Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ж.Шинэхүү: Эрчимжсэн аж ахуй хөгжүүлэхэд төр, аж ахуйнуудын хамтын ажиллагаа дутаж байна

Манай оронд эрчимжсэн мал аж ахуй хөгжихийн хэрээр малын тэжээлийн хэрэгцээ нэмэгдэж байна. Гэвч энэ хэрэгцээг хангасан тэжээлийн нөөц хомс.  Цөөн тоотой  эрчимжсэн аж ахуйдаа ч, бэлчээрийн мал аж ахуйдаа ч өвс хадланг голчлон ашигладаг. Угтаа энэ өргөн уудам  газрынхаа багахан хэсэгт дотоодын хэрэгцээгээ хангаад экспортлох хэмжээний тэжээлийн ургамал тариалах боломжтой мэт. Гэвч ган,  зуд тохиолдох бүрт төр, засгийн гар хардаг. Үхрийн эрчимжсэн аж ахуйн хөгжил, тэжээлийн хангамжийн талаар ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн багш, доктор Ж.Шинэхүүтэй ярилцлаа.

-Манай улсын эрчимжсэн мал аж ахуйн  өнөөгийн байдал, ялангуяа махны үхрийн аж ахуйн талаар ярилцлагаа эхлэе.

– Махны чиглэлийн үхрийн аж ахуй хөгжүүлэхээр ажиллаж байгаа иргэн,  байгууллага нэмэгдсэнд  судлаачийн хувьд  баяртай байгаа. Би 2001 онд ХААИС-д монгол үхэр, сарлагийн хромосомын харьцуулсан судалгаа сэдвээр магистрийн зэрэг, 2010 онд Солонгосын Чүнгбүкийн үндэсний их сургуульд Тэжээлийн уургийн уусамтгай байдал хивэгч мал, амьтдын тэжээлийн шингэцэд хэрхэн нөлөөлдөг талаар судалгаа хийж, докторын зэрэг хамгаалсан. Одоогоор ХААИС, МААБС-д  малын тэжээллэгийн чиглэлээр багшлахын зэрэгцээ “Копиа Монгол” төвийн санхүүжилттэй “Өвлийн улиралд өсвөр үхэр бордох технологи” төслийг 2018 оноос хойш удирдаж, өөр хэд хэдэн төсөлд судлаачаар ажилладаг.

Манай улс 2020 оны байдлаар 4.75 сая толгой үхэртэй, үүний ихэнх нь бэлчээрийн маллагаатай монгол үхэр. Сүүлийн жилүүдэд Засгийн газар, мэргэжлийн яамнаас  баримталж  буй бодлого, аж ахуй эрхлэгчдийн сонирхолтой уялдан  махны үхрийн хагас эрчимжсэн аж ахуй хөгжиж байна. Тухайлбал, 2010 онд махны үхрийн чиглэлээр 101 аж ахуй үйл ажиллагаа явуулж, 11.3 мянган толгой үхэртэй  байсан бол 2020 оны байдлаар  594  аж ахуйд 28.6 мянган  үхэртэй болжээ. “Гачуурт”, “Газар-Агро”, “Хүчү” ХХК зэрэг үндэсний  аж ахуйн үйл ажиллагаа нь жигдэрсэн. Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөр, Малын генетик нөөцийн тухай хууль, Таван төрлийн малын үржлийн ажлын стратеги зэрэг бодлогын чухал баримт бичгийг батлан хэрэгжүүлж эхэллээ. Энэ оны байдлаар 33.0 мянган толгой байгаа махны чиглэлийн үхрийн тоо, толгойг 2029 оны байдлаар 55.0 мянгад хүргэх зорилт тавиад цэвэр үүлдрийн хээлтүүлэгч, хээлтэгч, хөлдөөсөн үр импортлох,  үржүүлэх бүс нутгийг тодорхойлох  болсон. Энэ бол эерэг үзүүлэлтүүд, хөгжлийн зөв эхлэл юм.

