Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Б.НАМУУН: Зорилгоосоо ухрахгүйн тулд хөлбөмбөгтөө үнэнч үлдсэн

Монголын хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн довтлогч, “Хад” клубийн хагас хамгаалагч Б.Намуун “Миний амьдралын утга учир хөлбөмбөг. Надад энэ спорт аз жаргал, гайхамшгийг мэдрүүлдэг болохоор хэзээ ч татгалзаж байгаагүй. Би хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ багт тоглодог болсноос хойш хүсэл,мөрөөдлөө биелүүлсэн. Заримдаа биелшгүй мэт санагддаг байсан зорилгодоо хүрсэндээ баярладаг” хэмээн өгүүлсэн юм.Тэрбээр Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг 2018 онд Монголд зохион байгуулахад багийнхаа довтлогчоор тоглож, нөхөдтэйгөө аваргын цом гардаж байв. Уйгагүй хичээл зүтгэл, зорилго, тэмүүлэл нь амжилтаас атгуулж “Алтан бөмбөг”-ийн эзэн болсон юм.

-Цар тахлын улмаас багийн спортын тамирчид бэлтгэл базаахгүй удлаа. Хөл хориог хөлбөмбөгчид хэр үр дүнтэй өнгөрүүлж байна вэ?

-Хөлбөмбөг багийн спорт. Тамирчид багаараа бэлтгэл хийж, амжилт гаргадаг. Гэсэн ч бид хүнд цаг хугацааг аль болох үр дүнтэй өнгөрүүлэхийг зорьж, гэртээ дасгал хийж байгаа. Надад ч гэсэн олон хоног уулзаагүй нөхдөө үгүйлэх үе цөөнгүй. Саяхан шигшээ багийнхантайгаа цахимаар холбогдож, вакцинжуулалтын талаар санал бодлоо хуваалцлаа. Бид хоёр дахь тунд хамрагдсанаас 14 хоногийн дараа бэлтгэлээ шаргуу хийхээр төлөвлөсөн. Багийн гишүүд ирэх долдугаар сард зохион байгуулах тэмцээнд оролцохын тулд вакцинд хамрагдсан байх ёстой.

-Хөлбөмбөгийн томоохон тэмцээнүүдийг энэ жил цуцалсан. Цар тахал хумигдвал Монголд лигийн тэмцээн зохион байгуулах сураг дуулдсан.

-Тийм ээ, зунаас эмэгтэйчүүдийн багийн лиг, мөн цомын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөсөн. Өнгөрсөн жил лигийн аварга шалгаруулах тэмцээнд эмэгтэйчүүдийн 11 баг оролцсон. Энэ жил ч мөн адил өрсөлдөх байх. Миний хувьд “Хад” клубээ төлөөлж, С.Буд дасгалжуулагчийн удирдлагад багийнхантайгаа оролцдог. Тус багт 2010 онд хөл тавьснаас хойш өнөөг хүртэл тоглож байна. Зүүн Азийн хөлбөмбөгийн урьдчилсан шатны тэмцээн ирэх есдүгээр сард болно. Бид хэрвээ энэ тэмцээнд оролцохоор болбол богино хугацаанд бэлтгэл базааж өрсөлдөнө гэсэн үг. Би хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ багийнхнаасаа эгчмэд нь. Монголын хөлбөмбөгийн спортод 28-30 насныхныг ахмад гэдэг бол Европт ид тоглож, амжилт гаргадаг үеийнхэнд тооцдог.

-Хөлбөмбөгт дурласан түүхээр тань аялмаар санагдлаа. Хөвгүүд шиг бөмбөг өшиглөөд гүйхэд гэрийнхэн тань хэр дуртай байсан бол?

-Хөлбөмбөгт сонирхолтой болсон минь манайханд эхэндээ таатай санагдаагүй. Тэдэнтэйгээ багагүй зөрчилдөж байж энэ спортод хөл тавьсан. Хүүхэд байхдаа хөлөө хүнд гэмтээж, өвчнөө мартах гэж гүйдэг байлаа. Тэгж явахдаа энэ спортод дурласан. Эмч нар намайг 16 нас хүрэхээрээ алхаж чадахгүй болно гэдэг байсан ч хөлбөмбөг тоглоод өнөөдөр олон амжилтын ард гарсандаа өөрийгөө азтай хүн гэж боддог.

