Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Халамжлах бус, хөдөлмөрлүүлэх бодлого чухал

Монгол Улсын хүн амын дийлэнх хувь нь ямар нэгэн байдлаар халамжийн үйлчилгээнд хамрагддаг. Төрийн халамжийн үйлчилгээ гэдэг нь зөвхөн ядуу, орлого багатай, хөгжлийн бэрхшээлтэй хэсгийнхэнд ногддог зүйл биш, тухайлбал, 0-3 настай хүүхдээ асран халамжлагч ээж нар, “хүүхдийн” гэсэн тодотголтой тэтгэмж хүртэгч 18 хүртэлх насныхан, гавьяаныхаа амралтыг эдэлж буй ахмадууд ч нийгмийн халамж хүртэгч юм. Энэ утгаараа улсын хэмжээнд халамж хүртэгчдийн хувь өндөр гардаг. Бусад улсын хувьд ч ялгаагүй энэ утгаар нь үзэхэд нийгмийн халамж хүртэгчдийн дарах жин өндөр гардаг байна. Гэхдээ хүнсний эрхийн бичигт хамрагдах хэмжээний халамж хүртэгчдийн хувь хэмжээгээрээ манай улс сүүлийн жилүүдэд уралдаанд орж байгаа мэт хурдтай “довтолгоод” байх шиг. Энэ бол ядуурлын түвшин нэмэгдэж буйн тод жишээ. Нөгөөтээгүүр, тийм хэмжээнд “хүрч” улсын халамжаар тэтгүүлэх сонирхолтой хүмүүс олширч буйн зэрэгцээ төр, засаг иргэдээ ядуу байлгаж халамжлагчийн дүр эсгэх хүсэлтэй байна уу гэж хардахад хүргэлээ. Учир нь манай нийгэмд халамж нэртэй, мөнгө цацдаг бодлого хэтрээд, данхайгаад байна. Үүний уршгаар хөдөлмөрлөж, ажил хийж “зовох” хүн улам олдохгүйд хүрэх нь.

Халамжийн бодлого хэрэгжүүлж ядуу, эмзэг давхаргынхнаа эрсдэлээс хамгаалах нь аль ч улсад байдаг, бараг зүй тогтол шахам зүйл. Үүнд тодорхой хэмжүүр, хязгаар байх ёстой. Гэтэл манайд энэ талын бодлого хальгиж цалгих хэмжээнд явж байна. Тэгээд ч ханахгүй улам нэмэгдүүлж, хавтгайруулах гэнэ. Тодруулбал, хүнсний талон буюу эрхийн бичигт “дулдуйдагсдын” тоог нэмэхээр судалж байгаа аж.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 44 325 өрхийн 235 мянган иргэн (тэдний 49 хувь нь хүүхэд) ийм эрхийн бичгээр хоногийн хоолоо залгуулдаг гэсэн статистик бий. Журамд зааснаар бол нийслэлд амьжиргааны түвшин 292.5, орон нутагт 310 ба түүнээс доош оноотой буюу нэн ядуу өрхөд хүнсний эрхийн бичиг олгох ёстой бөгөөд тэр алга дарам цаас (өдгөө карт хэлбэртэй болсон) зорилтот бүлгийнхэндээ хүрч чадвал үнэхээр нүдээ олсон дэмжлэг юм. Харамсалтай нь, дарга сэтэртэй зарим нэгэн сувдаг хүний, түүний “цүнх баригч”, эсвэл мэдээлэлд илүү ойр байдаг хорооны ажилтан зэрэг хомхойнуудын халаасанд орчихдог муухай явдал тасрахгүй байгаагаас төрийн хүртээдэг хүнснээс ядарсан хэчнээн хүн “жийгдэж” байгааг таашгүй. Энэ талаарх судалгаа ч алга. Уг нь хүнсний эрхийн бичгээр мах, дайвар, будаа, гурил зэрэг нэн шаардлагатай, өдөр тутмын хүнсний хэрэглээний, 10 нэр, төрлийн бүтээгдэхүүн авах учиртай. Гэтэл буруу замаар олж авсан бичгээрээ үнэтэй, амттайг нь “сорчлон” авдаг хүн олон байдгийг хүнсний талоноор үйлчилдэг дэлгүүрийнхэн ярьж байна. Жишээ нь, Долоон буудал дахь найман нэрийн дэлгүүрийн эзэн “Хүнсний талоноор тахианы цээж мах, “Олейна” тос, бохь, амттан, ундаа авдаг хүн цөөнгүй бий” гэж ярьжээ. Энэ мэт мэдээллийг өөр олон хүн хэлж, гайхаж буй. Хүнсний эрхийн бичгээр үйлчлүүлж байгаа иргэдийн 30 хувь нь хувийн автомашинтай, боломжийн амьдралтай гэсэн судалгаа ч байна. Тэдний дунд өндөр үнэтэй жийп, хаус болон орон сууцтай буюу дунджаас дээш амьдралтай хүн олон байгааг албаныхан “илчлээд”, энэ бодлогыг улам боловсронгуй болгон шинэчлэх талаараа мэдээлсэн нь саяхан.

