Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ц.ХОНГОРЗУЛ: Хөдөлмөр засалчийн мэргэжлээрээ өдөр бүр бахархдаг

Ц.Хонгорзул 2018 онд АШУҮИС-ийг хөдөлмөр засалч мэргэжлээр төгсжээ. Түүнээс хойш Улсын гуравдугаар төв эмнэлэгт мэргэжлээрээ ажиллаж буй. Өнөөдрийн байдлаар энэ мэргэжлээр улсын хэмжээнд 20 хүн ажиллаж байгаагийн нэг нь Ц.Хонгорзул бөгөөд ажлынхаа онцлогийг “Үйлчлүүлэгчтэйгээ нэг хүн шиг болж, харилцан ойлголцох нь хамгийн чухал. Ингэснээр өвчтөн хурдан эдгэрэхийн зэрэгцээ бидний хувьд ажил мэргэжлээрээ бахархах бас нэгэн шалтгаан болдог” гэж тайлбарласан юм. Монголд шинэ тутам хөгжиж байгаа хөдөлмөр засалч мэргэжлийн онцлогийн талаар түүнтэй ярилцлаа

-Улсын гуравдугаар төв эмнэлэгт хэдэн хөдөлмөр засалч ажиллаж байна вэ?

-Нийт гурван хүн энэ чиглэлээр ажиллаж байгаагийн хоёр нь АШУҮИС-ийн төгсөгч, лицензтэй хөдөлмөр засалч. Нэг мэргэжилтэн маань Энэтхэгт сургалтад хамрагдаж, төгссөн. Манай улсад хөдөлмөр болон хөдөлгөөн засалч, өөрөөр хэлбэл, сэргээн засах эмчилгээ, тусламж, үйлчилгээ үзүүлэх боловсон хүчин нэлээд дутмаг байгаа. Ялангуяа 2000 оноос хойш эрэлт нь илүү нэмэгдэх болсон. Тиймээс Улсын гуравдугаар төв эмнэлгээс энэ чиглэ лийн мэргэжилтнийг гадаадад сургаж, бэлтгэсэн. Үүнээс гадна гадаадаас ирсэн багш нарын сургалтад хамрагдаж, хөдөлмөр засалчаар бэлтгэгдсэн цөөн хүн бий. Гэхдээ энэ мэргэж лээр бакалаврын зэрэгтэй төгссөн, ажиллах лицензтэй хөдөлмөр засалч манай улсад 20 л байгаа. Бүгд АШУҮИС-ийн төгсөгч.

-Хөдөлмөр засалчийн ажлын онцлог нь юу вэ?

-Хөдөлмөр засалч нь үйлчлүүлэгч, өвчтөнийхөө хүсэл, сонирхолд тулгуурлан ажиллах ёстой. Жишээ нь, цус харвасан хүн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцох чадвараа алддаг. Явах, алхах, аягатай хоолоо барьж идэж чадахгүй болсон зэргээр өдөр тутмын үйл ажил лагаа нь алдагддаг. Тиймээс цус харвасан хүмүүсийн амьдралын чанарыг сайжруулахын тулд хөдөлмөр засалч түүнтэй ярилцаж, хүсэл, сонирхлыг нь сонсох учиртай. Бидний ажил маш сайн ярилцах, ажиглахаас эхэлдэг. Ингээд тухайн хүндээ тохирсон хөдөлмөр, дасгалуудыг өдөр тутамд хийдэг зүйлстэй нь хамтруулан боловсруулна. Үүний тулд өвчтөний аль хэсгийн булчин, үений үйл ажиллагаа алдагдсан, ямар дасгал, хөдөлгөөн чухал вэ зэргийг анхаарах ёстой. Манай эмнэлгийн Хөдөлмөр засалчийн кабинетаар цус харвасан, зүрхний эмгэг, үе мөчний үрэвсэл, нугасны гэмтэлтэй, мөн танин мэдэхүйн үйл ажиллагаа алдагдсан хүмүүс үйлчлүүлдэг. Хөдөлмөр засалч хүүхдийн, мэдрэлийн, сэтгэцийн эмгэгийн, өндөр настны гэхчлэн нарийн мэргэшсэн чиглэлүүдтэй. Тэр болгон өөрийн гэсэн онцлогтой. Жишээ нь, хүүхдийн хөдөлмөр засалчийн ажиллах арга барил их өвөрмөц. Бага насны хүүхдийн өдөр тутмын үйл ажиллагаа нь голчлон тоглох, наадах, хоол идэх байдаг. Энэ онцлогт нь то хируулан ажиллана. Үүнээс нь болоод зарим асран хамгаалагч, эцэг, эх хүүхдийн хөдөлмөр засалчийг сайн ойлгохгүй “Чи тоглоод байгаа юм уу” гэж хүртэл асуудаг гэсэн.

-Тухайлбал, танин мэдэхүйн үйл ажиллагаагаа алдсан хүнд ямар тусламж, үйлчилгээ үзүүлдэг талаар танилцуулна уу.

