Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

АН-аас хоёр мөрийн хөтөлбөр ҮАГ-т хүргүүллээ

Хэнтий аймгийн болон Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд оролцох нам, эвслүүд мөрийн хөтөлбөр хандивын тайландаа дүгнэлт гаргуулахаар өнгөрсөн сарын 28-ны 17.00 цагийн дотор Үндэсний аудитын газар (ҮАГ)-т хүргүүлэх хуультай. Тус газрын Аудитын дөрөвдүгээр газрын захирал, тэргүүлэх аудитор Я.Самбуунямаас хэчнээн нам, эвсэл хуулийн хугацаандаа багтаан мөрийн хөтөлбөр, хандивын тайлангаа ирүүлснийг тодруулав. Тэрбээр “10 нам, нэг эвсэл (“Зөв хүн электорат”)-ээс мөрийн хөтөлбөр, хандивын тайлангаа ирүүлсэн. Аудит хийх бэлтгэл ажлыг эхлүүлээд байна. АН-аас хоёр мөрийн хөтөлбөр ирүүлсэн тул холбогдох эрх бүхий байгууллагаас тодруулга авахаар албан бичиг хүргүүллээ. Мөн УИХ-ын сонгуульд эвсэл байгуулж өрсөлдсөн намууд дангаараа оролцохоор тусдаа мөрийн хөтөлбөр ирүүлсэн. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 27.10-т “Эвслийн аль нэг нам дангаараа нэр дэвшүүлэх, намын сонгуулийн зардлын данснаас бие даан зарлага гаргах, өөр намуудын эвсэлд нэгдэн орох, бие даан болон өөр эвсэл байгуулан нөхөн сонгуульд оролцохыг хориглоно. Эвсэлд нэгдсэн намуудын олонх нь эвслээс гарсан тохиолдолд эвслийг тарсанд тооцно” гэж заасан байдаг. Тиймээс УИХ-ын сонгуульд эвсэл байгуулж оролцсон намууд одоо дангаараа оролцох боломжтой, эсэхийг судалж байна” гэв.

Нам, эвслийн мөрийн хөтөлбөр хуульд заасан шаардлагад нийцэж байгаа, эсэх талаарх дүгнэлтийг санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө буюу ирэх 10-ний дотор ҮАГ-аас гаргаж, СЕХ-нд хүргүүлэх юм. Хэрэв мөрийн хөтөлбөр нь хуульд заасан шаардлагыг хангаагүй гэсэн дүгнэлт гарсан тохиолдолд тав хоногийн дотор зөрчлийг арилгаж, дахин хүргүүлэх боломжтой. Бие даан нэрээ дэвшүүлэх хүмүүсийн хувьд энэ сарын 25-нд багтаан мөрийн хөтөлбөрөө тус газарт ирүүлэх хуультай. Харин хандивын тайланд өнгөрсөн оны нэгдүгээр сараас арванхоёрдугаар сар дуусталх хугацаанд хүлээн авсан хандивын талаарх мэдээллийг тусгах ёстой билээ.

СЕХ-ноос баталсан, нөхөн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарьт зааснаар сум, дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчид өнгөрсөн сарын 29-нөөс өмнө сонгуулийн хэсгийг байгуулж, хэсгийн нутаг дэвсгэр, төвийг зарлах ёстой. Үүний дагуу Сонгинохайрхан дүүрэгт 59, Хэнтий аймагт 89 хэсгийн хороо байгуулсныг СЕХ-ны Мэдээлэл судалгаа, арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаа хэлэв. Хэсэг нь сумд 2000, аймгийн төв болон дүүрэгт 3000-аас дээшгүй сонгогчтой байх хуультай.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.