Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ц.ДАВААДУЛАМ: Эрх баригчид сонгогчдоо татах зорилгоор төрийн албыг данхайлгах ёсгүй

Төрийн захиргаа судлаач Ц.Даваадуламтай төрийн албаны шинэтгэлийн талаар ярилцлаа.

-Төрийн алба гэхээр иргэнээсээ хол, эсвэл тусгай бүтэц мэт ойлгогдоод байдаг. Өөрөөр хэлбэл, төр, иргэний харилцааг ойртуулах биш, холдуулаад байх шиг. Тиймээс нийтийн алба гэж нэрлэх ёстой гэсэн шүүмжлэл бий.

-Төрийн албан хаагчдын гүйцэтгэж байгаа үүрэг нь “захиргааны” гэхээсээ “удирдлагын” шинжтэй, захиргаа зөвхөн дотоод дүрэм журам, бүтэцдээ анхаарахаас илүү гадагш чиглэж, иргэд, бизнесийн байгууллага зэрэг олон талтай шууд харилцах шаардлага орчин үед үүссэн. Тиймээс “төрийн захиргаа” нь “нийтийн удирдлага”-аар эргэлт буцалтгүй солигдсон талаар дүгнэж бичсэн “Төрийн захиргаанаас нийтийн удирдлагад” номыг би саяхан орчууллаа. Төрийн албан хаагчид нь иргэний тодорхой эрхээ хязгаарлуулдаг тусгай мэргэжлийн бүлэг. Гэтэл манай улсад боловсрол, эрүүл мэндийн салбарын буюу үйлчилгээний байгууллагууд, төрийн байгууллагад ажилладаг харуул, үйлчлэгч нарыг хүртэл төрийн албанд хавтгайруулан хамааруулсан нь 2000 оны эхээр гарсан бодлогын алдаа. Өөрөөр хэлбэл, нийтийн албыг төрийн албанд хамааруулсан гэсэн үг.

Ерөнхийдөө сонгогдсон бус, карьерын албан хаагчдыг төрийн албанд (civil service), төр, засгийн нэрийн өмнөөс хүн амд үйлчлэх, нийтийн ажил хэргийг эрхлэх бүлгийг нийтийн албанд (public service) багтаадаг. Гэхдээ аль аль нь нийтийн ашиг сонирхол, иргэдэд үйлчлэх үүрэгтэй.

-Манай улсын төрийн албыг данхар гэдэг. Цомхон, үр бүтээлтэй, чадварлаг, мерит зарчим үйлчилдэг албатай болохын тулд юу хийх ёстой бол?

-Төрийн албыг цомхон болгох зорилтыг үе үеийн Засгийн газар дэвшүүлдэг ч албан хаагчдын тоо жил ирэх тусам өссөөр байна. Данхар гэж шүүмжлэхийн өмнө бүрэлдэхүүнийг нь шинжлэх хэрэгтэй. Хүн амын өсөлтийг дагаад багш, эмнэлгийн ажилтнуудын тоо нэмэгдэх нь зүйн хэрэг. Түүнчлэн манайх өргөн уудам нутагтай тул төрийн үйлчилгээг хүн амд хүргэхэд хүндрэлтэй. Төрийн албаны хэмжээг тодорхойлохдоо тухайн улсын нийт хөдөлмөр эрхлэгчийн тоонд эзлэх төрийн албан хаагчийн хувиар тооцдог. Манай улсад энэ нь 16 орчим хувь байна. Өөрөөр хэлбэл, ажил эрхэлж буй таван хүн тутмын нэг нь төрийн алба хашиж, төр өөрөө хамгийн том ажил олгогч болсон гэсэн үг. Төрийн албаны ажил эрхлэлтийг эрх баригчдын “сонгогчдоо татах” хэрэгсэл, халамжийн бодлогын нэгээхэн хэсэг болгох вий гэж салбарын эрдэмтэд анхааруулсаар ирсэн. Төрийн албыг шинэчлэхдээ цомхотгох, албан хаагчдыг нь чадавхжуулах, гүйцэтгэлийг нь сайжруулах, цалин хөлс, институцийн өөрчлөлт хийх зэрэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нийтлэг “жор” бий. Манай улсад ч эрх зүйн шинэчлэлийг үүний дагуу л хийж ирсэн.

