Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Т.АРИУНЧИМЭГ: Уран бүтээлч хүн ШУНАЛГҮЙ бол ЛАА ШИГ бөхөх байх

Залуу уран бүтээлч Т.Ариунчимэгтэй ярилцлаа.

-Багаасаа урлагт дуртай байсан мөртлөө дунд сургууль төгсөөд өөр чиглэлээр суралцсан гэсэн. Эхлээд эзэмшсэн мэргэжил тань юу вэ. Тэр мэргэжлээрээ ажилласан уу?

-Сурагч байхдаа Монголын хүүхдийн ордны драмын дугуйланд Ж.Амарзаяа багшийн удирдлагад суралцдаг байлаа. Тэр үед “Заавал жүжигчин болно” гэж боддог байв. Харин ахлах ангид ороод “Хоёр мэргэжил эзэмших ёстой юм байна” гэж бодсон. Тухайн үед математик, физикийн хичээлд дуртай, гүнзгийрүүлж суралцдаг байсан учраас программист болъё гэж шийдсэн. Гэвч төгсөх ангидаа Монголд цоо шинэ биотехнологийн мэргэжлээр суралцахаар бодлоо өөрчилсөн юм. Өргөн хүрээтэй, ирээдүйтэй мэргэжил боловч Монголд шинжлэх ухааныг дорвитой дэмждэггүй учраас үргэлжлүүлэн суралцах, ажиллах боломж муу. Тиймээс сургуулиа төгссөн ч ажиллаж чадаагүй.

-Урлагийн юунд хамгийн их татагдсан бэ?

-Хамгийн түрүүнд дуу хөгжим нөлөөлсөн болов уу. Дараа нь шүлэг уншиж, өөрөө зохиох гэж оролддог болсон. Энэ бүхэнд аав минь нөлөөлсөн. Харин Монголын хүүхдийн ордон руу хөтөлж авч очсон хүн бол ээж минь. Урлагийн мэргэжил эзэмшиж, ажиллахад минь бүх талаар дэмжсэн, одоо ч арыг минь даадаг хүн дээ.

-Урлагт дуртай байх, урлагийн мэргэжил сонгон түүгээрээ амьдрах гэдэг өөр өөр ойлголт. Багын мөрөөдлөө биелүүлж, жүжигчин болоход тань юу нөлөөлсөн бол?

-Урлагт дуртай хүн бишгүй. Гэвч зориг, тэвчээр, авьяас, хөдөлмөрөө зориулж чадсан нь л урлагийн хүн болдог. Сая дурдсанаас гадна хариуцлага, сэтгэлийн тэнхээ, зорилго ч нөлөөлнө. Бас золиос ч шаарддаг. Би 23 настайдаа телевизэд хөтлөгчөөр ажилладаг байлаа. Тухайн үед Төрийн шагналт Д.Сосорбарам багш “To be or not to be” реалити шоуны шилдэг оролцогчдыг хамруулж, зохиолч Айн Рэндийн “Төгс” драмын жүжгийг найруулан, тавьсан юм. Надад тэр жүжгийн нэг дүрд тоглох завшаан олдсон. Түүнээс хойш л багын мөрөөдлөө биелүүлэхгүй л бол амьдрал минь ямар ч утгагүй юм шиг санагдах болов. Эргэлзэж, бодож тунгаасны эцэст СУИС-ийн хөгжимт драмын жүжигчний ангид шалгуулж, тэнцсэн дээ.

-Жүжигчний мэргэжлийн тухай төсөөлөл, эл мэргэжлийг эзэмшсэний дараах бодит байдалтай хэр зөрсөн бэ?

-Жүжигчин бол урлагийн амьд, гайхалтай элемент. Жүжигчнээр ямар ч гайхалтай урлагийн бүтээл хийж болно. Тэр утгаараа жүжигчинд асар баялаг мэдрэмж, авьяас, ур ухаан, нөөц хэрэгтэй. Түүгээрээ гайхалтай дүрүүд бүтээж, түүгээр амьдрах хязгааргүй аялалд гардаг. Үр дүнд нь үзэгчдэд гүн сэтгэгдэл үлдээж, нэг бол олны бахархаж хүндэлдэг хайртай нэгэн болно, үгүй бол хэн ч тоохгүй, хэрэггүй хог шаар болдог. Хатуу байгаа биз. Тийм ч учраас энэ мэргэжлийг амар хялбар гэж огт бодож байгаагүй.

-Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар найруулагчийн шавь юм билээ. Багш тань юуг хамгийн их захидаг вэ. Түүнээс юу үлгэрлэдэг бол?

-Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар болон найруулагч Ц.Батнайрамдал нарын ууган шавь нарын нэг. Багш нар минь бидэнд олон зүйл захисны дотроос “Уран бүтээлч хүн ёс зүйтэй, мэдрэмжтэй, хөдөлмөрч, тууштай байх ёстой. Хамгийн гол нь хүн бай” гэдэг байлаа. Н.Наранбаатар багшийнхаа “Гэрэлтье гэвэл шат” гэж хэлж байсныг нь байнга санаж явдаг.