Махны үхрийн хагас эрчимжсэн аж ахуй бол байгалийн бэлчээрийг түшиглэн зөв зохион байгуулж чадвал бусад аж ахуйтай харьцуулахад тогтсон технологитой, хүний хүч бага зарцуулдаг,  бүтээгдэхүүнийхээ өртгийг бууруулж, хямд үнэтэй, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой салбар. Гэхдээ аж ахуйд технологийг бүрэн ашиглахгүй, бэлчээрийн мал аж ахуйн хэв шинжтэй үйлдвэрлэл эрхэлбэл төдийлөн ашигтай байхгүй, өнөө, маргаашийг аргацаасан салбар болж үлдэнэ. 

-Махны үхрийн аж ахуйг эрчимжүүлэхэд юу  анхаарвал зохих вэ?

-Юуны түрүүнд улсын хэмжээний үржил, селекцийг урт хугацаанд зөв төлөвлөж, хэрэгжүүлэх. Үүнийг Солонгосын Ханвуу үхрийн жишээн дээр тайлбарлая. “Ханвуу” үхэр 1980 оны эхэнд дундаж амьдын жин нь 270 кг орчим байжээ. Ажлын зориулалтаар, газар хагалах зэрэгт ашигладаг. Харин солонгосчууд 1983 онд энэ үхрийг махны чиглэлээр цэврээр нь үржүүлэх бодлого боловсруулж, хэрэгжүүлээд 32 сартай үхрийн амьдын жинг  2000 онд 343 ,  2016 онд 437,  2019 онд 30 сартай бордооны аж ахуйн үхрийн амьдын жинг дунджаар 800 кг, рекорд жинг нэг тоннд хүргэсэн. Энэ нь үхрийн махлаг шинжийг нь ашиглан 40 жил явуулсан үржил, селекцийн бодлогын үр дүн. Одоо ч “Ханвуу” үхрийг үржүүлэхдээ улсын хяналтад явуулдаг.  Зохиомол хээлтүүлэг голчлон ашиглах ба үрийн чанар онцгой үүрэгтэй. Зохиомол хээлтүүлэгт ашиглах үрийг бэлтгэхдээ эхлээд улсад бүртгэлтэй цэвэр удмын 400 шилдэг бухны үрийг орчин үеийн арга технологиор үнэлэнэ. Үүнээс шилдгийн шилдэг гэсэн 20 бухыг сонгон, тэдгээрээс л тухайн жилийн үрээ бэлтгэн аж ахуйнуудад бага зэргийн төлбөртэйгээр нэгдсэн журмаар хээлтүүлгийг улсын гэрээт аж ахуй л гүйцэтгэнэ.  Үхэр бүр хувийн дугаар, үржлийн бүртгэлтэй учраас удмаас удамд сайн шинж тэмдгүүд өвлөгдөн чанартай, өндөр үнэтэй үхрийн мах үйлдвэрлэх генетик чадамж хуримтлагдана. Хээлтэгчийг мөн адил өндөр шалгуураар сонгоно. Энэ бол   урт хугацааны зөв үржлийн бодлого юм.

Малын удмын сангийн үндэсний төв,  түүний харьяа цөм сүргийн салбар нэгжүүд, нутгийн болон махны чиглэлийн үүлдэрүүд, гойд ашиг шимтэй малыг шалгаруулан үр бэлтгэх нөөц, цэвэр үүлдрийн мал амьтны үр, хөврөлийг импортоор оруулах бодлого, мэргэжлийн боловсон хүчний удирдлага нөөц манайд байна. Аж ахуйнууд, малчид  төрийн бодлогоо дэмжиж оролцох, хариуцлагатай, урт хугацааны хамтын ажиллагаа  хэрэгтэй.  Түүнчлэн төр, төрийн бус байгууллагууд, төсөл хөтөлбөрүүд, аж ахуй эрхлэгчид  үйл ажиллагаагаа нэгтгээд үржил, селекцийг чанартай хийж, цэгцлэх ёстой. Бид ийнхүү хамтарч ажиллаж чадвал заавал 40 жил биш магадгүй 20 жилийн дараа Монголын гэсэн онцлогтой махны үхрийн  том  аж ахуйнуудтай болсон байна.

-Мал аж ахуйн салбарт ажиллагсад тэжээлийн асуудлыг их хөнддөг. Судлаачийн хувьд Таны байр суурийг сонсох нь сонирхолтой байх болов уу.

