Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Шат бүрт тавих хяналтыг чангатгах нь асуудлын гол шийдэл

Манай улсын хүн амын тоо 3.3 сая. Хөгжлийн бэрхшээлтэй насанд хүрсэн иргэн 100 мянга гаруй байдаг бол хүүхэд 10 мянга орчим. Нэг гэр бүл дунджаар таван гишүүнтэй гэж үзээд эдгээр тоог харгалзуулбал Монголын зургаан гэр бүл тутмын нэгт нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хамаарна. Энэ нь нийт хүн амд нэлээд жин дарах үзүүлэлт. Арифметикийн үйлдэл хийж суух зуураа үнэхээр тийм үү, бидний эргэн тойронд харааны, хөдөлгөөний, сонсголын, хэл ярианы, оюуны бэрхшээлтэй хүн хэр олон байдаг талаар бодолхийллээ.

Хэдхэн хоногийн өмнө фэйсбүүкийн найз Бадмаа “Миний хөлийг угаар нь тайрахаас аргагүй болсныг эмч нар дуулгалаа. Уг нь явдаггүй л болохоос хоёр хөл минь байдаг юм шүү дээ” гээд тэргэнцэртэй, нэлээд холоос авхуулсан гэрэл зургаа тавьсан байлаа. Сошиалд тун идэвхтэй “Ард санхүү”-гийн Ч.Ганхуяг тархины саажилттай том хүүгийнхээ тухай илэн далангүй бичдэгийг нь уншдаг. Суумгай зураач бүсгүйн бүтээлийн үзэсгэлэнг сурвалжилж байхад авьяастай төрсөн тэрбээр “Би СУИС-ийн дуулаачийн ангид орохоор элсэлтийн шалгалт өгөх гэхэд “Тайзанд арай тохирохгүй юм байна” гээд өөр мэргэжил эзэмшихийг зөвлөсөн. Тэр үед ингэж шулуухан хэлсэн багшид баярлахын зэрэгцээ түүнд болон өөртөө гомдсон. Удалгүй тайвширсан л даа. Дүрслэх урлагийн ангид элсэн суралцаж төгссөн. Зургаараа би хүмүүстэй харилцдаг. Хүүхдүүдэд хэрхэн зурахыг заадаг. Хөгжлийн бэрхшээлгүй хүүхдүүд ч дугуйланд минь суралцдаг. Жаалуудаа дугуйланд минь явуулдаг ээж, аавуудад баярладаг” гэж байсан. Хамаатан дүү бүсгүй япон залуутай гэрлэж, арлын оронд амьдрахаар одсон юм. Тэд хүүтэй. Хөөрхөн хүүхэд нь өдгөө 10 гаруй настай ч ярьж чаддаггүй хэвээр. Монголдоо ирэхээр нь хүмүүс түүний дохио зангаагаар хэлж, ярихыг ойлгодоггүй тул жаалхүү бухимддаг. Тийм учраас ээж нь хоёр дахь эх орондоо суурин амьдарсан нь дээр гэж үзээд, тэнд байнга оршин суухаар шийдсэн юм. Орон нутагт амьдардаг хамаатан айлынх хэвтрийн хүүхэдтэй. Хүү эрүүл төрсөн бөгөөд таван настайдаа хүндээр өвдөхөд нь нугасны ус авах хэмээх эмчилгээг буруу хийснээс хөдөлж, ярьж чадахаа больсон. Өдгөө 25 настай. Төрүүлсэн эх нь хол хадамд очсон тул эмээ, өвөө нь тэр залууг харж, ханддаг. Одоогийн байдлаар эмээ нь нурууны өвчтэй болсон тул түүнийг өргөж, өндийлгөж чадахаа байснаас бүхий л ажлыг өвөө гардан хийх болов. Ингээд бичээд байвал зөвхөн нэг хүний ойр орчимд хөгжлийн бэрхшээлтэй хэдэн иргэн байгаа нь харагдана.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бусдын адил амьдрах, хийж бүтээх боломжийг бүрдүүлэхийн төлөө нийгмийг бүрдүүлэгч хувь хүн, хамт олон, байгууллага, бодлого тодорхойлогчид, эрх мэдэлтнүүд бүгд хичээх хэрээр тэд заавал бусдын тусламж авахгүй, нийгмийн амьдрал, харилцаанд сэтгэл хангалуун оролцох боломжтой. Магадгүй манай улсад үнэхээр ийм олон хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг юм уу, бараг харагддаггүй шүү дээ, тэд хаана байдаг юм гэж асуух хүн байж болох юм. Нийгмийн амьдралд чөлөөтэй, бусдын тусламжгүйгээр оролцох аргагүй учраас тэд ихэвчлэн гэртээ байдаг. Гэр бүлийнхэн нь ажилтай учраас өдөржин хамт ийш тийш дагуулан явж чаддаггүй. Зүй нь болбол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн явах зам аюул багатай, хүрээд очиход нь орох байшингийн хаалганы бариул гар хүрэхүйц байхаас эхлээд байгууллага, иргэд аливааг бүтээн байгуулахдаа бүх хүнд хүртээмжтэй байх гэсэн сэтгэлээр хандах учиртай. Өөрөөр хэлбэл, хэнийг ч ялгалгүйгээр бүх хүнд ээлтэй орчин бүрдүүлэх нь хамгаас чухал юм.

