Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Идэш тэжээлгүй болсон амьтад эцэж, харангадаж гүйцлээ

Дэлхий дахинд, тэр дундаа Төв Азид хэт халж, хуурайшилт эрчимжиж байгааг Дэлхийн цаг уурын байгууллага мэдээлэв. Харин манай орны хувьд харьцангуй сэрүүн, бороо хур элбэгтэй өдрүүд тохиож буйг Цаг уур, орчны орчны шинжилгээний газрынхан онцолсон. Ялангуяа төвийн болон зүүн аймгуудын нутагт бороо их орсноос томоохон голууд үерлэж, хот, хөдөөгүй сандаргах болсон. Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд амьдардаг малчин ах минь “Тав хоног бороо цутгалаа. Ёстой залхлаа. Гол үерлэсэн учраас сумын төв орж чадахгүй байна” гэж ярилаа. Гэтэл зарим аймгийн иргэд эсрэгээрээ, борооны мөрөөсөл болж, тэнгэр хангайгаа аргадаж сууна. Баянхонгор аймагт гэхэд энэ жил олон гол, нуурын ус татарч, зарим нь ширгэжээ. Өмнөговьд нийт нутгаар зуншлага тааруу байгаагаас зэрлэг амьтад өвс, ус эрэн, олон зуун км зам туулж, харангадаж, туйлдаж буйг иргэд мэдээлэв.

“Аргаль, янгир хамгаалах сан” төрийн бус байгууллагынхан зэрлэг амьтдад өвс, ус тавьж өгөхөөр явж байна

Тогтоол усны ул мөр бүхий хатсан сайр бараадсан туниа муутай, эцэнхий янгирын зураг цахим сүлжээнд саяхан түгэв. Үүнийг нийтэлсэн залууг “Хөөрхий амьтанд ус өгөхийн оронд бичлэг хийлээ” хэмээн олон нийт хайр найргүй шүүмжилсэн. Зарим нь Монголд биш л гэнэ. Харамсалтай нь, энэ бол бодит үйл явдал. Өмнөговь аймагт зэрлэг амьтад яг ийм байдалтай байна. Өнөөдөр тэдэнд хэн нэгэн ус, тэжээл өглөө ч маргааш, нөгөөдөр өлдөж үхэх аюул тулгарчээ. Уг нь зэрлэг амьтад өвөл, хавар гэсэн хүнд хоёр даваатай байв. Осгох, цасанд дарагдах, өлдөх, харангадах гээд түмэн зовлон энэ үед зэрэг тохиодог. Харин одоо жилийн дөрвөн улирал бүхэлдээ хатуу сорилт болж хувирчээ. Хамгийн аюулгүй, дэлгэр цаг гэдэг зун, намар ч тэдэнд том шалгуур.

Өмнөговь аймаг дахь “Аргаль, янгир хамгаалах сан” төрийн бус байгууллагын залуус туруутан амьтад нутагладаг газруудад өвс, тэжээл тавьж, зарим бүсэд биотехникийн арга хэмжээг өнгөрсөн хавраас тогтмол зохион байгуулжээ. Энэ ажлаа өргөжүүлэхийн тулд орон нутагтаа хандивын аян хүртэл өрнүүлж. Одоо ч тэд хээрээр гэр, хэцээр дэр хийж, Тост, Тосон бумбын нуруу, Гурвансайхан ууланд өлдөж, цангасан амьтдад тусламжийн гар сунгаж байгаа гэнэ. Гэвч хүн хүч бага учраас хангалттай хэмжээнд ажиллаж чаддаггүй юм байна. Тэд “Фэйсбүүк”-т түгсэн зураг шиг явдал олон амьтанд бүү тохиолдоосой гэсэндээ өвс, ус үүрээд, уул, хаданд мацсаар явна. Харамсалтай нь, бүгдэд хүрч чадахгүй юм. Өлдсөн, тэнхээгүй болсон амьтан энд тэндгүй таарч байна. Аргаль, янгир, хар сүүлт, ирвэс, шилүүс, хулан зэрэг туруутан, ховор амьтан идээшилдэг, илүү хуурай, гандуу бүс нутгуудад л нэн түрүүнд санаа тавьж эхэлсэн” гэж ярилаа.