-Аливаа  амьтанд генетик чадамж гэж байдаг, тэр боломжийг тэжээллэг, арчилгаа маллагаагаар тохируулан мал аж ахуйн үйлдвэрлэлийг удирддаг. Тиймээс бид монгол орныхоо орны байгаль, цаг уур, бэлчээр тэжээлийн онцлогт зохицсон үндэсний генетик нөөцөө өөрөөр хэлбэл, “Монгол”, “Сэлэнгэ, “Дорнодын улаан”, “Хогорго”, “Халимаг” зэрэг махны чиглэлээр үржүүлж болох үхрийнхээ үнэт чанарыг хадгалан улам сайжруулж, селекцийг бодлоготой явуулах ёстой. Ингээд генетик чадамжийг бүрэн илрүүлэх тэжээллэг, арчилгаа маллагааны технологийг  баримтална. Малын ашиг шимд тэжээллэг үүлдэрлэг байдлаас илүү нөлөөлдөг гэдэг. Би  дахин “Ханвуу” үхэр дээр жишээ авъя. Энэ үхрийн маллагааны технологийг  улсын захиалгат төслөөр судлаж, гурван жил тутамд сайжруулан аж ахуйнууд ягштал баримталдаг. Ийм ойрхон өөрчлөгдөж байгаа нь махны үхрийн аж ахуйн хөгжлийн хурдтай холбоотой. 2018 онд манай төслийн баг Солонгосын Хөдөөгийн хөгжлийн газрын сургалтад хамрагдахад бордооны үхрийн дундаж жин 800 кг, рекорд нь нэг тонн  байсан бол ердөө жилийн дараа дундаж 900 кг,  рекорд нь 1.1 тонн  болгосон байсан. Одоо дараагийн зорилт юу бэ гэхээр 30 сартай, хүнсэнд нийлүүлж буй үхрийг 28 сартайд нь нэг  тонн хүргэх гэж хариулсан. Солонгос улс жилд 900 000 орчим үхэр зах зээлд нийлүүлдэг бол нэг үхрийн бордох хугацааг хоёр сараар багасгахад хэмнэх тэжээлийн зардал, тэжээлийн төлц гэх ойлголтын тухай ярьж байна. Тус улс малын тэжээлийнхээ 90 орчим хувийг импортоор авдаг. Энэ жишээ мөн мал аж ахуйн чиглэлийн судалгааны үр дүн түүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, хурд хамтын ажиллагааны сайн жишээ болно.

Манай улс бол бэлчээрийн мал аж ахуйгаас хагас эрчимжсэн аж ахуй руу шилжиж байна. Малын бэлчээр, тэжээлийн хувьд тодорхой хэмжээний нөөцтэй, тэжээллэгийн чиглэлээр хийсэн судалгаа байна. Гэвч түүнийг ашиглах байдал хангалтгүй. Малчид, аж ахуй эрхлэгчид малыг шимт бодис, тэжээлийн хэрэгцээгээ хангах бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэхээсээ илүү бараг өл зогоох, толгой мэнд онд оруулах байдлаар өсгөж,  тоог чухалчлах хандлагатай. Гэхдээ сүүлийн жилүүдийн байгаль, цаг уурын өөрчлөлт, төрийн байгууллагаас баримталж буй бодлого, “Ногоон алт” зэрэг олон улсын төсөл, хөтөлбөрүүдийн ажил, зөвлөмжийн үр дүнд ямартай ч бэлчээрийн даац, чадвах, доройтол, тогтвортой ХАА-н хөгжлийн талаарх  мэдлэг, ойлголт арай цэгцэрч байна.  

