Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бүхий л салбарыг хамарсан цогц зохицуулалт тусгах шаардлагатай гэв

УИХ-ын даргын 2021 оны 45 дугаар захирамжаар Худалдааны тухай хуулийн төсөл боловсруулж, парламентад өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг долоон гишүүнтэйгээр байгуулсан. Тус ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, мэдээллээр хангах үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан баасан гарагт боллоо.

Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн тогтолцоонд шилжсэн сүүлийн 30 жилийн хугацаанд худалдааны салбарыг нэгдсэн бодлогоор зохицуулсан бие даасан хууль, асуудал хариуцсан яамгүй байсаар ирсэн. Манай улсад хүчин төгөлдөр үйлчилж буй 600 гаруй хууль тогтоомжоос 57 хуулийн 100 орчим заалтаар худалдааны асуудлыг хэсэгчлэн зохицуулдаг аж. Өнгөц харахад эрх зүйн орчныг нь бүрдүүлсэн мэт боловч худалдааны салбарт нэгдсэн бодлого, стандарт байхгүй, хяналт сул, эрх бүхий байгууллагуудын ажлын давхардал хийдэл их, уялдаа холбоо алдагдсан хэвээр байгааг мэргэжилтнүүд хөндөв. Тухайлбал, хуульд заасан чиг үүргийн дагуу УИХ худалдааны тарифын, Шадар сайд чөлөөт бүсийн, Гадаад харилцааны яам Дэлхийн худалдааны байгууллагатай харилцах, Сангийн яам гаалийн бодлогын, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам дотоод худалдааны, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам газрын баялгийн экспортын асуудлыг хариуцдаг нь олон сөрөг үр дагавар үүсгэж байгааг энэ үеэр онцоллоо.

Дэлхийд томоохон эдийн засагтайд тооцогддог, үйлдвэржсэн орнууд худалдааны бие даасан хууль тогтоомжтой байдаг гэнэ. Манай улс Японтой эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулж, Европын Холбооны хөнгөлөлтийн систем (GSP+)-ийн хүрээнд Монгол Улсаас гарал үүсэлтэй 7200 гаруй нэр, төрлийн бараа, бүтээгдэхүүнд гаалийн тарифын хөнгөлөлт эдлүүлдэг ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байгааг ажлын дэд хэсгийн гишүүд хэлсэн юм. Худалдааны салбар нь 2020 оны урьдчилсан гүйцэтгэлээр манай улсын ДНБ-ий 15.4, үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн 40 хувийг бүрдүүлж буй аж.

Худалдааны тухай хуулийн төсөлд орчин, тээвэр, ложистик, үйлдвэрлэл, гааль, татвар, чөлөөт бүс, хөрөнгө оруулалт, экспортыг дэмжих хөнгөлөлт, урамшуулал зэрэг бүхий л салбарын асуудлыг хамарсан цогц зохицуулалт тусгах шаардлагатайг ажлын дэд хэсгийн гишүүд онцоллоо. Дэлхийн худалдааны байгууллагын зарчим, олон улсын гэрээ, хэлэлцээрийг тусгахын зэрэгцээ өөрийн орны онцлогт тохируулах нь хуулийг бодитоор хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтойг тэд хөндсөн юм. Түүнчлэн цаг үеийн шаардлага, эдийн засгийн хөгжлийн явцад үүсэж буй чиг хандлагыг харгалзан хуулийн төслийн зорилго, агуулгыг тодорхойлох, тухайлбал, “Ковид-19” цар тахлаас үүдэн цахим худалдааг хөгжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Манай улсын гадаад худалдааны үзүү- лэлтүүд буурч, нийт барааны эргэлт 2020 онд 12.9 тэрбум ам.доллар болж, өмнөх оноос 6.4 хувиар багасжээ. 7.6 тэрбум ам.долларын бараа, түүхий эд экспортолсон нь 2019 оноос 0.6 хувиар буурсан үзүүлэлт гэнэ. Цар тахалтай холбоотойгоор дотоодын үйлдвэрлэл саарч, хилийн боомтуудын үйл ажиллагаа удааширснаар экспортын хэмжээ хумигдсаныг анхаарах хэрэгтэйг ажлын дэд хэсгийнхэн хөндсөн юм.

Бэлтгэсэн: Б.Анх

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.