Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нууруудын хөндийн “амь” тасарчээ

Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь аймгийн нутаг дахь Бөөнцагаан, Адгийн цагаан, Таацын цагаан, Орог, Улаан нуур оршиж буй хэсгийг бүхэлд нь Нууруудын хөндий хэмээн нэрлэдэг. Улаан нуурт Онгийн, Бөөнцагаан, Адгийн цагаанд Байдрагийн, Орогт Түйн, Таацын цагаанд Таацын гол цутгадаг. Эл хөндийн уур амьсгал хуурай, жилд ордог хур тунадасны хэмжээ бага боловч дээрх нуурууд экосистемийн тэнцвэрийг хангахад чухал үүрэг гүйцэтгэж иржээ. Тиймээс онгот шунгуур, борцгор хотон, хондон ангир, хүрэн толгойт цахлай зэрэг ховор шувуу өсөж үржин, нутагладаг, шар зээргэнэ, чихэр өвс гэхчлэн олон зүйлийн ашигтай ургамал ургадаг байв. Экологийн чухал ач холбогдолтой учраас тус хэсгийг 23 жилийн өмнө Рамсарын конвенцод бүртгэж, олон улсын ус, намгархаг газрын жагсаалтад оруулсан түүхтэй. Гэтэл өдгөө эл хөндийн нууруудаас дөрөв нь ширгэж, хатжээ. Бусдынх нь усны түвшин илт багасаад буй аж. Тодруулбал, Таацын цагаан, Адгийн цагаан, Улаан, Орог нуур юу ч үгүй ширгэж, хагархай шал, сайр төдий газар болон хувирчээ. Эхний гурав нь амь тавиад багагүй хугацаа өнгөрсөн бол Орог энэ хавар “сураг алдарчээ”. Одоогийн байдлаар Бөөнцагаан нуур л дориун устай гэнэ.

…Бөөнцагаан, Орог. Бөөнцагааныг тэжээдэг ганц гол болох Байдраг 290 гаруй км газрыг туулж, уг нуурт цутгадаг. Орог нуурын үндсэн цутгал болох Түйн гол таван сумын хүн, амьтныг ундаалан, 243 км урсаад, энэ хөндийд ирдэг. Аль аль нь гадагш урсгалгүй, “эх оронч” гол учраас эмзэг тогтоцтойд тооцогддог юм. Тэгэхээр энэ хоёр нуур усаар тасрахгүй гэсэн баталгаа байхгүй…

Эл хөндийн нуурууд ширгэхэд байгаль, цаг уурын өөрчлөлтөөс гадна мал аж ахуй, уул уурхайн үйл ажиллагаа гол нөлөө үзүүлсэн гэж судлаачид үзэж байна. Шувуу судлаач, ажиглагч Э.Лхагважав “Нууруудын хөндий бол олон улсын ач холбогдолтой, нүүдлийн шувуу олноор зорьж ирдэг бүс нутаг. Монгол орны газар зүй, цаг уурын ерөнхий хэв шинжийг агуулсан, аялал жуучлалыг хөгжүүлэхэд тохиромжтой газарт тооцогддог. Харин одоо хүндхэн дүр зурагтай байна. Нуурууд нь ширгэж, ус нь эрс багассанаас эрэг дагуух зэгс, шагшуурга байхгүй болсон. Нүүдлийн шувуу ховордсон. Элбэг байсан унаган шувуу хүртэл үзэгдэхээ больсон тухай судлаачид ярьдаг. Бидний хэдэн судлаач 2018, 2019 оны намар Орог болон Бөөнцагаан нуур орчимд эргийн шувууны тооллого, судалгаа хийсэн. Шувууны төрөл зүйл 2010 оныхоос 50 хувиар цөөрснийг тогтоосон. Тухайн бүс дэх намгархаг газрын хэмжээ эрс багассаныг ахмад судлаачид хэлж байв.

Жил болгон олон тооны гол, нуур ширгэх боллоо. Энэ бүхнийг дагаад өчнөөн амьтан, ургамал устаж, экологид хэмжээлшгүй их хохирол учирч байгаа. Нууруудын хөндийг одоогийнхоос дордуулахгүйн тулд малын тоо толгойг хязгаарлах байдлаар бэлчээр, ус ашиглалтыг хэвийн хэмжээнд барих нь зүйтэй. Ядаж хамгийн том нь болох Бөөнцагаан нуурыг малын хөлд үрэгдүүлэхгүй, авч үлдэх нь чухал болоод байна” гэсэн юм.