Малын тэжээлийн хангамжийг сайжруулах талаар  бэлчээрийн мал аж ахуй эрхлэх бүсэд бэлчээрийг, эрчимжсэн мал аж ахуй эрхлэх бүсэд бага хэмжээний бэлчээр, тариалангийн газрыг хувь хүн, аж ахуйн нэгжид урт хугацаагаар эзэмшүүлэх ёстой гэж би үздэг. Түүнчлэн мал аж ахуйн ямар ч үйлдвэрлэл эрхлэгч нь өөрийн эзэмшлийн бэлчээрийг сайжруулах, тэжээлийн ургамал тариалах зэргээр зохистой ашиглан хэрэгцээт тэжээлийнхээ 85 аас доошгүй хувийг бэлтгэх шаардлага тавибал малын тоо буурах боломжтой. Ийнхүү эхлээд тэжээллэгийн асуудлыг голлон нийт сүргийг ангилаж, цаашид хээлтэгч, хээлтүүлэгч, сүргийн бүтцэд тавих шаардлагыг бүс нутгийн онцлогт тохируулан бүсчлэн хөгжүүлэх боломжтой. Малын тоогоо бэлчээрийнхээ даацаас дахин хэтрүүлж ган, зуд нэрээр нүүдэллэж, бусдын бэлчээрийг сүйтгээд байвал бид эргэж нөхөгдөхгүй баялагаа хурдан үгүй хийх боломжтойг өнгөрсөн жилүүдийн туршлага  харууллаа. Иймд эхлээд бид тэжээлийн нөөцдөө тохирсон мал аж ахуйгаа бий болгоод дараа нь тэжээлийн нөөцөө нэмэгдүүлэх, нэр төрөл, чанарыг сайжруулах, мал аж ахуйн үйлдвэрлэлийн байгаль цаг уураас хараат байдлыг бууруулах, өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүнийг тогтвортой үйлдвэрлэхэд  анхаарвал зохилтой.

-Мал аж ахуйн судалгаа, үр дүнг нь  үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд  бусад орон хэрхэн ажиллаж байна вэ?

-Бид мэдээлэл, технологийн эринд амьдарч байна. Бидний ярилцаж буй махны үхрийн аж ахуй дэлхийн олон оронд хөгжсөн, мэдээлэлүүд нь нээлттэй. Бусад орны туршлагаас сайн талыг нь нэвтрүүлж, цаг хугацаа, хөрөнгө хэмнэх боломжтой. Төр, төрийн бус байгуллага, аж ахуй эрхлэгч нар хэрхэн хамтарч ажилладаг талаар би үхрийн махны үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг АНУ, Канад улсын жишээг онцолмоор байна. Махны үхрийн аж ахуйн үйлдвэрлэлийн зардлыг бууруулахад бэлчээрийн үүрэг асар их. Эх сүргийн маллагаа, сүүн тэжээллэгийн үе, өсгөн бойжуулалтын шатанд дээрх орнууд бэлчээрийг голлон ашигладаг. Канад Улсад махны үхрийн нийт тэжээлийн 80 хувийг бэлчээрээс хангаж байна. Цаг уурын дулаарал, бэлчээрийн доройтол, талхагдал зэрэг асуудал дээрх орнуудыг  тойроогүй. Манайхаас ялгаатай нь бэлчээр, тэжээлийн шимт чанарын судалгааг тогтмол хийж, үр дүнг нь ашиглаж байна. Тэжээлийн төлц гэж ойлголт бий. Нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зарцуулж буй тэжээл буюу махны үхрийн амьдын жинг нэг кг-аар нэмэхэд хэдэн кг тэжээл шаардлагатай вэ гэсэн ойлголт.  Тэжээлийн төлц Канадад 6-12 байна. Энэ нь аж ахуйн технологи үйл ажиллагаанаас хамаараад 6-12 кг тэжээлээр нэг кг мах үйлдвэрлэж байна гэсэн үг. Тус улс төлцийг нэг хувь бууруулахад жилд тэжээлийн зардлаас есөн сая ам. доллар хэмнэдэг. Манай улсад бэлчээр үнэгүй, дур зоргоороо ашигладаг, нийт тэжээлийн 96 хувь бэлчээр зэргээс хамаарч бид мал аж ахуйн чиглэлийн судалгаа, түүний үр дүнг ашиглах тал дээр анхаарахгүй байна.