Амьдрал, туршлага, хандлагаас харахад дийлэнх хүнд хөгжлийн бэрхшээлтэй нэгнээ гэсэн сэтгэл байх ч яг бүтээн байгуулах болохоороо ойлголт, мэдлэггүйн гай, хөрөнгө мөнгөний гачаал зэргээс шалтгаалаад хүртээмжтэй орчин бүрдүүлэхэд хүндрэл учирдаг. Мөн амьдралын наад захын хэрэгцээт бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ тооцоолдоггүйгээс үр дүн нь өнөөх л бахь байдгаараа байдаг аж. Уг нь манай улсад зам, талбай, барилга байгууламж барихдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашигт нийцүүлэх чиглэлийн стандарт байдаг, түүнийг бүхий л субъектэд мөрдөхийг шаарддаг ч биелүүлдэг нь ховор.

Хөгжлийн олон янзын бэрхшээлтэй иргэд байдгийг бүгд мэднэ. Энэ удаа хөдөлгөөний бэрхшээлтэй хүмүүсийн тухайд авч үзье. Тэдний хувьд тэргэнцэртэй явах зам, аль нэг байшин руу чөлөөтэй орох боломж, хаалгаа өөрсдөө онгойлгон, цахилгаан шатны товчлуурт хүрдэг байхад л бусдын тусламжгүйгээр зорьсон газартаа очих боломжтой. Тэдний эдгээр хэрэгцээг хангахын тулд бүтээн байгуулагчид барилгыг стандартын дагуу барьж, Улсын комисст хүлээлгэж өгөх ёстой. Бүр үүрэгтэй.

Улсын комисс барилгыг хүлээж авахдаа дээр дурдсанчлан стандартыг хангаж уу, үгүй юү гэдгийг шалгадаг. Гэтэл барилгыг шаардлага хангалгүйгээр барьсан байх тохиолдол элбэг. Гэсэн ч барилга захиалагч, гүйцэтгэгчдийн гуйлт, хөрөнгө санхүүгийн дутагдал тоочсон зовлонг нь харгалзаж үзээд, хүлээгээд авчихдаг. Улс даяар ашиглалтад оруулсаар өнөөг хүрсэн барилга, байгууламжийн олонхын түүх ийм гээд бодохоор хөгжлийн бэрхшээлтэй иргэд хэр их хохирч, ихэнх нь гэртээ сууж хөшсөөр байдгийг мэдэж ядах зүйлгүй.

Барилга захиалагчид бүгд сэтгэлгүй, ойлголт, мэдлэггүй юү гэвэл тийм биш бөгөөд стандарт хангасан зураг төсөл гаргахыг сануулж, захиалдаг аж. Ийм тохиолдолд зураг төслийг яв цав гүйцэтгэдэг нь байхад зарим нь хуумгай ханддаг. Зураг төгс байлаа ч удирдан бариулдаг инженерүүд цаг хэмнэхээ боддог юм уу, эсвэл материал, төсвийг гамнаад стандарт зөрчөөд шийдчихнэ. Ийм шалтгаануудаар барилга байгууламжийн гадаах, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан зам, шат зэрэг нь нэмэр бус, нэрмээс болчихдог ажээ. Тэргэнцэртэй хүмүүс орох, гарахад зориулсан өгсүүр зам гэхэд хэр налуу байх ёстой талаар нарийвчлан заасан атал зориуд мэт зөрүүлэх. Тийм өгсүүрээр тэргэнцэртэй хүмүүс бие даан явах боломжгүй. Ерөөсөө л хүч тамирын сорилттой тулгардаг.