-Хуулиа хэчнээн өөрчлөөд ч төрийн албыг шинэчилж чадахгүй байгаа шүү дээ.

-Манай улсад дутагдалтай гэж үзсэн хэдэн асуудал бий. Нэгдүгээрт, төрийн албаны хүний нөөцийн удирдлагын бүтэц Засгийн газарт байдаггүй. Энэ талын ойлголт ч сул. Гэтэл хувийн компаниуд ийм бүтэцдээ ихээхэн ач холбогдол өгч, хүний нөөцийн мэргэжилтэн хамгийн эрэлттэй болсон. Мөн энэ чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлдэг, сургалт явуулдаг байгууллага олноор бий боллоо. Хүний нөөцийн удирдлагын бүтэц нь иргэнийг ажилд авахаас эхлээд дадлагажуулах, сургах, хөгжүүлэх, ажлын гүйцэтгэлд нь үндэслэн албан тушаал дэвшүүлэх, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах гээд тэтгэвэрт гарах хүртэл нь тусгай мэргэжлийн мэдлэг шаардсан ажил. Гэтэл энэ чиглэлээр мэргэшсэн хүн төрийн байгууллагуудад хэчнээн байгаа бол. Төр ажил олгогчийн хувьд хүний нөөцийн удирдлагын бүтцээ бий болгож, хувийн салбарынхаас онцлог ялгаатайгаар буюу шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөгжүүлэх цаг ирсэн. Харамсалтай нь, энэ үүргийг хөндлөнгийн (УИХ-ын харьяа), зөвхөн хяналтын чиг үүрэгтэй байгууллага болох Төрийн албаны зөвлөл (ТАЗ)-д хариуцуулж ирсэн нь явцгүй болохыг өнгөрсөн туршлага харууллаа.

Хоёрдугаарт, тогтвортой, чадварлаг төрийн албатай улсуудын туршлагаас харахад албан хаагчдаа урт хугацааны турш сургаж бэлддэг бүтэцтэй байна. Энэ нь захиргааны ажлыг тусгай мэргэжлийнх гэж үздэгтэй холбоотой. Жишээлбэл, Германд бакалаврын түвшний захиргааны сургууль, Францад төрийн албанд элсэгчдийг бэлдэх зорилготой Үндэсний захиргааны сургууль, Энэтхэг, Сингапур, Британид төрийн албаны коллежийг Засгийн газрын бүтэцдээ ажиллуулдаг. Үнэндээ төрийн албан хаагчид, удирдах албан тушаалтнуудад улс төр, эрх зүйн мэдлэгээс гадна төрийн санхүү буюу улс, орон нутгийн төсөв, татварыг хэрхэн бүрдүүлэх, зарцуулах, эдийн засгийн шинжилгээ хийх болон захиргаа, менежментийн шинжлэх ухааны суурь ойлголт, мэдлэгийг богино хугацааны сургалтаар олгох боломжгүй.

