Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

С.БОЛД-ЭРДЭНЭ: Би аавынхаа захисныг марталгүй амьдарч яваа

Монголын театрын хоёр дахь Гамлетыг өнгөрсөн сард Гавьяат жүжигчин цолоор энгэрээ мялаалгахад энэ урлагт шимтэгсдийн магнай тэнийсэн гэхэд хилсдэхгүй. 90 жилийн түүхтэй “Улаан байшин” (УДЭТ)-гийн сүүлийн 20 гаруй жилийн түүхийг бичилцэхдээ С.Болд-Эрдэнэ “Надаар тоглосон хайр”-ын Бүүвэй, “Саран хөхөө”-гийн Лагана, “Эр хүн болгож өгөөч”-ийн Батаа, “Амьгүй албат”-ын Хачиг, “Атга нөж”-ийн Өгөдэй, “Хайрын виз”-ийн Жаргал, “Парисын дарь эхийн сүм”-ийн Квазимодо, “Оролмаа эх”-ийн Сандагдорж, “Гамлет”-ын Гамлет, “Ромео, Жульетта”-гийн Лоренцо лам, “Бүсгүйн зурвас”-ын Архай сайд, “Анна Каренина”-гийн Левиний дүрээр үзэгчидтэй “уулзсан”. Түүнчлэн “Альфа” театрын бүтээл “Фауст” жүжгийн гол дүрд “хувираад” амжсан билээ. Зөвхөн гол дүрүүдийг нь дурдахад л ийм. Тус театрт тоглосон бусад дүр, дэлгэцийн уран бүтээлд бүтээсэн дүрүүдийг нь тоочвол урт гэгч жагсаалт хөвөрнө. Театрын отгон гавьяаттай ярилцлаа.

-Гавьяат жүжигчин цол хүртэхээр болсон тухайгаа Хяргас нуурын хөвөөнд киноны зураг авхуулж байхдаа сонссон гэсэн. Ямар уран бүтээлд тоглож байгаа юм бэ?

-Утасны сүлжээгүй газар байсан учраас тэр дороо мэдээгүй. Дауны хам шинжтэй хүүхдийн тухай арт төрлийн киног “Хамба” фильмийн найруулагч Б.Ганболд олон улсын наадмуудад сойхоор төлөвлөн бүтээж байгаа юм. Эл уран бүтээлд би даяанч ламын дүрд тоглож байна. Тус киноны зургаа Хяргас нуурын эрэгт авхуулж байхад Ерөнхийлөгийн Тамгын газраас утасдаж баярт мэдээг дуулгасан. Хамт байсан кино багийн хамт олон минь надаас дутахааргүй баярлалаа. Харамсалтай нь, 26-нд очиж амжихааргүй болж, 28-нд гардсан.

-Кино багийн хамт олон гэлтгүй тайз, дэлгэцийн уран бүтээлийн үзэгчид таныг энэ цолоор шагнуулахад баяртай байх шиг санагдсан.

-Олон нийтийн сүлжээн дэх хүмүүсийн сэтгэгдлийг хараад үнэхээр их баярлалаа. Бүгд л баяр хүргэж, уран бүтээлийн амжилт хүсэж байна. Хийж бүтээх, туурвих урам, “ташуур” авлаа. Тэр хэрээр хувь хүн болон уран бүтээлчийн үүднээс хариуцлага нэмэгдэж буйг ухаарч сууна.

-Та шагнал урамшуулал, цол, тэмдгийн үнэ цэнийг юу гэж ойлгодог вэ?

-Шагналтай, шагналгүй уран бүтээлээ туурвиад л явна гэх хүн байхад цагийг нь олж, онож урамшуулах нь зүгээр гэх хүн ч бий. Аль аль нь байж болох л өнцөг. Би ч эхнийхээр нь боддог л байв. Ажлаа хариуцлагатай, чанартай хийгээд л явъя гэж. Хүнд төвөг удахгүй, өөрийгөө болон гэр бүлээ зөв авч явах нь миний нийгэмд оруулах хувь нэмэр гэж боддог. Түүнээс биш шагналын төлөө амьдарч, уран бүтээл туурвиагүй шүү дээ. Гэхдээ төрийн шагнал хүртлээ. Бүр илүүтэй хичээж, нэр хүнд, үнэ цэнийг нь дааж явах хэрэгтэй гэж бодож байна даа.

