Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

СОЁЛГЭРЭЛ: Ягаан дэвтэр бол хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийг хянах гол хэрэглэгдэхүүн

Хүүхэд төрсөн цагаас эхлэн хөгжил нь хэвийн, эсэхийг хэрхэн тогтмол хянах, энэ нь ямар ач холбогдолтой талаарх цогц мэдээллийг хаанаас авахаа мэдэхгүй байгаа эцэг, эхчүүдэд зориулсан нэгэн ярилцлагыг хүргэе. Хүүхэд хөгжлийг нь тогтмол хянаж, хэвийн бус байвал эрт үед нь эмчлүүлэх гол арга нь эх, хүүхдийн эрүүл мэндийн буюу бидний нэрлэж заншсанаар ягаан дэвтрийг хөтлөх юм. Уг дэвтрийг хэрхэн хөтлөх, энэ нь ямар ач холбогдолтой талаар хүүхдийн эмч, клиникийн профессор Г.Соёлгэрэлтэй ярилцлаа. Тэрбээр АШУҮИС-д багш, ЭМЯ-нд хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, мөн НҮБ, ЖАЙКА, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагын томоохон төслүүдэд зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай.

-Эцэг, эхчүүд ягаан дэвтрийг хэрхэн ашиглах вэ?

-Энэхүү дэвтэр нь дэлхийн олон оронд өргөн хэрэглэдэг, гэр бүл, эцэг, эхийн оролцоонд суурилсан хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжлийг дэмжих хэрэглэгдэхүүн юм. Эдгээр нь нийтлэг зарчимтай боловч улс үндэстний хөгжил, соёл, амьдралын хэв маягаас шалтгаалж, өвөрмөц бүтэцтэй байдаг. Монголын хувьд 2011 оноос эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийг улсын хэмжээнд ашиглаж эхэлсэн. Энэ нь дотроо эмч, сувилагч тэмдэглэл хөтлөх улаан, эцэг, эх, гэр бүлийн гишүүд, цэцэрлэгийн багшид зориулсан хөх зурвас бүхий хуудастай. Түүнчлэн эхчүүд дэвтэр дээрх мэдээлэл, зөвлөгөөг жирэмсэн байхаасаа эхлэн уншиж, ээж болоход бэлдэхээс гадна эмч тухайн эх төрөх, төрсний дараах үеийн холбогдох мэдээллийг тэмдэглэж, хянадгаараа онцлог. Өөрөөр хэлбэл, хүүхэд эхийн хэвлийд бүрэлдэх үеэс зургаан нас хүртэлх хугацаанд эх, хүүхдийн эрүүл мэндийн байдлыг уг дэвтрийн тусламжтайгаар тогтмол хянах боломжтой гэсэн үг. Эцэг, эхэд зориулсан хөх зурвастай хуудсанд тухайн хүүхдийн насны онцлогт тохирсон хөгжлийн үзүүлэлтийн асуумжууд болон хэрхэн зөв хооллох тухай зөвлөмжүүд бий. Хүүхдийнх нь өсөлт, хөгжил хэвийн, насандаа, зөв үргэлжилж байгаа, эсэхийг тэндээс мэдэх боломжтой. Мөн жирэмсэн эхчүүдэд зориулсан зөвлөгөөтэй. Жишээлбэл, жирэмсний эхэн, дунд үе, эсвэл 24-28 долоо хоногтойд зайлшгүй мэдэж байх зүйлсийг ч багтаасан. Энэ мэтчилэн олон чухал мэдээллийг агуулдаг учраас эхчүүдийг жирэмсний хяналтад анх орох үед уг дэвтрийг олгодог. Харин хүүхдээ төрснөөс хойш эцэг, эх нь дэвтрээ тогтмол ашиглаж, тэмдэглэл хөтлөх ёстой.

-Энэ дэвтрийг ашиглах, ашиглаж сурахын ач холбогдлыг хэлж өгнө үү?