Гуравдугаарт, мерит зарчмын үндэс нь зөв хүнийг зөв ажилд сонгон шалгаруулах явдал. Төрийн албаны босго өндөр байж л чадварлаг хүмүүсийг ажиллуулах боломжтой. Төрийн албаны тухай хуулийг 2017 онд шинэчилснээр элсэлтийн болон тусгай шалгалтын агуулгыг үндсээр нь өөрчлөх шаардлага үүссэн. Шинэчилсэн хуульд уг шалгалт нь тухайн хүний удирдан зохион байгуулах, дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх, манлайлах, багаар ажиллах чадварыг шалгах агуулгатай байна гэж заасан нь нэг талаас томоохон дэвшил. Гэвч үүнийг хэрэгжүүлэх бэлтгэлээ огт хангаагүй байсныг өнгөрсөн хоёр жил харуулав. Учир нь дээрх чадварыг шалгасан сорил боловсруулахад менежмент, сэтгэл зүй, зан үйлийн гээд олон шинжлэх ухааны нийлмэл мэдлэг шаардахын зэрэгцээ шалгалт авах аргачлалын хувьд шинэлэг байх хэрэгтэй. Гадаадын орнуудад сэтгэл зүйн сорилуудыг боловсруулдаг тусгай хүрээлэн ажилладаг. БНСУ-д төрийн албаны элсэлтийн шалгалтын тестийг боловсруулахад гурван жилийн хугацаа зарцуулсан юм билээ. Гэтэл манайд энэ чиглэлийн мэргэжилтэн бараг байдаггүй.

-Төрийн албыг улс төрийн нөлөөллөөс ангид байлгахын тулд яах ёстой вэ?

-Хөгжингүй болон хөгжиж буй, ардчилсан нийгэмд шилжсэн орнуудад төрийн албыг улс төрийн нөлөөллөөс ангид байлгах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь бүгд адил. Төрийн албан хаагчийн статусыг хамгаалсан хууль гаргах, хууль бус, улс төрийн нөлөөтэй томилгоо хийж байгаад хяналт тавих, хараат бус бүтцийг бий болгохыг зорьсон байдаг. Манайд Төрийн албаны тухай хуулийг 1994 онд баталж, дараа жил нь ТАЗ-ийг байгуулан, тодорхой хэмжээгээр улс төрийн нөлөөллийг арилгахад чиглэж ирсэн юм. Гэвч өнөөдөр нөхцөл ямар байгааг бид мэднэ. Төрийн албаны тухай шинэчилсэн хуульд хатуу арга хэрэгсэл болох ажилласан жилд үндэслэн шатлан дэвшүүлэх зарчмын дагуу хууль бус томилгоо хийсэн, эсвэл ажлаас нь халсан албан тушаалтнаар төрд учруулсан хохирлыг төлүүлэх заалт тусгасан. Одоо үр дүнг нь харах хэрэгтэй.

ТАЗ-ийн бүрэлдэхүүнийг Ерөнхийлөгч, УИХ зэрэг улс төртэй холбоотой этгээд санал болгодгоос хараат бусаар ажиллах нөхцөлийг нь хангаагүй, орон тоо, хүний нөөцийн хувьд ч бие даагаагүй явж ирлээ. Нийгмийн бүх салбараас ажлын үр дүн, туршлагаараа шалгарсан хүмүүсийг ТАЗ-ийн гишүүнээр сонгож томилдог олон улсын жишиг бий.

-ТАЗ-д төрийн албыг цомхон, чадварлаг, мэргэшсэн, тогтвортой, ёс зүйтэй болгох хангалттай бүрэн эрхийг хуулиар олгосон уу?

-Тийм. Тухайлбал, төрийн удирдах албан тушаалтныг сонгон шалгаруулан, томилгооны үйл ажиллагаанд шалгалт хийж, хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох, чадахуйн зарчмыг хэрэгжүүлэх үүднээс төрийн байгууллагын үйл ажиллагаанд хүний нөөцийн аудит хийж, томилгоо, сонгон шалгаруулалттай холбоотой маргааныг хянан шийдвэрлэх эрх мэдэлтэй байгууллага. Өмнө дурдсанчлан хүний нөөцийн удирдлагын чиг үүрэг хариуцсан бүтэц Засгийн газарт байхгүйн улмаас гүйцэтгэх засаглалын шинжтэй бүрэн эрхийг ТАЗ-д олгосон байдаг.