Америк, Канадад ХАА-н чиглэлийн төрийн бус байгууллага маш сайн хөгжсөн, Махны үхэр судлаачдын нийгэмлэг, Үхэр үржүүлэгчдийн, Дарш үйлдвэрлэгчдийн, Үр тариа үйлдвэрлэгчдийн холбоо бүс нутгаараа ялгарсан Онторагийн үхэр үржүүлэгчид, Албертагийн үхэр үржүүлэгчид гээд олон байгууллагатай. Махны үхэр судлаачдын нийгэмлэг гэхэд махны экспортын татварын нэг доллар тутмаас 18 цент, бусад үйл ажиллагаанаас санхүүжээд үүнээсээ жилд 20 сая долларыг технологио сайжруулах 30 орчим төсөлд олгодог. Төслүүд нь аж ахуйн технологийг л нарийн шийднэ. Жишээлбэл, хуурай бүсэд  тэжээлийн арвайг  малд зориулж тариалах хугацаа, бордоо, усалгааны норм, Тухайн бүс нутгийн өвлийн бэлчээрт Тритикалыг тариалах хугацаа, ургацын хэмжээ, чанарт нөлөөлөх нь гэх мэт. Аж ахуй эрхлэгчдийн мөнгөөр, тэдний байгууллагын захиалгаар асуудлыг нь шийдсэн тул аж ахуйнууд шууд авч, үйл ажиллагаандаа ашигладаг. Манайд Монголын мал зүйч, үржүүлэгчдийн, Үхэр үржүүлэгчдийн холбоо, Махны үхэр үржүүлэгчдийн шилмэл сүрэг хоршоо, Дорнодын махны үхэр сонирхогчдын холбоо гээд олон байгууллага байна. Эдгээр байгууллагад аж ахуй эрхлэгч нар ч нэгдсэн байна. Санхүүжилтийн асуудалыг нь харин төр, төрийн бус хэвшлийнхэн, олон улсын байгууллага, гишүүд шийдвэрлэх бодлого тодорхой болоход ашгийн бус байгууллага болохоор олон улсын жишгээр хөгжөөд явахад бүх талуудад маш том гүүр бий болно. Энэ жишгийн дагуу холбоод нь бүх шатны байгууллага, судлаачдаа аж ахуй эрхлэгчтэйгээ холбон, хөгжих цаг хол биш байх аа.

-Манай улсын мэргэжилтний нөөц, бэлтгэх тогтолцоо ямар байна гэж Та үзэж байна вэ?

– Бид  ХАА-н үйлдвэрлэлийн талаар ойлголттой, бараг хүн бүр малч удамтай. Түүн дээр 1950-1995 онд ХАА-н чиглэлийн судалгаа, шинжилгээний байгууллага ХААИС, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, хуучнаар Бэлчээр тэжээлийн хүрээлэн тэдгээрийн салбар байгууллагуудад ажиллаж байсан үе үеийн эрдмийн хамт олны үнэ цэнтэй бүтээлүүд, гарган авсан үүлдэр, сортууд, технологиуд, ном, сурах бичиг, эрдэмтэн судлаач нар байна. ХААИС болон бусад сургуульд суралцаж төгссөн, суралцаж байгаа залуу боловсон хүчнүүд бий. Боловсон хүчний нөөц байна, харин мундаг залуусыг яаж хөдөө аж ахуйн салбарт татах вэ гэдэг нь асуудал болоод байна даа.  Залуусыг орон нутагт тогтвортой ажиллуулах,  ХАА-н үйлдвэрлэлд чадвахжуулах талаар төрийн бодлого зайлшгүй шаардлагатай. Малзүйч мэргэжилтний тухайд “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд сумуудад мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээг мэргэжлийн удирдлагаар хангах, зохицуулах, хяналт тавих чиг үүрэг бүхий төрийн үйлчилгээний алба бий болгож, ХАА-н мэргэжлийн гурван хүний орон тоотой Мал эмнэлэг, үржлийн тасаг байгуулсан.  Энэ нь Манай улсын 330 сумын дээрх нэгжид малын эмч, малзүйч, бэлчээр тэжээлийн технологич бараг мянган орон тоо байна.  ХАА-н мэргэжил бол уламжлалт мэдлэгийг маш их шаарддаг. Өөрөөр хэлбэл тухайн газар нутгийн онцлог, зан заншил, мал сүргийн талаар унаган мэдлэгтэй, малч удамтай хүн ХАА-н мэргэжил эзэмшээд орон нутагтаа ажиллавал бүс нутгийн хөгжилд өгөөжтэй. Иймээс ХАА-н мэргэжилтэнг голч сайтай нутгийн оюутнуудын төлбөрийг орон нутгийн төсөв, аж ахуйн нэгжийн тэтгэлгээр шийдээсэй гэж боддог. АНУ-д гэхэд ХАА, МАА-н чиглэлээр суралцаж буй оюутнууд  100 хувь  компани, мэргэжлийн холбоод, боловсруулах үйлдвэрийн тэтгэлэгээр сурдаг.

