Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Зам барих, засах ажилд дэвшил мөд гарах нь уу

Дахиад зам цөмөрчээ. Нийслэлийн төвд, Хүүхдийн урлан бүтээх төвөөс урагш, Төрийн ордон руу чиглэсэн замын хэсэг газар уржигдар цөмрөв. Зассан, эсэх нь өдгөө тодорхойгүй. Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын холбогдох хоёр ч утасны дугаарт залгаж асуух гэсэн ч харилцуур авах хүн алга. Учир мэдэх хүмүүс Ногоон нуураас урагш, хотын төв хүрэх талбай, тэр дундаа Бага тойруу орчимд усны судал, мөнх цэвдэгтэй тул хавар, газар гэсэх үед хөрс нь суудаг тухай хэлсэн. Цөмөрсөн байдлыг харахад мэргэжилтнүүд үүнийг тооцон, зам барих ажилд хандсан гэхээргүй, асфальтан гадаргуу тун нимгэн аж. Доор нь хоёр метр орчим гүнзгий нүх бий гээд бодохоор цөмрөх үед машин явж таарсан бол балрах байлаа. Нийслэлийн замын чанар ямар байгааг сүүлийн хоёр, гурван жилд дараалан буусан их ус шалгаж, “дүн тавьсныг” бүгд мэднэ. Энд, тэндгүй замын гадаргуу ховхорч, хөвсөн билээ.

Өдгөө орон даяар зам барих, засах ажил эхэлсэн. Хэдийгээр коронавирусийн халдварын тархалт түгшээж буй ч компаниуд халдвар хамгааллын дэглэм баримтлан, зохих шаардлагын хүрээнд ажилласаар байна. Нийслэлд тухайлбал, Энхтайваны гүүрний засварын ажлыг ирэх аравдугаар сард хэмээн төлөвлөсөн ч хатуу хөл хорионы хугацаанд амжуулах шийдвэр гарган, ажил эхлүүлснийг сайшаалтай. Энэ онд хотын 175 гудамж болон орон сууцын хороолол доторх авто замын 65 000 ам метр нүхэн эвдрэл, 32 замын заадсыг нөхөж, засахаар болжээ. Мөн энэ онд нийслэлийн гүүр, гүүрэн байгууламжийн засвар, үйлчилгээнд нэг тэрбум орчим төгрөгийн хөрөнгө төсөвлөсөн ч нийслэлийн ИТХ-аас 500 сая төгрөгийг баталжээ. Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас 140 гаруй инженер, техникийн ажилтан, албан хаагчийг 10 бригадад хуваан гаргажээ.

Зам тавих ажлыг мэргэжлийн хэллэгээр барих гэнэ. Сүүлийн үед замыг чанар муутай барьж, засдаг болсон. Муу замын золиос, төлөөс их. Хүний амиар ч хэмжигддэг. Сэтгэл сэрдхийлгэсэн мэдээ сонсох бүртээ хэн хүнгүй үглэж, гайхдаг. Улсын хүн амын бараг гуравны нэг нь амьдардаг нийслэлийн замыг жил бүр шахам хөрөнгө зарцуулж засдаг ч дараа жил нь бахь байдгаараа энхэл донхол болчихсон л байх. Бурууг бороо руу чихэх талдаа. Улсын чанартай замууд ч ялгаагүй. Тод жишээ нь, Улаанбаатар-Дархан-Уулын чиглэлийнх. Бүгд мэдэх тул олныг нуршаад яах вэ. Өнөөдрийн зам засварын ажлын явцыг хэн, хэрхэн хянаж байгаа юм бол. Тайлан мэдээ өгдөг үү. Шаардагдах, дутагдалтай материал хэрэгсэл байгаа бол хэлээд, бичээд гаргуулж барж байгаа юу. Эс бөгөөс ажлыг хугацаанд нь хүлээлгэж өгөх гэсэн ганцхан үзүүлэлтээр урьдын адил гадна нь гяланцаг, дотор нь паланцаг зүйл хийж байгаа юу. Энэ мэтчилэн асуулт олон. Хариу өгөх хүн олдохгүй нь элбэг. Тэгж байтал нэг л өдөр цаг агаар, байгаль эх дүн тавьчих вий.

