Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Урьдчилсан дүнгээр У.Хүрэлсүх ялалт байгууллаа

00:45 цагийн байдлаар

Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн ээлжит сонгуулийн санал хураалт өчигдөр болж, МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх саналаа өгсөн нийт сонгогчийн олонхыг саналыг авлаа. Улсын хэмжээнд ажилласан 2087 хэсгийн хорооноос 1500 нь дүнгээ ирүүлээд байхад тэрбээр сонгогчдын талаас илүүгийнх нь саналыг аваад байсан юм.

Зургаан жил ажиллах анхны Ерөнхийлөгчийг тодруулах эл сонгуульд саналаа өгөх эрх бүхий сонгогчдын нэрийн жагсаалтад 2 041 950 хүнийг бүртгэжээ.

Хэдийгээр цар тахлын үед сонгууль болж буй ч улс даяар цаг агаар харьцангуй таатай байхад санал хураасан ч сонгогчдын ирц 60 хувьд ч хүрээгүй нь чамлалттай. 2017 оны сонгуулиар сонгогчдын 66.5 хувь нь саналаа өгсөн юм.

Сонгуулийн ерөнхий хорооноос сонгогчдын ирц, санал хураалтын явцын мэдээллийг 12.00, 14.00, 16.00, 20.00 цагт өгсөн. Нэр бүхий улстөрчид, төрийн өндөр албан тушаалтнууд сонгуулийн ирц өндөр, иргэд идэвхтэй байна хэмээж байсан ч 12.00 цагийн байдлаар улсын хэмжээнд 2017 оныхоос бага байв. Тухайн цагт нийслэлийн сонгогчдын ирц өмнөх сонгуулийнхтай ойролцоо байсан бол аймаг, орон нутагт харьцангуй бага дүнтэй байгааг хүснэгтээс харж болно. Тодруулбал, 17.00 цагт Говь-Алтай, Хэнтий, Сүхбаатар аймагт хамгийн өндөр ирцтэй буюу 41 хувьтай байв. Гэтэл 2017 оны сонгуулиар дээрх цагт цөөнгүй аймагт сонгогчдын талаас илүү нь саналаа өгчихсөн, Баянхонгорт гэхэд л ирц бараг 60 хувьд хүрсэн байлаа. Эцсийн дүнгээр Сүхбаатар аймаг хамгийн өндөр буюу 64.6, Сэлэнгийнх хамгийн идэвхгүй буюу 51.7 хувийн ирцтэй байв.

Харин Сонгуулийн ерөнхий хороо эдгээр мэдээллийг иргэд, олон нийтэд ойлгомжтой, цаг алдалгүй хүргэх чиглэлд ахиц гаргасныг тэмдэглэх хэрэгтэй болов уу. Тэд өөрийн цахим хуудсанд ирцийн мэдээллийг 09.00-22.00 цаг хүртэл цаг тус бүрээр нэгтгэн мэдээлсэн. Гэхдээ аймгийн төвийн болон нийслэлийн дүүргийн бүх хэсгийн хорооны мэдээллийг цаг тутамд шинэчилж, бусдыг нь 11.00, 15.00, 19.00, 22.00 цагт хүлээн авч, нэгтгэн хүргэж байв. Түүнчлэн саналаа өгсөн сонгогчдын нас, хүйсийн талаарх мэдээллийг дэлгэрэнгүй харуулсан юм. Тухайлбал, 15.00 цагийн байдлаар улсын хэмжээнд 60-аас дээш насны сонгогчдын 53, 70-аас дээш насныхны 62 хувь нь хэдийн саналаа өгсөн байсан бол 20-29 насны залуусын дөнгөж 20 хувь нь сонгуульдаа оролцжээ. Санал хураалт дуусахад гурван цаг дутуу байхад ч тэдний ирц 30 хувьд хүрээгүй байсан юм. Энэ насныхны ирц эцсийн дүнгээр 50 хувьд ч хүрсэнгүй.

Гадаадад саналаа өгөхөөр бүртгүүлсэн 7394 иргэний 75.98 хувь нь оролцсон бөгөөд Лаос, Беларусь, Манжуур, Хонконг, Кувейт, Кызылээс 100 хувь хамрагджээ. Харин Чех 45, Туркт ирц 46 хувьтай байсан нь хамгийн бага үзүүлэлт аж.

