Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.АЗЗАЯА: Бид титэм судасны нарийслын эрсдэлийг тооцох шинэ индекс нээсэн

Унгарт хоёр жил тутамд болдог оюутны эрдэм шинжилгээний үндэсний уралдааны 35 дахь удаагийнхад Дебрецений их сургуулийн Анагаахын сургуулийн IV дамжааны оюутан Д.Аззаяа тусгай байр эзэлжээ. Тэрбээр тус сургуулиас энэхүү уралдаанд оролцсон анхны, шагнал байрт шалгарсан хоёр дахь монгол оюутан юм. Түүнтэй цахимаар ярилцлаа.

-Юуны түрүүнд танд баяр хүргэе. Өөрийгөө танилцуулахгүй юу?

-Баярлалаа. Хамгийн түрүүнд ижий, аав хоёроо танилцуулъя гэж бодлоо. Аавыг минь Т.Дорж, ээжийг П.Түмэнжаргал гэдэг. Булган аймгийн Гурванбулаг сумд ажиллаж, амьдардаг малчин хүмүүс. Би айлын бага хүүхэд. Нэг эгчтэй. Миний эгч барилгын инженер мэргэжилтэй. Бид багаасаа эцэг, эхээсээ тусдаа амьдарч, хотод хичээл сургуулийн мөр хөөсөн. Ерөнхий боловсролын сургууль төгсөөд, АШУҮИС-д нэг жил сурсан. Дебрецен хотод амьдраад, их эмчээр суралцаад дөрвөн жил болж байна.

-Таны оролцсон уралдаан Унгартаа нэр хүндтэй, томоохонд тооцогддог юм билээ. Ямар шалгуураар шилдгүүдийг тодруулдаг юм бол?

-Уралдааны албан ёсны нэр нь Оюутны эрдэм шинжилгээний үндэсний чуулган. Оюутнууд сурч буй сургуулийнхаа профессоруудын судалгааны ажилд тодорхой хувь нэмэр оруулж, тусалж, багт нь багтсанаар энэхүү уралдаанд оролцох боломж бүрддэг. Эхлээд сургуулийнхаа шинжлэх ухааны чуулганд оролцож, тэндээс шалгарсан тохиолдолд үндэсний хэмжээнийхэд өрсөлдүүлдэг журамтай. Анагаах ухаан, хууль, эрх зүй, хөдөө аж ахуй гэхчлэн салбар тус бүрт өрсөлдүүлдэг. Анагаахын салбарынх гэхэд дотроо бөөр, зүрх судлал, нийгмийн эрүүл мэнд зэрэг ангилалтай. Миний оролцсон зүрх судлалын ангилал дөрвөн дэд хэсэгтэй, хэсэг тус бүр зургаан оюутантай байсан. Ингэж ангилснаар шалгаруулалтыг илүү шүүлтүүртэй, зохион байгуулалт сайтай болгодог. Судалгаануудыг сайн, муу, энэ нь тэрнээсээ дээр гэж эрэмбэлэхээс илүү оюутнууд тухайн өгүүллийг хүмүүст хэрхэн танилцуулж, хүргэж буй чадварыг нь чухалчилдаг юм шиг санагдсан.

-Та бүхний судалгаа юугаараа онцлог, шинэ вэ?

-Би цаашид зүрхний эмчээр мэргэших сонирхолтой учраас тухайн чиглэлийнхээ судалгаанд оролцсон. Энэ нь зүрхний шигдээс өвчин үүсэх нөхцөл болдог титэм судасны нарийслыг эрт үед нь хэрхэн илрүүлэх вэ, нэгэнт судас нь нарийссан бол эмчилгээ шаардлагатай юу, үгүй юү гэдгийг тогтоодог урсгал тусгаарлалын индекс хэмээх шинэ төрлийн шинжилгээний аргачлалын судалгаа. Манай сургуулийн багш, доктор, дэд профессор Жөлт Көсөги ийм судалгаанд ажиллах оюутан хайж байгаагаа анх лекцийнхээ үеэр хэлсэн. Үүний дараа түүнтэй уулзаж, хамтрах хүсэлтэйгээ илэрхийлэхэд дуртайяа хүлээн зөвшөөрсөн юм. Ингээд өнгөрсөн оны есдүгээр сараас түүний удирдлагад ажиллаж эхэлсэн. Миний гол оролцоо гэвэл багшийнхаа цуглуулсан, өвчтөнүүдийн мэдээлэлд үндэслэн статистик анализ хийх байлаа. Үүнийгээ амжилттай биелүүлсэн. Хүн тус бүрийн урсгал тусгаарлалын индексийг тооцоолж бодох, өмнөх шинжилгээний үр дүнтэй харьцуулах зэргийг гүйцэтгэсэн. Түүгээр зогсохгүй багийнхнаа төлөөлж, судалгааны бүтээлээ хүмүүст хүргэх үүрэг хүлээлээ.

