Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Британийн цэргийнхэнтэй ажилласан орчуулагч нарыг татахыг уриаллаа

Британийн офицер асан хүмүүс тус улсын армид орчуулагчаар ажиллаж байсан, Афганистаны олон иргэнд шилжин суурьших эрх олгохыг Засгийн газартаа уриалсан байна. Афганистанчуудыг Британи руу шилжүүлэн суурьшуулах хөтөлбөр саяхан өөрчлөгдөж, квотыг нэмсэн ч хүсэлт гаргасан олон зуун орчуулагч татгалзсан хариу авсныг цэргийн командлагчид мэдэгджээ.

Засгийн газарт илгээсэн захидалд БХЯ-ны Штабын дарга асан дөрөв, армийн командлагч асан хоёр хүнээс гадна Батлан хамгаалахын сайд асан, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жонни Мерсер гарын үсэг зурсан байна.
Афганистанд хамтран ажилласан 2200 гаруй хүн, тэдний гэр бүлд шилжин суурьших эрх олгосноо Британийн БХЯ-наас мэдээлжээ. Квотыг нэмснээр 3000 орчуулагч, тэдний гэр бүл Британи руу шилжих эрх авах боломжтой аж. Гэвч захидалд дурдсан афганчууд нь гэрээ зөрчсөний улмаас ажлаасаа халагдсан хүмүүс учир татгалзсан хариу авсан гэнэ. Тухайлбал, орчуулагч Хамдар (хуурамч нэр) 2011-2014 онд Афганистаны Гильменд мужид Британийн цэргийн орчуулагчаар ажиллаж байжээ. Эргүүлд гурав дараалан гарсныхаа дараа бие засах газар цэвэрлэхээс татгалзсанаар тэрбээр гэрээгээ цуцлуулсан гэнэ. Үүнийг өөрийн хийх ёстой ажил биш гэж хэлсэн аж. Кабулаас холгүй эхнэр, 10 сартай охины хамт нуугдаж байгаа газраасаа Хамдар ВВС-д ярилцлага өгсөн гэнэ. Халагдсан гэдгийг нь үл харгалзан түүнийг британичуудын талд ажиллаж байсан хэмээн талибууд хороох аюултай байгаа юм.

Британиас гадна АНУ өөрсдийн талд ажиллаж байсан афганчуудад тусгай виз олгож буй билээ. 20 мянга орчим хүсэлт ирүүлснээс 4000-д нь зөвшөөрсөн хариу өгснийг Төрийн департаментаас нь мэдээлсэн байна. Мөн Германы Засгийн газар 2013 оноос хойш хамтран ажилласан афганчуудын хүсэлтийг хүлээн авахаа мэдэгджээ. Харин Нидерланд, Австрали зэрэг улс афганчуудаас аюултай байдалд орсноо нотлох баримт бичиг шаардаж буй нь шүүмжлэлд өртсөн байна.

НҮБ-ын Афганистаныг дэмжих төлөөлөгчийн газрын тэргүүн Дебора Лайонсын мэдэгдсэнээр Афганистаны 18 сая орчим иргэн хүмүүнлэгийн хямралд нэрвэгджээ. Олон улсын хандивлагчид Афганистанд туслахад бэлэн буй ч талибуудын халдлага тийм боломж олгохгүй байгаа аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.