Би 2012 онд ШУТИС-ийг геодезийн инженер мэргэжлээр төгссөн. Мэргэжлээрээ ажиллахаас хөлбөмбөг тоглохыг илүүд үздэг. Дуртай зүйлдээ тууштай байх зориг хайрласан, бас хүсэл мөрөөдлөө хүрэхийн тулд шантрахгүй хөдөлмөрлөх эрч хүчийг хөлбөмбөг надад өгсөн. Оюутан байхад гэрийнхэн минь “Чи бөмбөг өшиглөхөөс илүү хичээл, сурлагадаа анхаарал хандуул” гэж зөвлөдөг байсан тул бэлтгэл хийдгээ хэлэхгүй нуудаг байлаа. Өглөө хичээлдээ явахдаа цүнхэндээ бэлтгэлийн хувцсаа нууж хийгээд гарна. Бэлтгэлээс ирээд гэрийнхээ үүдэнд хүн анзаарахгүй газар өлгөчихнө. Ажил, амьдралд хөл тавьсан ч дуртай спортоосоо татгалзаж чадаагүй. Зорилгоосоо ухрахгүй тулд хөлбөмбөгтөө үнэнч үлдсэн. Оюутан цагийн он жилүүдийг хичээлдээ гүйх, бэлтгэл хийж, тэмцээнд оролцох зэргээр завгүй өнгөрүүлсэн. Сургуулиа төгсөх жил диплом хамгаалах өдөртэй хөлбөмбөгийн тэмцээн давхцлаа. Сэтгэл хоёрдож, ерөөсөө клубийнхээ тамирчидтай тоглолтдоо оролцъё гээд сууж байтал ангийн нөхөд “Чи дипломоо хамгаалсан нь дээр. Хөлбөмбөгийн тэмцээн хойшид болно шүү дээ” гэснээр үлдэж билээ. Намайг ангийнхан минь тэр үед их дэмждэг байв. Манай ангийнхан “Манчестер юнайтед”-ын фанат, бүр үнэнч фэн. Бид ангидаа тус клубийн баг тамирчдыг дэмжиж, тоглолтынх нь тухай сонирхолтой яриа өрнүүлдэг байсан.

-Хөлбөмбөг тоглохын тулд ажлаасаа ч хүртэл гарсан хэрэг үү?

-Тэгсэн. Намайг ажлаасаа гарахад ойр дотнын минь хүмүүс дуртай хүлээж аваагүй. Тэр үед “Ийм сайхан мэргэжил эзэмшсэн байж хөлбөмбөг тоглож яах юм, амжилт гаргахгүй. Чамд ажиллах нь илүү дээр” гэж билээ. Гэрийнхэн минь сүүлдээ ойлгож, дэмжих болсноор би тоглохоо сэтгэл тайван үргэлжлүүлсэн.

-Геодезийн инженер байх амаргүй. Хөдөө байсхийгээд л явдаг ажилтай. Хөлбөмбөг тоглохгүй удахаар өөрийн эрхгүй үгүйлдэг байсан байх.

-Би тэр үед хөлбөмбөгийн шүүгч болохоор зорьсон ч чадаагүй. Учир нь шүүгч болчихвол тэмцээний уур амьсгал, тоглолтын торгон агшин дахь сэтгэл хөглөж, хөдөлгөсөн гоё мөчийг тамирчин шиг мэдэрч чадахгүй. Миний хувьд тоглох сонирхолтой байсан тул шүүгч болохоос татгалзсан нь тэр. Шүүгч бодож байсан зүйл минь биш байлаа. Энэ спорттой амьдралаа нэгэнт холбосон юм бол амжилтын төлөө зүтгэе гэсэн зорилго минь намайг талбайд үлдээсэн. Өдий зэрэгт хүрэхэд хүсэл, тэмүүлэл минь хөтөлсөн юм шүү дээ.