2020 онд УИХ-ын сонгуулийг цар тахлын үед зохион байгуулсан гэдэг ч тухайн үед халдварыг дотооддоо алдаагүй байв. Өөрөөр хэлбэл, өдөрт бүртгэгдэх халдварын тоо 1000-ыг давж, хоног тутамд хүний амь эндэж байгаа үед Төрийн тэргүүнээ сонголоо. Коронавирусийн халдвар авсны улмаас зөөврийн хайрцгаар саналаа өгөх хүсэлт тавьсан иргэдийн 92.1 нь сонгуульдаа оролцжээ. Тэдний 920 нь эмнэлэг болон тусгаарлах байранд, 4869 нь гэрээр эмчлүүлж байсан юм байна. Гэхдээ анх өгсөн хаяг нь өөрчлөгдсөн, татгалзсан, тусгаарлалтаас гарсан, өвчин нь хүндэрсэн, зарим тохиолдолд нас барсны улмаас 7.9 хувь нь саналаа өгөөгүй гэнэ. Гэвч зөөврийн хайрцгаар санал аваагүй, сонгох эрх нь зөрчигдсөн хэмээн зарим иргэн нийгмийн сүлжээнд байр сууриа илэрхийлж, сонгуульд оролцуулахыг шаардаж байлаа.

Энэ удаа сонгогчийн хуруунд бэхэн тэмдэглэгээ хийдгээ сэргээснээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгох эрхийг хангах чиглэлд сэтгэл гаргасан нь анзаарагдав. Хэдийгээр бүх газарт тэдний сонголтоо хийх нөхцөл бололцоогоор хангасан гэж хэлэхэд хэцүү ч санал өгөх бүхээг бэлтгэж, брайл үсэг бүхий хавтас байрлуулж, тэргэнцэртэй сонгогч орох боломжоор хангахыг зорьсон нь дэвшил гэлтэй. Сонгуулийн ерөнхий хороо ч явцын талаар мэдээлэл хийхдээ монгол болон олон улсын дохионы хоёр ч орчуулагч ажиллуулав. Түүнчлэн сонгогч зөвхөн өөрийн бүртгэлээс гадна хаяг дээрх бүх хүний мэдээлэлтэй танилцаж, шаардлагатай бол шалгуулж, хасуулах боломжийг энэ удаа олгосон. Гэсэн ч хаяг дээр нь танихгүй хүмүүс байна гэх гомдол мэр сэр гарч байлаа. Мөн автоматжуулсан төхөөрөмжөөр тоолсон саналын хуудсыг бүх хэсэгт 100 хувь гараар тоолж, хянах юм. Хяналтын тооллогын үйл ажиллагааг бүхэлд нь хяналтын камерт буулгана. Энэ удаагийн сонгуулийн санал хураалтын үеэр зөрчил, хэрүүл маргаан харьцангуй бага байлаа.

Сонгуулийн үр дүн үндсэндээ тодорхой болсны дараа МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх мэдээлэл хийсэн. Тэрбээр “Ерөнхийлөгчийн сонгууль хуулийн дагуу боллоо. Миний бие саналаа өгсөн сонгогчдын 65 орчим хувийн дэмжлэг аван, ялалт байгуулж байна. Ард түмэндээ чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. Үүнийг асар том хариуцлага гэж хүлээн авч байна. Эхлүүлснээ дуусгаж, хэлснээ хэрэгжүүлэх төр, засгийг тогтвортой байлгах гэсэн итгэлээр ард түмэн сонголтоо хийлээ. Иргэдийнхээ итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно. Улсынхаа хөгжил, ард түмнийхээ эв нэгдэл, хойч үедээ сайхан нийгэм үлдээхийн төлөө хүчин зүтгэнэ” гэв. Харин “Зөв хүн электорат” эвслийн нэр дэвшигч Д.Энхбат “Сонгууль өндөрлөлөө. Манай баг, дэмжигчид маш сайн ажилласан. Бид энэ сонгуульд гэрэл гэгээ, шинэ өнгө авчирч чадсандаа баяртай байна. Сайн цаг өөрөө ирдэггүй, түүнийг авчирдаг гэдэгт итгэж, бид зүтгэсэн. Чин сэтгэлээсээ хамтдаа зүтгэвэл ялах бүрэн боломжтойг Монголын шинэ үеийнхэнд мэдрүүлсэн бол бидний зүтгэл үр дүнгээ өгсөн гэсэн үг. Хуучин нүсэр тогтолцоо, халамжийн сэтгэлгээ тийм ч хүчтэй бус, удахгүй солигдох болно. Өнөөдөр бид тэр зүгт нэг алхам хийлээ. Монголчууд бидний сонголт мэргэн байж улс минь мандан бадрах болтугай” хэмээн нийгмийн сүлжээгээр дамжуулан байр сууриа илэрхийлсэн юм.

