Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Даавартай Танилцъя

Цар тахлын улмаас тогтоосон хатуу хөл хорионы үед “Ковид-19”-өөс бусад шалтгаанаар эмнэлгээр үйлчлүүлэх нь энгийн үеийнхээс хүндрэлтэй болсон. Энэ цаг үед урьдчилан сэргийлэх аливаа үзлэгт хамрагдаж, эрүүл мэнддээ анхаарал тавих нь бараг “үлгэр” гэж ёжтой нэгэн танил минь өгүүлэв. Түүний өсвөр насны хүүгийн дух, шанаагаар жижиг тууралт гарч, таньдаг эмч нараасаа асуухад “Насны онцлог, тэгж байгаад зүгээр болно” гээд тоогоогүйгээс сэтгэлийг нь зовоож буй талаар учирласан юм. Үнэхээр өсвөр насныханд тохиолддог түгээмэл “зовлон”-гийн нэг нь нүүрэн дээгүүр ямар нэгэн өвдөлтгүй хэрнээ товгор, цагаан, улаан тууралт гарах. Үүнээс болж хүүхдүүд стресст өртөж, зарим тохиолдолд сэтгэцийн эмгэгт хүрдэг болохыг Барууны эрдэмтэд хэдийн тогтоосон. Нүүрнээс гадна нуруу, хүзүү орчмоор туурах нь гоо сайхан талаасаа таагүй мэдрэмж төрүүлдэг учраас өсвөр насныхны сэтгэлийг ихээхэн зовоодог байна. Өсөж, цэцэглэж яваа бие махбодод дааврын өөрчлөлтүүд идэвхтэй явагдаж, зарим эд, эрхтний хөгжил, бойжилт түргэсдэг учраас төрөл бүрийн тууралт гардаг аж. Тиймээс тууралтаас болж “муухай” болсон охин, хөвүүндээ арьс арчилгаанаас гадна хүний биеийн “үйлдвэрлэлийн” талаар, дааврын тухай цэгцтэй мэдээлэл өгөх нь чухал гэдгийг ОХУ-ын судлаач Людмила Воронина “Даавруудын “бослого” эрдэм шинжилгээний өгүүлэлдээ онцолжээ.

Түүний тайлбарласнаар “12-13 нас бол бие махбодод дааврын “үймээн самуун” болдог үе. Үүний нэг шалтгаан нь тархины урд талын бор гадаргын бүтцийн өөрчлөлт. Энэ насанд олон янзын дааврын үйлдвэрлэл эхэлдэг. Үүний улмаас өөрийгөө хянах чадвар нь алдагдах, байнга түгших, нэг зүйлийг хүсэвч тэс өөрийг хийх зэрэг үйл ойлгогдох байдлууд гаргадаг. Тиймээс “үймж, бужигнаад” эзнээ зовоогоод байгаа даавруудын талаар мэдэх ёстой. Өсвөр насныхны зан байдал өөрчлөгдөхөд бэлгийн даавар чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэдгээрийн идэвхтэй үйлдвэрлэл нь зөвхөн бие махбодод төдийгүй сэтгэл хөдлөлд нөлөөлдөг. Охидын хувьд зан авирыг зөөлрүүлдэг эстроген дааврын хэмжээ ихэсдэг. Хөвгүүдэд андрогенүүд нь эсрэгээрээ түрэмгий зан авир гаргахад хувь нэмэр оруулдаг. Эдгээрийн нэг нь тестостерон бөгөөд бэлгийн дур хүслийг хариуцдаг. Энэ бол хөвгүүдийн бэлгийн болон бэлгийн хэт дур хүслийг нэмэгдүүлэх үе юм. Өсөлтийн даавар соматропин нь булчингийн ясны эд, эсийг асар эрчимтэй зохицуулдаг тул бусад эрхтэн тогтолцооны хурд нэг хэсэгтээ үүнийг гүйцдэггүй. Түүнчлэн охидод өөхний эдийн жин нь 10-20 хувиар нэмэгддэг учраас “бондгор” харагдуулаад тун хэцүү байдаг нь ойлгомжтой. Харин хөвгүүдийн хувьд булчингийн эд, эсийн хэмжээ нэмэгддэг. Эл үзүүлэлт охидынхоос дөрөв дахин их болдог. Тосны булчирхайн хөгжлийн хурд нь энэ үед оргилдог учир хөлс ихсэж, үс, нүүр тослогтож, гоо сайханд тааламжгүй “согог” болох идээт болон цуллаг батга үүсгэдэг” зэргээр тайлбарлажээ. Тэрбээр даавруудын талаар энэ мэтээр товч бөгөөд тодорхой тайлбарлан, зөвлөсөн байна. Түүнийхээр бол хүн болгон эмч байх албагүй ч бие махбодынхоо талаар тодорхой мэддэг, мэдээлэлтэй байх ёстой. Үүнтэй холбогдуулан дааврууд хаанаас “ирдэг”, ямар үүрэгтэй талаар өгүүлье.