-Та “КОПИА Монгол” төвтэй хамтран махны үхрийн аж ахуйн  төсөл хэрэгжүүлж байгаа гэж сонссон. Төслийн зорилго болон үр дүнгийн талаар танилцуулаач?

-Бид БНСУ-ын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөөгийн хөгжлийн удирдах газрын (RDA) санхүүжилттэй төсөл хэрэгжүүлж байна. Энэ байгууллага нь өөрийн улсын ХАА-н хөгжлийг дэмжих төслүүд болон Солонгосын хөдөө аж ахуйн технологийг хилийн чанадад нутагшуулах төслүүдийг санхүүжүүлдэг. Энэхүү байгууллага нь нийт  22 улсад KOPIA төвийг үүсгэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх,  БНСУ-ын мэргэжилтэн, судлаачдыг томилон ажиллуулах зэргээр хөгжиж буй орнуудын ХАА-н үйлдвэрлэлд туслалцаа үзүүлдэг. “КОПИА Монгол” төв нь 2013 онд ХХААХҮЯ, БСШУЯ-тай хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэн ХАА чиглэлийн 13 төслийг хэрэгжүүлж байна. Миний хувьд энэ байгууллагын санхүүжилтээр “Өвлийн улиралд өсвөр үхэр бордох технологи”  төслийг 2018 оноос удирдан хэрэгжүүлж байна. Төслийн зорилго нь хүйтний улиралд өсвөр үхрийг бордох тэжээлийн жор боловсруулан туршиж, үхрийн амьдын жинг өсгөх замаар аж ахуйн орлогыг нэмэгдүүлэх, чанар сайтай мах бэлтгэх боломжийг судлах юм. Судалгааг Төв аймгийн Аргалант, Сэргэлэн, Баяндэлгэр сумдын аж ахуйнуудад өсвөр үхрийг амьдын жин, үүлдэрлэг байдлаар нь сонгон бүлэглэж 60-80 хоног тусгай жороор бордож, бордооны үр ашиг тооцох байдлаар явуулсан. Үр дүнг нэгтгэн дүгнэхэд өвлийн улиралд махны чиглэлийн өсвөр үхрийг  тэжээллэг, арчилгааны горимыг баримтлан бордоход хоногийн нэмэгдэл жин 0.5-0.9 кг, амьдын жингийн өөрчлөлт 30-58 кг  байна. Бид тэжээлийн түүхий эдийг худалдан авч жорыг боловсруулсан. Энэ тохиолдолд тэжээлийн өртөг нь зардлын 60-65 хувийг эзлэж байсан. Энэ нь аж ахуй тэжээлээ бэлтгэн үхрээ бордоход илүү боломжтойг харуулж байна. Түүнчлэн хяналтын судалгаагаар тухайн аж ахуйн бэлчээрийн маллагаатай үхэр -20-32 кг амьдын жинг алдаж байгаа нь малчид ямар их нөөцөө алдаж буйг илтгэнэ. Судалгааны ажлын үр дүнг “Мал аж ахуйн шинжлэл” сэтгүүлд дэлгэрэнгүй мэдээлсэн. Сонирхсон хүмүүс бидэнтэй холбогдон мэдээлэл авч болно. Аж ахуй эрхлэгчид тэжээллэг, арчилгаа маллагааны технологио баримтлаад шимт бодисоор тэнцвэржүүлсэн жороор өсвөр үхрийг бордвол хүйтний улиралд ч амьдын жинг нэмэгдүүлж, сайн чанарын мах зах зээлд нийлүүлэх боломжтой нь харагддаг. Өвлийн бэлчээр бий болгох, ашиглах талаар Канад улсын олон судалгаа байдаг. Махны үхрийн аж ахуй монгол улсад хөгжихөд өвлийн тэжээлийн зардлыг бууруулах талын судалгаа шаардлагатай. Иймээс бид тэжээлийн нөөц, хангамж, шимт чанарыг сайжруулах, малын бэлчээрлэх хугацааг уртасгах, мал аж ахуйн үйлдвэрлэлийн байгалийн хараат байдлыг бууруулах чиглэлд төслийн ажлаа өргөжүүлж байгаа. Манай улстай төстэй байгаль цаг уурын нөхцөлтэй Канад улсын махны үхрийн аж ахуйн судалгаанд өвлийн таримал бэлчээр бий болгох, ашиглах талын судалгаа их байна. Канад улс өвлийн тэжээлийн зардлыг бууруулах судалгаанд Тритикале дангаар, Арвай улаан буудайн хольц, Эрдэнэшиш, Буурцагтан үетний хольцоор өвлийн бэлчээр тариалж ашиглах судалгааг их хийсэн. Энэ судалгаагаар нэг толгой үхрийн тэжээлийн зардал тритикале бүхий өвлийн бэлчээрт 100 доллораар, арвай улаан буудайн хольц бүхий өвлийн бэлчээрт 86 доллороор, бусад бэлчээрт 83 долллараар буурсан байдаг. Ер нь Канадын үхрийн аж ахуйн хөгжилд өвлийн таримал бэлчээр ашиглах арга хамгийн их түлхэц үзүүлсэн гэж дүгнэдэг. Иймээс ойролцоо цаг ууртай манай орны хувьд таримал бэлчээр бий болгох, ашиглах талын судалгааг гүнзгийрүүлж, монгол орны нөхцөлд тохирсон тэжээлийн тарималын үрийн нөөц бий болгох шаардлагатай. Энэ ажлыг төр, төрийн бус төрийн байгуулагууд дэмжиж зохицуулаад эрдэм шинжилгээний байгууллагууд хамтран ажиллавал монгол улсын тэжээлийн нөөц хангамж, эрчимжсэн аж ахуйн хөгжилд тустай гэж боддог.