Үнэндээ бол шинэчлэл хэмээн нэрлэсэн эл ажил нь халамжийг хавтгайруулах ээлжит нэгэн арга хэмжээ болох вий. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Малчин өрхүүдэд малын тооноос нь хамааран хүнсний эрхийн бичиг олгох, эсэхийг шийднэ. Жил бүхэн мал тооллого хийж байна. Тиймээс 50-иас доош малтай бол хамрагдаж болно. Энэ агуулгаараа хүнсний талон олгох журмыг шинэчлэхээр ажлын хэсгүүд ажиллаж байна” гэсэн. Төр, засаг 50-иас цөөн мал (бод, бог тодорхой заагаагүй)-тай “ядуу” өрхөд хүнсний эрхийн бичиг тараахаар судалж буй гэсэн хэрнээ эл төрлийн халамжийг хаус, жийптэй хүмүүс авч байгаа нь ноцтой гажуудал хэмээн “ёслол төгөлдөр” мэдэгдэх. Мөн ч хөгийн зөрчилдөөн шүү. Дарга нарын өрөвдөж, ядуу болгон хараад байгаа малчин өрхийн 50-хан малыг нь өнөөгийн зах зээлийн ханшаар бүдүүвчлэн бодвоос зургаагаас олон тэгтэй тоо гарна. Жишээ нь, хонь, үхэр, ямаа холимог 50 малын буян овоо “хөөрхөн” орлого. Өнгөрсөн сарын дунд үеийн ханшаар бол нэг кг ноолуур 115 мянган төгрөг байв. Үхэр 1-1.8 сая төгрөг байсан бол хонь 300 мянгаас буугаагүй. Энэ болдундаж үнэ. Мэдээж энэ үнэ цаашид буурахгүй, улам өснө. Үүнээс гадна халуун хошуут мал өсөж, үржих нь дамжиггүй. 50 үхэртэй ядарсан малчин, хотын захын дүүрэгт нөхөөстэй, шалгүй гэрт долоон хүүхдээ тэжээхийн тулд зах дээр ачаа бараа зөөдөг аав хоёр ялгаагүй гэж үү. Өнөөдөр жинхэнэ “бор зүрхээрээ” яваа, улсад татвараа алдалгүй төлдөг, нийгмийг үүрч дүүрч буй жирийн иргэдийн цалин ядарсан гээд байгаа, цөөхөн малтай малчныхаас илүү гарах уу. Эрх биш гадарлах буй за.