Санал авах ихэнх байранд халдварын дэглэмийг сайн сахиулж байв

Сонгуулийн хэсгийн хороодод манай сурвалжлах баг ажиллалаа.

06.40 цаг. Сонгинохайрхан дүүргийн XI хорооны санал авах гуравдугаар байрны (нийслэлийн 112 дугаар сургууль) үүдэнд ахмад настай голдуу 17 хүн дугаарлажээ. Цагдаа, онцгой байдлын алба хаагчид иргэдийг хүн хоорондын зайгаа баримтлахыг сануулсаар байв. 07.00 цаг болоход санал авах үйл ажиллагаа эхэлснийг хэсгийн хорооны дарга Т.Чимгээ мэдэгдэн, Төрийн дуулал эгшиглүүлсний дараа зөөврийн хайрцаг дахь саналын хуудсыг уншуулахад бэлтгэлээ. Үүний өмнө “хар машин”-ы билл (хэнд хэчнээн иргэн саналаа өгсөн тэмдэглэгээтэй)-д юу ч бичигдээгүй байгааг ажиглагч нарт харуулсан юм. Тус хорооны 12 иргэн зөөврийн битүүмжилсэн хайрцгаар уржигдар саналаа өгсөн байна. Тэдний зарим нь Баянзүрх, Хан-Уулд түр оршин сууж буй тул очиж, саналыг нь авахад хугацаа их зарцуулжээ. Хэсгийн хорооны дарга Т.Чимгээ “Манай хэсэгт 1985 хүн санал өгнө. Хэсгийн хорооны ес, эрүүл мэндийн хоёр, цагдаагийн гурав, онцгой байдлын нэг алба хаагч ажиллаж байна” гэв.

Тус хэсгийн байранд хоёр “хар машин”, бүхээгтэй таван ширээ байв. Зөөврийн хайрцаг дахь хуудсыг уншуулсны дараа дугаарласан иргэдээс санал авч эхэллээ. МАН, АН, “Зөв хүн электорат” эвсэл болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдэл “Шүхэр” төрийн бус байгууллага тус бүр нэг ажиглагчаа тэнд томилсон аж. Тус төрийн бус байгууллагын ажиглагч “Санал авах үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн санал өгөх боломжийг хангасан, эсэхийг би хянаж байгаа. Сая тэргэнцэртэй иргэн саадгүй нэвтэрч, асрагчийнхаа тусламжтайгаар саналаа өглөө. Манай байгууллагаас дүүрэг бүрт 3-4 ажиглагч томилсон” хэмээв. 07.15 цаг гэхэд 10 гаруй иргэн саналаа өглөө. Өмнөх сонгуулиудад тус хорооныхон ирц сайтай оролцож байжээ. Иргэн Р.Цэрэндорж “Би 91 настай. 1990 оноос хойш явуулсан бүх сонгуульд оролцсон. Нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй сайтар танилцсан бол зөв хүнээ сонгож чадна. Шүүхийг хараат бус байлгаж, иргэн бүрт тэгш үйлчилдэг нийгмийг бий болгох, үйлдвэр барьж, ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр юуг хэрхэн хийхийг нь мөрийн хөтөлбөрөөс нь онцлон харж, сонголтоо хийлээ” гэв. Тэрбээр хэсгийн хороондоо хэд хоногийн өмнө очиж, сонгогчийн нэрийн жагсаалт дахь өөрийн болон хаягт нь бүртгэсэн бусад хүний мэдээлэлтэй танилцжээ.