БОАЖЯ-ны 2019 оны Байгаль орчны төлөв байдлын тайлан дахь усны нөөцтэй холбоотой хэсэгт Нууруудын хөндийг онцгойлон дурдаж байж. Тухайлбал, “Хур тунадас, цутгал голуудын тэжээлгүй болсны улмаас Орог, Адгийн цагаан, Улаан нуурын усны түвшин жил ирэх тусам багассаар ширгэх аюулд ойртож байна” хэмээн сэрэмжлүүлсэн нь өдгөө биеллээ олжээ. Харин “Төв Азийн экосистемд чухал ач холбогдолтой ус, намгархаг газар бүхий тус хөндийн гол, нуурууд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд ихээр автаж байгаа тул байгалийн жамаар сэргэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд уул уурхай, мал аж ахуй, аялал жуулчлал зэрэг хоёрдогч хүчин зүйлээс ангид байлгахад холбогдох байгууллагууд анхаарвал зохистой. Ус, намгархаг газрын хэмжээ, усны урсац, түвшин зэргийг судалж тогтоон, үүнд үндэслэн тохирох арга хэмжээг авах шаардлага тулгараад байна” гэж анхааруулсныг ажил хэрэг болгоогүйн улмаас өдгөө нөхцөл байдал улам дорджээ.

Орог бол Рамсарын конвенцод бүртгэлтэй энэ хөндийн хоёр дахь том нуур. Эл нуур өмнө нь хоёронтоо ширгэж байсан ч энэ удаагийнх шиг шал нь өнгөн хэсэгтээ ямар ч чийггүй болтлоо хатаж байгаагүй гэнэ. Тиймээс судлаачид нууруудын хөндийн амин судсуудын нэг бүрмөсөн “хагарсан” байж болзошгүй гэж харамсан, халаглаж байна.

Бөөнцагаан, Орог нуурын сав газрын захиргааны нуурын экосистемийн үнэлгээ, экологи, судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтэн Г.Нансалмаа “Нууруудын хөндийн нууруудаас хамгийн том талбайг эзэлдэг нь Бөөнцагаан, Орог. Бөөнцагааныг тэжээдэг ганц гол болох Байдраг 290 гаруй км газрыг туулж, уг нуурт цутгадаг. Орог нуурын үндсэн цутгал болох Түйн гол таван сумын хүн, амьтныг ундаалан, 243 км урсаад, энэ хөндийд ирдэг. Аль аль нь гадагш урсгалгүй, “эх оронч” гол учраас эмзэг тогтоцтойд тооцогддог юм. Тэгэхээр энэ хоёр нуур усаар тасрахгүй гэсэн баталгаа байхгүй. Бөөнцагаан тогоон доторх нуур учраас ямар ч үед усаа хашиж, тогтоогоод, “барьдаг”. Харин Орог тогооноос гадагшаа чиглэсэн урсгалтай учраас халгиулаад, асгаад дуусгачихдаг. Дээрээс нь Орог нуурын үндсэн тэжээл болох Түйн голын усны 36 хувь нь ул хөрснийх, 64 хувь нь хур борооных учраас байгаль, цаг уурын нөхцөл, хур тунадасны хэмжээнээс бүрэн хамааралтай.

Орог нуурын хувьд 2018 оноос эхлээд ус нь эрс багассан. Нуурын талбай 75 ам метр байснаа 15 ам метр болтлоо буурсан. Өнгөрсөн оны есдүгээр сараас хойш усгүй буй. Орон нутгийн иргэдийн хэлснээр Түйн голын гурван салаа урсгал бүгд нуурт хүрэхгүй шургасан гэнэ” хэмээн ярилаа. Тус сав газрын захиргааныхан Орог нуурын асуудлаар БОАЖЯ тэргүүтэй холбогдох байгууллагад хандаад буй бөгөөд тэжээл цутгал бий болгохын тулд усан сан үүсгэх, Улиастайн голыг Нууруудын хөндий рүү “чиглүүлэх” зэрэг төсөл, хөтөлбөр яригдаж эхэлснийг судлаач онцоллоо.

Харин судлаач Г.Түвшин хиймэл дагуулын мэдээнд тулгуурлан хийсэн судалгаандаа үндэслэн “Хангайн нурууны томоохон нууруудын нэг Тэрхийн цагаантай дүйцэхүйц хэмжээний их ус говийн бүсэд ууршин алга болжээ” хэмээн Орогийн одоогийн нөхцөлийг тодотгоод, Баянхонгор аймаг, тэр дундаа эл нуурын ойр хавьд нутагладаг Жинст, Богд сумын малчдыг усны гачаалд бүрэн орохгүйн тулд бэлчээр сэлгэн ашиглахыг уриалжээ.

Рамсарын конвенц бол байгалийн онцгой “өгөгдөлтэй”, тухайн нэг оронд төдийгүй олон улсад ач холбогдолтой газруудыг бүртгэж, дэлхий дахинд тунхагладаг. Тэр утгаараа монголчууд бид олон улс, ялангуяа Төв Азийн орнуудын өмнө тодорхой үүрэг, хариуцлага хүлээж буй. Харин одооноос энэ үүргээ ухамсарлаж, тус конвенцод бүртгэлтэй 11 газрын нэг болох Нууруудын хөндийгөө хамгаалах цаг хаяанд иржээ.

4
ХарамсалтайХарамсалтай
1
Хөөрхөн юмХөөрхөн юм
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 thoughts on “Нууруудын хөндийн “амь” тасарчээ