Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

М.Наранболд: Яах вэ, ах нарын араас дүү нар нь бичиж л байна

Г.Сэр-Одын болон МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч Мөнхтогтохын Наранболд шинэ номоо “өлгийджээ”. Түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Юуны түрүүнд шинэ номоо гаргасанд баяр хүргэе.

-Баярлалаа. Шинэ номоо хэвлэлтээс хүлээж аваад баярлах, эмээх зэрэгцэж л сууна даа.

-Хэдий хугацаанд бичсэн зохиолоо баринтаглаа вэ?

-Оюутан байхдаа бичсэнээсээ ганц, хоёр өгүүллэг сонгож оруулсан. Тэгэхээр энэ номд арав гаруй жилийн хугацааны л юм орсон гэсэн үг. Ер нь, би зав л гарвал бичиж, хуудас хуудсаар нь буулгаад байж чаддаггүй л дээ. Авьяас дутдаг юм болов уу. Хааяа бичсэн маань ихэвчлэн сэтгэлд хүрдэггүй. Намайг өгүүллэг бичиж буйг ойр дотнын нөхдөөс цөөхөн нь мэдэж байсан. Учир нь, санаа зовоод л тэдэндээ хэлж чадахгүй байхгүй юу /инээв.сур/.

-Яагаад санаа зовно гэж. Та өмнө нь шүлгийн хоёр ч түүвэр гаргасан шүү дээ. Хос морьтой байна гэдэг хэр баргийн зохиолчийн хийх ажил биш гэж би боддог.

-Санаа зовоод байдаг юм аа. Би шүлгийн анхны “Цаг хугацааны зүүд” номоо гаргахдаа л учиргүй их баярлаж байж. Төрийн шагналт зохиолч, яруу найрагч Дамбын Төрбат гэж мундаг хүнээр редакторлуулсан болохоор арга ч үгүй байх л даа. Багш урмыг маань хугалахгүй гэсэн дээ “Анхны ном нь алдаа ихтэй байсан ч яах вэ” гэж бодсон хэрэг. Их сургуулиа төгсдөг жил л дээ. Ёстой гэнэн цагаан, алдаа оноогоо ч мэдэхгүй “амьтан” явсан үе. Харин хоёр дахь ном “Тэнгэрийн хэл” өмнөхөөсөө арай дээр болсон байж магадгүй ч хэвлэлтээс авчихаад их эмээж байлаа. Тэр номд МЗЭ-ийн шагналт яруу найрагч В.Нэргүй ах өмнөтгөл бичээд “Сайн муу аль аль нь л байна. Тэртээ тэргүй зуун хувь сайн ном гаргасан хүн одоогоор байхгүй” гэж, дараа нь МЗЭ-ийн шагналт яруу найрагч С.Ууганбаяр ах бас уншчихаад “Алдаагүй номыг хэн ном гэдэг юм. Болж байна” гэсэн. Үнэн хэрэгтээ хоёр ах бол “Болоогүй байна шүү” гэдгийг зөөлхөн хэлж байгаа биз /инээв/. 2014 онд “Тэнгэрийн хэл” номынхоо баярыг нутагтаа хий гэж ах нарын зөвлөснөөр А.Эрдэнэ-Очир, В.Нэргүй, М.Билигсайхан, Л.Ганзул ах нартайгаа дотнын хэдэн дуучин найзаа дагуулаад гараад шидчихсэн. Ах нар “Ном зараад чи тэртээ тэргүй их ашиг олохгүй. Яруу найрагч хүн чинь нутгийнхандаа номоо бэлэглэсэн нь дээр байдаг юм” гээд хувааж тэвэрч байгаад л Соёлын төвд цугларсан хүмүүст тараачихаж билээ. Тэгсэн өнөө хүмүүс нь “Гарын үсэг зуруулна” гэцгээгээд намайг шавчихдаг юм. Зарим нь “Заавал гоё үг бичээрэй” гэнэ. Лав зуу шахам номд юм бичсэн байх шүү /инээв/. Хоёр сайхан ах минь одоо алга даа. Богино өгүүллэгийн анхны номоо бүр ч илүү эмээж, ганц хоёр жил хойшлуулж байж гаргалаа. Номд орсон бүхэн бүтээл мөн эсэхийг уншигчид, тэр дундаа зохиолч, яруу найрагчид л хэлнэ байх. Одоо бусдын гар дээр очиж, намайг хэн бэ гэдгийг надаар мэдүүлэлгүй зарлах учир эмээж л сууна. Хос морьтой гэвэл дээд үеүдэд олон л хүн бий. Ойроос гэвэл П.Батхуяг ах байна шүү дээ. Жинхэнэ утгаар нь яруу найраг, хүүрнэл зохиолыг хослуулан бичиж байна. Залуучуудаас гэвэл манай Т.Дарханхөвсгөл шүлгийн хоёр номынхоо дараа богино өгүүллэгийн ном гаргасан. Удахгүй “Болор цом”-ын эзэн О.Цэнд-Аюуш маань ч хүүрнэл зохиолын нэг ном бүтээх гэж буйгаа саяхан дуулгана билээ. Яах вэ, ах нарын араас дүү нар нь бичиж л байна.