Судлаачдын үзэж буйгаар, манай улсын авто замын салбар сүүлийн 30 жилд боломжийн хэмжээнд хөгжжээ. Улсын чанартай замын сүлжээний хатуу хучилттай хэсгийн урт 1992 онд 1250 км байсан бол 2016 он гэхэд тав дахин нэмэгдэж, 6630 км болсон аж. Энэ тухай Азийн хөгжлийн банкны тайлангаас харж болно. Бүтээн байгуулах, өөрөөр хэлбэл, зам барих ажилд ийм амжилттай хэрнээ зам засварын ажилд хариуцлагагүй хандаж ирсэн үндсэн дутагдал байгааг ахмад инженерүүд байнга хэлдэг ч тэдний ярих, сануулахыг авч үзэх, хэлэлцэх, ажил хэрэгтээ тусгах нь бараг үгүй.

Сүүлийн жилүүдэд дээр хэлсэнчлэн замыг ашиглалтад оруулснаас хойш ихэвчлэн нэгээс хоёр, дээд тал нь гурван жилийн дараа эвдэрч, явах аргагүй болдог нь юуных вэ. Зам чанартай барьдаг болон ашиглалт хариуцсан байгууллага байхаа больсон уу. Ийм субъектүүд байгаа ч оршин тогтнохын эрхэд бага сага ажлаар хөөцөлдөж, тохижилтын голдуу ажил хайж амиа хоохойлдог болсноос зам барих, засах даацтай ажилд оролцох нь ховор гэнэ. Тиймээс улс, орон нутаг, нийслэлийн замын арчлалт, урсгал засварын ажлыг ногдсон компаниудыг “шахаж”, түргэн шуурхай хийлгэж, засуулсан болдог бөгөөд арчлалт, хамгаалалтыг бүрэн орхигдуулдгаас зам эзэнгүй шахуу орхигддог байна.

Нэгэн баримтад анхаарал хандуулъя. Судалгаагаар өнгөрсөн оны есдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд авто зам, замын байгууламжийн барилга, засварын ажил эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 421, ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөлтэй 48, авто зам, замын байгууламжийн барилга, засварын ажилд техник, технологийн хяналт тавих, зөвлөх үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй 19, нийт 478 компани байгааг тогтоожээ. Гэтэл замын арчлалт, засвар дагнаж хариуцсан байгууллага ердөө 32 буюу нийтээр нь авч үзэхэд долоон хувийг эзэлж. Эндээс харахад компаниуд зам барих л сонирхолтой. Магадгүй тендерт өрсөлдөж, ямар нэг аргаар ялан, ажил авч, өөрөөр хэлбэл, мөнгөтэй болмогцоо өнөөх замыг хурдхан барьж, хүлээлгэж өгөхийн тулд яардаг гэлтэй. Тиймгүй бол, үнэхээр Монголын зам явахад саадгүй, жил бололгүй эвдэрч хэмхэрдэггүй байгаасай гэсэн сэтгэлээр ханддаг бол барих ч, засах ч ажилд адилхан зүтгэх нүнжигтэй байх сан гэж харагдаж буй юм.

Зам барилга, засварын ажлыг төрийн бодлогын амин чухал хэсэг хэмээн үзэж, ач холбогдол өгдөг, эсэхийг тодорхойлох бас нэгэн үзүүлэлт байгаа юм. Манай улсад 2004 онд 176, харин 2014 онд 96 их, дээд сургууль, коллеж үйл ажиллагаа явуулж байжээ. Тэдгээрийн дунд замын инженер мэргэжлээр дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэдэг төрийн болон хувийн өмчийн их, дээд 10 л сургууль байж. Зарим нь тухайн үед мэргэжлийн нэг багштай, тэр бүү хэл мэргэжлийн бус хүн замын хичээл заадаг байж. Сургалт, дадлагын хангалтай бааз, суурь байхгүй. Одоо байдал сайжирсан, эсэх нь тодорхойгүй.