Даавар бол дотоод шүүрлийн булчирхайн эсүүдийн үйлдвэрлэдэг уураг, тосонцор бодисуудаас тогтсон органик нэгдлэл аж. Хүний махбодод даавар үйлдвэрлэгч гол хэсэг нь дотоод шүүрлийн тогтолцоо. Түүнчлэн зүрх, элэг, тархи зэрэг эрхтэн ч даавар үүсгэдэг. Олон улсын эрдэмтдийн мэдээлснээр, одоогийн байдлаар хүний биед 60 гаруй янзын даавар боловсордог бөгөөд тэдгээрийн ихэнх нь биед удаан хугацаанд хадгалагддаггүй нь сонирхолтой. Харин бамбай булчирхайн даавар бий болоход гол нөлөөтэй тироглобулин хэмээх бодис болон Д аминдэм элгэнд хоёр өдрийн турш байсны эцэст цөсөөр ялгаран, гадагшилдаг байна. Ер нь даавруудын ихэнх хэсэг элгэний шүүлтүүрээр орж, “жигнэгдэн”, цөсөөр ялгардаг аж.

Дааврууд бодисын солилцоонд чухал үүрэг гүйцэтгэж, эс, эд, эртхний хэвийн ажиллагааг зохицуулдаг. Ер нь даавруудыг стероид болон уургийн гаралтай гэж ангилдаг бөгөөд бүгд нэгэндээ харилцан нөлөөлдөг. Тухайлбал, бамбай булчирхай нь бэлгийн даавруудтай “хавсарч” холестериний түвшнийг зохицуулах үүрэгтэй. Хүн нас ахихын хэрээр бие махбод өөхөн эдийн даавар болох лептин, мөн инсулинээс бусдыг нь боловсруулах чадвараа тодорхой хэмжээнд бууруулдаг аж. Гэхдээ залуу бие махбодод ч дааврын дутмагшил тохиолддог байна. Эмэгтэйчүүд 35-50 насанд дааврын өөрчлөлтийн “довтолгоонд” ордог бөгөөд үүнийг цэвэрших үе гэдэг.