-Цус харвалт, гэмтэл, бэртлийн дараа орон зайн баримжаагүй болох, эсвэл урт болон богино хугацааны ой санамжаа алдах нь бий. Мөн өдөр тутамд хийдэг үйл ажиллагаагаа мартаж, санах тохиолдол ч гардаг. Эдгээр нь танин мэдэхүйн үйл ажиллагааны алдагдал. Энэ үед нь хөдөлмөр засалчийн тусламж, үйлчилгээ нэн чухал. Үүний тулд тусгай төлөвлөгөө боловсруулан, үйл ажиллагааг уйгагүй давтан байж үр дүнд хүрдэг. Жишээ нь, урт хугацааны ой санамжаа алдсан хүмүүс зааж өгсөн үйл ажил лагааг маргааш нь мартчихдаг. Тиймээс нарийн дараалалтай төлөвлөгөө гаргаад, түүнийгээ өдөр болгон давтуулдаг. Ингэснээр хэсэг хугацааны дараа зуршил болж, дахин мартахааргүй болдог. Энэ мэтээр өвчтөнтэйгөө бага багаар тууштай хичээллэж, давтах ёстой. Хөдөлмөр засалчийн оролцоо эмнэлгээр хязгаарлагдахгүй. Гэрт ч, ер нь нийгмийн амьдралд бие даан оролцох хүртэл бүх тал дээр оролцож, тусламж, үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй. Дэлхийн жишгээр бол барилга, орон сууц, зам тавих, дэд бүтцийн бүтээн байгуулалт зэрэгт ч хөдөлмөр болон хөдөлгөөн засалчдыг хамруулдаг юм билээ. Хүнийг нийгмийн харилцаанд оролцоход чухал хувь нэмэр оруулдаг, манай улсад маш эрэлттэй байгаа энэ мэргэжлийг залуучууд эзэмшээрэй гэж уриалъя.

-Та яагаад хөдөлмөр засалч болохоор шийдсэн юм бэ?

-2014 онд элсэлтийн ерөнхий шалгалтаа өгөөд, АШУҮИС-ийг сонгосон. Тэр үед хөдөлмөр засалч, хөдөлгөөн засалчийн мэргэжлээр сурч төгсвөл ажлын байр 100 хувь баталгаатай ол доно гэж сонссон юм. Хөдөлмөр засалчийн хувьд анхны элсэлт, маш эрэлттэй мэргэжил, бас суралцах хугацаандаа гадаадад дадлага хийж, хэлний мэдлэгээ давхар дээшлүүлэх боломжтой зэргээр давуу тал олон байсан учраас сонгосон.

-Сургуулиа төгсөөд, гурван жил ажиллаж, тодорхой туршлагатай болсон хөдөлмөр засалчийн хувьд мэргэжлийнхээ бахархалт талыг товчхон тодорхойлооч. Өдөр бүр сайжирч байгаа үйлчлүүлэгчээ харах нь “гоё бэлэг шиг” санагддаг гэж сэргээн засах мэргэжилтэн ярьж байсныг сонсож байлаа.

-Ажлаараа өдөр бүр бахархдаг. Өвчтөнүүд маань сайжирч байгааг харах нь гоё мэдрэмж. Үйлчлүүлэгчид маань яг л хөлд орж байгаа хүүхэд шиг. Тэднийг зоригжуулж, урам өгч, хичээл зүтгэл ийм “амттай” гэдгийг мэдрүү лэх нь чухал. Атгаж, алхаж чадахгүй байсан хүн чаддаг болох нь ямар сайхан гээч. Тэр үед ажлаараа үнэхээр бахархаж, баярладаг. Тэгээд маргааш нь нөгөөх хүн маань дахин өөр хөдөл гөөн, үйлдэл хийж чадахаар бас л бөөн баяр болдог. Өвчтөнүүдийн ар гэрийнхний үүрэг бас их чухал. Үйлчлүүлэгчийн биеийн байдал сайжрахад гэр бүлийнхэн нь хүүхэд шиг л баярладаг. Олон хүний баярлахыг харахаар ажлын ачааллаа хүртэл мартчихдаг юм.

-Өвчтэй хүний сэтгэл зүй эмзэг болдог. Цус харвасны дараа уур уцаартай болох нь түгээмэл. Ингээд бодохоор хөдөлмөр засалч сэтгэлзүйчийн үүрэг давхар гүйцэтгэдэг юм байна.

-Өвчний улмаас булчингийн үйл ажиллагаа нь алдагдаж, хүссэнээрээ хөдөлж чадахаа больсон хүмүүсийн сэтгэл зүй өөрчлөгддөг. Уцаартай болохын зэрэгцээ дуугаа хураах нь ч бий. Харилцан ойлголцохгүй, ярилцаж тохирохгүй тохиолдолд эмчилгээний үр дүн мэдээж сайнгүй байна. Тиймээс аль болох ярилцаж, сэт гэлийг нь нээх чухал. Жишээ нь, манай нэг үйлчлүүлэгч залуу ер ярьдаггүй байлаа. Юм асуухаар ч хариулахгүй шахам. “Цус харвасан учраас ингээд л хүний гарт орлоо, амьдрал ингээд дууслаа” гэж бодож, шаналаад итгэлгүй болж, эмнэлэгт ирэхийг ёс төдий ойлгож байсан. Харин хөдөлмөр засалчийн тусламжтайгаар түүний биеийн байдал одоо үнэхээр сайжраад, бас их яриасаг болсон. Бараг жил эмчилгээ хийлгэж байгаа. Ер нь сэтгэл тайван, урамтай байх хэрээр эмчилгээний үр дүн хурдан гардаг.