Ингэж хавтгайруулахаар зэхэж байгаа бодлогын хүрээнд өнөөдөр хүнсний эрхийн бичиг гэдэг зүйл жинхэнэ хэрэгцээт хүндээ хүрч чадахгүй байгаа нь нууц биш. Үүн дээр “хачир” болгон хэлэхэд, хүнсний эрхийн бичиг авдаг иргэдийн Эрүүл мэндийн даатгалыг үнэ төлбөргүй “бөглөдөг” юм билээ. Өөрөөр хэлбэл, хоол хүнсээ талоноор залгуулах хэмжээний эмзэг бүлгийн иргэддээ үзүүлдэг төрийн бас нэгэн халамж, үйлчилгээ нь энэ. Өнөөх жийптэй, 50 үхэртэй малчид ч энэ хамаатай, хөгийн байгаа биз.

Өнөөдрийн байдлаар төрөөс иргэдэд 72 төрлийн халамж, үйлчилгээ үзүүлдэг бөгөөд Нийгмийн халамжийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу 2009 оноос эхлэн хүнсний эрхийн бичгийг хүн амын 7.6 хувьд хүртээж иржээ. Зөвхөн өнгөрсөн онд гэхэд хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд 58 тэрбум орчим төгрөг төсөвлөсөн баримт байна. Хүнсний эрхийн бичигт хамруулахын тулд өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаа хийж, 0-1000 оноогоор ядуурлыг нь үнэлдэг журамтай. Эл судалгааг хоёр жилийн давтамжтай авдаг гэсэн. Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд бусдын хоолыг булааж идсэн хаустай иргэн хэд байсныг нарийвчлан тогтоох боломж өдгөө байгаа. Тэднийг болон төрийн хоолоор дайлсан эрх бүхий хүмүүсийг нь олж тогтоон хариуцлага тооцох ёстой. Энэ бол эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэг. Цаашлаад төрийн халаасанд гар дүрсэнтэй дүйх гэм билээ. Ийм гэмт этгээдийг хуулийн дагуу шийтгэсэн сайн жишээ манайд байгааг дурдах ёстой. Жишээ нь, Баянзүрх дүүргийн IV хорооны найман хэсгийн ахлагч иргэдэд олгох ёстой хүнсний тусламжийг хувьдаа завшсаныг тогтоосон.

Иймэрхүү хүнлэг бус үйлдэл гаргасан жишээ олон улсад ч байна. Ер нь хүнсний эрхийн бичиг олгох ажил хаа газрын хумхай сэтгэлтнүүдийг “гижигддэг” тул хяналт, хариуцлагын тогтолцоонд онцгой анхаардаг юм байна.

Энэ төрлийн халамж, үйлчилгээ, хүнсний эрхийн бичгийг дэлхийн I дайны дараа Европын орнуудад бий болгосон түүхтэй бөгөөд өдгөө олон улсад нийгэм, эдийн засгийн янз бүрийн зорилгоор түгээмэл ашигладаг гэнэ. Ингэхдээ хамгийн чухал зорилт нь хүн амын эмзэг бүлэгт үнийн өсөлтийг даван туулахад нь туслах, жижиглэн худалдааны сүлжээний монополын эсрэг тэмцэхэд орон нутгийн бизнес эрхлэгчдийг дэмжих зэрэг давхар олон агуулга, үүрэгтэй байдаг аж.