-Хойшдоо дасгалжуулагчаар ажиллах бодол бий юу?

-Нас залуу байна, тиймээс нэг хэсэгтээ тоглоно. Би дасгалжуулагчийн C ангилалтай. Одоогоор “Хад” клубийнхээ эрэгтэйчүүдийн багийн туслах дасгалжуулагчаар ажилладаг.

-“Хад” клубийн багийнхан 2015-2017 оны УАШТ-д түрүүлснийг санаж байна. Эмэгтэйчүүдийн тэмцээний үеэр та булангийн цохилтоос хоёр гоол оруулсан санагдана.

-Би тэмцээнд дөрвөн удаа ингэж гоол оруулсан. Булангийн цохилтоос гоол оруулахыг хүн болгон чаддаггүй. Үүнийг сурахын тулд маш их хичээсэн, олон ч удаа давтсан. Манай “Хад”клубийн насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн баг 2015-2017 онд болсон УАШТ-д түрүүлсэн. Бид өмнө нь 2015 онд болсон анхдугаар лигийн тэмцээний аваргаар ч бас шалгарч байлаа. Би тэр жил лигийн болоод УАШТ-д шилдэг хагас хамгаалагчаар шалгарсан. Ингэж шалгарсан минь өөрийнхөө бус багийнхаа амжилтын төлөө зүтгэсэн миний хичээл зүтгэл байсан юм. Миний давуу тал гэвэл амархан бууж өгөхийг хүсдэггүй, эцсийн шүгэл дуугартал тэмцдэг.

-Танд 2015 он аз, амжилт дагуулсан. Тэр жил “Алтан бөмбөг” гардахад фэнүүд тань баярласан шүү дээ.

-Миний амьдралд тэр жил баяр, гуниг аль аль нь давхцсан. Хайртай аавыгаа хорвоогийн мөнх бусад алдаж, амжилтаа ч харуулж амжсангүй дээ гэж харуусахдаа хөлбөмбөгөөс нэгмөсөн холдохоор шийдсэн. Сэтгэл санаа хүнд байсан тэр үед өөрийгөө “Оны шилдэг эмэгтэй тоглогч”-оор шалгарч, “Алтан бөмбөг” гардана чинээ огт санаагүй. Хүсэл, мөрөөдлийг минь тэр шагнал хөглөж, хэцүү бүхнийг даван туулаад эргэж ирэх урам хайрласан. Хөлбөмбөгийг чин сэтгэлээсээ дурлаж тоглох өөр байдгийг тэр үед юу юунаас илүү мэдэрч билээ. Би одоо хөлбөмбөг бол гайхамшиг, амьдралын минь утга учир гэж хэлэх дуртай.

-Гэрийхэн тань ч нэг их ойлгохгүй, өөрөө ч дорвитой амжилт гаргахгүй байх тэр үедээ шантарч, хөлбөмбөгөөс холдмоор санагдав уу?

-Ажиллахын хажуугаар хөлбөмбөг тоглох нэг хэсэг амаргүй санагддаг байлаа. Ажил хийж байхад бэлтгэл бодогдож, сэтгэл талбай руу тэмүүлээстэй. Тийм үед хөлбөмбөгөө орхих, эсвэл ажилдаа үлдэх гэсэн сонголттой тулгарч, эргэж буцсан удаа олон. Унааны мөнгөгүй болчихоод тоглолтын талбайд алхаж очсон удаа ч цөөнгүй. Миний ажил улирлын чанартай. Зун хөдөө хэдэн сар ажиллаж ирээд цуглуулсан мөнгөө бэлтгэл хийхдээ зориулдаг байв. Саад бэрхшээлтэй таарах тусам хэцүү санагдаж, “Би ер нь зөв зүйлд хүч, хөдөлмөрөө зориулж байна уу, үгүй юү. Ядаж насанд хүрэгчдийн шигшээ багтай болбол орж, тоглож үзэх сэн” гэж боддог байлаа. Монголд тэр үед 14-15 насны охидын шигшээ багтай байлаа. Хэдий шантарсан ч хөлбөмбөгийн тоглолтод оролцоод л явдаг байв. 2018 онд насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн шигшээ баг байгуулах тухай сураг сонсоод их баярласан. Дасгалжуулагч Ц.Ганболд, Ш.Баянжаргал багш нарын удирдлагад эмэгтэйчүүдийн шигшээ багийнхан бэлтгэл хийж, гадаад дотоодын олон тэмцээнд оролцлоо. Өнгөрсөн жилээс бид дасгалжуулагч С.Эрдэнэ-Очирын удирдлагад бэлтгэл хийж эхэлсэн.