Хэдэн жилийн өмнө мөн энэ асуудлыг хөндөж инженерүүдтэй санал солилцоход “Хэцүү дээ. Зам яаж барих, засахыг мэргэжилтнүүд биш, дарга нар мэддэг болсон шүү дээ. Зам бол улстөрчдийн иргэд, сонгогчдоос саналыг нь авахад нэн тустай үзүүлэлт болоод удаж байна. Хотод, хороолол дунд, орон нутагт ч ялгаагүй зам тавихаар л болбол хугацаагаар шахна. Цаг агаарын нөхцөл, явцын үнэлгээ ер хамаагүй. Хэтрүүлж хэлэхэд, хүн харахад л зам байвал болно гэж шаарддаг. Замыг ингэж барьж, засаж байхад яаж чанартай байх юм” гэсэн юм.

Зам барих, засах ажлыг чанар муутай хийдэг болсон бас нэг шалтгаан нь зөвлүүлэхээр мэргэжилтэн ажиллуулдаг хэрнээ түүнийхээ заавар, зөвлөгөөг авалгүй, өөрсдийнхөөрөө зүтгүүлдэг дутагдал аж. Сайн зөвлөх нь тааруухан гүйцэтгэгчийн үйл ажиллагааг гэрээний үүрэг, хариуцлагатай нь холбон, оновчтой чиглүүлж, зөв залж чаддаг атал компаниудын удирдлагууд талбайн хяналтын гол асуудлыг өөрөө гартаа авч, шийдвэр гаргадгаас хүндрэлтэй нөхцөл байдлыг урьдчилан тооцож, зөв үнэлж, бодитой дүгнэж чадалгүй байсаар замыг хүлээлгэж өгөх болдог байна. Ийм арга замаар бэлэн болгосон зам эрсдэлтэй бүтээгдэхүүн болж хувирдаг. Тухайн компани тендерт оролцохын тулд, улмаар ялахын тулд сайн материал бүрдүүлэх гэхдээ зөвлөхөөр тийм туршлагатай, ийм хүн урьж ажиллуулна гэж бичдэг, “тендерээ авлаа”, үнэн хэрэгтээ өнөөх мэргэн зөвлөхийг үндсэндээ ажиллуулдаггүй, эрхбиш амласан цалин хөлсийг өгөөд явдаг гэнэ. Ийнхүү тоочоод байвал өнөө манай улсад зам барих, засах ажлын хуудуутай, хулгайтай талыг тоочоод барахгүй бөгөөд энэ талбарт мөд дэвшил гарахгүй гэдэг нь нэвт шувт харагдаж байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

Leave a Reply to Иргэн Cancel reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 thoughts on “Зам барих, засах ажилд дэвшил мөд гарах нь уу

  • Иргэн says:

    Замын компаниуд 4 жилдээ ажилтай байх эсэх нь ямар нам сонгуульд ялахаас хамаарна. Ийм нөхцөлд техник, технологио хөгжүүлэх нь чухал биш харин аль намд хандив өргөх вэ гэдэг асуудал чухал болдог. Иймээс замын компаниуд хөгждөггүй, тендэрийг ил тод болгож, ямар үзүүлэлтээр шалгаруулах вэ гэдгээ бодох ёстой. Цаашдаа замын тендэрийг шалгаруулах комиссын бүрэлдхүүндхолбоо ба хувийн хэвшлээс төлөөлөл оруулах ёстой.

  • Anonymous says:

    Гүй яахав тавилан юм даа

  • Бүх намыг татан буулгаа says:

    Инженерүүд улс оронд ажиллахгүй бол эмээ өвөө нарын сонгосон улс төрчид 30 жил самарлаа. Одоо нэг солиотоо нөхрийг эхэлсэн ажлын нь дуусгаж ерөнхийлөгч болгох юм гэнээ манай аав. Хашрахгүй тэнэг хүмүүс юм даа.