-“Тэр шувуу” номыг хэн редакторлав. Олон өгүүллэг орсон уу?

-МЗЭ-ийн шагналт зохиолч С.Баттулга найз маань редакторлаж, өмнөх үг бичсэн. Оюутан болж хотод ирээд л нөхөрлөсөн цөөн хэдэн залуусын маань нэг л дээ. Анх шүлэг бичдэг байсан мань хүнийг  П.Батхуяг багш нь “Чи өгүүллэгийн санааг шүлэг болгож бичээд байна. Наадахаа өгүүллэг болгоод ир” гэж даалгавар өгснөөр өөрийгөө олж, одоо хүүрнэл зохиолын гурван ч ном бүтээж, цөөнгүй кино зохиол дээр ажиллачихсан сууж байна. Тиймээс үе тэнгийнх болохоор нэлээд зориглож байгаад Тулгадаа хэдэн өгүүллэг үзүүлсэн юм. Манай хүн гурван сар шахам л намайг дэглэлээ шүү /инээв/.  “Тэр шувуу” номд маань 20 гаруй богино өгүүллэг орсон.

-Хүмүүс янз бүр орчинд зохиолоо бичдэг юм шиг санагддаг. Зарим нь байгалийн чимээ, хүүхдүүдийн шуугиан, их хотын буцалсан амьдрал дунд гээд хаана ч хамаагүй бичдэг гэх нь бий. Мөн онгодоо хүлээж бичдэг, шөнөөр сууж бичдэг гэдэг. Өөрийн чинь хувьд бас сэтгүүлч. Шүлэг зохиолоо хэрхэн бичдэг вэ?

-Сэтгүүлчийн ажлыг чи мэднэ дээ. Ялангуяа, өдөр тутмын сонины сэтгүүлч байна гэдэг амаргүй. Одоо бол долоо хоног тутмын сонинд ажиллаж буй. Хүн харахад завтай мэт боловч зөвхөн нэг салбарыг бичдэг тул сэдэв хумигдмал, явдал суудал ихтэй л дээ. До.Цэнджав ах “Сэтгүүлч хүн хөлийн хурдаараа хоолоо олж иддэг” гэсэн байдаг даа. Хоолоо олж идэхийн тулд бусдын л адил зүтгэж явна. Шүлэг, өгүүллэгийг онгодоо хүлээдэг, орж ирэхээр нь бичдэг гэж би худлаа хэлэхгүй. Онгод гэж яг юуг ч хэлдэг юм мэдэхгүй. Зурвасхан санаа орж ирвэл тэмдэглэж авчихаад хэзээ хойно нь чөлөөт цагаараа нэг сөхөж хардаг. Заримыг нь шал хэрэггүй, юуг нь ч ингэтлээ тэмдэглэсэн юм бол доо гэж бодно, зарим нь яг л тэр үед бууснаараа үнэтэй санагдана. Мөн хүүхдүүдийн шуугиан, чимээнд бичээд суухгүй. Харин санаа л олдох нь бий. Тиймээс хөдөө явахдаа ч юм уу, эсвэл ажил тарсны дараа хааяа суудаг юм. Чөлөөт цагаа гэр бүлдээ, хүүхдүүддээ бүрэн зарцуулахыг л эрмэлздэг. Гардан хоол хийж, гадуур хамт явж, ойр зуур салхинд гарах сайхан шүү дээ. Магадгүй энэ нь ч миний их бичдэггүйн шалтгаан байх.

