Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

С.Мөнхчулуун: Монгол хилээ хаасан ч хүн худалдах гэмт хэрэг гарсаар байна

Долдугаар сарын 30 буюу Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан НҮБ-ын шилжилт хөдөлгөөний байгууллагаас “Хөх зүрх-2021” аяныг эхлүүлэв. 2020 онд манай улс хүн худалдах гэмт хэргийн хохирогч 15 эмэгтэйг Малайзаас авчирч байв. Мөн онд цагдаагийнхан дотоодод хүн худалдах 14 хэргийг илрүүлж, 40 эмэгтэйг хохирогчоор тооцсоны 24 нь насанд хүрээгүй хүүхэд байсан. Улмаар найман хэргийг шүүхээр шийдвэрлэж, гэмт хэрэгтнүүдэд ял оноож чаджээ. Он гарсаар дотоодод хүн худалдах гурван хэрэг бүртгэсэн бөгөөд таван хүүхэд золиос болжээ. “Хүүхэд худалдаалах гэмт хэргийг зогсооё, бяцхан зүрх бүрийн мөрөөдлийг хамгаалъя” уриатай аяны талаар НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагаас хэрэгжүүлж буй Хүн худалдахтай тэмцэх төслийн ахлах мэргэжилтэн С.Мөнхчулуунаас тодрууллаа.

-“Хөх зүрх-2021” аян талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Дэлхий нийт “Хохирогчдыг сонсъё” уриан дор аяныг цахимаар өрнүүлж байна. Хохирогчдыг илүү их сонсвол цаана нь юу болдог, энэ бүхэнтэй хэрхэн тэмцэх вэ гэдэг дүр зураг илүү тодорно. Монгол хилээ хаасан ч хүн худалдах гэмт хэрэг гарсаар. Тиймээс Монголд үйл ажиллагаа явуулдаг төрийн бус болон олон улсын байгууллагууд энэ жил хамтарч байна. Олон улсын хөдөлмөрийн байгууллага, НҮБ-ын шилжилт хөдөлгөөний байгууллага, Азийн сан, Дэлхийн зөн, Хүйсийн тэгш эрхийн төв, “Экпат” зэрэг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага анх удаа нэгдэж, “Хөх зүрх-2021” аяныг цахим, пэйж хуудсаараа дамжуулан өрнүүлж буй. Хүмүүст дэлгэрэнгүй мэдээлэл өгч, сонор сэрэмжтэй байхыг уриалж байна. Эдгээр байгууллагын пэйж хуудсаар зочилсноор энэ өдрүүдэд илүү их мэдээлэлтэй болно.

-Хил хаасан жилүүдэд хүн худалдах гэмт хэрэг багассан юм биш үү?

-Цар тахалтай холбоотойгоор иргэдийн эдийн засаг маш их хямарлаа. Төрөөс тавьж буй хязгаарлалтууд үүнд нөлөөлдөг. Гэмт хэрэгтнүүд тэдний эмзэг сэдвээр тоглолт хийж байна. Дутагдсан гачигдсан зүйлийг нь санал болгож, улмаар хохирогч болгож, бүх эрхэд халддаг. Хүмүүс хүн худалдах гэмт хэргийг зөвхөн гадаадад гардаг гэж боддог. Хил хаалттай өдрүүдэд маш их цалин амлаж биеийг нь үнэлүүлэх, бэлгийн мөлжлөгт оруулсан хэд хэдэн хэрэг гарсан. Өсвөр насныхан, ер нь иргэдийн цахим хэрэглээ маш их бөгөөд ямар ч хяналт алга. Ялангуяа охид цахимаар хүнтэй танилцаж, зургаа өгч, зургаараа барьцаалагдаж байна.

-Энэ төрлийн хэргийг таслан зогсоохоор төрөөс явуулж буй бодлогыг хэр оновчтой гэж харж байна вэ?

-Төрийн бодлого улам л сайжирч буй. Эрүүгийн хуулийн 13.1-т зааснаар хүн худалдаалах гэмт хэрэгтэнд оноох ял маш өндөр. Насанд хүрээгүй хүнийг худалдсан бол хүндрүүлэх нөхцөл болж, насаар нь хорино. Хүн худалдах гэмт хэргийн илрүүлэлт өсөж байна. Шүүхээр шийдсэн хэргийн тоо ч адил өссөн. 2020 онд хүн худалдсан найман гэмт хэргийг шүүх эцэслэн шийдэж, гэмтэнд ял оноосон нь өмнө нь байгаагүй үзүүлэлт. Монгол таван жил хэрэгжүүлэх Хүн худалдах гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний хөтөлбөр баталсан. Хөтөлбөрийн хугацаа энэ онд дуусгавар болно. Дараагийн таван жилийн хөтөлбөрийг яамд нэгдээд боловсруулж эхэлсэн. Хүн худалдахтай тэмцэх дэд зөвлөлд төрийн байгууллагаас гадна олон улсын болон төрийн бус байгууллагын төлөөлөл ордог. Тасралтгүй тэмцсэний дүнд урьдчилан сэргийлэх ажилд бага боловч ахиц гарсан.

-Монголд хүн худалдах гэмт хэргийн хохирогчийг буруутгах хандлага өндөр. Үүнд чиглэсэн нөлөөллийн ажил хийдэг үү?

-Яг тийм. Өөрөө мэдсээр байж явсан, угаасаа биеэ үнэлдэг, дуртай байсан гэж буруутгадаг. Хэн ч бусдад хууртах эрсдэл бий. Хохирогч ямар ч буруугүй. Бас бэлгийн мөлжлөгийн хохирогчийг бүгд биеэ үнэлэгч гэж хардаг. Ямар нөхцөлд байсан, хэн юу гэж амласныг бид мэдэхгүй. Хохирогчийг буруутгавал хэргээ нууж, мэдээлэхгүй байх магадлал маш өндөр. Болсон явдлыг хүн бүхэнд ярина гэдэг хэцүү. Тиймээс хууль хяналтын байгууллага, ялангуяа цагдаа зэрэг эрэгтэй хүмүүс ажилладаг салбаруудад хохирогч  төвтэй, хүний эрх суурилсан зөв хандлага төлөвшүүлэх шаардлагатай.

1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.