Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн тангаргаа энэ сарын 25-нд өргөнө

Үндсэн хуулийн 25.1.5 дахь заалтад “Ерөнхийлөгчийг сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргах”, 31.4-т“Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхын санал авсан нэр дэвшигчийг УИХ Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргана” гэж заасан. Үүний дагуу өнгөрсөн баасан гаргийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төслийг хэлэлцэн батлав. Өмнө нь Төрийн байгуулалтын байнгын хороогоор үүнийг хэлэлцэж, дэмжсэн билээ.

Ээлжит сонгуулийн дүнг Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран танилцуулахдаа цаашид гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа иргэдээсээ санал авах ажиллагааг зохион байгуулахад тодорхой хэд хэдэн чиглэлд анхаарч ажиллах шаардлага үүссэнийг онцлов. Тухайлбал, саналаа өгөх хүсэлт гаргах болон санал авах ажиллагааг цахимжуулж, сонгогчдын идэвх, оролцоог нэмэгдүүлэх, сонгох эрхээ хэрэгжүүлэх нөхцөл бололцоог сайжруулах эрх зүйн орчин бүрдүүлж, сонгуулийн автоматжуулсан системийн техник, технологийг шинэчлэх шаардлагатайг хэлэв. Ингэснээр улирлын шинжтэй ажилладаг уул уурхайн салбарын ажилчид, оюутнууд саналаа өгөхөд үүсдэг хүндрэл болох байнгын оршин суугаа газраасаа өөр газарт байгаа тохиолдолд санал авах ажиллагааг зохион байгуулах бүрэн боломж бүрдэх ач холбогдолтой аж.

Энэ үеэр үг хэлсэн гишүүдийн олонх нь 2021 оны сонгууль улстөржилт, хэл ам багатай, тайван болж, Сонгуулийн ерөнхий хороо ч сайн зохион байгуулсныг онцлов. Мөн өмнө нь хяналтын тооллогын 50 хувийг гараар хийдэг байсныг 100 болгож, дүнгүүд бүрэн тохирсныг сайшаасан. Цаашид цахим системийн оновчтой шийдлийг нэмэгдүүлж, улирлын шинжтэй ажилладаг салбаруудын ажилчид, оюутнуудын саналаа өгөхөд үүсдэг хүндрэлийг шийдэх, иргэд байгаа газраасаа саналаа өгөх боломжийг хангахад онцгойлон анхаарч ажиллах шаардлагатай гэснийг дэмжиж байлаа.

Тухайлбал, гишүүн Н.Энхболд эерэг уур амьсгалтай, бохир сурталчилгаагүй сонгууль болсон нь Монголын нийгэм төлөвшиж байгаагийн илрэл болохыг тэмдэглээд, намууд ч хариуцлагатай, соёлтой оролцсоныг дурдав. Тэрбээр “Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд улс төрийн намын харьяаллаасаа болоод хоорондоо зөрчилдөж, улмаар сонгуулийн ажлыг гацаах тохиолдол байсан. Энэ удаа гишүүд хуулийн хүрээнд бүгд чармайж, сайн ажиллаж, сонгуулийн зохион байгуулалтад томоохон дэвшил авчирлаа. Нэг нам, нэг хүн дарангуйлагч болох гэж байна гэж сонгуулийн үеэр их ярьсан. Өмнөх Ерөнхийлөгч нар бүх ард түмнээс сонгогдсоны хувьд Үндсэн хуулиас давсан зарим эрхээрээ улс төр, шүүх, гүйцэтгэх засаглалд хөндлөнгөөс нөлөөлж ирсэн талтай. Одоо ийм боломжгүй. Үндсэн хууль болон Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ бүх өөрчлөлтийг хийж, намаа уриалж, УИХ-аар батлуулсан хүн нь У.Хүрэлсүх. Мөн Монгол Улсад парламент байгаа тул цаашдаа дарангуйлагч гарч ирэх нөхцөл бүрдэхгүй” гэсэн юм. Гэхдээ гишүүн Н.Алтанхуяг “Сонгууль захиалгат жүжиг боллоо. Төрийн албан хаагчдыг шургаж унатал нь дарамталж ажиллууллаа. Сонгуулийн ерөнхий хорооны дарга нь хуулийг өөрийнхөөрөө тайлбарлаж, улстөржсөн. Төсвийн мөнгийг сайн урсгалаа” хэмээн шүүмжилсэн бол цөөнхийн бүлгийн дарга Д.Ганбат мэтгэлцээн зохион байгуулаагүйг буруутгалаа.

Дараа нь Ерөнхийлөгчийн тангараг өргөх товыг тогтоолоо. Үндсэн хуулийн 32.2-т “Ерөнхийлөгч сонгогдсоноосоо хойш 30 хоногийн дотор “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн УИХ-д тангараг өргөнө” гэж заасан. Ерөнхийлөгчийн тухай хуулийн 5.2-т “Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдрийг УИХ тогтооно” гэх заалт бий. Үүнийг баримтлан Төрийн байгуулалтын байнгын хорооноос Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай тогтоолын төсөл санаачилсан юм. Улмаар тангараг өргөх өдөр, цагийг зургадугаар сарын 25-ны өдрийн 11.40 цаг байхаар тогтоов.

ЦЭЦИЙН 06 ДУГААР ДҮГНЭЛТИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЛӨӨ

Үргэлжлүүлэн Үндсэн хуулийн цэцийн 06 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ. Уг дүгнэлтийн талаар Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Баясгалан, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг гишүүн Ц.Сэргэлэн нар танилцуулсан. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 21.4 дэх хэсэгт “Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх, эсэх талаарх Цэцийн гишүүний шийдвэрийг маргагч талууд буюу Цэцийн аль нэг гишүүн эс зөвшөөрч гомдол, санал бичгээр гаргасан бол Цэцийн даргын тогтоолоор томилсон гурван гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаанаар хянан хэлэлцэж, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх, эсэхийг шийдвэрлэж магадлал гаргана” гэж заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж уг дүгнэлтээр шийдвэрлэсэн билээ. Үүнийг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэхдээ гишүүдийн олонх нь хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн юм. Тус хуралдаанаар ч үүнийг дэмжиж, дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрлөө. Ингэснээр аливаа мэдээлэл, хүсэлттэй холбогдуулан Цэцийн гишүүн гомдол гаргах эрхгүй болов.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАВ

Хуралдааны төгсгөлд Т.Энхтүвшин нарын гишүүнээс өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав. Энэ хуулийг ирэх сарын 1-нээс мөрдөх бөгөөд ажил олгогч болон даатгуулагчаас төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийг тус бүр нэг хувиар бууруулж байна. Өөрөөр хэлбэл, бүх ажил олгогч болон даатгуулагчид тэтгэврийн даатгалын шимтгэлээ 8.5 хувиар төлөх юм. Сайн дураар даатгуулагчид тэтгэврийн даатгалын шимтгэлийг 12.5 хувиар төлж байсан бол мөн нэг хувиар бууруулж, 11.5 хувийн шимтгэл төлөх нь. 2021 оноос ажил олгогч болон даатгуулагчаас төлөх тэтгэврийн даатгалын шимтгэл тус бүр 9.5 хувь болон нэмэгдсэн нь коронавируст цар тахалтай холбоотойгоор аж ахуйн нэгж, иргэний орлогод нөлөөлж байгааг үндэслэн дээрх хуулийн төслүүдийг санаачлан, батлуулсан билээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн тангаргаа энэ сарын 25-нд өргөнө