-Төрийн ордонд аавынхаа нэрийг дуудуулж шагнал хүртэхэд ямар санагдав?

-Шагнал гардуулах ёслол өндөр дэг, ёс журмын дагуу болдог юм билээ. Сүрдмээр. Аавынхаа нэрийг дуудуулж шагнал хүртэхэд сайхан санагдсан. Миний аав С.Сугар Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч, багш хүн байлаа. Шавь нар нь Монголын тайз, дэлгэцийн урлагт амжилттай ажиллаж, түүчээлж яваа. Аав минь миний мэргэжлийн багш шүү дээ. Төрийн ордонд ааваараа бахархаж зогслоо. Энэ ташрамд, хайртай ээждээ, ханьдаа, хүүхдүүддээ, гэр бүлийнхэндээ баярлалаа, хайртай гэдгээ хэлье. Тэр болгон хэлж чаддаггүй юм. Мөн бага, дунд, ахлах ангийн, СУИС-ийн багш нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

-Өнөөдрийг хүртэл та УДЭТ-ын 80 орчим уран бүтээлийн гол болон туслах дүрд тоглолоо. Мөн тооны дэлгэцийн уран бүтээлд оролцжээ. Одоо ямар уран бүтээлд тоглохыг хүсэж, шунаж яваа бол?

-Би яг л эр хүний идэр насандаа явна. Ид хийж бүтээх нас. Өөрийгөө азтай уран бүтээлч гэж хэлнэ. Дэлхийн сонгодог жүжгийн ноён оргил, тулгын гурван чулуугаар У.Шекспирийн “Гамлет”, И.В.Гётегийн “Фауст”, М.Сервантесын “Кихот ноён”-ыг нэрлэдэг. Би гурвууланд нь оролцож, хоёрынх нь гол дүрд тоглосон. Хэрийн уран бүтээлчид олдохгүй завшаан, тавилан. Хойшдоо тайз, дэлгэцийн олон уран бүтээлд оролцох хүсэл, бодол бий. Нэг хүний жүжиг тоглох ч хүсэлтэй. Өөрийнхөө онцлог, төрх, шинжийг агуулсан олон дүрээр үзэгчидтэй “уулзмаар” байна.

-Танай театр уран сандаа 400 орчим уран бүтээлтэй. Тэдгээрээс сүүлийн жилүүдэд үзэгчдэд огт хүргээгүй жүжиг олон бий. Танд тоглохыг хүсдэг жүжиг, шунаж дурладаг дүр бий биз?

-Тоглохыг хүсдэг дүр бий. Арай залуудаа Н.Колядагийн “Ижил хүйстэн” жүжигт тоглохыг хүсдэг байлаа. Мөрөөдөж, шунасан ч тоглож чадаагүй дүр зөндөө. Нас ахихын хэрээр тэр мөрөөдөл алсарчих юм. Хэдэн жилийн өмнө өөрийнхөө тоглож байсан жүжигт ч тоглож чадахаа болино.

-Гунигтай юм.

-Мэдээж. Гэхдээ жам юм хойно яалтай билээ. УДЭТ урын сан дахь бүтээлүүдээ бичлэг болгон хадгалдаг юм. Тавхан жилийн өмнө тоглосон жүжгийнхээ бичлэгийг үзэхэд л одоогийнхоос өөр харагддаг. Тэгэх бүрт цаг хугацаа асар хурдан өнгөрч байгааг мэдэрдэг дээ.

-Театрын архив дахь жүжгийн бичлэг, дэлгэцийн бүтээлд үлдээсэн дүрүүдээ харахад өөр ямар мэдрэмж төрдөг вэ?

