Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

АТГ-ын дэд даргаар Г.Азжаргалыг томиллоо

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өчигдөр 08.40 цагт хуралдаж, Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын дэд даргыг томилохоор ирүүлсэн саналыг хэлэлцлээ. Авлигын эсрэг хуулийн 21.2-т “АТГ дэд даргатай байна. Дэд даргыг АТГ-ын даргын санал болгосноор УИХ томилгооны сонсгол хийж, зургаан жилийн хугацаагаар томилно” гэж заасан байдаг. Үүний дагуу АТГ-ын дэд даргаар тус газрын Гүйцэтгэх ажлын хэлтсийн дарга Гаваасүрэнгийн Азжаргалыг томилох саналаа АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа танилцуулав. Нэр дэвшигч нь 1984 онд Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, хуульч мэргэжилтэй, орос, англи хэлтэй. Тэрбээр 1992-2001 онд “Монгени” бүрэн дунд сургууль, 2002-2007 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны дээд сургуулийг төгссөн байна. Мөн 2011 онд АНУ-ын Ази, Номхон далайн аюулгүй байдлын судалгааны төвд терроризмтой, 2013 онд АНУ-ын Холбооны мөрдөх товчооны үндэсний академид үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр, 2017 онд ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын институтэд тус тус мэргэжил дээшлүүлжээ. Авлигын эсрэг хуульд зааснаар АТГ-ын дарга, дэд даргаар мэргэжлийн болон зохих нөхцөл, шалгуурыг хангасан, авлига, албан тушаалын хэргээр шалгуулж сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй иргэнийг томилох зохицуулалттай. Түүнчлэн тус газрын дэд дарга нь төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан, эрхзүйч мэргэжилтэй, гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажлын мэдлэг, туршлагатай, сүүлийн таван жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй байх шаардлагыг хангах ёстой гэнэ. Эрхэлсэн комиссар Г.Азжаргал нь 2002-2007 онд сонсогч, 2007-2014 онд ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, 2014-2015 онд Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын III тасгийн дарга, 2015- 2016 онд Эрүүгийн цагдаагийн газарт тасгийн дарга, 2016-2018 онд АТГ-ын Гүйцэтгэх ажлын хэлтсийн тасгийн дарга, 2018 оноос одоо хүртэл Авлигатай тэмцэх газрын Гүйцэтгэх ажлын хэлтсийн даргаар ажиллаж байгааг танилцуулгадаа онцлов.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос уржигдар нэр дэвшигчийн томилгооны сонсголыг зохион байгуулсан юм. Зургадугаар сарын 22-ны 15 дугаар тогтоолоор томилгооны сонсголын товыг тогтоож, 14 хоногийн турш иргэд, олон нийтэд мэдээлж, холбогдох санал, хүсэлтийг авсан байна. Томилгооны сонсгол даргалагчаар Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогтыг томилж, 10 хүртэл тооны ажиглагчтайгаар зохион байгуулжээ.

Гишүүд танилцуулгатай холбогдуулан асуулт тавьж, үг хэллээ. Тухайлбал, гишүүн Ц.Сандаг-Очир, Н.Алтанхуяг нар албан тушаалд нэр дэвшигчдэд томилгооны сонсголыг зохион байгуулах нь чухал ач холбогдолтой гэж байв. Нэр дэвшигч авлигатай тэмцэх чиглэлээр хийж, хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа талаар танилцуулсан бөгөөд УИХ-ын энэ чиглэлийн бодлоготой нийцэж байгааг Б.Энхбаяр гишүүн хэлсэн юм. Түүнчлэн улс төрийн ямар нэг албан тушаалтны оролцоогүй, мэргэжлийн томилгоо болж буйгаараа онцлогтойг гишүүд тэмдэглэж, газрын наймаа, албан тушаалын гэмт хэргүүдийг шийдвэрлэх, байгалийн баялаг дагасан асар их хөрөнгө мөнгийг төсвөөс гадуур зарцуулдаг байдал, төрийн өмчит компаниудын хяналтгүй тогтолцоо, Монгол Улсаас эх үүсвэртэй оффшор бүс дэх хөрөнгийн асуудлыг шалгах, гадаад харилцаагаа өргөжүүлэх, хамтын ажиллагаагаа сайжруулахад санаачилгатай ажиллахыг захилаа. Ингээд АТГ-ын дэд даргаар Г.Азжаргалыг томилохоор ирүүлсэн саналыг гишүүдийн олонх дэмжсэн юм. УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Г.Азжаргалыг АТГ-ын дэд даргаар томилсон тогтоолыг батлав.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.