Хөгжингүй орнуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдрах нөхцөлийг сайжруулах бодлогыг дэвшилттэйгээр боловсруулж, хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд тэгш хүртээмжтэй орчин хэмээх нэр томь ёоны хүрээнд олон жилийн турш барилга байгууламж, зам, талбайн стандартыг хангуулж иржээ. Тийм учраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй улс орнуудын жагсаалтыг тэргүүлдэг Швейцар болон Скандинавын орнуудад тэргэнцэртэй иргэд, харааны бэрхшээлтэй хүмүүс бусад орныхтой харьцуулахад аюул багатай зорчдог, тийм орчинд ажиллаж, амьдардаг байна. Тэргэнцэртэй иргэн гудамжаар чөлөөтэй явсаар аль нэг байшин руу ороход хаалга нь замын түвшинтэй ижил өндөртэй, эсвэл өгсүүр налуу зам нь дээш гарч байна даа гэж мэдэгдэхээргүй зохистой байх, хаалганд тулж очиход аяндаа онгойдог, цахилгаан шатны товчлуур гар хүрэхүйц өндөрт байршдаг ажээ. Манай улсад үүнийг хангахад л хөдөлгөөний бэрхшээлтэй олон иргэн бие даан зорчих боломж бүрдэх юм.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах байгууллага, хувь хүмүүсийн хичээл зүтгэл, асуудал хариуцсан төрийн байгууллагуудын үйл ажиллагааны үр дүнд хөдөлгөөн, хараа, сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүмүүст ажиллаж, амьдрах таатай орчин бүрдүүлэх чиглэлээр гаргасан хэд хэдэн стандарт бий. Тэдгээрийг хэрэгжүүлж чадах, эсэхээс иргэдэд бодитоор тусалж, тэднийг дэмжиж чадаж байна уу, үгүй юү гэдгийг хэмжиж болохоор. Энэ талаар төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй санал солилцсон юм. Тэгэхэд “Хоёр арга байна. Нэг нь хатуу шийтгэх, нөгөөх нь урамшуулал. Стандартын шаардлага хангаагүй барилга байгууламжийг хэдэн давхар, ямар хөрөнгө зарцуулснаас үл хамааран нурааж чаддаг бол хаана хаанаа сая ухаарах байх. Түүнээс биш нэгэнт ингээд барьчихсан юм чинь гэж өршөөсөөр, өрөвдсөөр байвал нөхцөл байдал сайжрахгүй. Төр, Засгийн газар, зохих яам, байгууллага хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ үнэхээр чин сэтгэлээсээ хүнлэг хандахыг хүсэж байвал, нийт иргэддээ ойлгуулах, хандлагыг өөрчлөхийг зорьж байгаа бол стандартад нийцүүлэлгүй барьсан барилга байгууламжуудыг хүлээж авахгүй байх арга зам бий. Мэдээж урьдчилан маш сайн анхааруулах хэрэгтэй. Хууль, журамд хатуу чанд тусгах хэрэгтэй. Нөгөө талаас урамшууллын механизм ч чухал нөлөөтэй. Орчны хүртээмжийг сайн бүрдүүлсэн байгууллагыг урамшуулж, жишээ нь, татварыг нь хөнгөлж, чөлөөлдөг болбол нөхцөл байдал эрс сайжирна” гэсэн юм.

Тэдний хэлсэнтэй санал нийлэхгүй байхын аргагүй. Өдгөө компаниуд нийтийн эзэмшлийн зам, талбайд дур мэдэн халдаж, шат, өргөтгөл зэргийг барихаа больсон. Үүнийг хотын төв дэх “Туушин” зочид буудлын, явган хүний замтай нийлүүлж барьсан шатыг нийслэлийн ЗДТГ-аас нураасантай холбоотой хэмээн хардаг. Юу юугүй шууд очиж нураагаад байдаггүй юм гэхэд барилгын зураг төслийг боловсруулах, улмаар барих явц, мөн Улсын комисс хүлээж авах зэрэг шат бүрт хяналтыг сайжруулах нь чухал. Хяналтыг сайжруулаад, зөрчлийг тухай бүрт нь арилгуулж чадвал орчны хүртээмжийг сайжруулах сэтгэлгээ төлөвших эхлэл тавигдах болов уу. Түүнчлэн бүтээн байгуулахдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чөлөөтэй зорчих боломж олгосон компаниудыг янз бүрийн хэлбэрээр урамшуулах систем боловсруулж, нэвтрүүлбэл стандарт хэрэгжүүлэхэд “шийтгэл”-ээс дутахгүй сайн арга болох ч талтай.

Аливааг шийдэх гарц заавал олддог. Орчныг нь бүрдүүлээд өгвөл хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн харилцаанд бие даан оролцож, өөр, өөрсдийнхөөрөө хийж бүтээгээд явах боломж бүрдэнэ. Энэ нь хүний эрхийг дээдэлсэн хүмүүнлэг оршихуйтай иргэн, байгууллага бүрийн нийгмийнхээ өмнө хүлээсэн эрхэм үүрэг байх болно.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.