Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Төрийн “нялцгай” шийдвэрээс болж иргэд хоёр талцав

Эрх баригчдын удаа дараагийн оновчгүй шийдвэр иргэдийг туйлдуулж гүйцэв. Тэвчээр нь алдарсан залуусын төлөөлөл өчигдөр төв талбайд цуглаж, наадам хийхийг эсэргүүцэж буйгаа шулуухан илэрхийлсэн. Барьцаж буй аятай уяачид өнөөдөр Сүхбаатарын талбайд морьтойгоо ирж, “наадам хийнэ” хэмээн хийрхэцгээв. Нийтлэлийн эхэнд  дурдсанчлан төр засаг оновчгүй, хуудуутай, заримдаа “нялцгай” шийдвэр гаргаж ирсэн нь  залуус хийгээд уяачдыг “No naadam”, “Yes naadam” хэмээн хоёр талцахад хүргэсэн. Ерөөсөө л өчигдөр, өнөөдрийн үйл явдалд Засгийн газар 100 хувь буруутай гэхэд хилсдэхгүй. Тодорхой хэлбэл, Ерөнхий сайд “Зургадугаар сарын 15 гэхэд өвчлөлийг хумина. Ковидгүй зун болно, наадмаа хийнэ” гэсэн нь иргэдэд хүлээлт үүсгэсэн. Үүнд нь итгэсэн уяачид, бөхчүүд, харваачид бэлтгэлээ базааж эхэлсэн. Харамсалтай нь, ковидыг хумих дорвитой ажил хийгээгүй. Энэ нь аж ахуйн нэгж хийгээд иргэдэд хүнд туссан.

Ер нь эрх баригчид ковидгүй зуны төлөө гэсэн уриалгынхаа эсрэг үйл ажиллагаа зохион байгуулж, Ерөнхий сайдыгаа “хорлочихсон”. Халдварын тоо багасаж, хэвийн амьдралдаа удахгүй шилжинэ гэсэн итгэл, найдварыг тээсэн иргэд өдий хүртэл төр засгийн шийдвэрийн өмнө харин ч хүлээцтэй хандсан. Гэтэл Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулж, өөрсдийн гаргасан хууль дүрмээ зөрчиж, хүний бөөгнөрөл үүсгэж, ногоон бүс байсан аймаг, сумдад коронавирус халдварыг зөөвөрлөн тарааснаар наадам хийх боломжгүй болсон.

Чухамдаа, Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулснаар халдварын тоо эрчимтэй нэмэгдэж, нас баралт өдөрт 15-аас буурахаа байсан. Тодорхой хэлбэл, альфа буюу Их Британи  хувилбарын мутацилагдсан вирус манай иргэдийн дунд хурдтай тархаж, өнөөдөр өвдсөн хүмүүсийг эмчлэх эмч олдохгүйдээ тулаад буй.

Анхнаасаа л бүх эрсдэлээ мэдсээр байж наадмаа өнжих зоригтой шийдвэр гаргаагүй нь төр засгийн буруу гэх хүн цөөнгүй байна. Өөрөөр хэлбэл, дээдсүүд “Наадмаа орон нутагт хийхгүй, нийслэлд хийнэ. Гэхдээ цахимаар хийнэ” гэх мэтээр шуум тарааж, иргэдийн санаа бодлыг тандаж, тодорхой бус байдал гаргаж дүлэгнэсээр өнөөдрийг хүрсэн. Тиймээс иргэдийн тэвчээр алдарч, нийлж, нэгдэн төрийн өөх ч биш булчирхай ч биш шийдвэрийг эсэргүүцсэн. Аргагүйн эрхэнд төр өнөөдөр зөв харж инээж, буруу харж уйлсаар наадмаа цуцлах шийдвэр гаргав. Яг наадмаа цуцалсан уу гэвэл бас үгүй. Наадмын нээлт, хаалт хийнэ гэхчлэн араас нь мэдээлэл хийсэн. Гэхдээ хэдэн төгрөг зарцуулж буйгаа нууцална лээ. Яг яах гээд байгаа нь тодорхой бус, эргэж буцсан эдгээр “нялцгай” шийдвэрүүд нь иргэдийн ийн хоёр хуваагдахад хүргэсэн юм. Эрүүл бол ирэх жилийн наадам үзнэ гэдэг. Анхнаасаа иргэдийнхээ төлөө энэ жил наадам хийхгүй гэдэг шийдвэрийг зоригтой гаргасан бол өнөөдөр ийм байдалд хүрэхгүй байв. Төрийн дээр дурьдсан  “нялцгай” шийдвэрийн улмаас коронавирусийн халдвар авсан иргэд эмнэлгийн тусламж авч чадалгүй эндсээр.  Тэр ч бүү хэл коронавирусийн халдварын улмаас хорвоод мэндлээд удаагүй хоёрхон сартай хүүхэд нас барсан. Бас эмнэлгийн байгууллага нь халдвараар өвчилсөн иргэдээ эмчилж чадахгүйд хүрч, эмч, эмнэлгийн ажилчид ковидын өмнө үнэхээр туйлдаж, цөхөрч буйгаа илэрхийлсэн. Эрх баригчдаас  иргэдээ гэсэн сэтгэлтэй эрхэм нэг ч алга бололтой. Тиймдээ ч ард түмэн өнөөдөр туйлдаж, аргагүй эрхэнд төв талбайд ирж үзэл бодлоо илэрхийлж, улмаар санал зөрөлдөв. 

Уг нь бид хоорондоо муудалцаж наадам хийнэ, хийхгүй гэж талцах биш, харин нийлж нэгдээд ийм байдал үүсгэсэн эрх баригчдаас хариуцлага нэхэх учиртай сан.

1
Савж уналааСавж уналаа
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 thoughts on “Төрийн “нялцгай” шийдвэрээс болж иргэд хоёр талцав

  • Avatar иргэд олон түмэн says:

    Асуудалд бодлого судлагаагүй хандаж,амны хаалтгүй наадам хийхийн төлөө гэх зэргээр амныхаа зоргоор ярьсан сайд дарга нарын хар гайгаар иргэдийн дунд ийм эвгүй байдал талцал үүсэж тэр нь ажилд муугаар нөлөөлөж байх тул хариуцлагагүй сайд дарга нартаа арга хэмжээ авах хэрэгтэй

  • Avatar Зочин says:

    Юм л бол төр засаг буруутай гэх юм. Цар тахал тархаж байна, халдвар хамгааллын дэглэмээ барь гэж хэлээд нэмэргүй, ухамсар муутай хүмүүсийг яах вэ дээ. Уг нь 6 сарын дундуур халдварын тархалт буураад наадмаа хийчихье гэж тооцоолж байсан биз, эргүү тэнэг хүмүүс нь эзэнгүй мал шиг бэлчээд, залуучууд нь харангадаж үхэх гэж байгаа юм шиг баар савандаа чихцэлдээд халдвар нэмэгдээд байхаар яалтай ч билээ дээ. Тэгээд өвчин туслаа авраарай, ор байхгүй энээ тэрээ гэж гонгинолдоод хэцүү хүмүүс шүү. Тэгээд бас вакцинаа голоостой, байхгүй байсан бол баларч байхгүй юу!