“Гахаймшигт говь” төрийн бус байгууллагын тэргүүн, судлаач Х.Түмэндэлгэрээс цаг үеийн нөхцөл байдлыг тодруулахад “2018 онд бороо элбэг орсны ачаар Балга усны улаан нуур сэргэж, усны түвшин нь дориун болсон. Эл нуурыг ийм их устай байхыг сүүлийн 40, 50 жил үзээгүй гэж нутгийн хөгшчүүд ярьж байв. Гэтэл 2019 оноос хойш жил дараалан гандуу, хэцүү зун боллоо. Балга усны улаан нуур дахиад ширгэлээ. Говийн таван нуурын нэг Онгийн улаан өнгөрсөн жил ширгэж, хатсан. Манай аймагт байдаг нуурууд үндсэндээ үгүй боллоо. Одоо үлдсэн цөөн булаг, рашаанаа хашиж хамгаалъя, хүн, малын хөлөөс хол байлгая гэж уриалж, энэ чиглэлийн ажлуудыг эхлүүлээд байна. Уст цэгүүд цөөрч, хур тунадасны хэмжээ жилээс жилд багассанаас ийм байдалд хүрлээ. Байгаль доройтож, амьтад туйлдахаас яах вэ. Зэрлэг амьтдыг хамгаалъя гэвэл амьдрах орчныг нь сайжруулах шаардлагатай. Энэ ажлын гол цөм нь амьтан ундаалдаг уст цэгүүдийг хамгаалах, худаг, хөв, цөөрөм нэмж байгуулах” хэмээн ярилаа.

Өмнөговь бол уул уурхайн гол бүс. Тиймээс байгалийн шалгарал гэхээс илүүтэй уурхайн нөлөө энэ нутагт зонхилдог гэж олон нийт харддаг. Бусад аймгаас гандуу, хуурай, хур тунадас бага, гол, нуур олноороо ширгэж байгаагийн шалтгааныг ч үүнтэй холбодог. Энэ талаар түүний бодлыг сонирхоход “Энэ асуудлаар талцаж, өчнөөн жил маргалдлаа. Холбогдох байгууллагуудаас хяналт, шалгалт хийхээрээ уурхайнхны талд шийдвэр гаргадаг. Уурхай говийн байгаль орчин, усны нөөцөд хэрхэн нөлөөлж байгааг хөндлөнгийн байгууллагаар бодитоор үнэлүүлэх цаг болсон.

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө мэдээж байгаа. Гэхдээ манай аймгийн тухайд хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй нөлөө зонхилно. Байгаль орчин, аялал жуулчлалын газар (БОАЖГ)-ынхан зэрлэг амьтдад зориулж Хүрмэн, Баян-Овоо сумд 100 сая төгрөгөөр худаг гаргахаар болсон. Бас нэг залуу 10 сая төгрөгөөр ухаалаг худаг байгуулах санал дэвшүүллээ. Аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүс энэ мэтчилэн санаачилга, уриалга гаргасаар байна” гэв.

Харин Өмнөговь аймгийн БОАЖГ-ынхан “2020 оны зун гандуу байсан тул хүндхэн өвлийг давлаа. Нийт бэлчээрийн 20 гаруй хувь нь өвстэй, 40 хувь нь тааруу, үлдсэн нь маш муу гэж үнэлэгдсэн. Ирэх өвөл ч энэ байдал давтагдах шинжтэй. Одоо ихэнх нутагт ургамлын гарц тааруу, гандуу байна. Өмнөговийнхон амьтан хамгаалахад шаардагдах төсвийг орон нутгаасаа шийдэж ирсэн. Тост, Тосон бумбын нуруунд нутагладаг ховор амьтад, Баруун сайхан ууланд нутагшуулсан бугад зориулж, өвс, тэжээл байнга тавьж байгаа.

Гантай учраас малчид өвс, устай газар бараадаж, бэлчээр сэлгэн, нүүдэллэх нь олширсон. Үүний улмаас бэлчээрийн давхцал үүсэж, зарим амьтан хилийн бүс рүү шахагдан, идэш тэжээлгүй хэцүүдэх болсон. Цар тахлын улмаас биотехникийн арга хэмжээг өргөн хүрээнд зохион байгуулах боломж хязгаарлагдсан ч ховор, нэн ховор амьтдыг өвс, тэжээл, усаар хангаж байна. Амьтан ундаалахад зориулсан худаг аймгийн хэмжээнд 11 бий. Үүнийг удахгүй хоёроор нэмнэ” гэж мэдээллээ.

