Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Цар тахлын улмаас 1.5 сая хүүхэд ойр дотнын нэгнээ алджээ

Манай гаргийн 1.5 сая хүүхэд цар тахлын улмаас эцэг, эхийнхээ аль нэгийг, эсвэл эмээ, өвөө, асран хамгаалагчаа алдсан гэсэн дүгнэлтийг олон улсын эрүүл мэндийн баг хийснээ “Lancet” сэтгүүлд нийтэлжээ. “Бодит тоо үүнээс ч олон байж магадгүй” гэж Британийн эрдэмтэн Жульет Анвин мэдэгдэв. Судлаачид эл мэдээлэлдээ ДЭМБ, 21 улсын эрүүл мэндийн байгууллагуудаас авсан, коронавирусийн халдварын улмаас нас барсан хүмүүсийн статистик мэдээлэл, ДОХ, бусад халдварт өвчний үед хүүхдүүд хэр олноор өнчирдгийг тогтоох аргыг ашиглажээ. Улсаар нь авч үзвэл Мексик, Энэтхэг, АНУ, Перу, ӨАБНУ-д хамгийн олон хүүхэд өнчирсөн байна.

Финландад “Ковид-19” халдварын дөрөв дэх давлагаа нүүрлэжээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш анх удаа халдварын тохиолдлын тоо өсөж, мягмар гарагт 461-т хүрсэн байна. Тэдний олонх нь дархлаажуулалтад хамрагдаагүй, тэр дундаа залуус бөгөөд 70-аас дээш насныхны дунд халдвар авагсдын тоо өсөөгүй гэнэ. Хязгаарлах арга хэмжээгээ чангатгах, эсэхийг тус улсын Засгийн газар энэ долоо хоногт шийдэх аж.

Коронавирусийн халдвар авсан хүний ойрын хавьтал болсны улмаас Британийн нэг сая гаруй сурагч гэрийн тусгаарлалтад орсон гэнэ. Ийм байдалд орсон сурагчийн тоо 14 хоногийн дотор бараг 70 хувиар өссөн аж. Энэ сарын 15-ны байдлаар төрийн мэдлийн сургуулийн сурагчдын 15 хувь буюу 1.05 сая хүүхэд зайны сургалтад оролцож чадаагүй байна. Тэдний олонх нь сургууль дээрээ болон гадуур явахдаа халдвар авчээ. Тэрчлэн багш нарынх нь долоон хувь тусгаарлалтад буй. Британид хичээлийн жил энэ долоо хоногийн эцсээр дуусах гэнэ. Тус улсын Засгийн газраас энэ сарын 19-нд өгсөн зөвлөмжийн дагуу сурагчид ойрын хавьтал болсон тохиолдолд тусгаарлах, эсэхийг сургуулийн удирдлага шийддэг аж.

Энэтхэгт цар тахлын улмаас нас барагсад бараг таван саяд хүрсэн гэж тус улсын болон Америкийн шинжээчид үзэж байна. Энэ нь тус улсын эрх баригчдын өгсөн албан ёсны тооноос давсан үзүүлэлт юм. Албан ёсны мэдээгээр Энэтхэгт коронавирусээр 415 мянган хүн нас барсан. Өнгөрсөн тавдугаар сард цар тахлын хүчтэй давлагааны үеэр албан ёсны мэдээгээр 170 мянган хүн эндэж, талийгаачдыг чандарлах зай талбай хүрэлцэхгүй, Ганга мөрөн цогцсоор хальж байв.

Австрали бусад улстай харьцуулахад “Ковид-19”-тэй хамгийн хатуу хэлбэрээр тэмцэж, шинэ тохиолдол бүртгэгдсэн даруйд хөл хорио тогтоож байгаа. Тухайлбал, энэ сарын 20-ны байдлаар таван шинэ тохиолдол бүртгэсэн Өмнөд Австрали мужид хязгаарлалт тогтоов. Мөн Шинэ өмнөд Уэльс муж хэсэгчлэн, Викториа муж бүхэлдээ хөл хорио тогтоосон байна. Тус улсад цар тахал дэгдэж эхэлснээс хойш 915 хүн нас баржээ.

Бэлтгэсэн З.Гал

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “Цар тахлын улмаас 1.5 сая хүүхэд ойр дотнын нэгнээ алджээ