08.00 цаг. Баянзүрх дүүргийн I хорооны санал авах хоёрдугаар байр жижиг талбайтай учир хэсгийн хорооны ажилтнууд, иргэд хүн хоорондын зайгаа баримтлах боломжгүй байв. Мөн тус байр нь барилгын В1 давхарт байрлалтай, нарийхан шатаар алхаж очдог тул хөгжлийн бэрхшээлтэй иргэн саналаа өгөхөд төвөгтэй харагдлаа. Уг нь СЕХ-ноос баталсан, Санал авах байранд тавигдах ерөнхий шаардлагад “Өндөр настан болон тэргэнцэртэй иргэд орж, гарахад саадгүй, босгогүй байх, босготой тохиолдолд налуу байх”-аар тусгасан аж. Сонгогчийн нэрийн жагсаалтад хорооны 1822 иргэн бүртгэлтэйгээс тав орчим хувь нь саналаа өгөөд байв. Цар тахлаас урьдчилан сэргийлэх түр журамд зааснаар сонгогч хурууны хээгээ уншуулсны дараа гарыг нь дахин халдваргүйжүүлж, бээлий өмсгөж, саналыг нь өгүүлэх ёстой. Гэтэл тус хорооныхон сонгогчдод бээлий өгөхгүй байлаа.

09.00 цаг. Хан-Уул дүүргийн IV хорооны санал авах тавдугаар байр 34 дүгээр сургуульд байрлажээ. Сургуулийн хашааны гадна цагдаагийн нэг алба хаагч, үүдээр нь ороход эмнэлгийн хоёр ажилтан иргэдийг угтан, биеийн халууныг нь хэмжиж байв. Санал авах байрны гадна, дотор цагдаа, мэргэжлийн хяналт, эрүүл мэнд, нутгийн захиргааны байгууллагын ажилтнууд хяналт тавьж, халдвар хамгааллын дэглэм баримтлахыг иргэдэд сануулсан юм. Хан-Уул дүүргийн IV хорооныхон энд санал өгсөн бөгөөд голдуу Яармагийн гэр хороололд оршин суудаг иргэд хамрагдсаныг хэсгийн ахлагч С.Эрдэнэчимэг хэллээ. Санал авах байранд ажиллаж буй албан хаагч, ажиглагчид бүгд коронавирусээс хамгаалах хувцас өмсөж, амны болон нүүрний хаалт давхарлан зүүжээ. 09.05 цаг гэхэд өндөр настай хоёр иргэн саналаа өгч байлаа. Хэсгийн хорооны ажилтнуудыг эс тооцвол санал авах байр эл хуль, гадна, дотор ч сонгогч тун цөөн харагдсан. “Эрсдэлээс сэргийлэхийн тулд эрт ирсэн нь оножээ. Өдөр, ялангуяа үдээс хойш иргэд олноор ирж, дараалал үүсгэх байх. Хэдийгээр өвчин тархах эрсдэлтэй үе таарсан ч ирээдүй, эх орныхоо төлөө сонгуульдаа идэвхтэй оролцоорой гэж уриалъя” хэмээн иргэд хэлэв. Уг хэсэгт 2132 иргэн сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэгдсэнээс 7.4 хувь нь саналаа өгчээ. Өндөр настай иргэд голдуу өглөө эрт, залуус үдээс хойш, орой саналаа өгөх хандлага өмнөх сонгуулиудад ажиглагдаж байсныг хэсгийн ахлагч онцлов.

10.00 цаг. Баянзүрх дүүргийн III хорооны санал авах нэгдүгээр байр. Хорооны дарга Б.Мөнх-Эрдэнэ “30 иргэн зөөврийн хайрцгаар санал өгөхөөр бүртгүүлсэн. Тэдний 28 нь саналаа өгснөөс 13 нь тусгаарлагдаж буй иргэн байлаа. Одоогоор нэг иргэн саналын хуудсандаа буруу тэмдэглэгээ хийсэн учир холбогдох асуулгыг бөглүүлэн, дахин хуудас өгсөн” гэв. Цар тахлаас урьдчилан сэргийлэх түр журмын дагуу тусгаарлагдсан, эмчлүүлж буй иргэдээс санал авчээ. Хэсгийн байрны үүдэнд иргэд урт дараалал үүсгэсэн, сонгуулийн ирц найм орчим хувьтай байсан юм.