-Үзэх тийм ч дуртай биш ээ. Өөрийгөө голоод байдаг юм. Ингэчихгүй яав аа, тэгдэг байж гэж бодоод л, дутуу санагдаад байдаг. Би гэлтгүй бүгд л тэгдэг байх. Ер нь хийсэн зүйлдээ сэтгэл ханачих л юм бол байсан газартаа зогсчихно гэж боддог. Өөрийгөө чамлаж, улам сайжруулж л байхад буруудахгүй.

-Багшлах санал ирдэг үү, танд?

-Сайн багш болдог жүжигчин, найруулагч бий. Зөвхөн уран бүтээлээ туурвисаар насаа бардаг хүн ч бий. Хүнд сэдэл өгч, сургадаг багшийн ажил хэцүү. Заах аргаас гадна олон чадвар хэрэгтэй. Аав минь “Залуучуудтай хамт байдаг учраас багшлах сайхан. Залуусаас шинэлэг, сонирхолтой зүйлс суралцдаг. Болбол багш болоорой” гэж захидаг байв. Одоохондоо өөрт сурах зүйл, хийх уран бүтээл их учраас багшлах бодолгүй. Гэхдээ сэтгэлийн мухарт аавынхаа захисныг биелүүлэх хүсэл бий.

-Таны эгч жүжигчин С.Болормаа аав шиг тань залуу уран бүтээлчдийг бэлтгэж, багшилж буй. Та хоёрт хамт тоглосон уран бүтээл байдаг уу?

-Гэр бүлийнхэнтэйгээ нэг уран бүтээлд ажиллахад эвгүй юм билээ. Талийгаач Аси (Р.Алтансүх)-гийн нэг киноны туслах дүрд эгчтэйгээ эхнэр, нөхөр болж тоглосон. Аавтайгаа хамт Гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлангийн клипэнд тоглож байлаа. Одоо харахад сайхан байдаг юм.

-Та 2013 онд “Хөлтрөг” уран сайхны киног үзэгчдэд хүргэсэн. Дахин кино найруулах, бие даан уран бүтээл хийх бодол бий юү?

-Мэдээж бий. Гэхдээ тохироо нь нэг л бүрдэж өгөхгүй л байна. Уран бүтээл “толгойлж” ажиллах амаргүй. Өөрийн онцлог, өнцгийг харуулахуйц бүтээлийг өөрт таалагддаг хэв маягаар туурвих хүсэлтэй.

-Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр СУИС-ийн ангийнхны тань тухай мэдээ, сэтгэгдэл хөвөрч байна. Танай ангиас олны танил цөөнгүй уран бүтээлч төржээ. Олонх нь бүтээлээ Монголдоо төдийгүй гадаадынханд толилуулж байна. Цухас дурдвал, Б.Амарсайхан “Марко Поло” кинонд тоглон, “Mongolian connection”-ийг Холливудын уран бүтээлчидтэй хамтран бүтээж, Г.Эрдэнэбилэг “Хийморь” киногоороо олон улсын наадмуудаас шагнал хүртэж, Н.Ялалт “Алтан судал” бүтээлээрээ Берлиний кино наадамд өрсөлдлөө. Та уран бүтээлчийн хувьд атаархаж байна уу?

-Манай ангийнхан Монголын тайз, дэлгэцийн урлагт өөрсдийн өнгийг нэмж яваа чадварлаг уран бүтээлчид. Хувь хүнийхээ үүднээс найзуудынхаа амжилтаар бахархаж, баярладаг. Харин уран бүтээлчийн хувьд цагаахан атаархдаг. Ингэж хэлэхээр хүмүүс буруугаар ойлгох вий. Уран бүтээлч хүн бүрт л цагаан атаа, бүтээхийн төлөөх хор шар байдаг болов уу. Тиймээс өөрийгөө илүү хөгжүүлэх, сайжруулах, сайн уран бүтээл туурвихын тулд хичээж яваа.

-Нээрэн та олон улсын наадамд Холливудын алдарт жүжигчин Уиллем Дефотой өрсөлдөж, ялсан байх аа?