-Шигшээ багийнхнаас эгчмэд нь болохоор дүү нартаа зааж зөвлөхөөс өгсүүлээд түшиг тулгуур болох үе гардаг биз?

-Би багийнхаа тамирчдад найрсаг, тусч, зөв хүн байх талаар зөвлөдөг. Тэднээсээ эгчмэд нь тул дайчин тоглохыг хичээж ирсэн. Бид тэмцээний үед өөрийн клубээ төлөөлж, тэмцээнд оролцохдоо ана мана үзэлцдэг. Нэгнийхээ тоглолтын арга барилыг мэддэг болохоор бууж өгөхийг хүсдэггүй. Тоглолт өндөрлөсний дараа бүгдээрээ инээж уулзаад, энгийн үеийнх шигээ сайхан нөхөрлөдөг. Бидний аз жаргал бол хөлбөмбөг тоглох.

-Монголд 2018 онд Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтуудыг анх удаа зохион байгуулахад эмэгтэйчүүдийн шигшээ багийнхан амжилттай өрсөлдсөн. Тэр тэмцээний тоглолтууд фэнүүдийг тань огшоож, догдлуулсныг санаж байна.

-Тэмцээн эхлэхээс хоёр сарын өмнө эмэгтэйчүүдийн шигшээ баг байгуулсан юм. Бид нэг сар хамт байрлаж, бэлтгэл хийхдээ нэг хүн шиг зорилго тэмүүлэлтэй болсон. Шигшээ баг бүрдсэний дараах анхны том тоглолт байсан тул догдлохоос илүү түгшсэн. Биднийг дэмжихээр олон хүн талбайд ирснийг хараад сүрдэж билээ. Ц.Ганболд, Ш.Баянжаргал багш нарын удирдлагад бэлтгэл хийж тэмцээнд оролцохдоо эхлээд Умард Марианы арлуудын багтай өрсөлдөж, тоглолт 2:0-ийн харьцаатай өндөрлөлөө. Тоглолтын хоёрдугаар хагаст багийнхан минь гурван гоол оруулж, ялалтыг өөрийн талд авчирсан. Бид Умард Марианыг 3:2, дараа нь Гуамыг 1:0-ээр ялж, Макаогийн багтай 0:0-ээр тэнцэн, хэсгээ тэргүүлснээр аваргын алтан цом гардаж байлаа. Гуамын багийг хожихгүй л бол манайхан хэсгээсээ гарахааргүй байв. Тэднийг хожихын тулд бид маш их хичээсэн, өөрт байгаа бүх зүйлээ шавхаж гаргасан. Тоглолтын талбайд эсрэг багаа буулгаж авчихаад хөгжөөн дэмжигчдийнхээ баярлан хашхирахыг сонсож зогссон мөч хамгийн сайхан агшин байлаа. Бидний хувьд өмнө нь Зүүн Азийн урьдчилсан шатны тоглолтод түрүүлнэ гэдэг зүгээр л мөрөөдөл байсан. Тиймээс тэмцээний өмнө өрсөлдөгчдөө хожиж, эх орондоо зохион байгуулсан тэмцээнд заавал түрүүлнэ гэсэн зорилго тавьсан. Багаараа мөрөөдлөө биелүүлж, анхны амжилтаа алтан цом өргөж эхлүүлснийг эргэн дурсах сайхан байна. Надад тэр үед “Би хүсэж мөрөөдөөгүй, бас зорьж тэмүүлээгүй бол ийм сайхан амжилтыг мэдрэхгүй байсан болов уу” гэх бодол төрж билээ.