Идэш тэжээл, ус эрсэн аргаль, янгир тархац нутгаасаа дайжиж, ховордсонтой холбоотойгоор ирвэс айлын мал руу дайрах нь элбэгшсэнийг “Аргаль, янгир хамгаалах сан”-гийн залуус онцолсон. Гол идэш нь ховордсон учраас ийнхүү сандаргах болжээ. “Цоохор дээлт” мал барьсан тохиолдолд нэгийг нь 20 мянган төгрөгөөр тооцож, малчдад нөхөн төлбөр олгодог гэнэ. Зах зээлийн үнээс хэд дахин бага үнээр малаа “зооглуулж”, хаширсан малчид аргаа барахдаа аймгийн ЗДТГ, БОАЖГ-аас тусламж хүсэж, ойр хавийнхаа уурхайнханд ч ханджээ. Тэвдэж, айсан малчид цоохор ирвэс рүү буу шагайх вий гэж байгаль хамгаалагчид ихэд зовниж байгаа гэнэ. Амьтад идэш тэжээлийн гинжин хэлхээ холбоонд оршин тогтнодгийн тод жишээ энэ юм.

Манай улс зэрлэг амьтдад зориулсан биотехникийн арга хэмжээний төсвийг агнуурын бүсээс төвлөрүүлдэг. Тодруулбал, амьтдын нөөц, тархац, үржлийн биологи (нөхөн үржих чадавх)-ийг мэргэжлийн байгууллагынхан үнэлсний үндсэн дээр жилд хэчнээн тоо толгойг тусгай зориулалтаар агнуулахыг шийддэг. Эндээс төвлөрүүлсэн орлогын тэн хагасыг амьтан хамгаалахад зарцуулдаг гэсэн үг. Харин сүүлийн жилүүдэд “Ковид-19”-ийн улмаас тусгай зориулалтын анг хориглосон учир зэрлэг амьтдыг хамгаалахад зориулсан төсөвгүй болжээ. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Лондоны амьтан судлалын нийгэмлэг зэрэг олон улсын байгууллагынхан орон нутгийнханд боломж бололцоогоороо дэмжлэг үзүүлж, хувь хүмүүс, төрийн бус байгууллагууд чадлынхаа хэрээр амьтдад ус, өвс дөхүүлж байна. Харин улсын төсвөөс бүрэн хамааралтай байгууллагууд, тэр дундаа БОАЖГ-ынхан энэ үед хуруугаа ч хөдөлгөхгүй сууна.

Гурван аймгийн БОАЖГ-ын амьтны асуудал хариуцсан мэргэжилтэнтэй холбогдож, цаг үеийн нөхцөл байдал, биотехникийн арга хэмжээний талаар асуухад мэдээлэл өгөхөөс татгалзав. Нэг нь “Коронавирус гээд хаа сайгүй хүнд байна. Өмнө нь энэ талаар хэвлэлд мэдээлэл өгөхөд яамны мэргэжилтнүүд холбогдож, анхааруулсан. БОАЖЯ-наас дэлгэрэнгүй мэдээлэл авсан нь дээр болов уу” гэв. Гэвч БОАЖЯ-ныхан “Бидэнд тийм мэдээлэл (зэрлэг амьтад хэцүүдэж буй тухай) ирээгүй. Асууя, нягталъя” хэмээх хэзээд бэлэн тайлбараа хэлэв.

Олон тооны зэрлэг гахай тодорхойгүй шалтгаанаар өнгөрсөн өвөл үхэхэд яамныхан “Мэдэхгүй, орон нутгийнхнаас лавлая” гэж мэлзсээр өнгөрөөсөн. Харин одоо говьд зэрлэг амьтад туйлдаж, харангадаж үхэх аюулд хүрээд байхад мөн л “мэдээгүй” сууна. Цахим сүлжээнд олон мянган хүн энэ талаар ярьж, түгээж байхад ч тэд мэдэхгүй байгаа бололтой.

Өмнөговь бол хамгийн “баян” аймаг. Томоохон орд, уурхайтай учраас улсын төсөвт их хэмжээний орлого төвлөрүүлдэг. Байгаль хамгааллын арга хэмжээг ч орон нутгийнхаа төсвөөр шийддэг. Биотехникийн арга хэмжээний зардал нэхдэггүй, төсөвт дарамт учруулдаггүй ганц аймаг гэхэд болно. Хамгийн чадамжтай, хяналт сайтайд нь нөхцөл байдал ийм байхад бусад аймагт бүр хүнд байгаа нь ойлгомжтой. Гэвч орон нутгийнхан энэ тухай мэдээлэх хүсэлгүй, бодит байдлыг илчлэх дургүй байна. Үүнд нь коронавирус ихээхэн “дэм” болов.

3
ХарамсалтайХарамсалтай
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.