Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Г.ОДГЭРЭЛ: Сувилагчийн ажил магадгүй урлаг байх

Өнөөдөр олон улсын сувилагчдын өдөр. Хүн ардын эрүүл энхийн манаанд эх орныхоо торгон хилийг нүд цавчилгүй хамгаалан зогсдог эрэлхэг хилчидтэй зүйрлүүлэн хүндлэх цагаан нөмрөгт эрхэм сувилагч нарт баярын мэнд хүргэж, ажлын амжилт хүсэхийн ялдамд мэргэжил нэгт, ХӨСҮТ-ийн сувилагч, эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан Г.Одгэрэлтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.

Мэргэжлээрээ 26 жил ажиллахдаа 2001 оноос өнөөг хүртэл ХӨСҮТ-д ээлжийн сувилагчаар ажиллаж буй тэрбээр Завхан аймгийн уугуул. Тус аймгийн Тосонцэнгэл сумын нэгдүгээр сургуулийг 1992 онд дүүргэн, Говь-Алтай аймгийн Анагаах ухааны коллежид 1992- 1995 онд суралцаж, сувилагч, бага эмч мэргэжилтэй болжээ. 2006 онд одоогийн АШУҮИС-ийн шаталсан бакалаврын ангийг сувилагч мэргэжлээр дүүргэсэн дээд боловсролтой ажилтан. Ташрамд өгүүлэхэд, олон нийтийн дунд сувилагч нь өмнөх нийгэмд байсанчлан тусгай дунд мэргэжлийн боловсролтой хүмүүс гэсэн ойлголт хэвээр юм билээ. Манай улс хэдийн дэлхийн жишгээр энэ мэргэжлээр бакалавр, магистр зэрэгтэй мэргэжилтэн бэлдэж буй бөгөөд доктор хамгаалсан нь ч нэг бус. Нийслэл, орон нутаг, алс хязгаар сумуудад ч ажил үүргээ нэр төртэй гүйцэтгэж яваа мянга мянган сувилагчийн нэгтэй ийнхүү ярилцлаа.

-Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан ХӨСҮТ-д ажилладаг сувилагчийг урья гэж шийдсэн юм. Цаг зав гаргасанд баярлалаа.

-Байнгын ажилтай, үгүй бол тусгаарлалтад байхаар ар гэрийн ажил цалгардах юм уу?

-Ер нь бол цалгардах талдаа. Гэр бүлийнхэн минь намайг “Ажилдаа анхаар, дархлаагаа дэмж, гэр лүүгээ бүү санаа зов. Бид бүхнийг зохицуулж байгаа” гэдэг. Гэсэн ч эзэгтэй, ээжийн сэтгэл санаа хаана байх билээ. Миний хань эмч, мэс засалч. “Ач” анагаах ухааны дээд сургуульд багшилдаг юм. Ажил, мэргэжлийн минь онцлогийг сайн мэддэг болохоор гэртээ аль болох асуудалгүй байлгахыг хичээдэг. Тэднийхээ урам, дэмээр халдварын голомтод ажилласаар байна.

-ХӨСҮТ-ийн сувилагч нарын ажлын онцлогийг та юу гэж тодорхойлох вэ?

-Халдварт өвчтэй хүмүүст эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдгээр ялгаатай. H1N1, SARS, улаанбурхан, “Ковид-19”-ийн үед ч тусгаарлагдаж ажилладгаар онцлогтой. Бид халдвар хамгааллын дэглэмийг маш сайн мэддэг, чанд сахиж ажилладаг. Халдварт өвчтэй хүмүүст үйлчлэхээр өрөөнд нь орохдоо “Хаагаад, нээ” гэсэн зарчим баримталдаг. Өрөөний эхний хаалгыг хаагаад, дараагийнхыг нээнэ. Халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж ажиллахгүй бол өөрөө өвдөөд барахгүй гэр бүлээ эрсдэлд оруулах аюултай. Мөн өдгөө сувилагчийн хүрэлцээ тааруу байхад ажлын талбарт хүний нөөцийн хүрэлцээ муудах ч талтай.

-Танай эмнэлгийнхнээс ажил, үүргээ гүйцэтгэж байхдаа халдвар авсан нь цөөнгүй. Яах аргагүй ядарч, дархлаа муудсанаар халдвард өртдөг байх даа?

-Тийм ээ. Ачаалал ихтэй. Уг нь стандартаар нэг сувилагч 6-8 эмчлүүлэгчид үйлчлэх ёстой. Гэтэл одоо дунджаар 25-30 хүнд нэг сувилагч ногдож байгаа. Ялангуяа “Ковид-19”-ийн үед 30 орчим өвчтөнд ганцхан сувилагч үйлчилж байна.

-Тэгэхээр ядрах нь аргагүй юм байна. Өдөржин битүү хувцастай байдаг болохоор бүр хэцүү болов уу?

