Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Вакцин хийлгэсэн, эсэхээс үл хамаарч төрийн үйлчилгээ авах нөхцөл бүрдүүлэхийг даалгажээ

“Ковид-19” цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор манай улсад хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах, зөрчих тохиолдол их гарсан. Энэ бүхнийг Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ынхон баримтжуулан, ямар эрхийг зөрчсөн, цаашид үүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрхэн авах шаардлагатай талаарх зөвлөмж бүхий, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын 20 дахь илтгэлээ УИХ-д өнгөрсөн гуравдугаар сард өргөн барьсан билээ. ХЭҮК-ын тухай хуулийн 9.2-т “Комиссын илтгэлийг жил бүрийн УИХ-ын хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, илтгэлээр өгсөн санал, зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар тогтоол гаргана” гэж заасан байдаг. Үүний дагуу УИХ өнгөрсөн зургадугаар сарын сүүлчээр тус комиссын илтгэлийг хэлэлцэж, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 20 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай 67 дугаар тогтоолыг баталсан юм. Харин үүнд заасан үүргийн дагуу комиссын илтгэлээр өгсөн санал, зөвлөмжийн биелэлтийг Засгийн газар УИХ-д жил бүр илтгэх үүрэгтэй. Дээрх тогтоолд бичсэнээр хэрэгжилтийг нь УИХ-ын намрын чуулганы хугацаанд Хууль зүйн байнгын хороонд танилцуулахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд даалгасан байна. Үүнээс хойш нэг сарын хугацаа өнгөрчээ.

“УОК-оос цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр хүний эрх, эрх чөлөөнд тодорхой хязгаарлалт хийх аливаа шийдвэр гаргахдаа ХЭҮК-оос санал авах, өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх, УОК-ын хуралдаанд ХЭҮК-ын гишүүнийг оролцуулж байх”-ыг Засгийн газарт үүрэг болгосон байна. Цар тахлын эсрэг үйл ажиллагаатай холбоотойгоор комиссоос хэд хэдэн зөвлөмжийг УОК-т өнгөрсөн хугацаанд хүргүүлсэн билээ.

Мөн орон нутгийн онцгой комисс болон төрийн байгууллага, албан тушаалтан нь халдвар авсан иргэнтэй хүнлэг бус харьцан, ялгаварлан гадуурхсан шинжтэй шийдвэр гаргаж, Үндсэн хуульд заасан, иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхийг ноцтой зөрчиж байгаа үйлдлийг таслан зогсоож, холбогдох хариуцлага тооцохыг тогтоолд дурджээ. Уг тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс төлөвлөгөө гаргасан, эсвэл ямар нэг чиглэл өгсөн, эсэхийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаныхнаас тодруулахад “Үүнд тусгасан ихэнх заалт нь Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарч байгаа. Тиймээс хэрэгжилтийг нь хангах төлөвлөгөө гаргаж, Засгийн газарт танилцуулахыг Шадар сайдад үүрэг болгосон. Одоогоор танилцуулаагүй байна” гэв.

Түүнчлэн “Ковид-19”-өөр өвчлөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа болон гэрийн тусгаарлалтад буй иргэдэд нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл дутмагаас шалтгаалан өвчин хүндрэх, амь нас нь эрсдэх аюулаас урьдчилан сэргийлэх, эм, эмнэлгийн хэрэгслийн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлж, эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй үнээр худалдан авах боломж бүрдүүлэхийг Засгийн газарт чиглэл болгожээ. Халдвар авсан, гэрээр эмчлүүлж буй иргэд тухайн хорооныхоо өрхийн эмнэлэгт бүртгүүлж, эрүүл мэндийн даатгалаараа хөнгөлүүлэн, шаардлагатай эмийн багцыг авах боломжтой гэж ЭМЯ-наас мэдээлж буй ч санхүүжилт байхгүй гэх шалтгаанаар эрүүл мэндийн анхан шатны зарим төвөөс үүнийг нь олгохгүй байгааг иргэд цахим сүлжээнд шүүмжилсээр байна.

Тогтоолд тусгаснаар цар тахлын голомтод ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг эрсдэлийн болон амь насны даатгалд хамруулах, даатгалын нөхөн төлбөр авах, сэтгэл зүйн зөвлөгөө, дэмжлэгийг тогтмол үзүүлэх, голомтод ажиллаж буй ажилтнуудын илүү цагийн урамшуулал, онцгой нэмэгдлийг ердийн үеэс хоёр дахин их хувь хэмжээгээр тооцож олгохыг судлан, шийдвэрлэхийг Засгийн газарт даалгасан. ЭМЯ-ны холбогдох мэргэжилтнээс энэ талаар тодруулахад “Эрүүл мэндийн ажилтнуудтай холбоотой асуудлыг хариуцсан хүн нь орон нутагт томилолтоор явсан. Хэд хоногийн дараа мэдээлэл өгнө гэсэн” хэмээв.

Халдварын эсрэг дархлаажуулалтад тухайн иргэн хамрагдсан, эсэхээс үл хамаарч төрийн үйлчилгээ авах эрхийг нь хязгаарлахгүй байхыг тогтоолд тусгасан. Гэвч яамд, төрийн байгууллагуудад вакцины хоёрдугаар тунгаа хийлгээд 14 хоносон иргэнийг л нэвтрүүлж байгаа.

Түүнчлэн цар тахлаас шалтгаалан ерөнхий боловсролын сургуулийн суурь хичээлүүдийг танхимаар судалж чадаагүй, сурч боловсрох эрх нь зөрчигдсөн сурагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг холбогдох яамныханд үүрэг болгосон. Сурлагын хоцрогдлыг нөхөх тусгай журам, хөтөлбөр, төлөвлөгөө гаргана гэж БШУЯ-наас мэдээлсэн ч есдүгээр сарын 1-нээс хичээлийг танхимаар эхлүүлэх, эсэхийг ч эцэслэн шийдээгүй байгаа билээ.

Уг нь дээрх тогтоолд “Бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн өсөлт, зохиомол хомсдол үүсгэж байгаа асуудлыг судлан, буруутай этгээдэд холбогдох хариуцлагыг тооцох, хилийн өртөөний ачаа эргэлтээс шалтгаалан бараа, бүтээгдэхүүний үнийн зохиомол өсөлт нэмэгдэж, чингэлгийн бөөгнөрөл үүсэж тээвэрлэлтийн зардал нэмэгдсэн нь иргэдийн амьжиргаанд нөлөөлж байгааг яаралтай судлан, шийдвэрлэх”-ийг Засгийн газар, холбогдох агентлагуудад даалгасан. Гэвч бензин, шатахуун, бараа, бүтээгдэхүүн, өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн ч энэ чиглэлээр дорвитой арга хэмжээ авахгүй байна.

Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэхэд зориулсан төсөв, хандив, тусламжийн зарцуулалт, хуваарилалтад тогтмол хяналт тавьж, иргэд, олон нийтэд тайлагнахыг Засгийн газар, УОК-т үүрэг болгосон юм. Онцгой байдлын ерөнхий газрын цахим хуудсанд хандив, тусламжийн орлого, зарлагын мэдээллийг сар бүрээр нь танилцуулсан байгаа нь үүний мөрөөр хийсэн ажил болов уу.

Бэлтгэсэн Б.Нандин

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.