14.00 цаг. Сүхбаатар дүүргийн IV хорооны санал авах хоёрдугаар байр (МУИС-ийн номын сан). 1624 сонгогчоос 635 нь буюу 40 хувийн ирцтэй саналаа өгөөд байв. Хэсгийн хорооны дарга Т.Хишигжаргал “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний санал өгөх нөхцөлийг сайн хангасан. Үүдэндээ налуу шаттай, мөн цахилгаан шатаар ч зорчуулах боломжтой, ариун цэврийн өрөө ч бэлэн. Сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулсан самбар, хараа муутай хүнд шаардлагатай брайл үсэгтэй хавтан, нүдний шил байрлуулсан. Саажилттай иргэд саналын хуудас бөглөх үед гар нь гулгах, хөдлөх эрсдэлтэй тул тусгайлан наалт бэлдэн өгч байна. Нам, эвсэл, төрийн бус байгууллагын 10 ажиглагч бүртгүүлснээс хуваарийн дагуу ээлжлүүлэн ажиллуулж байгаа. Бүртгэлийн систем гацах, доголдох тохиолдол гараагүй” гэв. Харин хурууны хээг нь уншихгүй хэд хэдэн тохиолдол гарч, тухайн иргэний зургийг авсны дараа саналыг нь өгүүлсэн гэнэ. Нэг иргэн нь саналын хуудсаа буруу бөглөсөн учир дахин олгожээ. Хэсгийн хороог хоёр цаг тутамд халдваргүйжүүлэхээр журамласны дагуу тус санал авах байрыг (зай талбай ихтэй учир) иргэдэд төвөг учруулалгүй тогтмол цэвэрлэж буй аж. СЕХ-ноос баталсан, Сонгуулийн ажиглагчийн ёс зүйн дүрэмд “Сонгууль ажиглалтын албан ёсны тайлан гараагүй байхад сонгуулийн үйл ажиллагааг дүгнэж, хувийн үзэл бодлоо илэрхийлсэн утга агуулга бүхий мэдээлэл, тайлбар хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэхээс зайлсхийнэ” гэж заасан тул “Бодлогод залуусын хяналт” ТББ-ын ажиглагч нь мэдээлэл өгөхөөс татгалзав.

Сүхбаатар дүүргийн XVIII хорооны хоёрдугаар байр буюу 71 дүгээр лаборатори сургууль. Тус хэсгийн хорооны 2041 сонгогчийн 30.2 хувь буюу 618 нь иргэнийхээ үүргийг биелүүлсэн байв. Хэсгийн хорооны ахлагч Ц.Отгонсүрэн “Манай хэсгийн хороонд 18 дугаар хорооны Гүнжийн 43, 44, Бэлхийн 35-54 дүгээр гудамжны оршин суугчид хамаарч буй. Өмнөх жилүүдтэй харьцуулахад иргэдийн идэвх сайн, ирц өндөр байгаа нь ажиглагдлаа. 06.50 цаг гэхэд эхний иргэд ирчихсэн, дугаарлаж байсан. 11.00 цаг хүртэл хөлд нэлээд дарагдаад, үүнээс хойш “шингэрлээ”. 55-аас дээш насныхны ирц 40 гаруй хувьтай байна. Залуучуудынх 33 хувьтай. 18.00 цаг гэхэд ирц 50-60 хувьд хүрнэ гэж тооцоолж буй” гэв. Энэ хугацаанд ямар нэг зөрчил гараагүй аж. Өндөр настан Г.Ганжид “Саналаа өглөө. Шуурхай, төвөг чирэгдэлгүй зохицуулж байна. Вирусийн эрсдэлтэй гээд ганц, хоёроор нь оруулаад, удаах вий гэтэл тэгсэнгүй. Халуун хэмжээд, гарт ариутгагч дусаагаад орууллаа. Дэмжихээр сонгосон хүндээ саналаа өгсөн. Одоо сонголтынхоо хариуг хүлээх л үлдлээ” гэж ярьсан бол залуусын төлөөлөл Б.Бэрхшагай “Хоёр дахь удаагаа сонгуульд санал өглөө. Найзуудыгаа уриалаад, дөрвүүлээ ирсэн. Нэр дэвшигчдийг хэрэндээ судалсны хувьд сонголтоо ямар ч эргэлзээгүйгээр итгэл төгс хийлээ. Монгол үндэсний хувцсаараа гангаран, сонгуульд хүндэтгэлтэй хандаж байгаа залуусын зургийг сошиалаас хараад, өөрийн эрхгүй наашаа яарсан” хэмээсэн юм.