6
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

7 thoughts on “Ж.Шинэхүү: Эрчимжсэн аж ахуй хөгжүүлэхэд төр, аж ахуйнуудын хамтын ажиллагаа дутаж байна

  • Avatar Anonymous says:

    Bayarlalaa goy heregtei yaruktslaga bn.

  • Avatar Anonymous says:

    Хэрэгтэй мэдээлэл байна Шинэхүү доктортой яаж холбогдох вэ

  • Avatar чимэддорж says:

    Н.Тогтохбаяр, Ж.Шинэхүү, Айлтгүй зэрэг онолын хувьд бүрэн цэнэглэгдсэн, практик дадлага гүнзгий суусан,ажлыг зохион байгуулах чадвар өндөр,мэргэжлийн мэдлэгээр дэлхийн түвшинд хүрсэн эрдэмтдийг байнга сурвалжилж малчид болон иргэдэд ажил эрхлэх сонирхлыг бий болгон идэвхжүүлэх,аж амьдралаа сайжруулах талаар тэдний заавар зөвлөгөөг нийтэд сонсгох шаардлага байнаа.Одоо маш олон телевизтэй болчихоод нэвтрүүлэх юм олдохгүй жүжигчид маань хамтран сархад зооглон халамцуу яриа,хөнжлийн явдал гээд дэлгэцээр дүүрэн хашгирч орилсон галзуу, солиотой хөтөлбөрөөр дүүргэж байна шүүдээ.Ярилцлага өгөх талаар яам,сургууль,хүрээлэн санаачлах нь зүйтэй.Мөнгө гуйгаад суух биш мөнгийг өөрсдөө бий болгох олон арга хэрэглэх, зээл, тусламж,тендер,төсөл олж авах боломжийг судлах, ашиглах нь зөв байна.