Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нэг уралдаан, найман дээд амжилт

Олимпын наадмын түүхэн дэх хамгийн агуу мөчүүдийн нэг өнгөрсөн даваа гаргийн үдэш тохиож, 400 метрийн халхалттай гүйлтийн финалын үеэр үзэгчид нэг дор найман дээд амжилтын гэрч болов. Эл түүхэн уралдааны дараачаас алтан медальт Норвегийн К.Вархольмыг Б.Бимон, У.Болт нарын одтой зүйрлэж эхэллээ.

400 метрийн халхалттай гүйлтийн төрөлд энэ жил “төсөөлөшгүй” зүйл болж буй. Бодоод үзэгтүн. 1992 оны Барселонагийн олимпод АНУ-ын К.Янг энэ төрөлд дэлхийн дээд амжилт (46.78 секунд) тогтоосон нь 20 гаруй жил эвдэгдэлгүй тэссэн бол энэ жил гурван ч гүйгч түүний амжилтыг эвдсэн. Эхнийх нь К.Вархольм. Тэрбээр долдугаар сарын 1-нд Ослод болсон “Алмаазан лиг”-ийн гараанд К.Янгийн амжилтаас 0.08 секундээр хурдан гүйж, дэлхийн дээд амжилтын эзэн болсон юм. Түүнээс гадна АНУ-ын Р.Бенжамин, Бразилын А.Сантос нар эл зайд онцгой байлаа.

Ийн эл зайд Токиод дээрх гурван тамирчны хооронд гал гарсан уралдаан өрнөх нь тодорхой болов. Гэхдээ наймын найман дээд амжилт шинэчлэгдэнэ гэж нэг ч хүн төсөөлөөгүй нь тодорхой. Хамгийн азгүй нь Р.Бенжамин байв. Тэрбээр түүхэн дээд амжилтаас хагас секундээр хурдан гүйсэн. Тодруулбал, 46.17 секундийн амжилт үзүүлсэн ч дөнгөж мөнгөн медаль хүртлээ. “46.1 секундийн амжилт үзүүлсэн ч аваргалж чадахгүй гэж олимпын өмнө надад хэн нэг нь хэлсэн бол би тэр хүнийг өрөөнөөсөө хөөж гаргах байлаа. Энэ бол олимпын түүхэн дэх хамгийн агуу гүйлт, У.Болтын 100 метрт 9.5 секунд гүйснээс ч илүү” хэмээн америк гүйгч уралдааны дараа ярьжээ.

Харин А.Сантос К.Янгийн дээд амжилтаас ч (46.72 секунд) хурдан гүйснээр Өмнөд Америк тивийн дээд амжилт тогтоон хүрэл медаль хүртсэн байна. Цааш өгүүлье. Виржинийн арлын К.Макмастер, Туркийн Я.Копелло, Эстонийн Р.Мяги тус тус улсын дээд амжилтаа шинэчлэн тогтоожээ.

Мэдээж финалын гүйлтийн гол баатар нь К.Вархольм байлаа. Тэрбээр түүхэнд анх удаа эл зайг 46 секундэд туулсан юм. Тодруулбал, 45.94 секунд. Эл итгэмээргүй үзүүлэлт нь түүнийг дэлхий, олимп, Европын дээд амжилтын эзэн болгож байгаа юм.

Энэ жил 25 настай К.Вархольм бол энэ зайд гэнэт тодорсон тамирчин биш. Норвег гүйгч 2013 онд найман төрөлтөөр дэлхийн залуучуудын аварга, хоёр жилийн дараа 10 төрөлтөөр Европын аварга болж байв. Таван жилийн өмнө Риогийн олимпод 400 метрийн зайд 10 дугаар байр эзэлсэн агаад 2017 оноос түүний “эрин” эхэлсэн юм. Тэрбээр мөн ондоо дэлхий болон Европын АШТ-д түрүүлсэн. Улмаар 2018, 2019 онд эл хоёр цолоо амжилттай хамгаалсан билээ.

Бэлтгэсэн Э.Манлайбаатар

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.