Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Дундговийн хоёр сумын Засаг дарга ял шийтгүүллээ

Дундговь аймгийн Цагаандэлгэр болон Өлзийт сумын Засаг дарга нар бусдаас хахууль авсан хэргийг шүүх хэлэлцэн шийдвэрлэжээ. Цагаандэлгэр сумын төвд байгуулсан Залуучуудын соёл, амралтын хүрээлэнгийн хашаа, хайсыг барих тендерийг 2018 оны зургадугаар сард тус сумын ЗДТГ-аас зарласан аж. Орон нутгийн хөгжлийн сангийн 24.2 сая гаруй төгрөгөөр уг хашаа, хайсыг барих тендерт барилгын засвар үйлчилгээ, явган хүний зам тавих, хот тохижилтын чиглэлийн “Цагаантолгойн нуур” гэх компани оролцсон юм байна. Уг компанийн төлөөлөгч М.Аюуш гэдэг хүнээс Цагаандэлгэр сумын Засаг дарга Б.Буджав, Өлзийт сумын Засаг дарга байсан Э.Эрдэнэбат нар тус бүр 500 000 төгрөгийн хахууль авсан гэнэ. Дундговь аймгийн Прокурорын газраас Засаг даргаар ажиллаж байсан хүмүүст Эрүүгийн хуулийн 22.4-2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан бусдаас хахууль авсан”, М.Аюушид 22.5-1 дэх хэсгийн “Өөрийн компанид давуу байдал бий болгох зорилгоор албан тушаалтанд хахууль өгсөн” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Тус шүүх хэргийг хэлэлцээд Б.Буджав, Э.Эрдэнэбат нарыг хахууль авсан гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг таван жил хасан, 6.5 сая төгрөгөөр торгох ял оноожээ. Харин тэдэнд нэг сая төгрөгийг хахууль болгож өгсөн М.Аюушид нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасаж, 2.7 сая төгрөгөөр торгох ял шийтгэжээ. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр баталбал Цагаандэлгэр сумын Засаг даргаар ажиллаж буй Б.Буджавыг чөлөөлөөд зогсохгүй “Цагаантолгойн нуур” ХХК-ийн тендерт оролцох эрхэд ч сөрөг нөлөө учруулж болзошгүй юм байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 thoughts on “Дундговийн хоёр сумын Засаг дарга ял шийтгүүллээ

  • Avatar нямаа says:

    яана да Ингэх гээд байсан юм Юун 500.к

  • Avatar Зочин says:

    500000 томчуудын хажууд хоолны мөнгө юм. Төрийн албаны хүний хувьд ёс зүйгүй зүйл. Хоёрын хооронд юмнаас болж нэр төрдөө сэв суулгах гэж дээ. Анхных бус байх гэж хардаж байна. Ажлаа өгдөө хө. Арга байхгүй. Бас бус зүйл чих дэлсээд л байдаг юм. Харсан бишдээ.