Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Үнэт хүн

“Мартагдашгүй намар”, “Зуслангийн найзууд”, “Эргэж бодох бодол”, “Загийн алим”, “Бид мартахгүй”, “Мандах нарны туяа”, “Амьдралын нахиа” зэрэг киног үзээгүй хүн үгүй биз. Эдгээр уран бүтээл бүгд Халтарын Дамдин хэмээх эрхэм хүмүүнээр “овоглодог”. “Дурсахуй” буландаа алтан үеийнхнийг түүчээлж, залуу үедээ үлгэр болсон Урлагийн гавьяат зүтгэлтэн Х.Дамдин найруулагчийг онцолж байна.

МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛЭХ ЖИМ

Х.Дамдин 1939 онд Улаанбаатар хотод мэндэлжээ. 1957 онд нийслэлийн тавдугаар дунд сургууль дүүргэсэн байна. Наймдугаар ангийн сурагч байхдаа л тэрбээр “Өөрийгөө бусдад илэрхийлэх миний зам бол кино найруулагч болж, тэдэнд бодол санаагаа таниулж, аз жаргалыг харуулагч болох юм сан даа” хэмээн бичиж байж. Хэдийн эзэмших мэргэжлээ сонгочихсон байсан нь тэр. Энэ тухайгаа “Дунд ангид байсан санагдана. Нэг орой дэлгүүр (одоогийн Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей)-ийн дэргэдүүр өнгөртөл баахан хүн шавчихсан, жигтэйхэн гэрэл чийдэн асаачихаж. Хүүхэд л юм хойно хэрэгт дурлаад очтол “Киноны зураг авч байна” гэв. Сонирхож явсаар яг зураг авч байгаа хүмүүсийнх нь дэргэд очлоо. Хоёр ах камераараа хараад хүмүүсийг нааш, цааш нь явуулаад л, хоорондоо оросоор яриад байна. Тэр дүр зураг ой тойнд тэр чигтээ хадагдчихсан. Бас нэг хүнийг бүгд “Найруулагч аа” гээд л бүчээд байна. Хожим мэдэхэд тэр хүн Р.Доржпалам гуай байсан юм билээ. Угаасаа ч кинонд дуртай би тэр өдрөөс хойш бүр ч дурласан юм” хэмээн хуучилж байв.

Дунд сургууль төгсөөд тухайн үеийн ЗХУ-ын Бүх холбоотын кино урлагийн дээд сургуулийн найруулагчийн ангид элсэхээр шийдсэн ч Х.Дамдинд аз дутжээ. Учир нь түүний оронд өөр хүн явуулахаар яамнаас шийдэж, харин Х.Дамдинг Чехословак улсад Хүүхэлдэйн киноны найруулагчийн сургуульд явуулахаар болчихож. Ингээд яах учраа олохгүй явахад нь Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт зураглаач О.Уртнасан түүнд “Чи зураглаачаар сурчихаад ир. Шалгалтад орохдоо уран зураг зурдаг, гэрэл зураг авдаг гэдгээ хэлээрэй. Зураглаачаар төгсчихөөд дараа нь найруулагч болж болно шүү дээ” гэж. Ийн Х.Дамдин зураглаач болохоор шалгуулж, бүр өндөр оноогоор тэнцэн, суралцахыг хүсэж байсан сургуульдаа элссэн аж. Тэрбээр 1957-1962 онд нэрт зураглаач Б.И.Волчекийн удирдлагад, Т.Г.Лобова нарын мэргэжилтний гар дор мэргэжил эзэмшсэн бөгөөд алдартай багш нарынх нь арга барил түүний олон бүтээлээс харагддагийн дээр өөрөө маш няхуур, сэтгэлгээ сайтай, уран бүтээлч байсныг судлаач, мэргэжилтнүүд өдгөө ч онцолдог билээ.

