээн мөнхөлсөн гэсэн үг.

Их нямбай. Өөрийнхөө хийгээд өрөөлийн намтар түүхтэй холбоотой баримт сэлт, бичсэн нийтүүлсэн бүхнээ ширхэгчлэн хадгалж байдаг. Манай “Таван цагариг”-ийн бүх дугаарыг хадгалсныг нь үзээд гайхаж билээ. Бал эрхлэгч өөрийнхөө бичсэн нэг номыг эрж хайгаад хаанаас ч олоогүй нь Чуяа ахад байсныг гуйхад нь нэлээд луу унжиж байж “үндсэн үнийг нь хэд нугалан дамласан” тухайгаа бүр нэг бах нь ханасан шинжтэй яриад инээж суусныг санаж байна.

Спортын гэрэл зургийн маш нандин өвтэй. Монголын спортын гэрэл зурагчин гарын таван хуруунд багтаж байсан үеийн анхдагчдын нэг, сайн ч зурагчин.

“Үнэн”-д, “Өнөөдөр”-т, ерөөс Монголын сэтгүүл зүйд түүх бүтээж амьдарсан хүний нэг бол Чуяа ах минь билээ. Улс орон, байгууллага салбарын түүх гэдэг бол угтаа хүний л түүх. Хүмүүсийн түүх нэгдэн нийлж байж, их түүхийг бүтээдэг. Гэхдээ хүмүүсийн дотроос түүх бүтээх хэмжээний түлхүүр үүрэг гүйцэтгэгч нь мэдээж цөөн. Рагчаагийн Чулуун хэмээх энэ цөлх гүдэсхэн хэрнээ гэгээн гэрэлтэй, оршихуйдаа эзэн суусан, уул мэт эрхэм бол тэдгээр цөөний нэг бөлгөө.

Уулс намсдаггүй гэнэм. Тиймээс өнө бат оршихын учир тэнд буй гэлцэнэ.

Өндөр хөглөгөр хөх уул мэт өвгөн буурал ахдаа чадан ядан хэлхсэн энэхүү хөрөг тэргүүтнээр “Өнөөдөр”-ийн ойн өлзийт ерөөл өргөн барья.

Р.Чулуун 1997-2007 онд “Өнөөдөр” сонинд албаны даргаар ажиллаж байв. 2006 онд Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртсэн юм.

Бэлтгэсэн Содномдаржаагийн БАТБААТАР

3
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 thoughts on “Он цагийг өмчилсөн сэтгүүлч

  • Anonymous says:

    Сайхан буурал даа.

  • Г.Ганзориг says:

    Нутгийн тулхтай буурал, домог болсон спортын сэтгүүлч, гавьяат Р.Чулуун гуайн тухай энгийн бөгөөд гайхалтай бичсэн эрхэм нөхөр С. Батбаатартаа гялайлаа. (Бид НЗДТГ-т хамт ажиллаж байлаа)
    Чу мэргэн ах минь та урт наслаж удаан жаргаарай Чулуун гуайн тэр алдартай өрөө ( лаборатор)-өөр зочилж явснаа дурсах таатай байна.

  • Anonymous says:

    Saihan hunii tuhai tunchig saihan bichij dee