Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Торгуулийн мөнгөний тодорхой хувийг хяналтын камерт зарцуулах нь

Өнгөрсөн баасан гаргийн нэгдсэн хуралдаанаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжлээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн эл төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулсан юм. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх үр дүнтэй ажлын нэг нь дүрс бичлэгийн техник, хэрэгсэл буюу теле хяналтын нэгдсэн систем гэж үзэж буй. Улсын хэмжээнд 6686 ширхэг камертай 34 төрлийн бие даасан хяналтын систем суурилуулснаас 3311 нь нийслэлд, 3375 нь орон нутагт бий аж. Хяналт шаардлагатай цэгүүдээс нийслэлд 17.8, аймгуудын төвийн 16.1 хувьд нь камер суурилуулжээ. Гэхдээ улсын хэмжээнд суурилуулсан камеруудаас 4216 нь ажиллаж байгаа ч тэдгээрийн 1251 нь дүрсний шаардлага хангахгүй, 2470 нь огт ажилладаггүйг салбарын сайд нь хэлэв. Камер, техник, хэрэгслийг арчилж, хамгаалах төсөв байдаггүйг сайд Х.Нямбаатар тодотгосон бөгөөд нийслэлд 5008 цэгт 20 032, аймгуудын төвийн 3339 цэгт 13 356 камер нэмж суурилуулах шаардлагатай гэв. Ер нь улсын хэмжээнд нийтдээ 60 мянган камер шаардлагатай юм байна. Ингэхдээ торгох ял, зөрчилд ногдуулснаас төсөвт төвлөрөх мөнгөн дүнгийн 20-иос доошгүй хувьтай тэнцэх хөрөнгийг үүнд зарцуулахаар төсөлд тусгасан байна. Уг төслийг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцсэн ч дэмжээгүй юм.

Хэлэлцүүлгийн үеэр гишүүн Н.Алтанхуяг камер суурилах ажлыг дэмжиж байгаагаа илэрхийлээд, “Одоо байгаа 6000 гаруй камерын тал нь ажилладаггүй. Хамгийн шаардлагатай газартаа түрүүлж тавих хэрэгтэй. Х.Нямбаатар сайдын үед олон юм үзэж байна. Орцны бичлэг тараахыг харлаа. Цагдаа энгэртээ камер зүүж бичлэг хийдэг. Энэ хэдэн он бэ. Хүний эрх, эрх чөлөөг хамгаалсан хуулийн төслийг Засгийн газар өргөн барих гэж байгаа сураг дуулдсан. Тэр хуулиа эхлээд батлах хэрэгтэй” гэхэд сайд Х.Нямбаатар “Өмгөөлөгч Б.Баасанцогтын цахилгаан шатан дахь бичлэгийг хувийн харилцаатай байсан хүүхэн нь гар утсандаа хуулж аваад, олон нийтэд цацсан юм билээ. Цагдаатай хамааралгүй. Иймд үүнийг хуулиар хязгаарлаж, хаана камер байрлуулах вэ гэдгийг тодорхой болгох ёстой. Бичлэгийг ил болговол Эрүүгийн хуулиар ямар хариуцлага хүлээлгэх вэ гэдгийг ч тодорхой болгож өгье” хэмээн хариулсан юм. Мөн гишүүн Д.Ганбат “Хэдэн зуун саяар камер авах тухай ярилаа. Техникийн ололтыг буруу талаар ашиглаад гаршчихсан, иргэдийг дарангуйлж, хянах гэж байна” хэмээн байр сууриа илэрхийлэхэд сайд Х.Нямбаатар “Нэг дор хэдэн зуун сая төгрөгөөр камержуулах тухай яриагүй. Торгуулийн орлогын 40 хувийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зарцуулъя. Үүнийхээ 20 хувийг үе шаттайгаар камержуулах ажилд зарцуулах санал гаргаж байна. Цагдаагийн алба хаагчид 2010 оноос хойш энгэрийн камер хэрэглэж байгаа. Тодорхой журам, заавартайгаар хэрэглэдэг. Өнөөдрийн байдлаар 3600 орчим энгэрийн камер ашиглаж байгаа” гэв.

Камерын хяналт хэдийгээр үр дүнтэй ч үүнийг ашиглан хүний эрх зөрчиж байгааг бусад гишүүн ч хэлж байсан юм. Үүнтэй холбоотойгоор Нийтийн мэдээллийн, Хувь хүний мэдээлэл хамгаалах, Цахим гарын үсгийн болон Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийг боловсруулсан, ойрын хугацаанд өргөн мэдүүлэхээр төлөвлөж буйг Х.Нямбаатар сайд хэлж байлаа. Түүнчлэн хууль бус бичлэг хийдэг, мөрддөг, тагнаж, чагнадаг явдлыг цэгцлэхээр хариуцлагыг чангатган, Эрүүгийн хуульд холбогдох зохицуулалтыг тусгахаар ажиллаж байгаа гэнэ. Янз бүрийн дүрс бичлэг, гэрэл зураг, дуу бичлэг нь хууль хяналтын байгууллагын нотлох баримт болох, эсэхийг тодруулсан гишүүдийн асуултад Хууль зүй, дотоод хэргийн сайд хариулахдаа, “Хуульд заасан арга, хэрэгслээр цуглуулсан баримт, сэлтийг л хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нотлох баримтаар ашиглах хуулийн зохицуулалттай. Хууль бусаар тагнаж, чагнасан тохиолдолд тэдгээр баримт нь нотлох баримтын түвшинд үнэлэгдэхгүй” гэлээ.

Мөн энэ өдөр гишүүн С.Бямбацогт, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Ж.Мөнхбат, С.Ганбаатар нараас Ерөнхий сайдад хандан тавьсан, Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх асуулгын хариуг сонслоо. Хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар 92 дугаар тогтоол нь Монгол Улсын эрх ашгийг хангахад чиглэсэн төдийгүй үүнийг хэрэгжүүлж ажиллах нь ард түмний нийтлэг хүсэл эрмэлзэл гэдгийг онцлоод, цаашдаа “Дубайн” гэх гэрээгээр зохицуулж байсан харилцааг хэрхэн шийдвэрлэх, татварын маргааныг эцэслэх, зээлийн хүүг бууруулах зарчмын асуудлуудын талаар өргөн цар хүрээгээр ажиллах чиглэл өгсөн юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.