-Тэгвэл эзэмшсэн мэргэжлийнхээ амтанд хэзээ оров?

-Уран бүтээлд оролцох бүртээ л энэ амтыг мэдэрдэг. Оюутан байхаасаа л мэдэрсэн дээ.

-Сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллалгүй СУИС-д багшилсан шалтгаан тань юу вэ?

-Тайзны ярианы Э.Нарангэрэл багш амжилттай төгссөн шавь нарынхаа цөөн хэдэд сургуульдаа багшлах санал тавьсны нэг нь би. Эргэлзэж байсан ч татгалзаж чадаагүй. Ингээд Н.Наранбаатар багшийнхаа туслах багшаар ажилласан. Их сургууль мэдлэг, туршлагын маш том лаборатори. Мэргэжлээсээ хөндийрөхгүй, илүү эрэл хайгуул хийх, өөрийн жаахан мэдсэнийг бусадтай хуваалцаж бататгахын тулд багшлахыг хүссэн юм. Эрэл хайгуул хийж, оюутнуудынхаа сэтгэлийн галыг бадрааж, чиглүүлэх хариуцлагатай албыг туршлагатай олон багшаасаа үлгэрлэж, өөрөө шинэ зүйлс судалж, туршиж ажилласан.

-ХБНГУ-д уран бүтээлчидтэй нь хамтран ажилласан гэж сонссон. Ямар уран бүтээл байсан бэ. Тэднээс юу сурав?

-Монголд анх удаа СУИС-ийн оюутнууд гадаадын, тэр дундаа Германы эрдмийн солилцооны албаны санхүүжилтээр Берлин хотын Эрнст Бушийн нэрэмжит Театрын урлагийн их сургууль, Hochschule der Populдren Kьnste урлагийн их сургуулийн оюутнуудтай хамтарч Хайнрих фон Клайстын бүтээл “Михаэль Коолхаас” зохиолд суурилсан урлагийн төсөлд ажилласан. “Михайл Коолхаас” постдрамын жүжгийг Улаанбаатар болон Берлин хотод англи хэлээр тоглосон юм. Монгол, Герман оюутнуудын онцлог давуу талыг харж, нэг баг болж том уран бүтээлийн ард гарах сайхан байсан. ХБНГУ-ын театрын урлагийн сургууль 100 гаруй жилийн түүхтэй, туршлага, онол арга зүйн өндөр түвшинтэй. Манай оюутнууд тэдний онцлог, арга барилыг хурдан ойлгож, сурсан нь давуу тал байлаа. Найруулагч нь сэтгэл хангалуун үлдсэн шүү.

-Германы сургалтын арга барил ямар онцлогтой байв. Анзаарч судлав уу. Ямар онцлогийг нь манай системд нэвтрүүлмээр санагдсан бэ?

-Миний магистрын дипломын сэдэв дээр дурдсан хоёр орны театрын урлагийн сургуулийн сургалтын хөтөлбөрийг харьцуулсан байдаг. Их ялгаатай хоёр сургууль учраас аль алинд нь давуу, сул талууд бий. Манайд нэвтрүүлмээр туршлага, жишээ ч олон. СУИС-ийн Театрын урлагийн сургуульд тогтсон сургалтын дэг жаяг бий ч театрын шинэ онол, аргачлалуудыг заадаг тухайн орны сургуульд багш нараа явуулж чадавхжуулах, шинэ боловсон хүчнээр дахин системтэй судалгаа, туршилт хийлгэж сургалтын хөтөлбөрөө сайжруулбал одоогийн түвшнийг улам ахиулах боломжтой гэж харсан.

-Өнгөрсөн онд үзэгчдэд хүргэсэн “Гүрү медиа”-гийн найруулагч С.Бямбын “Хэвтрийн хүн” киноны гол дүрд та тоглосон. Энэ нь таны ажилласан анхны гол дүр үү?

-Бүрэн хэмжээний уран сайхны киноны анхны гол дүр. Хүн мөрөөдөж, санаж явахад бүтдэг гэдэг. Яг л тэгсэн. Анхны бүхэн хүнд хамгийн сайхан. Бас гараа сайн бол бариа сайн гэдэг дээ. Сайн найруулагч, хамт олонтой гараагаа эхэлсэн болохоор их бэлгэшээж байгаа.

-Эл уран бүтээлд тоглох завшаан хэрхэн олдсон бол?

-Продюсер Ц.Ариунаа эгч энэ кинонд ажиллах санал тавьсан. Би уг нь энэ киноныхоо дүрийн сонгон шалгаруулалт дээр ажиллаж байлаа. С.Бямбаа найруулагчаасаа чухам ямар жүжигчин, ямар хүнийг тоглуулахыг хүсэж байгааг сайн тодруулж, ойлгож аваад л хайж гарсан даа. Олон жүжигчин шалгуулсан. Би ч өөрийгөө сорьсон. Тэгсний эцэст өөр нэг жүжигчин бид хоёрыг харж байгаа гэдгээ хэлэхэд нь их баярласан. Намайг сонгосон гэхэд нь гайхах, баярлах зэрэгцсэн. Итгэж өгдөггүй юм билээ.