-2018 онд “Хоёр амь” киноны дүрээрээ ОХУ-д болдог олон улсын наадмаас шилдэг эрэгтэй жүжигчний шагнал хүртсэн. Наадмын энэ номинацад олон орны жүжигчид өрсөлдсөний нэг нь Холливудын алдарт жүжигчин Уиллем Дефо. Тухайн үед шагналаа өөрөө гардаж чадаагүй л дээ. Энэ амжилтаа ахиулж, чансаа өндөртэй наадмуудад оролцохыг хүсэж байна. Сүүлийн жилүүдэд ази уран бүтээлчид Холливудад амжилт гаргаж байгаа. Бид ч хичээх хэрэгтэй. Боломжгүй зүйл үгүй шүү дээ.

-Саваагүй асуулт асуучих уу?

-Тэг л дээ.

-Холливудын алдарт жүжигчин Леонардо ди Каприо ихэнх кинондоо хундага өргөдөг, Брэд Питт түргэн хоол идэж буйгаар гардаг гэхчлэн заавал оруулдаг үзэгдэл байдаг. Харин таны тоглосон ихэнх кинонд тамхи татаж буй үзэгдэл гардаг юм билээ.

-Зарим нь найруулагчийн шийдэл. Зарим нь тухайн дүрийг тодруулах гэсэн санаа. Гэхдээ албаар биш. Сүүлийн үед би өөрөө ч үүнээс “зугтаж” байна.

-Адал явдалт, аймшгийн, тулаант, түүхэн, уянгын гээд олон төрлийн кинонд эерэг, эсрэг дүрд тоглочихлоо. Тоглож үзээгүй, тоглохоос зугтдаг төрөл байдаг уу?

-Инээдмийн төрөл надаас жаахан хол. Гэхдээ өөрөөсөө хол зүйлээр өөрийгөө турших сонирхолтой байх. Чадахгүй зүйлтэйгээ нүүр тулж, ард нь гарсны дараа чанар танигдана. Сүүлийн үед киноны олонх найруулагч надад эсрэг дүрийн санал тавьдаг болчихсон. Жаахан гайхаад л байгаа.

-Тэр нь “илүү” амттай юм биш үү?

-Тэр ч тийм. Гэхдээ хүнд эерэг, эсрэг чанар аль аль нь бий. Дүр бол хүн. Тиймээс тоглохдоо аль аль чанарыг нь харуулбал тухайн дүр үнэн байж, хүн болж үзэгчдэд хүрнэ. Эсрэг дүрд ч эерэг чанар, эерэг дүрд ч муу тал бий. Түүнийг нь л тодруулж тоглох хэрэгтэй.

-Ярилцлагын эхэнд Хяргас нуурын эрэгт киноны зураг авхуулж буй тухайгаа та ярьсан. Театрын аялан тоглолт, киноны зураг авах ажлаар хөдөө их явдаг байх. Монгол ахуйтайгаа хэр ойр вэ?

-Би Баян-Өлгий аймагт л очиж үзээгүй. Уг нь театрын аялан тоглолтоор очих байсан боловч тэр жил “Гамлет” жүжгийн гол дүрд тоглохоор болж, сургуулилалт хийхээр чөлөөлөгдөж үлдсэн юм. Миний аав, ээж Дундговь аймгийн уугуул хүмүүс. Багад зуны саруудад биднийг хөдөө амраадаг байлаа. Одоогийн хүүхэд, залуус монгол ахуйгаасаа холдож байгаад харамсдаг. Морь унадаг, мал зүсэлчихдэг залуус ховор болж.

-Тайз, дэлгэцийн уран бүтээлд хослуулан ажилладаг жүжгийн сургуулилалт, киноны зураг авхуулаад ихэнхдээ л завгүй гүйдэг үү?