“ЭНЭ ХҮҮХНҮҮД ҮҮ”-ГЭЭР ГАРААГАА ЭХЭЛСЭН НЬ

Сургуулиа төгсөж, эх орондоо ирээд “Монгол кино” үйлдвэрт баримтат болон уран сайхны кинонд зураглаачаар ажиллах болов. Тэрбээр нэрт найруулагч Р.Доржпаламын бүтээсэн “Энэ хүүхнүүд үү” уран сайхны киноны зургийг 1963 онд анх авч, улмаар “Ховдгийн гай”, “Нөмрөг хадны цуурай”, “Далайд тусал нэмэр”, “Мосфильм”-тэй хамтарсан “Төгсгөл” зэрэг бүтээлд зураглаачаар ажилласан юм. “Нөмрөг хадны цуурай” киноны зургийг “АН-2”, “Ил-18” болон сургалтын онгоцны сэнсийг эргүүлдүүлэн, дүн өвлийн салхи шуурга үүсгэн утаа тавьж, бас араас нь гэрэл тусгаж байж маш хүнд нөхцөлд авчээ. Онгоцны сэнсний салхинд “ЗиЛ” машинаар авчирч буулгасан цас нь хоромхон зуур хийсээд алга болно. Тэр жаахан цасыг байгаа дээр нь эвийг нь олж авах хэцүү байсныг Х.Дамдин найруулагч дурсаж байв. Тэрбээр Р.Доржпалам найруулагчийн олон уран бүтээлд ажиллаж туршлага суухын зэрэгцээ найруулах эрдэмд суралцав. Тэр үеэс л бие даан кино найруулах хүсэл нь оргилж байж. Кино зохиолч, судлаач Д.Мягмарсүрэн түүний уран бүтээлийн онцлогийн талаар “Тэрбээр хэдийгээр уран сайхны цөөхөн киноны зургийг авсан ч Монголын киноны дүрслэл, хэлийг хөгжүүлэхэд үлэмж хувь нэмэр оруулсан уран бүтээлч. “Энэ хүүхнүүд үү” кинонд нийслэлийн шөнийн зургаар уянгын өнгө аяс оруулан, “Төгсгөл”-д Оросын чекист Сомовын дайсантайгаа тулж буй эгзэгтэй үеийг гар дээрээ хөдөлгөөнийг нь дагуулан уран зураглаж, “Ховдгийн гай”-д дүрсийг ухраан үзүүлэх арга амжилттай хэрэглэж, “Нөмрөг хадны цуурай”-д байгалийн зураглалыг гайхамшигтай харуулсан. Энэ мэт олон өвөрмөц шийдлийг Монголын кино урлагт оруулж ирсний үнэ цэн нь одоо ч алдагдаагүй” хэмээсэн нь бий.

АНХНЫХ НЬ “УЛААН ДАРЦАГ”

X.Дамдин бие даан кино найруулах мөрөөдлөө “Улаан дарцаг” бүтээлээрээ биелүүлжээ. Нэрт хүүхдийн зохиолч Д.Содномдоржийн “Навсай Дамба ба түүний нөхөд” зохиолоос сэдэвлэн энэ киногоо бүтээж, 1971 онд үзэгчдэд хүргэсэн юм. Ийн Монголын кино урлагт хүүхдийн киногоор дагнан мэргэшсэн авьяаслаг найруулагч “мэндэлжээ”. Түүнээс хойш “Нэг ангийн хоёр”, “Мартагдашгүй намар”, “Зуслангийн найзууд”, “Газрын үнэр”, “Эргэж бодох бодол”, “Үүр цайхын өмнө”, “Загийн алим”, “Бид мартахгүй”, “Мандах нарны туяа”, “Амьдралын нахиа”, “Сүүн цагаан өргөө”, “Ингэ буйлах нутагт” зэрэг бүтээлээр үзэгчидтэй “уулзаж” байв. Түүний 1977 онд олны хүртээл болгосон “Зуслангийн найзууд” киноны Цэцгээгийн дүрийг бүтээсэн Т.Гэрэлбат “Киноны баг зуны гурван сарын турш Майхан толгойд байрласан. Харин хамгийн сүүлийн зураг нь есдүгээр сарын эхээр зуслангаас бууж буй Өлзийгийн бодлын хэсэг байв. Надад бусад хүүхдээс арай амархан санагддаг байсан зүйл нь юу ч ярихгүй байх. Учир нь хүүхдүүд үгээ цээжлэхгүй, загнуулж байхад надад тийм хүндрэл байсангүй. Харин анхны зургийн үеэр “Баяртай” гэж хэлээд найруулагчид сүрхий донгодуулж байлаа. Бас худаг дээр уйлдаг хэсгийг авхуулах гэж нэлээд хөглөсөн. Уйлж чадахгүй байсан учир найруулагч намайг загнаж, би гомдсондоо уйлчихсан. Найруулагч биднийг өөрийн хүүхдүүд шигээ хайрладаг байлаа. Киноны зургаа авхуулж дуусчихаад ч нэг хэсэг “Монгол кино” үйлдвэр лүү гүйдэг байв” хэмээсэн.