-Олон улсын А зэрэглэлийн наадам, тэр дундаа Бусаны кино наадмын шагналт найруулагч С.Бямбатай ажиллах ямар байв?

-С.Бямба найруулагчийг “Хатуу, ширүүн хүн” гэж дуулж байсан. Гэтэл хамтарч ажиллахад огт хэцүү байгаагүй. Харин ч их сонирхолтой. Уран бүтээлдээ хандах хандлага, найруулгын арга, зохиол, жүжигчинтэй ажиллах ажиллагаа гээд бүгд мэргэжлийн түвшинд. Ажлын явц дунд найруулагчийн гаргах сэтгэл хөдлөл, зан авирыг би байх ёстой гэж боддог. Тийм үед гомдох, тунирхах шаардлагагүй.

-Найруулагч нарт загнуулах үе бишгүй байх.

-Найруулагч бүр өөрийн онцлогтой. Хоёр найруулагчийн шавь байсан болохоор хэрийн зүйлд шантардаггүй, эмзэглэдэггүй, хар буруу санадаггүй.

-Дэлгэцийн уран бүтээлд дахин тоглох уу. Энэ төрлийн бүтээлийн санал ирж байгаа юу?

-Тоглох хүсэлтэй. Анхны киноноос хойш хүмүүсээс урмын үг, сайхан сэтгэгдэл олон ирсэн. Одоогоор кинонд тоглуулах санал ирээгүй. Магадгүй коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалж киноны олон төслийг хойшлуулж буй байх.

-Гадаадын кино төсөлд ажиллаж байна уу. Олон уран бүтээлийн арын албанд ажилласан гэж сонссон.

-Найруулагч П.Лхагвадуламын Францын “Аврора фильмс” студитай хамтран бүтээх “Зэ” уран сайхны киноны гол дүрийн сонгон шалгаруулалтад “Гүрү” медиаг төлөөлөн ажиллаж байна. Бас ОХУ-ын нэг кино бий.

-Өнгөрсөн онд найруулагч М.Батболд “Альфа” театр байгуулж, В.И.Гётегийн “Фауст” жүжгийг үзэгчдэд хүргэхэд та бүрэлдэхүүнд нь багтсан. Тайз, дэлгэцийн уран бүтээлийг хослуулан ажиллах амаргүй юу?

-“Альфа” постдрамын театрыг үүсгэн байгуулсан баг, бүрэлдэхүүнд багтдаг. Тайз, дэлгэцийн бүтээл агуулгаараа адилхан ч хэлбэр өөр. Тэгэхээр түүнийгээ дагаад ажиллагаа тус бүр нь өөр түвшинд ялгаатай бүтдэг. Мөн аль алинд нь давтагдашгүй мөн чанар бий.

-Одоо тайзны уран бүтээлд тоглох сон гэж шунадаг уу?

-Мэдээж бий. Их шуналтай. Гэхдээ тайзнаас жаахан холдсон болохоор эргэж формдоо орох шаардлагатай байх.
-Уран бүтээлийн шунал байх ёстой, тийм үү?

-Хүнд шунал хэрэггүй ч, уран бүтээлчид зөв шунал хэрэгтэй. Энэ нь тухайн уран бүтээлчийг ирлэж, хурцалж, өнгөлдөг байх. Хэрвээ шуналгүй бол лаа шиг бөхөх байх даа.

-Тоглохыг хүсэж, шунаж явдаг дүр бий биз дээ?

-Их л олон дүрд тоглохыг хүсэж байна. Тэгж байж жинхэнэ жүжигчин болох байх. Жүжигчин дүрийг голдоггүй, дүр жүжигчнийг голдог гэдэг дээ.

-Найруулагчаар сурах, энэ чиглэлээр ажиллах хүсэлтэй юү?

-Найруулагчаар ажиллах нууцхан хүсэл бий. Энэ хүсэл СУИС-д багшилж байхад илүү ундарсан. Б.Мөнхдорж багш “Найруулагч хүн багш юм. Багш хүн найруулагч юм” гэсэн удаатай. Гэхдээ би найруулагч хүн төрдөг гэдэгт итгэдэг. Ямартай ч өөрийгөө сориод үзэх бодол бий.

-Таныхаар уран бүтээлч хүн ямар зан чанар, дадал, ур чадварыг өөртөө заавал төлөвшүүлэх ёстой вэ?

-“Юу юунаас илүү мэдрэмж хамгийн чухал” гэж мундаг найруулагч нар хэлсэн байдаг. Мэдээж үндсэн суурь бол зөв хандлагатай, хөдөлмөрч, эрэл хайгуул сайн хийдэг, шинэчлэгдэж хувирах чадвартай, гадаад хэлний өндөр мэдлэгтэй байх. Гол нь хүн байх, хэрэгтэй.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.