Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийслэлийн авто замуудын ердөө 30 хувь нь ус зайлуулах шугамтай

Ойрын өдрүүдэд орсон борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэж, нийслэлийн зарим дүүргийн гудамж, зам усанд автлаа. Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг, “Олимп” хотхон орчмын зам ийм байдалтай болж, явган хүн зорчиход бэрхшээл үүсэв. Мэргэжлийн байгууллагынхан хамтран ус зайлуулах арга хэмжээ авч буй ч төдийлөн үр дүнд хүрээгүй байна. Энэ талаар Геодези, усны барилга байгууламжийн газрын ерөнхий инженер С.Батсайхан “Ойрын өдрүүдэд орсон борооны улмаас шар усны үер ихэслээ. Үүнээс болж хотын төвөөр урсдаг голын усны түвшин нэмэгдэж, зарим байршилд эргээсээ хальж, барилга байгууламжийн зоорийн давхар луу ус орох зэрэг хүндрэлтэй асуудал үүссэн. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтэс, нийслэлийн Онцгой байдлын газар, Геодези, усны барилга байгууламжийн газар, Ус сувгийн удирдах газар, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын шуурхай бригад хамтран ажиллаж, арга хэмжээ авч байна. Хоёр байршилд буюу Энхтайваны гүүрний зүүн талын Соёмботой хөшөө, Олимпын гүүрний доод хэсгийн буцаж эргэх чиглэлийн гүүрэн байгууламжийг өчигдөр 07.00 цагт сэтэлж, урсцын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэн, усны түвшнийг буурууллаа” гэв.

Тус газрын засварчин А.Дүгэрхүү “Үерийн усны түвшин буурахгүй, Махатма Гандигийн гудамж болон “Олимп” хотхон орчмын зам усанд автсан. Бид энэ хэсэгт ус соруулагч хоёр машинтай ажиллаж байна. Нэг удаад 15-30 минутад зургаан тонн ус соруулж, асгадаг. Хэзээ соруулж дуусах нь тодорхойгүй” гэлээ.

Геодези, усны барилга байгууламжийн газрынхны мэдээлснээр хот тэлэхийн хэрээр гадаргын усыг хөрсөнд шингээх боломжгүй болж байгаа аж. Тухайлбал, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн барилга байгууламжийн нягтаршил ихсэж, шинэ орон сууц олширсноор нийслэлийн авто зам үерт автах тохиолдол нэмэгджээ. Түүнээс гадна 1960-1980 онд барьсан угсармал орон сууцуудын ус зайлуулах шугам хоолойн насжилт хэтэрсэнтэй ч холбоотой гэнэ. Нийслэлийн авто замын ердөө 30 хувь нь ус зайлуулах шугамтай бөгөөд ачаалал нь аль хэдийн хэтэрчихсэн. Хүн ам олонтой, нягтаршил ихтэй дүүргүүдэд шугам сүлжээ хомс байдгаас болж үерт автсан тухай дуудлага нэг дороос удаа дараа ирдэг болохыг мэргэжлийнхэн онцолсон юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “Нийслэлийн авто замуудын ердөө 30 хувь нь ус зайлуулах шугамтай

  • Avatar Anonymous says:

    Удахгүй Улаанбаатарын гудамжинд приусээр биш завиар явдаг бол юм бна л даа, Венеци хот шиг …