-Улаан бүсэд хамгаалалтын битүү хувцастай, зориулалтын амны хаалттай ажилладаг. Ногоон бүсэд бичиж, тэмдэглэх ажлаа хийх үедээ нэг удаагийн халаад, малгай, амны хаалттай байдаг л даа. Ер нь амны хаалтаас салахгүй. Вакцины хоёр тунг хийлгэчихсэн болохоор саяхнаас бид энгийн горимд шилжиж, 24 цаг ажиллаад, 48 цаг амарч эхэлсэн. Гэсэн ч олон хүнд үйлчилсэн хэвээр. Эмчлүүлэгчдийн тасагт мөн л битүү хувцастай ажилладаг тул толгой өвдөх, ядарч сульдах, хөлийн шилбэ хавагнах нь бий. Тэглээ гээд эрч хүчээ алдахгүй байхыг хичээдэг. Бидний ажил учраас даваад гарах л ёстой, маргааш ажлаа үргэлжлүүлэн хийхэд бэлэн байх ёстой.

-Анзаарахад хүмүүс сувилагчийг тариа хийдэг хүн гэж хардаг шиг санагддаг. Юу юу хийдэг вэ?

-Хэвтэн эмчлүүлж буй хүн бүрт тариа хийж, эмийг нь уулган, эмчлүүлэгчийг асарч, сувилах, туслах цогц үйлчилгээ үзүүлдэг. Тэдэнд охин шиг нь, дүү шиг нь хандан, харилцаж, асарч, сувилах ёстой. Халуурч байвал жин тавьж халууныг нь буулгана. Хөлрөхөд хувцсыг нь солино. Ор, дэрний цагаан хэрэглэлийг солино. Хэвтрийн хүн бол байрлалыг нь солих, бие засуулах, өтгөн, шингэнийг нь цэвэрлэх гээд бүхий л ажлыг хийдэг. Үүнээс гадна өдөрт хийсэн ажлаа бичиж тэмдэглэх, стандартаар баталсан бичиг, баримтуудыг хөтлөх зэрэг ажил амжуулна. Ер нь сувилахуй бол тасралтгүй үйл ажиллагаа. Нэг ээлжийнхэн буухад нөгөөх нь залгуулаад хийдэг. Энэ ажил магадгүй таны хэлсэнчлэн бараг урлаг байх. Зөвхөн эм уулгаж, тариа хийж эмчлэхээс гадна сэтгэлээр нь өргөж дэмждэг.

-Туслах сувилагч гэж байдаг гэсэн үү?

-Тийм ээ. Сувилагч нарын ачааллыг багасгах зорилгоор нэлээд хэдэн жилийн өмнөөс сургалтаар бэлтгэдэг болсон юм. Олон жил ажилласан асрагч нарыг үүнд хамруулах жишээтэй. Энэ хүмүүс бидний ажлыг их хөнгөлдөг. Манай эмнэлгийн тасаг тус бүрт нэг туслах сувилагч ажилладаг.

-“Ковид-19”-ийн нөхцөл байдал хүндрэх хэрээр танай эмнэлгийнхний ачаалал нэмэгдсэн. Мөн гадаад орчинд, өөрөөр хэлбэл, олон нийтийн дунд энэ нь хүнд өвчин биш, жирийн ханиаднаас ялгаагүй гэх зэргээр ярих нь ч элбэг байлаа. Газар дээр нь тэмцэж буй та энэ нь чухам ямар өвчин болохыг хэлж өгөх үү?

-Ямар үүсгэгч, эмгэг, жамтай өвчин юм бэ гэдгийг эрдэмтэн, судлаачид байнга хэлж, ярьж буй учраас олон нийт мэдээлэлтэй байгаа. Нөхцөл байдал хүндэрснээс хойш хараад зүрх эмтэрмээр үйл явдал тохиолдох болсон. Сүүлийн үед амьсгалын дутагдалтай хүн байнга ирж байна. Өвчин нь хүндэрсэн, хэвтрийн, харвалттай, хөгжлийн бэрхшээлтэй нь олон. Гэр бүлээрээ өвдөөд ирэх юм. Нэг гэр бүлийн таван гишүүн хэвтлээ гэхэд хүндэрсэн нэг нь сэхээн амьдруулах тасаг руу шилжээд, удалгүй бурхан болчиход ар гэрийнхнийг нь эмнэлгээс гартал нь сэтгэл санаагаар дэмжинэ. Ийм өвчнийг жирийн ханиад гэж бодох, сурталдах, эсэх нь хувь хүмүүсийн ухамсрын хэрэг. Эсвэл цар тахал юм шүү, хаана хаанаа болгоомжтой байх ёстой гэж хавь ойрынхондоо сануулж, анхааруулах, эсэх нь ч хүмүүсийн өөрсдийнх нь шийдэх асуудал.

-Шинэ өвчин гэдэг нь яах аргагүй мэдэгдэх юм уу?