-Хүүхдийг эрүүл саруул бойжуулахад эцэг, эх хамгийн чухал оролцоотой. Энэ оролцоог хангахын тулд хүүхдийн оюун санаа, бие бялдрын хөгжлийг тогтмол хянах шаардлагатай юм. Харин эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр ийм боломжийг тэдэнд олгодгоороо онцгой ач холбогдолтой. Уг дэвтрийг ашигласнаар эцэг, эхчүүд хүүхдээ эрүүл өсөж бойжиж буй, эсэхийг, мөн бие махбод болон оюуны хөгжил нь саадгүй, хэвийн үргэлжилж байна уу гэдгийг нас насанд нь хянах боломж бүрдэнэ. Тухайлбал, “Таны хүүхдийн хөгжил долоон сартайдаа” хэмээх хэсэгт “Ганцаараа сууж чадаж байна уу” гэсэн асуулт бий. Эндээс эцэг, эхчүүд хүүхэд нь насандаа тохирсон үйлдлүүдийг хийж чадаж байгаа, эсэхийг мэдэх боломжтой. Чадахгүй бол эмчид хандаж, зөвлөгөө хүсэх зэргээр хүүхдийн хөгжлийг дэмжих арга хэмжээг цаг алдалгүй авах нь чухал. Мөн хүүхдээ хэрхэн хооллох, асаргаа сувилгааг яаж хийх, эх жирэмсэн үедээ юунд анхаарах талаарх зөвлөгөөг уншиж ойлгох, түүнийгээ хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой.

-Эх, хүүхдийн эрүүд мэндийн дэвтрийн хэрэглээ Монголд болон олон улсад ямар байна вэ?

-Хөгжингүй орнуудад энэ дэвтрийг маш сайн хөтөлж, ашигладаг. Жишээ нь, япончууд ихээхэн ач холбогдол өгдөг бөгөөд эмэгтэйчүүд жирэмсэн болсон даруйд хороо захиргаанаас нь ийм дэвтэр олгодог. Хүүхдийнхээ өсөлт, хөгжил, эрүүл мэндтэй холбоотой бүх өөрчлөлт, ажиглалтыг зургаан нас хүртэл нь тус дэвтэрт нэгбүрчлэн бичиж тэмдэглээд, хожим гэрлэхэд нь бэлэг болгож өгдөг уламжлалтай юм билээ. Бас уг дэвтрийг ашиглан хүүхдийг 18, 36 сартайд нь үзлэгт хамруулахыг Эх, хүүхдийн эрүүл мэндийн хуульдаа тусгасан байдаг. Ягаан дэвтэр таны хүүхдийн өсөлт, хөгжил багадаа ямархуу байсныг нотлох, гэрчлэх түүх болон үлддэг зүйл тул цэвэр, нямбай хөтөлж, хадгалахыг ээж болон гэр бүлийн бусад гишүүдэд онцгойлон захья. Дэвтрээ гээж, үрэгдүүлсэн бол анх олгосон газрынхаа ажилтанд мэдэгдэж, дахин авах хүсэлт гаргаарай. Нэгэнт шинэ дэвтэр авсан бол шаардлагатай мэдээллийг нөхөж тэмдэглэх нь чухал.

-Хүүхдийн өсөлт хөгжил, эрүүл мэндтэй холбоотой өөр ямар мэдээллийг ягаан дэвтрээс мэдэх, цаашлаад амьдралдаа хэрэгжүүлэх боломжтой бол?

-Дэвтрийн үндсэн агуулгыг танилцуулъя. Эхийн эрүүл мэндийн хэсэг гэж бий. Үүнд эхийн нас, эрхэлдэг ажил, эзэмшсэн боловсрол, цусны бүлэг, жирэмсний үеийн өөрчлөлт, үйл явц, хяналтад орсон хугацаа, хоолны дэглэм, хөл хүнд байхдаа зайлшгүй мэдэх ёстой зүйлс, зөвлөгөө, төрөх болон төрсний дараах үеийн эрүүл мэндийн байдал, үйлчилгээ гэх мэт мэдээллийг агуулдаг. Харин үлдсэн хэсэг нь хүүхдэд хамаатай. Тухайлбал, хүүхдийн нас насны үечилсэн хөгжлийн үзүүлэлтүүд, асаргаа, хоол тэжээлийн талаарх зөвлөгөө, хөгжлийн үе шатуудыг үнэлэх хэсэг, жин, өндрийн хүснэгт, зонхилон тохиолдох өвчний үеийн эмчилгээ, заавар, дархлаажуулалтын товлол зэргийг агуулдаг.