-Ажиглаад байх нь ээ, та бүхэн үйлчлүүлэгчдээ бараг “эрхлүүлдэг” юм байна. Ер нь уурлах, зөрүүдлэх хүн байдаг уу?

-Өвчнөөсөө болоод сэтгэл зүйн дарамтад орж, аашлах хүн бий. Гөжүүдэлж байгаа мэт загнах нь ч тохиолддог. Гэнэт инээж, уйлдаг үйлдэл ерөнхийдөө нэлээд давтагддаг, ялангуяа цус хар васан хүмүүст. Биднийг ч загнадаг. Гэсэн ч шалтгааныг нь мэдэж байгаа учраас аль болох тайван байж, аргаддаг. Энэ бол бидний ажлын бас нэгэн онцлог үүрэг. Гэхдээ үг авдаггүй хүүхэд шиг зарим хүний өвөрмөц араншин, зан байдалд тохируулж жаахан загнаж, дуугаа өндөрсгөж, тулгах маягтай шаардах тохиолдол гардаг л юм.

-Хөдөлмөр засалчийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд тулгуурладаг үнэлгээ гэж бий юү?

-Хөдөлмөр засалчийн үнэлгээний арга гэж бий. Тухайн хүний биеийн байдал одоо ийм түвшинд байна, ямар дасгал, хөдөлгөөнөөр хэдий хугацаанд үйл ажиллагааг нь сэргээх боломжтой вэ зэргээр оношилж, оноогоор үнэлдэг. Ингэхдээ асуумж болон ажиглалтын, өөрөөр хэлбэл, хөдөлгөөний гэсэн арга хэрэглэдэг.

-Та Японд мэргэжлийнхээ дагуу дадлагажсан юм билээ. Тухайн улс энэ чиглэлийн мэргэжилтнийг хэрхэн бэлтгэдэг вэ. Тэндээс суралцсан зүйлсээ та өдгөө хэрхэн хэрэгжүүлж байгаа бол?

-Би оюутан байхдаа Японд танилцах дадлага хийсэн юм. Хүнийг үнэлэх үнэлэмж дээд зэрэг байдаг тус улсаас сурсан зүйл их. Хамгийн энгийн жишээ гэхэд л үйлчлүүлэгчээ угтахаас эхлээд хүндлэх, ярилцах, хувийн орон зайд нь халдахгүй байх, харилцан итгэлцэл төрүүлэхэд юу анхаарах зэргийг сурсан. Үйлч лүүлэгч болон үйлчлэгч хоёрын харилцан итгэлцэл, чин сэтгэл эмчилгээ, тусламж, үйлчилгээний чанарт маш чухал үр нөлөөтэйг тэнд мэдэрсэн. Үүнийхээ дагуу ажиллахыг хи чээдэг. Энд нэг зүйлийг хэлэхэд, ЖАЙКА байгууллагынхан Монголд ирж бидэнд сургалт явуулдаг. Тэгэхээр сургуулиа төгссөний дараа ч мэргэжил, мэдлэгээ тасралтгүй дээшлүүлээд, хөгжүүлэх боломжтой. Ер нь АШУҮИС-ийн хөдөлмөр засалчийн ангийнхны хувьд гадаадад дадлагажих, мэргэжил дээшлүүлэх боломж илүү байдаг. Жишээ нь, хоёр, гуравдугаар курстээ Швейцар явж, олон улсын оюутнуудын сургалтад хамрагддаг. Үүний тулд мэ дээж идэвх зүтгэлтэй суралцах ёстой. Эмч, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, хэл засалч, сэтгэлзүйч, хоолзүйч гээд сэргээн засах эмчилгээ, тусламж, үйлчилгээ үзүүлэхэд хамтран ажиллах шаардлагатай бүх мэргэжлийнхэн тэнд цугладаг. Ингээд багийн хамтын ажилла гааны уялдаа холбоо, түүнийг хэрхэн хангах зэргээр маш их зүйл сурч, мэддэг. Энэ бол туршлага судлахын зэрэгцээ хэлний мэдлэгээ дээшлүүлэх, бусадтай нээлттэй харилцах, найз нөхөдтэй болох том боломж, давуу тал.

3
Зөв, гоёЗөв, гоё
1
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
Савж уналааСавж уналаа
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “Ц.ХОНГОРЗУЛ: Хөдөлмөр засалчийн мэргэжлээрээ өдөр бүр бахархдаг

  • Цэцгээ says:

    Ёстой мундаг охин ажилын ур чадвар сайн олон ч хүн босгосон охин ажилд нь амжилт хүсье