  • Бэлгийн булчирхайн даавар эрэгтэй, эмэгтэй гэлтгүй ялгардаг. Эмэгтэйн хувьд өндгөвчийн дааврыг фолликулин буюу эстроген гэнэ. Үүний нөлөөгөөр бүсгүйд хөх, өндгөвч, бэлхүүс буюу ялгарах онцгой зүйлүүд тодордог. Үүнийг хүйс ялгагч даавар ч гэдэг. Өндгөвчид боловсордог, мөн бөөрний дээд булчирхайд бага хэмжээгээр нэмэлтээр бий болдог эстрогенийг дан ганц эмэгтэйчүүдийнх гэж хэлэх нь өрөөсгөл аж. Учир нь эрэгтэйчүүдийн бие махбод маш бага хэмжээгээр эстроген ялгаруулдаг.
  • Эрчүүдийн төмсгөнд боловсордог дааврыг тестостерон гэнэ. Энэ нь уураг, нүүрсусны солилцоонд, мөн тархины үйл ажиллагаа болон сэтгэл санаанд онцгой нөлөөлдөг. Бэлгийн дааврууд буюу эстроген, тестостерон нь булчингийн эд, эс, ясны бүтэц, цусан дахь холестеринийг зохицуулахад чухал үүрэгтэй учраас биеийн жинтэй шууд хамааралтай байдаг аж.
  • Хүн өөрийн бие махбодын нууцыг бүрэн тайлж амжаагүй гэдэг. Хоёр, гурван жилийн өмнө гэхэд л хэд хэдэн эрхтэн илрүүлсэн нь үүний илрэл юм. Магадгүй зарим судлаачийн тэмдэглэснээр, бие махбод гэдэг лабораторийг бүрэн нээх боломжгүй байж мэднэ. Хүн янз бүрийн зүйлээс аз жаргалыг мэдэрч, таашаал авдаг. Гэхдээ таашаал авах зүйл нь хүн болгонд өөр. Тэгвэл баяр баясал төрөх, аз жаргалыг мэдрэхэд серотонин хэмээх даавар гол үүрэгтэй учраас “аз жаргалын” гэж тодотгодог. Цусны эсүүдийн ялтас, ходоод болон гэдсэнд боловсордог серотонин бий болоход нарны туяа бас их нөлөөтэй гэнэ. Нартай, тогтуун сайхан өдөр хүмүүсийн сэтгэл санаа өөдрөг, идэвхтэй байдгийн учир ийм аж. Серотонин бөөр, цусны шүүрэлд онцгой нөлөөтэйн зэрэгцээ ой санамж, хоолны дуршил, нойронд ч их хамаатай. Мөн эл дааврын хэмжээ буурахад өвдөлтийг улам мэдэрдэг болохыг Герман, Швед зэрэг европ эрдэмтдийн багийнхан баталсан байдаг.
  • Нойр хүрэхгүй тохиолдолд мелатонин хэмээх дааварт “хариуцлага” тооцох ёстой. Шөнийн даавар хэмээдэг эл уурагт нэгдэл нь унтаж байх үед серотониныг хувиргах замаар бий болдог байна. Нойрноос гадна эс, эдийг хордохоос хамгаалж, дархлаа дэмждэг учраас мелатонины ялгаруулалт хэвийн байснаар хөгшрөх үйл явц удааширдаг гэнэ. Унтах нь хөгшрөлтийг “чангаах” чухал арга гэж сүүлийн үед судлаачид үзэх болсон нь ийм учиртай.
  • Дурласан хүний бие махбод окситоцин хэмээх дааврыг их хэмжээгээр ялгаруулдаг байна. Түүнчлэн эсрэг хүйстэнтэйгээ шүргэлцэх, тэврэлдэх, үнсэлцэх зэрэгт ялгарах нь улам нэмэгддэг учраас зүрх хурдан цохилж, баярлаж, хөөрдөг. Хайрын мэдрэмжийг хариуцдаг окситоцины нөлөөгөөр хүн тайвширч, айж түгших мэдрэмж буурдаг.
  • Тэгвэл эд, эсийн даавар хэмээдэг гистамин нь бие махбодын амин чухал үйл ажиллагааг зохицуулах үүрэгтэй бөгөөд “хянагч” аж. Өөрөөр хэлбэл, биеийн бараг бүх эд, эсэд хүрч хэвийн үйл ажиллагааг хянан, дэмждэг. Ялангуяа арьс, уушгины хэвийн ажиллагаанд онцгой ач холбогдолтой. Мөн энэ нь ходоодны шүүсний ялгаралтыг нэмэгдүүлдэг даавар аж. Хүн сэтгэлээр унах, гэнэтийн цочролд ороход эл дааврын хэмжээ огцом багасдаг байна.
  • Чихрийн шижин инсулин дааврын хэлбэлзэлтэй холбоотой. Нойр булчирхай хэмээх жижигхэн эрхтэнд боловсордог эл дааврын нөлөөгөөр цусан дахь тосны хүчлийн хэмжээ буурдаг. Ингэснээр эргэлт нь сайжирч аминхүчил, эрдэс бодисуудыг хэрэгцээт газарт нь саадгүй хүргэдэг. Булчингийн хөгжлийг дэмждэг нь инсулиний бас нэгэн чухал үүрэг. Мөн цусан дахь чихрийн хэмжээг тодорхой хязгаарт барьдаг. Нойр булчирхай инсулинээс гадна үүний эсрэг үйлчилгээтэй глюкагон хэмээх дааврыг боловсруулдаг аж. Гэхдээ энэ хоёр даавар “дайсагналцдаг” гэсэн үг биш. Глюкагон инсулиний эсрэг нөлөөтэй бөгөөд энэ нь нөөц глюкозыг суллахад тусалдаг. Энгийнээр тайлбарлах юм бол цусан дахь чихрийн түвшний хэлбэлзэлд мэдрэмтгий эсүүд гэж бий. Тэдгээр нь цусан дахь чихрийн хэмжээ доод хязгаарт ойртож байгааг мэдээлж, дохио өгөхөд глюкагон ялгардаг гэсэн үг. Ингээд глюкагоны нөлөөгөөр нөөц глюкоз задарч цусны урсгалд орж, чихрийн хэмжээ нэмэгддэг байна. Ер нь бол инсулин, глюкагон нь бие биенийхээ ажлыг нөхөж, засаж залруулдаг.
  • Хүний тархины мэдрэлийн ширхэгт нөлөөлдөг даавар бий. Дофамин гэх бөгөөд сэтгэл санааны байдлаас шалтгаалан үйл ажиллагаа нь доголддог тун “эмзэг” эд. Нойр болон сурах чадварт онцгой нөлөөтэй эл даавар бэлгийн ажлын үед сэргэн баясдаг гэнэ. Хэвийн ялгарах үйл явцад нь мансууруулах бодис, тамхи асар их саад болдог бөгөөд дофамин дутагдсанаар хүн депресст ордог гэнэ. Тархинд хэд хэдэн төрлийн дофамины систем байдаг бөгөөд хамгийн онцгой нь сайшаах, магтахад хэмжээ нь өсдөг аж. Паркинсоны зэрэг хэд хэдэн өвчин дофамины ялгаралтын эмгэгээс үүдэлтэйг эрдэмтэд тогтоосон байна.

Бэлтгэсэн: Э.Хана

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.