Хүүхдийн өсөлт, хөгжлийг үнэлж, тодорхойлох хоёр хэсэг бий. Нэг нь эцэг, эх, асран хамгаалагчийн тэмдэглэгээ бүхий. Нөгөөх нь эрүүл мэндийн ажилтанд хамаарах хэсэг. Эцэг, эхчүүд өөрсдийн мэдлийн хэсэг буюу хөх зурвас бүхий хуудсанд хүүхэд нь анх хэзээ сууж, мөлхөж, алхаж, ярьж эхэлсэн гэх зэрэг хөгжлийнх нь чухал үе шатыг тэмдэглэх боломжтой. Жижиг зураг нааж, баяжуулж болно. Ингэвэл хожим илүү үнэ цэнтэй дурсгал болно шүү дээ. Ээж, аав нь өөрийнх нь төлөө ямар их сэтгэл гаргаж, хайр халамж, анхаарал тавьдаг байсныг хүүхдүүд энэ бүхнээс мэдэрч, ойлгоно.

-Хүүхдийн хөгжил хэвийн бус байгааг ягаан дэвтрийн тусламжтай илрүүлсэн тохиолдол хэр олон бэ. Жишээ дурдахгүй юу?

-Хөгжил нь хэвийн бус байгаа, эсэхийг эрт илрүүлэх зорилгоор уг дэвтэр дэх асуумжийн дагуу 18 сартай бүх хүүхдийг эрүүл мэнд, хөгжлийн иж бүрэн үзлэгт хамруулах ажлыг манай улс эхлүүлээд байна. Үүний үр дүнд хөгжлөөр хоцрох болон хөгжлийн бэрхшээлийн эрсдэлтэй хүүхдийг олж, илрүүлнэ. Улмаар тэдний хөгжлийг дэмжих, бусдын адил сурч боловсрох нөхцөлөөр хангах боломж бүрдэх юм. Жишээ дурдахад, Баянгол дүүрэгт 377 хүүхдийг хамруулсан, нэг удаагийн иж бүрэн үзлэг хийхэд хөлд ороогүй 11, хэл ярианы 42, танин мэдэхүйн дөрөв, сонсголын бэрхшээлтэй байж болзошгүй хоёр хүүхэд илрүүлж байсан.

Энэхүү дэвтрийн үнэ цэн, ач холбогдлыг нэмэгдүүлэхийн тулд эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд хүүхдийн эрүүл мэнд, өсөлт, хөгжлийг хэрхэн үнэлэх, тэмдэглэлээ яаж нямбай хөтлөхийг эцэг, эхчүүдэд ойлгуулах хэрэгтэй. Тэднийг Өрхийн эрүүл мэндийн төвд ирэх үед болон гэрээр үзлэг, оношилгоо хийхдээ дэвтэр дээрх тэмдэглэлийг тогтмол шалгаж, хэвших нь чухал. Хэрэв тухайн ээж бичиг үсэг мэдэхгүй бол эрүүл мэндийн ажилтан түүнээс холбогдох мэдээллийг асууж, тэмдэглэх боломжтой.

-Энэ дэвтрийн хэрэглээтэй холбоотой эцэг, эхчүүдийн гаргадаг нийтлэг сул тал, алдаа юу вэ?

-Судалгааны үр дүнгээс дүгнэхэд, манай улсын зургаа хүртэлх насны хүүхдийн 98 хувь нь ийм дэвтэртэй бөгөөд эцэг, эхчүүд үүнийг чухал хэрэглэгдэхүүн гэж үздэг юм билээ. Гэвч уг дэвтрийг бүрэн гүйцэд ашиглах буюу хөгжлийн үе шатыг тэмдэглэх, хүүхдийнхээ хөгжлийг хянах тухайд эцэг, эхчүүдийн мэдлэг дутмаг байгаа нь ажиглагддаг. Зарим нь үүнийг эмчид хүүхдээ үзүүлэхдээ л ашигладаг хэрэгсэл гэсэн ойлголттой байх шиг. Тийм биш л дээ. Энэ бол тухайн гэр бүл хүүхдийнхээ эрүүл мэнд, хөгжлийг хянах гол хэрэгсэл юм. Эцэг, эхчүүдийг эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийг зөв ашиглаж сургахад эрүүл мэндийн байгууллагынхан, ялангуяа анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлдэг эмч нар цаашид анхаарах шаардлагатай.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.