Хүнсний дэмжлэгийг Европ, АНУ-д нийгмийн эмзэг хэсгийг дэмжих арга хэрэгсэл болгодог. Америк 1974 оноос эхлэн Хоол, тэжээлийн нэмэлт тусламжийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ нь бага орлоготой иргэдэд чиглэдэг. Аливаа халамжийн системийг хэрэгжүүлэх явцад залилан мэхлэх, авлига, албан тушаал, эрх мэдлээ урвуулах зэрэг сөрөг үзэгдэл гардаг. Тус улсын хувьд ч адил. Уг хөтөлбөрт хамрагдсан иргэд төрийн тусламжийг үргэлжлүүлэн авахын тулд нэмэлт орлогоо нууж эхэлжээ. Хүнсний талоныг бэлэн мөнгөөр солихыг хориглох журамтай ч иргэд ихэвчлэн дэлгүүрийн эзэн, худалдагчидтай тохиролцон хөнгөлөлттэй үнээр борлуулдаг, жишээ нь, 400 долларын эрхийн бичгийг 200-гаар зарах нь газар авсан гэнэ. Хамаатан садныхаа эрхийн бичгийг залилан авч, борлуулсан гэмт хэрэгт ихэсжээ. Энэ мэт зүй бус явдал эл хөтөлбөрийн хэрэгжилтэд дарамт болж эхлэхэд 1980-аад оны эхээр Ерөнхийлөгч Рональд Рейган Засгийн газрын зардлыг бууруулах хүрээнд хассан байна. Үүний дараа энэ бодлогоо шинэчлэх хүрээнд бүрэн цахимжуулснаар залилах боломжийг бууруулсан аж. Д.Трамп эл хөтөлбөрийн хэрэгжилтэд нэлээд анхаарал хандуулан, багагүй танаж, шинэчилсэн гэнэ. Тэрбээр хүнсний эрхийн бичгээр зөвхөн дотоодын хүнс борлуулахыг чухалчилжээ. Муж улсуудын хууль тогтоогчид нь ажил хийх хүсэлгүй хэрнээ улсаас талон авч амьдардаг шимэгчдийн тоог хязгаарлахын тулд хөдөлмөр эрхлэлтийн шаардлагыг өөрчилжээ. Хүнсний эрхийн бичиг авдаг 18-49 настай хөдөлмөрийн чадвартай хүмүүсийг долоо хоногт 20 цаг хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт ажиллуулах, мэргэжлийн сургалтад хамрагдахыг хуульчилсан байна.

Сонирхуулахад, зарим улсын хувьд үүнийг нийгмийн бүхий л давхаргынханд олгон туршихаар судалж байгаа гэнэ. Литва улсын эрх баригчдын мэдээлснээр нийгмийн халамжийн эл шинэ систем нь иргэдэд мөнгөө хэмнэх, фермер, тариаланчдын хувьд бүтээгдэхүүнээ илүү их хэмжээгээр борлуулах боломж олгоно. Тодруулбал, хөдөө аж ахуйн шинэ бүтээгдэхүүн зардаг жижиг дэлгүүрүүдэд хүмүүс хүнсний бичгээрээ төлбөр тооцоо хийнэ. Манай улсын хувьд Литвагийн эл санаачилга дэндүү “хийсвэр”, хөндий сонсогдох болов уу. Юутай ч олон улсын мэргэжилтнүүдийн зөвлөж, сануулж буйгаар ядуурлыг хөдөлмөрлөж байж ялахаас бус, хүнсний эрхийн бичгээр шийдэхгүй. Хоол хүнс авахад зориулсан багахан тусламж нь ядууст тустай боловч ядуурлын асуудлыг шийдэхгүй. Өөрөөр хэлбэл, халамжлах бус, хөдөлмөрлүүлэх бодлого чухал гэсэн үг.

Хүнсний эрхийн бичгийн журмыг шинэчлэх, үүний хүрээнд зорилтот бүлгийнхэнд чиглэсэн хүнсний халамжийг хууль бусаар хүртдэг, хэн нэгэнд давуу эрх олгодог зүй бус тогтолцоог халахаар ажиллаж байгаа Засгийн газар энэ мэт гадаадын туршлагыг судалж тусгах буй за. Ингэхдээ сарын хоол хүнсээ төрөөр даалгадаг баячуудын тоог бууруулж, сайдын дурдсанчлан 900 гаруй өрхийн 5525 иргэнийг хүнсний талоноос хасах төдий бус, ул үндэстэй нарийн судалгаанд суурилан шинэчлэл хийгээсэй. Нөгөөтээгүүр, хүнсний эрхийн бичгээс хассан баячуудынхаа оронд малын буян нь дэлгэрсэн “ядуу” малчдыг хамруулахгүй байхыг нуршин сануулахад илүүдэхгүй болов уу.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.