Гавьяат жүжигчин Б.Базаррагчаа “Цэргийн хүн, тэр дундаа байлдааны онгоцны нисгэгч болохыг мөрөөддөг хүү байлаа. Дунд сургууль төгсөөд цэргийн зарлан дуудах хуудас ирэхэд шууд явж, тэндээсээ офицерын сургуульд сурсан. Төгсөөд Иргэний хамгаалалтын 122 дугаар ангид хуваарилагдан ажиллаж байтал миний амьдрал 180 градус өөрчлөгдсөн. 1985 онд “Монгол кино” үйлдвэрийнхэн “Бид мартахгүй” кино хийхээр болж, Х.Дамдин найруулагч гол дүр болох Аюушийг хайж яваад намайг олж, тоглуулсан. Ангийн захирагч тийм ч таатай хүлээж аваагүй. Гэтэл Х.Дамдин найруулагч шууд л ангийн захирагчийн өрөө рүү явж ороод “Энэ олон жил кино найруулахдаа өчнөөн хүнтэй уулзаж явлаа. Гэхдээ чам шиг хөндлөн хөх төмөр харсангүй. Чи дийлэх нь үү, би дийлэх нь үү харна аа” гээд хаалгыг нь саваад гарсан. Тэгээд найруулагч дийлж, намайг “Бид мартахгүй”, “Мандах нарны туяа”, “Сүүн цагаан өргөө” зэрэг гурван киноныхоо гол дүрд тоглуулсан. Би түүнийг багш гэж дууддаг байв. Хэн хүнд тохиохгүй хувь заяа юм даа. Багш минь “Чи хүн судал. Гудамжинд нүдээ аньж битгий яв. Уйлж, дуулж, баярлаж байгаа хүмүүсийг нүдээрээ харж, зүрхээрээ мэдэрч яв. Чамд жүжигчин болох нүд бий гэдэг байлаа” хэмээн дурссан юм.

ТОД МӨР ҮЛДЭЭВ

“Х.Дамдин найруулагч зураглаач мэргэжилтэй учраас бүтээлийнхээ дүрслэлийн хэлийг их анхаардаг байв. Тэгэхдээ зүгээр гоё сайхан зураг авч, хоосон хөндий чимэглэсэн дүрслэлд шимтэлгүй уг зохиолынхоо драматургийн цаад утга санааг голлон анхаардгаараа илүү оносон байдаг” хэмээн судлаачид үнэлдэг. Тухайлбал, “Мартагдашгүй намар” кинонд сэтгэл санаа нь хоёрдсон хос залуусын сэтгэлийн “параллель шугам”-ыг дүрсээр, өрөлтөөр илэрхийлэхдээ усан бороо асгарч буй байгалийн үзэгдлээр дэвсгэрлэж, саравчны доторх урт модон ширээний хоёр талд өөд өөдөөсөө харан сууж буй хоёр болжмор шиг дүрслэлээр үзүүлсэн нь уран сайхны сонин шийдэл болсон билээ. Түүнчлэн “Эргэж бодох бодол” кинонд гол гурван дүрийнхээ бодол сэтгэл, зан төлөв, үзэл санааг өрөлтөөр илэрхийлсэн нь анхаарал татдаг. Гэмтлийн эмнэлгийн хүлээлгийн танхим дахь урт сандлын үзүүрт том цэцгийн дэргэд Эрдэнэ сууна. Тэрбээр цэцгийг байн байн барьж үзэх нь хүнлэг сэтгэл, аливааг хайрладаг уян зөөлөн зан төлөвийг нь илэрхийлдэг. Цэвэлмаа урт сандлын дунд суугаа шигээ нас болон амьдралын хувь тавилангийн дунд төөрч будилж явааг илтгэсэн мэт санагддаг. Гэтэл найруулагч Х.Дамдин Батыг харанхуй цонх руу харуулан зогсоосноор түүний үзэл бодол тэрхүү гүн харанхуй шөнө шиг юм гэдгийг илэрхийлсэн хэрэг байлаа. Энэ мэтчилэн түүний уран бүтээлийн онцлог болоод бүтээж үлдээсэн өвийг задлан дурдахад чамгүй баримт хөвөрнө.

Тэрбээр зураглаач, найруулагчийн зэрэгцээ “Нэг ангийн хоёр”, “Зуслангийн найзууд”, “Амьдралын нахиа”, “Ингэ буйлах нутагт”, “Амилсан чөтгөр”, “Эр хүн” киноны зохиолыг бичиж, мөн орчуулгын 50 гаруй киноны найруулагчаар ажиллан, кино урлагийн талаар олон арван өгүүлэл бичиж хэвлүүлсэн юм. Түүний Монголын кино урлагийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлэн 1994 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагнажээ. Харин тэрбээр “Би уг нь энэ тэмдгийг их л зовж байж авсан юм даг. Гэтэл одоо юу ч хийгээгүй жаахан хүүхдүүд хүртэл авчихсан харагдах юм. Хэдийгээр ижилхэн цол, тэмдэг авсан ч, хийж бүтээснээрээ газар, тэнгэр шиг зөрүүтэй улс шүү дээ, бид. “Гавьяагүй” гавьяатуудаас ичээд энгэрийн зүүлт шиг болтлоо үнэгүйдсэн энэ тэмдгийг зүүж чадахгүй нь” хэмээсэн гэдэг. Х.Дамдин “Найруулагч болно гэдэг зөвхөн мөрөөдлөөр биелэх зүйл биш. Төрөлхийн ухаан, мэдрэмж байж гэмээнэ сайн найруулагч болно. Ухаантай хүн ямагт өөртөө шаардлага тавьж, өрөөл бусдад ухаарал өгдөг” хэмээн мэргэжлээ өмөөрч, хайрладаг нэгэн байлаа.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.