15.00 цаг. Чингэлтэй дүүргийн I хорооны санал авах нэгдүгээр байр (нийслэлийн 23 дугаар сургуулийн заал). Иргэд өглөөнөөс хойш урт дараалал үүсгэн, тасралтгүй саналаа өгсөөр байгааг хэсгийн хорооны дарга Ц.Эрдэнэбадрах хэллээ. Тиймээс хүлээж буй иргэд суух зориулалттай сандал олныг байрлуулжээ. Санал авах байранд насанд хүрээгүй хүн дагуулж ирэхийг хориглодог учир нэгэн эмэгтэй хүүхдээ өөр хүнд түр даатгаад саналаа өгөхөөр байр луу орж харагдлаа. Орон нутгийн харьяалалтай хэрнээ тус хороонд саналаа өгөхөөр ирсэн тохиолдол гарчээ. Мөн зэргэлдээх хорооны иргэд санал авах байраа андуурч ирээд буцсан гэнэ. 10 орчим иргэн саналын хуудсаа буруу бөглөсөн тул дахин олгосныг дарга нь онцлов. Тус хэсгийн хорооны ирц 40 гаруй хувьтай байгаа аж. Хэрэв биеийн халуун нь өндөр бол урьдчилан бэлтгэсэн байрандаа тусгаарлах юм байна.

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга саналаа өглөө

Ерөнхийлөгч Х.Баттулга 16.00 цагт Баянзүрх дүүргийн I хорооны санал авах нэгдүгээр байр буюу 48 дугаар сургуульд очиж, саналаа өглөө. Төрийн тэргүүн өнгөрсөн УИХ-ын сонгуулиар мөн энэ үеэр саналаа өгч, иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байсан бол энэ удаа хэвлэлийнхэнд ам нээсэнгүй.

Харин тус дүүргийн 26 дугаар хорооны нэгдүгээр хэсгийн санал авах байр болох “Глобал” дунд сургуульд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ морин цагт хүрэлцэн ирсэн. Энэ үеэр Ерөнхий сайд “Цар тахлын амаргүй үе хэдий ч өмнөх сонгуулиудтай харьцуулахад зардал багатай, тайван, ирц сайн буй нь иргэд хариуцлагатай байгаагийн илрэл. Өнгөрсөн 30 жилд сонгуулиас сонгуулийн хооронд бид амьдарсан. Парламентын, орон нутгийн болон Ерөнхийлөгчийн сонгууль ойр ойрхон болж, үр дүнгээс нь хамаарч улс төрийн олон асуудал үүсдэг. Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаатай сонгосноор Засгийн газрын хувьд томоохон шинэчлэл гарах байх. Өнөөдрийг хүртэл Засгийн газрын бүрэн эрхийн дундаж хугацаа 1.5 жил байлаа шүү дээ. Маш олон ажил эхлүүлсэн ч дуусгасан нь цөөхөн” гээд “цагаан сонголт” хийхээс илүү нэр дэвшигчдийн хэн нэгнийг дэмжих нь зүйтэй хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

Хан-Уул дүүргийн хоёрдугаар хэсгийн хорооны санал авах байр, “Жет” сургуульд УИХ-ын дарга Г.Занданшатар 12.00 цагт очиж, саналаа өглөө. Ингэхдээ тэрбээр энэ удаагийн сонгуулийг түүхэн ач холбогдолтой, онцгой нөхцөлд зохион байгуулж буйг онцлоод, “11.00 цагийн байдлаар улсын хэмжээнд сонгуулийн ирц 13.45 хувьтай байгаа нь өмнөх жилүүдийнхээс өндөр дүн. Түүхэн гэж тодотгохын учир нь удахгүй бид Ардын хувьсгалын 100 жилийн ойгоо тэмдэглэнэ. Нөгөө талаар цар тахлын нөхцөлд иргэд маань халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиж, саналаа өгч байгаа нь бахархууштай. Тусгаар тогтнол авчирсан үндэсний их баяр наадмын өмнө ковидгүй зун болох гэж буй энэ цаг үед залуучууд маань Үндсэн хуульд заасан эрх, үүргээ биелүүлж, сонгуульдаа идэвхтэй оролцоорой” хэмээн уриаллаа.