-Та тэр тоглолтод оролцохдоо багтаа довтлогчийн үүрэг гүйцэтгэсэн байх аа?

-Би шигшээ багийнхаа довтлогч. Довтлогчийн үүрэг бол эсрэг багийн хаалганд бөмбөг оруулах. Харин хагас хамгаалагч төвийн байрлалд багаа найруулан тоглодог. Хагас хамгаалагчаас тоглолтын техник их шаарддаг.Тиймээс эсрэг талаас ирэх довтолгооны бөмбөгийг хамгаалж, дамжуулах үүрэгтэй. Энэ нь өрсөлдөгчдөө хожихын тулд тактик боловсруулж, хор шарыг нь малтдаг гэсэн үг. Миний хувьд багтаа сайн довтлогч байхыг үргэлж хичээдэг.

-Манайхан Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтын дараа Тажикистаныг зорьсон бил үү?

-Бид аваргаар шалгарсныхаа дараа арваннэгдүгээр сард олимпын урьдчилсан шатны тэмцээнд оролцохоор Тажикистаныг зорьсон. Хүмүүсийнх нь зан араншин, тэмцээн үзээд, хүлээж авч буй байдал нь нэг л ширүүн санагдсан. Харин цаг агаар нь Монголынхтой төстэй байв. Тэр тэмцээнд би Сингапурын багийн хаалганд анхны бөмбөгийг хийж байлаа. Дараа нь Зүүн Азийн урьдчилсан шатны II дахь тэмцээнд оролцохоор Гуам улсад хөл тавьсан. Тэндхийн халуун, бүгчим агаарт дасан зохицож, тоглох амар байгаагүй. БНХАУ, Хонконг, Тайванийн багтай өрсөлдөхдөө бид хатуужил, тэсвэр, хүчээр давуу ч тоглолтын туршлага дутуу байгаагаа мэдэрсэн юм.

-Хөлбөмбөг нас, хүйс, шашин, арьс өнгө ялгаварлахгүй тоглодог спорт. Хүмүүс эмэгтэйчүүдийг хөлбөмбөг тоглоход эхэндээ гайхдаг байсан бол одоо тэр хандлага хэдийн өөрчлөгджээ.

-Эмэгтэйчүүд хөлбөмбөг тоглосноор амьдралын хатуужил, тэвчээрт суралцахаас гадна хариуцсан ажилдаа эзэн болж, багаар ажиллах чадвар эзэмшдэг. Монгол эмэгтэй тамирчид сэтгэлийн тэнхээтэй. Тиймдээ ч ДАШТ, олимпод авьяас, ур чадвар, туршлагатай гэдгээ харуулсаар байгаа. Багийн спортын тамирчид зорилгынхоо төлөө нэг хүн шиг зүтгэж чадвал ямар амжилтад хүрдгийг Зүүн Азийн аварга шалгаруулах урьдчилсан шатны тэмцээнд бид харуулсан. Би эмэгтэйчүүдийн шигшээ багийнхантайгаа ДАШТ-д тоглохыг мөрөөддөг. Боломжгүй зүйл гэж байдаггүй. Харин хамтдаа зүтгэвэл амжилтад хүрч чадна. Энэ ташрамд, энэ спортыг сонирхон тоглож байгаа залууст “Хөлбөмбөгт дурлаж, тамирчин болохоор зорьсон бол хүсэл мөрөөдлөөс битгий ухраарай. Клуб, багийнхаа төлөө өөрийгөө дайчилж, бэлтгэлээ хэрхэн үр дүнтэй хийнэ, төдийчинээ амжилт гаргадаг юм шүү” гэж хэлье. Мөн Монголын хөлбөмбөгийн холбооны удирдлага хамт олон, эмэгтэйчүүдийн шигшээгийн багийнхан, С.Буд дасгалжуулагчтай “Хад” клубийн тамирчдадаа баярласнаа илэрхийлье.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.