-Энэ ном тань нийгэм рүү, хүний мөн чанар руу чиглэв үү, эсвэл ижий аав, нутаг усаа санаж бичив үү?

-Ахуй амьдрал, аж байдлын тухай л бичсэн болов уу. Би хүний үг, үйлдэл бүхэн сайн, эсвэл муу үйлийн үртэй гэж боддог. Учир шалтгааныг нь эхлээд бодох нь чухал. Нийгэмд сайн хүн, сайхан зүйл зөндөө бий. Гэхдээ л муу муухай нь дэндэх гээд байгаа энэ цаг үед сайн үйл хийдэг, мууг тэвчдэг хүмүүс олшроосой гэж хүсдэг. Энэ миний л бодол шүү. Үүгээрээ би гаргасан номоо ийм болсон, тийм болсон гэж дүгнээд байгаа юм биш. Ямартай ч нэгэнт надаас гараад явчихсан болохоор одоо намайг бусдад сайн, эсвэл муугаар зарлана гэдгийг би дээр хэлсэн шүү дээ. С.Баттулга маань өмнөтгөлдөө чиний асууснаар “Зарим өгүүллэг нь хүний дотоод сэтгэлийн ертөнц рүү улам бүр гүн гүнзгий нэвтэрсэн байна…” гэж дүгнэсэн байна билээ. Эмээхийнхээ хажуугаар хүн л юм хойно энэ үгэнд нь бас “Тийм бол сайнсан” гэж олзуурхсан.

-Ном зохиолд шимтэн дурласан, бичиж эхэлсэн үеэ дурсвал?

-Ном зохиолд татагдсан үе гэвэл ухаан ороод л гэж хэлнэ. Аав, ээж минь ном их уншдаг байлаа. Ер нь, тэр үеийн хүмүүс их уншдаг. Хаана, хэнийд ямар зохиол байгааг андахгүй мэднэ. Тэр үеийг одоо дээрээс нь харж байна гэж төсөөлбөл, сум даяараа л нэг нэгнээсээ ном зөөсөн, уншсан хүмүүс харагдах байх. Тийм хүмүүсийн дунд өссөн болохоор багаасаа номын амтанд орсон. Гадна дотны зузаан зузаан романуудыг булаацалдаад л уншина. Ээж маань ч дэмжиж ном их авч өгдөг сөн. Зарим дүрд нь дурлаж, заримд нь үнэн голоосоо гомдож, заримыг нь өрөвдөж уйлна. Тухайлбал, өсвөр насны хүү байхдаа Томас Майн Ридийн “Хурлийз бүсгүй” гэх цэнхэр гадартай номыг уншихдаа гол дүрийн бүсгүйд дурлаж, дөрөв таван ч удаа уншсан удаатай. Одоо ч миний төсөөлсөн “Хурлийз бүсгүй” нүдэнд минь харагдсаар л байдаг. Харин шүлэг бичихийн тухайд бол 1990-ээд оны сүүлч юм уу даа. Ном их уншсан минь л шүлэг, зохиол оролдохын шалтгаан болсон байх.

-Сайн зохиолч, найрагчдын хөл хөдөлгөөн хөвөрсөн сайхан сургуулийг төгссөн юм билээ.

-Тийм шүү, их утга зохиолын амьд бурхдыг дэргэдээс нь харж, үг сургаалийг нь сонссон минь том аз. МЗЭ-ийн байранд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, АУЗ Д.Пүрэвдорж агсаны үүсгэн байгуулсан утга зохиолын сургууль байсан юм. Өнөөгийн ардын, төрийн шагналтнууд бүгд цуглана, захиралтай шатар тоглоно. Зарим нь бүр бидэнд хичээл заана. Пүүжээ багш “Миний хүүхдүүд хүнд хэрэгтэй юм хийгээрэй. Хэрэгтэй юм хийж чадахгүй бол хэрэггүй зүйл бүү хийгээрэй” гэж захисан. Тиймээс ч шүлэг, өгүүллэг бичих, түүнийгээ олны хүртээл болох бүрдээ хэрэггүй зүйл хийчихсэн байх вий гэж эмээх юм.

1
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “М.Наранболд: Яах вэ, ах нарын араас дүү нар нь бичиж л байна

  • Зочин says:

    Бурхад нутаглам Бат-Өлзийн унаган хүү шүү дээ. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье* Номын гэгээ монголыг минь сэрээх болтугай.