Саналаа нууцаар гаргах эрхэд халдсан зөрчил хэд хэдэн газар гарчээ

“Улс төрийн нам, нэр дэвшигчид цахим орчинд сурталчилгааг зогсоохгүй байна” гэх гомдлыг Харилцаа холбооны зохицуулах хороонд ихээр ирүүлж буйг Сонгуулийн ерөнхий хорооноос 12.00 цагт хийсэн мэдээллийн үеэр онцолсон. Тус байгууллагаас сурталчилгаа явуулж буй суваг, хаягийг хаасаар байгааг хэлсэн юм. Мөн 12.00 цагийн байдлаар автоматжуулсан төхөөрөмжтэй холбоотой 15 дуудлага, гомдол ирснийг инженер, техникийн ажилтнууд цаг тухайд нь янзалсан гэв.

16.00 цагийн байдлаар Сонгуулийн ерөнхий хороонд хандсан 450 орчим санал, гомдол байсны дийлэнхийг санал авах байрны хаяг, байршлаа мэдэхгүй сонгогчдоос ирүүлжээ. Мөн сонгуулийн үйл явцад хөндлөнгийн хяналт хийж буй “Бодлогод залуусын хяналт” ТББ-аас долоон зүйл бүхий гомдол, шаардлага илгээсэн байна. Үүнд хяналтын камерын байршил буруу буюу сонгогч саналаа нууцаар гаргах эрхэд халдсан гэх хэд хэдэн зөрчил гарсныг дурджээ. Үүнийг тухай бүрт өөрчилж, янзалсан аж. Мөн Хан-Уул дүүргийн санал авах хэд хэдэн байрыг халдваргүйжүүлж, ариутгахдаа сонгуулийн ажиллагааг бүрэн зогсоож, тэнд байсан хүмүүсийг гадагш гаргасныг онцолсон. Энэ нь сонгуулийн хууль, тогтоомжийг зөрчсөн үйлдэл болохыг мэргэжлийн хяналтын байгууллагынханд чиглэл болгон анхааруулж, ийм үйлдэл давтагдах ёсгүй гэсэн байна. Мөн Баянзүрх дүүргийн санал авах байранд саналын хуудасны буланд харандаагаар тоо тэмдэглэж, дугаарласан байсныг шалгаж, арилгуулжээ.

АН-ын санхүүгийн албаны нягтлан бодогчоос тайлбар аваад явуулав

АН-ын санхүүгийн албаны нягтлан бодогч Н.Нарантуяа хэмээх эмэгтэй мөнгө тарааж байж болзошгүй гэх мэдээллийн мөрөөр цагдаагийн ажилтнууд энэ сарын 8-9-нд шилжих шөнө түүнийг түр саатуулан тайлбар, мэдүүлэг авчээ. Тэрбээр 24 сая төгрөгтэй явсан бөгөөд Хан-Уул дүүргийн нутаг дахь ХААН банкны АТМ-аар дамжуулан шилжүүлэх гэж байсан аж. ЭЦА-ныхан түүнээс тайлбар аваад удалгүй явуулсан бөгөөд уг мөнгө нь зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонгуулийн сурталчилгаа явуулсны төлбөр гэж мэдүүлсэн гэнэ. Тиймээс сэжигтэй мөнгө гэж үзээгүй юм байна. Хууль сахиулах байгууллагын эх сурвалжууд “Зарим цахим мэдээллийн хэрэгсэлд бичсэн шиг баривчилж, саатуулсан зүйл болоогүй. Их хэмжээний мөнгөнийх нь талаар тайлбар аваад удалгүй явуулсан” хэмээв. Үүнд нэр дэвшигч С.Эрдэнэ “Манай санхүүгийн албаны нягтлан бодогчийг урьд шөнө гэр лүүгээ орох гэж байхад нь цагдаагийн албаныхан үл мэдэх шалтгаанаар саатуулсан. Би өөрийн биеэр очсон бөгөөд саатуулах ямар ч үндэслэл байгаагүй. Орон нутгийн телевизүүдэд төлбөрийг нь шилжүүлэхээр 23 сая төгрөгтэй явж байсан. Цагдаагийн 4-5 алба хаагч саатуулж, утсыг нь булааж авсан байна лээ. Би үүнийг гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэж хардаж байгаа” гэсэн тайлбар хэлэв.

Нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө онцлов

МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх хоёр охины хамт Баянзүрх дүүргийн I хорооны санал авах нэгдүгээр байранд (48 дугаар сургуулийн спорт заал) 07.30 цагт саналаа өглөө. Энэ үеэр нь түүнд асуулт тавих гэсэн боловч хэвлэлийнхнийг ойртуулсангүй. Тэрбээр хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан “Улс тунхагласны 100, төрт ёс үүсгэн байгуулагдсаны 2230, Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ой энэ онд тохиож байгаа. Монгол Улсын түүхэн дэх нэгэн онцлогтой жил болж байна. Ийм үед Ерөнхийлөгчийн сонгуулиа явуулж буйд бэлгэшээж байгаа. Монгол хүн улсынхаа баялаг нь. Монголын үүх түүх, ард түмний оюун санаа бол асар том баялаг. Тиймээс баялгийнхаа эзэн нь монголчууд байх ёстой” гэв.

АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ гэргийн хамт Баянгол дүүргийн IV хорооны санал авах нэгдүгээр байранд 12.00 цагт саналаа өгөв. Тэрбээр “Монгол Улсад шударга ёс тогтоох, эрх зүйт төрийг бий болгох, иргэд нь төрдөө хяналт тавих боломж бүрдүүлэх сонголтыг ард түмэн хийгээсэй гэж хүсэж байна. “Дарангуйлалгүй Монгол” гэсэн уриатай мөрийн хөтөлбөр боловсруулсан. Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид олгосон чиг үүргийн хүрээнд төрийн эрх мэдлийн хуваарилалтын зарчим гажуудсаныг засах чиглэлийн ажлууд тусгасан”-ыг онцлов. Мөн “Өрсөлдөгч нартайгаа үзэл бодлоо уралдуулж, байр сууриа хамгаалан мэтгэлцэхээр бэлдсэн ч нэг нэр дэвшигч нь ирээгүй, нөгөө нь эмнэлэгт хэвтсэн учир боломжгүй болсон” гэдгийг хэллээ.

Нэр дэвшигч Д.Энхбат гэргийн хамт зөөврийн битүүмжилсэн хайрцгаар (коронавирусийн халдвар авсан тул) уржигдар саналаа өгсөн. Дараа нь тэрбээр “Миний болон гэргийн минь бие сайн байгаа. Эмч нар сайн ажиллаж байна. Дэлхий нийтээрээ өөрчлөгдөж байгаа энэ үед бид цахимжих хэрэгтэй. Гадаадад байгаа иргэдээс цахимаар санал авах нь зүйтэй. Би телевизийн байранд очоод, шилэн хоргоны цаанаас мэтгэлцэх боломжтой байсан” гэсэн юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “Урьдчилсан дүнгээр У.Хүрэлсүх ялалт байгууллаа

  • Avatar СОНГОГЧ says:

    МОНГОЛЧУУД ЖИНХЭНЭЭСЭЭ ЯЛЛАА. СОНГОГЧИД НЭГ НАМЫН ТӨЛӨӨ БУС, ЭХ ОРНЫХОО ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ, ЭВ НЭГДЛИЙН ТӨЛӨӨ САНАЛАА ӨГЛӨӨ.
    МАН-ЫН ЗАЛУУЧУУД НАМДАА ЗОРИГТОЙ ШИНЭЧЛЭЛ ХИЙЖ, ТОМ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУДЫН АЖЛУУДЫГ ЭХЛҮҮЛЖ ЧАДСАН НЬ ЯЛАЛТАД ХӨТЛӨВ.
    ИНГЭСНЭЭР МОНГОЛ УЛС ЦААШИД ХӨГЖИХ ҮНДЭС СУУРИА БАТТАЙ ТАВИХ НӨХЦӨЛ БҮРДЛЭЭ.