Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

С.Баярцогт, Д.Эрдэнэбат, Ш.Батхүү тэргүүтэй хүмүүсийн хэргийг Дээд шүүх эцэслэн шийднэ

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчид ирэх долоо хоногт олны анхаарал татсан гурван хэргийг хэлэлцэн эцэслэн шийдвэрлэхээр товложээ. Энэ сарын 28-ны даваа гарагт УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга, Сангийн сайд зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан С.Баярцогт, Татварын ерөнхий газар (ТЕГ)-ын дарга асан Б.Ариунсан, “Эрдэнэс Монгол” компанийн захирал байсан Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирал асан Д.Ганболд, ТЕГ-ын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга байсан Б.Бадрал нарт холбогдох хэргийг шүүгч Б.Батцэрэнгийн илтгэснээр хэлэлцэх нь. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс С.Баярцогтыг “Оюутолгойн гэрээ”-г байгуулахдаа эрх мэдлээ урвуулж, мөнгө угаасан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэм буруутайд тооцож 10 жил хорих ял шийтгэсэн билээ. Харин Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт дөрвөн жил, Б.Ариунсан, Б.Бадрал нарыг “Оюутолгой” ХХК-ийн улсад төлөх татварын хэмжээг үндэслэлгүйгээр бууруулж, эрх мэдэл албан тушаалаа урвуулсан хэмээн нэг жил зургаан сар хорих ял оноосон юм. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс С.Баярцогтыг дөрвөн жил найман сар, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарыг нэг жил гурван сар, Б.Ариунсан Б.Бадрал нарыг нэг жил хорихоор болсон. Мөн С.Баярцогтоос хууль бусаар олсон хөрөнгийг хураах ялыг нь хэвээр үлдээсэн билээ.

Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчид энэ сарын 30-ны лхагва гарагт “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцааг авах Засгийн газрын эрхээсээ татгалзаж, “Монголын зэс корпорац”-ад давуу байдал бий болгосон гэх хэрэгт шийтгүүлсэн УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат, Зам, тээврийн хөгжлийн сайд, “Монголын төмөр зам” ХК, “Эрдэнэт үйлдвэр”-т эрх бүхий албан тушаал хашиж байсан Д.Ганбат, тухайн үеийн Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал, Сангийн сайдаар ажиллаж байсан Б.Болор тэргүүтэй долоон хүнд холбогдох хэргийг шүүгч Б.Амарбаясгалангийн илтгэснээр хэлэлцэх нь. Д.Эрдэнэбатыг эрх мэдлээ урвуулан Засгийн газар авах давуу эрхээсээ татгалзаж, “Монголын зэс” ХХК-д худалдах тухай саналыг зөвшөөрөх нь зүйтэй гэсэн танилцуулгыг эдийн засгийн ямар ч тооцоо, судалгаагүй бэлтгэн Засгийн газрын ээлжит бус хурлаар хэлэлцүүлж, бусдад давуу байдал олгосон, төрийн хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан” гэм буруутай гэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дүгнэсэн юм. Улмаар Д.Эрдэнэбатад дөрвөн жил зургаан сар, Б.Болорт гурван жил зургаан сар хорих ял оноосон. Харин давж заалдах шатны шүүхээс Д.Эрдэнэбат, Б.Болор нарт оноосон хорих ялыг өөрчилж, 27 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 27 сая төгрөгөөр торгохоор шийдвэрлэсэн билээ.

Долдугаар сарын 2-ны баасан гарагт “Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүү, “Алтжин групп” компанийн захирал Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн, “Эрдэнэт үйлдвэр”-ийн гүйцэтгэх захирал байсан Ч.Ганзориг, тус үйлдвэрийн Хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал, Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбат нарт холбогдох хэргийг шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн илтгэснээр хянан эцэслэн шийдвэрлэх нь. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ш.Батхүү, Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат нарыг гэм буруутай гэж дүгнэсэн бол Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох хэргийг цагаатгасан. Улмаар Ш.Батхүүд найман жил хорих ял шийтгэсэн. Харин Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат нарт холбогдох үйлдлийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн юм. Давж заалдах шатны шүүх Ш.Батхүүгийн мөнгө угаасан үйлдлийг хэрэгсэхгүй болгож, долоон жил хорих ял оноосон билээ.

Бэлтгэсэн: Г.Равжаа

1
ТэнэглэлТэнэглэл
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.