-Судалгааны багаа төлөөлнө гэдэг гадаад оюутны хувьд нэг талаас өндөр хариуцлага, нөгөөтээгүүр, азтай тохиол юм шиг санагдлаа. Энэ итгэлийг олохын тулд та багагүй хичээсэн болов уу?

-Тухайн оюутан хүсэх л юм бол судалгааны ажилд оролцох, хамтрах боломж Унгарт харьцангуй нээлттэй. Багш нар гадаад оюутнуудыг уриалгахан хүлээж авдаг. Доктор Жөлт Көсөгигөөс гадна өөр олон багш, судлаач манай багт ажилладаг. Би судалгааны ажлын дундаас нь оролцсон учраас тэднээс хоцрохгүйн тулд нэлээд чармайсан. Багш минь ч сайн дайчилсан. Судалгааны ажилтай холбогдолтой, унших шаардлагатай материал сэлтийг долоо хоног бүр над руу явуулдаг байлаа. Энэ хугацаанд эрдэм шинжилгээний 20 өгүүлэл уншжээ.

Зүрхний шигдээс өвчний тохиолдол 2000 оноос хойш гаарч, хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг болсон. Энэ утгаараа зүрхний титэм судасны нарийсалтай холбоотой судалгаа, түүний эрсдэлийг тооцох индекс дэлхий дахинд олон. Харин бидний судалгаа цусны даралт болон урсгал гэдэг хоёр өгөгдөхүүний тусламжтайгаар өвчний хүндрэлийн зэргийг тодорхойлдгоороо онцлог. Урсгал тусгаарлалын индекс нь шинжлэх ухаанд нэн шинэ аргачлал учраас бид судалгаагаа эхний ээлжид хязгаарлагдмал хүрээнд хийж, 19 өвчтөнийг хамруулсан. Цаашид илүү олон хүнийг хамруулан, судалгааныхаа цар хүрээ, ач холбогдлыг нь тодорхойлох төлөвлөгөөтэй.

-Та Дебрецений их сургуулийг төлөөлж тус уралдаанд оролцсон анхны монгол оюутан болсон. Анагаахын салбарт өрсөлдсөнөөрөө ч анхдагч нь уу?

-Тийм ээ. Анагаахын чиглэлд монгол залуусаа төлөөлж анх удаа оролцлоо. Үндэсний хэмжээнийх учраас энэ уралдаанд унгар оюутнууд түлхүү оролцдог юм билээ. Гэхдээ мэдээж гадаад оюутнуудад нээлттэй.

-Энэ судалгааны багт багтсанаар, оюутнуудын чуулганд оролцсоноор танд ямар давуу тал, боломж бий болов?

-Надад олдсон гол давуу тал бол өнгөрсөн хугацаанд уншиж, судалсан бүхэндээ тулгуурлаад, дипломын ажлаа энэ чиглэлээр бичих боломжтой. Диплом хамгаалахад ч шинжлэх ухааны ажилд оролцсон гэдэг нь тодорхой үзүүлэлт болох нь бий. Судалгаа үр дүнд хүрээд, олон улсын сэтгүүлд нийтлүүлэх тохиолдолд хамтран зохиогчоор нэрийг нь оруулдаг. Одоогоор бидний бүтээл хяналтын шат (сэтгүүлд нийтлүүлэхийн өмнөх)-нд буй.

-Манай улс үүнтэй төстэй эрдэм шинжилгээний хурлыг жил болгон зохион байгуулж, судалгааны ажлуудад санхүүгийн дэмжлэг олгох зорилгоор БШУ-ы сайдын нэрэмжит тэтгэлэг олгодог. Унгарчууд судалгааны багууд болон оюутнуудаа “мялаадаг” уу?

-Судалгааны ажлын санхүүжилтийг их сургуулиуд хариуцдаг. Харин уралдаанд оролцогч оюутнууд хэддүгээр байрт шалгарснаас хамаараад, 30-100 мянган форинт олгодог.

-Та Унгар улс, тэр дундаа Дебрецений их сургуулийг сонгож суралцсан нь ямар шалтгаантай вэ?