-Театрын ажлаа цалгардуулж болохгүй. Түүний хажуугаар бусад уран бүтээлд оролцдог. Баяр ёслол, амралтын өдрүүдээр ч үзэгчдээ үзэх зүйлтэй байлгахын тулд бид ажилладаг. Тэгэхээр ихэнхдээ л завгүй гүйнэ. Гэхдээ амжуулаад сурчихдаг л юм байна.

-Хувийн зохион байгуулалт сайтай байх нь. Тийм үү?

-Мундаг зохион байгуулалттай, ажил хэрэгч хүмүүстэй харьцуулахад тааруу. Гэхдээ хичээдэг. Өөр өөр төрлийн уран бүтээлд ажиллаж, шинэ хүмүүстэй танилцаж, хамтрах нь өөрийгөө хөгжүүлэх боломж гэж боддог.

-Сайн уран бүтээлч гэдэгтэй тань хэн ч маргахгүй. Харин та хэр сайн хань, аав бэ?

-Ханьтайгаа дунд сургуулийн сурагч байхдаа л танилцаж, ханилаад 20 гаруй жил болжээ. Олон жил уран бүтээлч хүний арыг даасан болохоор одоо бүр андахгүй болчихсон. Уран бүтээлч, ялангуяа жүжигчин хүнд ажлаа хийх боломжийг нь олгож, ойлгож дэмждэг хань маш чухал. Миний хань намайг хамгийн их дэмжиж, урагш түлхдэг, урам өгдөг хүн.

-Гэр бүлийн хүмүүжил хүний төлөвшлийн суурь гэдэг. Аав, ээж тань танд юуг захиж, хэрхэн сургадаг байв. Тэр захисныг нь одоо та хүүхдүүддээ хэлж чадаж байна уу?

-Аав минь “Даруу бай. Даруулгатай бай” гэж захидаг байлаа. Хүүхдүүддээ ч энэ үгийг нь хэлдэг. Хэнийг ч ялгалгүй хүндэлж харилцаж байгаарай гэдэг. Гол нь хүүхдүүдийнхээ зоригийг мохоохгүй байхыг хүсдэг. Би хүүхдүүддээ хошуу дэвсдэг аав биш. Хайрлалгүй яах вэ. Гэхдээ тэр бүр эрхлүүлээд байхгүй. Харин том охиноо оюутан болоод гадаад явахад хэцүү санагдсан. Нисэх онгоцны буудлаас гаргаж өгөхөд харамлах мэдрэмж төрж, уйлчих гээд л. Гэхдээ миний охин эрдэм сурахаар явж байгаа шүү дээ гэж бодохоор сэтгэл тайтгарчихаж байгаа юм.

-Аавынхаа захиснаар даруу хүн болж чадсан уу, та?

-Аливаа зүйл хэм хэмжээтэй. Даруу байхад ч хэмжээ бий. Хэт даруу байна гэдэг өөрийнхөөрөө байж чадахгүй гэсэн үг. Би өөрийнхөөрөө, гэхдээ аавынхаа захисныг марталгүй амьдарч яваа.

1
Зөв, гоёЗөв, гоё
1
ГайхмаарГайхмаар
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 thoughts on “С.БОЛД-ЭРДЭНЭ: Би аавынхаа захисныг марталгүй амьдарч яваа

  • Avatar Байгалмаа Бадиа says:

    Авьяаслаг, ухаалаг, чадварлаг жүжигчин. Дүр бол хүн, сайн хүнд ч базаахгүй чанар, муу хүнд ч авууштай чанар бий гэсэн санаа нь маш их таалагдлаа. Харах өнцөг, хандлага төлөвшил нь зөв учраас л бүтээсэн дүр нь үзэгчдэд хүрдэг гэж ойлгодог. Амжилт хүсье!

  • Avatar Эрдэнэ says:

    Сэтгүүлч хүүхэнд
    Хүний хэлсэнийг утга алдагдахаар үг хасаж гарчигтаа битгий бичиж бай. Хүний захиснаар амьдардаг мэтээр харуулж байна. “Би өөрийнхөөрөө, гэхдээ аавынхаа…” гэсэн байхад.