-Би 2001 оноос ХӨСҮТ-д ажиллах хугацаандаа олон янзын өвчний дэгдэлтийн үед тусгаарлагдан ажиллаж ирсэн. 2003 онд SARS дэгдэхэд, дараа нь HIN1 гэдэг шинэ вирусээр үүсгэгдсэн өвчний үед ч тэр. Бид эхэндээ бас л битүү хувцастай ажиллаж байлаа. Дараа нь нэг удаагийн халаад өмсдөг болсон. Тэдгээр нь “Ковид-19”-ийг бодвол арай хөнгөн хэлбэртэй, хүндрэл харьцангуй багатай байсан л даа. Гар, хөл, амны өвчин гэж бас халдвар байв. Улаанбурхан өвчний үед нялх болон бага насны хүүхдүүд олноор өвдсөн маш хүнд нөхцөлд ажиллаж байлаа. Нэг удаа бид “Улаанбурхны үед нөхцөл байдал маш хүнд байсан ч хамгаалалтын иж бүрэн хувцас гэхгүй, халаад, малгай, амны хаалттай ажиллахад харьцангуй амар байжээ” гэж ярилцаж байлаа. Битүү хувцастай 8-10, түүнээс ч илүү цаг ажиллах үнэхээр хүнд.

-Ийм нөхцөлд ажилладаг сувилагч нарын цалин, нэмэгдэл хэр бол?

-Би ер нь олон жил ажилласан хүмүүсийн тоонд багтана. Үндсэн цалин 740 мянган төгрөг, илүү цагийн хөлсийг энгийн нөхцөлөөр бодож олгодог. Түүнээс хүмүүсийн ойлгож, ярьж байгаа шиг “Ковидын” гэсэн нэмэгдэл мөнгө байхгүй.

-Нэмэгдэл сайн олгодоггүй гэж ойлгохоор байна.

-Эрүүл мэндийн тухай хуульд олон улсын хөл хориот, гоц халдварт өвчний үед ажилласан эмч, эмнэлгийн байгууллагын ажилтнуудад тухайн үеийн цалинг гурав дахин нэмэгдүүлж олгоно гэж заасан юм билээ. Энэ журмаар нэмэгдүүлсэн цалин олгож байгаагүй. Илүү цагийн нэмэгдлээ л авдаг. Ажлын өдөр 24 цаг ажиллалаа гэж бодъё. Үүний долоон цаг нь ажиллах ёстой хугацаа, харин 17 нь илүү байгаа биз. Үүнд ногдох мөнгийг энгийн нөхцөлд олгодог горимоор тооцож нэмж өгдөг. Төрөөс үзүүлсэн тусламж бий л дээ. Голомтод ажилласан эмч, сувилагч, асрагч, ариутгагч нарт Засгийн газраас таван сая төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгосон. Би авсан.

-Сэтгэлээ чанга байлгаж, хариуцлагатай хийх ажил санагдлаа.

-Тийм ээ, сонгосон мэргэжил минь учраас сэтгэл зүйн хувьд бэлтгэлтэй байдаг. Янз бүрийн ааш араншинтай, уур уцаартай, стресстэй хүмүүстэй яг адилхнаар харилцаж болохгүй. Хүнлэг байхыг шаарддаг ажил.

-ХӨСҮТ-ийн эмч, ажилтнууд шинжилгээний хариу будилаантуулсан гэсэн дуулианыг хэрхэн хүлээж авсан бэ?

-Би тэр үед тусгаарлалтад ажиллаж байсан. Эмч, мэргэжилтнүүд ингэж ажиллаж байхад, асуудлын учир, учгийг ололгүй хальт сонссондоо тулгуурлаж ийм зүйл ярих гэж дээ хэмээн бодож, урам хугарсан.

-Салбарт, ялангуяа байгууллагадаа олон жил ажилласан хүн мэргэжлийн ур чадвараар тэргүүлэгч байдаг. Та энэ чиглэлд гаргасан амжилтаасаа хуваалцаач.

-2006 онд мэргэжлийн ахлах, 2012 онд тэргүүлэх зэрэг хамгаалсан. Тухайн онд олон улсын сувилагч нарын баярыг тохиолдуулан орон нутгийн 8000 гаруй сувилагчийн дунд зохион байгуулсан ажил, мэргэжлийн уралдаанд гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн хүрээнд бүсийн аварга болсон. Саяхан Монголын сувилагчийн нийгэмлэгээс “Ард түмний талархал хүлээсэн гавьяат сувилагч” гэсэн цол, тэмдэг олгосон. “Ковид-19”-өөр өвдсөн хүмүүстэй тулж ажиллаж эхэлснээс хойш долоон удаа тусгаарлагдан ажиласныг голчилж дүгнэсэн юм билээ. Энэ ташрамд, ХӨСҮТ-ийн хамт олон, тус нийгэмлэгийнхэн, мөн “Сувилахуйн амьдрал” төрийн бус байгууллагын хамт олон болон улс орон даяар мөр зэрэгцэн ажиллаж буй мэргэжил нэгтнүүддээ олон улсын сувилагчийн өдрийн мэнд хүргэе.

9
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 thoughts on “Г.ОДГЭРЭЛ: Сувилагчийн ажил магадгүй урлаг байх