-Эмч болох нь миний багын мөрөөдөл. Энэ хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд, АШУҮИС-д элссэн. Хэлний чадвараа сайжруулах, Европын аль нэг оронд суралцах юм сан гэсэн хүсэл энэ үеэс төрсөн юм. Ингээд янз бүрийн тэтгэлэгт хөтөлбөр хайж, судалсны үр дүнд Унгарынхыг олсон. Унгарын Засгийн газрын хөтөлбөрийн давуу тал нь оюутнуудын сургалтын төлбөрийг бүрэн хариуцахаас гадна сар болгон тэтгэлэг олгодог. Мөн дотуур байрны төлбөр, түрээсийг шийддэг. Надад маш боломжийн санагдсан. Эцэг, эхдээ ачаа дарамт болохгүйгээр гадаадад суралцах боломжтой юм байна гэсэн итгэл төрүүлсэн учраас материалаа илгээгээд, анагаахын сургуульд тэнцсэн. Унгарын Засгийн газар жил болгон 200 монгол оюутанд ийм боломж олгодог. Бусад орны хөтөлбөртэй харьцуулахад хүртээмжтэй, нээлттэй.

-Дебрецений их сургуульд Монголоос хэчнээн оюутан сурч байна вэ?

-Унгарын хамгийн том хот нь Будапешт. Үүний дараа Дебрецен ордог. Тиймээс оюутнуудын олонх нь нийслэл хот дахь их сургуулиудад төвлөрдөг. Дебрецений их сургуульд яг одоо 130-аад монгол оюутан сурч байна.

-Унгар улс эрүүл мэндийн салбарын эмчилгээ, үйлчилгээний чанар, хүртээмжээр хэр үлгэр жишээ бол?

-Унгарт анагаахын томоохон дөрвөн сургууль байдаг. Тэдгээрт түшиглэсэн судалгааны төвүүдтэй. Цөмийн анагаах ухааны чиглэлээр Европт хоёрдугаарт эрэмбэлэгддэг томоохон судалгааны төв манай сургуулийн харьяанд бий. Их сургуулиуд, судалгааны хүрээлэнгүүд нь анагаахын шинжлэх ухааны хөгжлийг “хөтөлж” явдаг. Эмнэлгийн байгууллагуудынх нь нөхцөл байдлыг сайн мэдэхгүй юм. Гэхдээ ерөнхий зургаар нь харвал, эрүүл мэндийн даатгалын систем энд маш сайн хөгжсөн. Иргэдэд төвөг чирэгдэлгүй, шуурхай үйлчилдэг. Мөн шүдний эмчилгээгээрээ алдартай. Маш бага өртгөөр чанартай үйлчилгээ авах боломжийг бүрдүүлсэн. Зөвхөн энэ төрлийн эмчилгээ, үйлчилгээнд хамрагдах зорилгоор Унгарт ирдэг жуулчид бий.

-Сургуулиа төгсөөд хаана ажиллах төлөвлөгөөтэй бол?

-Би энэ жил сургуулиа магистрын зэрэгтэй төгсөнө. Надад олон сонголт бий. Гэхдээ анагаахын салбар өндөр хөгжсөн Герман ч юм уу, өөр оронд нарийн мэргэжлийн эмчээр дахин сурч, илүү туршлагажсаны дараа Монголдоо ажиллах хүсэлтэй.

Бид ярилцсанаас хэдхэн цагийн дараа Д.Аззаяа сайхан мэдээ дуулгасан юм. Импакт факторын үнэлгээтэй Clinical medicine” олон улсын сэтгүүл тэдний судалгааны багийн ажлыг өндрөөр үнэлж, эрдэм шинжилгээний өгүүллийг нь нийтлэх зөвшөөрөл бүхий гэрчилгээ олгожээ. Гэрчилгээний доод буланд зохиогч хэмээн 10 хүний нэр дурайлган бичсэн байх бөгөөд тэднээс Azzaya Dorj гэсэн нэр л танил харагдах аж.

11
Зөв, гоёЗөв, гоё
4
Хөөрхөн юмХөөрхөн юм
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
Савж уналааСавж уналаа
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 thoughts on “Д.АЗЗАЯА: Бид титэм судасны нарийслын эрсдэлийг тооцох шинэ индекс нээсэн

  • Avatar khulan says:

    uneheer mundag mash ih baharhaj bn🙏🏻 iluu ih amjilt sain saihnig husiy

  • Avatar Saraa says:

    Myndag,daichin vgeer heleed ch baramgvi sain,huurhun ohin shvv tsaasdiinh nl ajil amidral hicheel syrlagand nl undruus undur amjilt hvsle