Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Кофены амт ба дотоод анир

Кофе уухад амрах, сэргэх мэдрэмж төрж, найз нөхөдтэйгөө дотно сайхан яриа өрнүүлмээр болдог нь ямар учиртай юм бол. Энэхүү “бор” ундаанаас болж уран бүтээлчдийн туурвилын онгод хөглөгдөх нь бий бололтой. Зураач О.Золбоотөгөлдөр “The culture” хэмээх газарт “Колумбиа” кофе уугаад ихэд таашаан, “Ямар аятайхан зөөлөн амттай юм бэ” гэхэд овсгоотой менежер нь төрсөн сэтгэгдлээ уран зурагт буулгаж өгөхийг хүссэн аж. Зураач бүсгүй удалгүй “Дотоод чимээ” хэмээх энэхүү бүтээлээ зуржээ. “Хүн дотоод анир, чимээгээ сонссон цагт өөрийгөө бага ч гэсэн ойлгоно. Өөрт нь маш их хүч байдгийг мэдэрнэ. Ингэж ойлгосон цагт өөрийгөө хайрлаж чадна” гэсэн бодлоо эл бүтээлдээ тусгасан юм байна. Үчимбрээр хүн бүрийн дотоод их хүчийг илэрхийлсэн гэнэ.
“Үчимбэр бол хамгийн хурдан, бас их хүчтэй, сүрлэг амьтан. Өнөөх кофег уухад зөөлөн, таатай байснаас сэтгэл сайхан болсон. Тэр мэдрэмждээ тулгуурлан, өөрийн дотоод чимээг сонсож, надад бүтээн туурвих хүч байгааг илэрхийлж ингэж зурсан” хэмээн тэрбээр тайлбарлажээ.

Энэ ташрамд дуулгахад, О.Золбоотөгөлдөр бие даасан тав дахь үзэсгэлэнгээ “Монгол арт” галерейд ирэх сарын 1-10-нд толилуулах юм байна. “Сүнс урлал” гэсэн өвөрмөц нэртэй үзэсгэлэнд дэлгэх 30 гаруй бүтээлийн ихэнх нь мөн л хүний дотоод анир, чанартай холбоотой гэсэн. Чухам яагаад ийм содон нэр өгсөн талаар нь асуухад “Энэ удаагийн үзэсгэлэнгийн гол бүтээлийн минь нэр “Сүнс урлал” бөгөөд үүнд эх хүн болж буй эмэгтэйн мөн чанарыг харуулахыг зорьсон. Тодруулан хэлбэл, хэвлийдээ ирсэн бяцхан “сүнсийг” ураг, хүүхэд болгон бойжуулдаг учраас эмэгтэй хүн өөр нэгэн амийг урлан, амилуулж байгаагаас ялгаагүй гэж боддог” гэж тайлбарлав.

Зураач бүсгүй бие даасан тав дахь үзэсгэлэнгээ номтой, цомогтой хослуулан цогцоор нь зохион байгуулахаараа онцлог гэдгийг дуулгав. Тэрбээр Америкт амьдарч, ажилладаг Бүжинлхам хэмээх найрагч бүсгүйтэй хамтран ажиллаж “Сүнс урлал”-д дэлгэх бүтээлүүддээ шүлэг тэрлүүлсэн юм байна. Тэгэхээр уран зураг, яруу найргийн хослол гэсэн үг. Үүнийгээ цомог болгон хэвлүүлжээ. Түүнчлэн хүүхдэд зориулсан яруу найргийн түүвэр бүхий зурагт ном хэвлүүлэн энэ удаагийн уран бүтээлийнхээ нэг хэсэг болгох аж. Энэ бүхний талаар “Ерөнхийдөө би гэж хэн бэ” гэсэн асуултад хариулахыг зорьсон” гэж зураач бүсгүй ярилаа.

Бэлтгэсэн Р.Оюунаа

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.