ЭЗХАХБ (OECD)-ын гишүүн 37 орноос манай улсын Төрийн албаны зөвлөлтэй төстэй, хараат бус бүтцийг хадгалж үлдсэн ганц улс нь Канад. Бусад нь Хүний нөөцийн яамтай, эсвэл Сангийн, Дотоод хэргийн яам гээд гүйцэтгэх засаглалын бүтэцдээ төрийн албаны хүний нөөцөө хариуцаж байна. 2000 оны эхээр Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулахдаа энэ ялгааг ойлгохгүйгээр хуулбарлаж тусгасан заалтууд нь одоогийн хуульд ч хэвээр байгаа. Үүнийг залруулж, ТАЗ нь шалгалт зохион байгуулах, сонгон шалгаруулах ажиллагаанд хяналт тавих, маргаан хянан шийдвэрлэх үндсэн чиг үүрэгтээ төвлөрвөл илүү хүчтэй байгууллага байх боломжтой.

-Дэлхийн шилдэг их, дээд сургууль төгссөн бол төрийн албанд элсэх шалгуурыг нь бууруулахаар хуулийн төсөл боловсруулсан. Мөн улс төрийн албанд сонгон шалгаруулалтаар томилдог болох хуулийн төслийг ч өргөн барилаа.

-Гадаадад суралцаж төгссөн нь тухайн хүнд давуу байдал үүсгэх шалтгаан болох учиргүй. Төрийн албанд ямар ч иргэн сонгон шалгаруулалтын журмын дагуу элсэх нь мерит зарчимд нийцнэ. 2020 оны байдлаар улс төрийн 3585 албан тушаалтан бий. Эдгээрт Ерөнхийлөгч, УИХ болон Засгийн газрын гишүүд, дэд сайд, бүх шатны Засаг дарга, орлогч гээд үндсэндээ сонгуулийн үр дүнд томилогддог албан тушаалтан, тэдэнд үйлчилдэг аппарат, зөвлөх, хэвлэл мэдээллийн ажилтан багтдаг. Онолын хувьд буруу, практик талаасаа ч ач холбогдолгүй зохицуулалт юм. Улс төрийн гэдэг нь сонгуулиар дүнгээ тавиулж, улс төрийн хариуцлага хүлээнэ гэсэн үг. Цаашилбал, улс төрийн албан тушаалтан нь төрийн албаны байнгын статусгүй, тухайн улстөрчийн бүрэн эрхийн хугацаанд нь дэмжлэг үзүүлэх зорилготой ажилладаг. Ямар хүнийг дэргэдээ ажиллуулах нь тухайн улстөрчийн хэрэг. Харин төсвөөс цалинждаг эдгээр албан тушаалтны тоо жил бүр өсөж байгаад нь л зохих байгууллага хяналт тавих хэрэгтэй.

-Төрийн өмчит компаниудыг төрийн албанд хамааруулснаар тодорхой шалгуураар томилдог, мерит зарчим үйлчилдэг газар болгох боломжтой юу?

-Төрийн өмчит компанийг тойрсон томилгоо, авлига, өр зээл гээд маш олон зүйл яригддаг. Өмч хувьчлал, компанийн засаглалыг сайжруулах эрх зүйн орчныг бий болгох замаар үүнийг засаж залруулах санаачилга гаргаж буй юм билээ. Энэ нь төрийн өмчит компанид ажиллагсдыг төрийн албанд хамааруулснаар шийдэх асуудал биш байх. Олон улсад төрийн албаны хэмжээг багасгах, өрсөлдөөнийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд 1980-1990 онд хувьчлалыг өргөн хүрээтэй явуулсан. Төрийн үйлдвэрлэх үүрэг багассан хэдий ч Хятад, Сингапур, Европын зарим орон улсын том үйлдвэрүүдтэй, ус, бохирын шугам, эрчим хүч, харилцаа холбооны үйлчилгээ үзүүлдэг нийтийн аж ахуйн компаниуд төрийн эзэмшилд байх нь түгээмэл. Харин АНУ-д шуудангаас бусад салбарт нь төрийн оролцоо бараг үгүй.

2
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.